МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр Гишүүн төвтэй шилжилт, бодлогын шинэчлэл...

Гишүүн төвтэй шилжилт, бодлогын шинэчлэлийн бодит алхам

Монгол Ардын Нам УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, намын дарга Н.Учралын 31 дүгээр Их хуралд танилцуулсан “Гишүүн төвтэй Е4 стратеги”-ийг бодит ажил болгох зорилгоор Удирдах зөвлөлийн дэргэд салбар тус бүрийг хариуцсан 11 бодлогын хороог байгуулан ажиллуулж байна.

Үнэн
Админ

Монгол Ардын Нам УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, намын дарга Н.Учралын 31 дүгээр Их хуралд танилцуулсан “Гишүүн төвтэй Е4 стратеги”-ийг бодит ажил болгох зорилгоор Удирдах зөвлөлийн дэргэд салбар тус бүрийг хариуцсан 11 бодлогын хороог байгуулан ажиллуулж байна.

Энэ шинэчлэл нь зөвхөн намын дотоод зохион байгуулалтын өөрчлөлт биш харин намын бодлого боловсруулах, шийдвэр гаргах, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих үйл явцад гишүүдийн оролцоог бодитоор хангах, судалгаа, мэргэжлийн санал, олон нийтийн хэрэгцээнд тулгуурласан бодлогын соёлыг төлөвшүүлэх зорилготой алхам юм.

Гишүүдийн оролцоонд тулгуурласан бодлогын шинэ бүтэц

Удирдах зөвлөлийн дэргэд байгуулагдсан 11 бодлогын хороо нь намын анхан болон дунд шатны байгууллага, ахмад болон залуу үеийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид, салбарын мэргэжилтнүүд, дэргэдэх байгууллагуудын оролцоог ханган 430 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Ингэснээр намын бодлого зөвхөн төв түвшинд боловсруулагдах бус, салбарын бодит асуудал, орон нутгийн нөхцөл байдал, гишүүдийн санал, мэргэжлийн дүгнэлттэй уялдан хэлэлцэгдэх боломж бүрдэж байгаа юм.

11 бодлогын хороо дараах чиглэлээр ажиллаж байна. Үүнд:

1.“Гишүүн төвтэй нам Е4 стратеги”-ийг хэрэгжүүлэх бодлогын хороо

2.Боловсрол, шинжлэх ухааны бодлогын хороо

3.Дэд бүтэц, хөгжлийн төслүүдийн бодлогын хороо

4.Хот байгуулалтын бодлогын хороо

5.Эдийн засаг, банк санхүүгийн бодлогын хороо

6.Төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн бодлогын хороо

7.Хөдөөгийн хөгжлийн бодлогын хороо

8.Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хороо

9.Эрүүл мэндийн бодлогын хороо

10.Технологи, инновацын бодлогын хороо

11.Хүний эрхийн бодлогын хороо

Эдгээр хороо нь намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг салбар бүрээр хянах, тулгамдсан асуудлыг тодорхойлох, бодит шийдэл бүхий санал, зөвлөмж боловсруулах үндсэн чиг үүрэгтэй ажиллаж байна.

Бодлогын хороод байгуулагд­санаас хойш үйл ажиллагаагаа тогтмолжуулж, салбарын хүрээнд хэлэлцүүлэг, уулзалт, зөвлөмж боловсруулах ажлыг шат дараатай зохион байгуулж ажилласан.

Өнөөдрийн байдлаар:

• Бодлогын хороодын нэгдсэн хурал 21 удаа;

• Дэд ажлын хэсгийн хурал 38 удаа;

• Салбар бүрийн тулгамдсан асуудлаарх хэлэлцүүлэг 23 удаа;

• Нийт 1720 хүн оролцсон уулзалт, хэлэлцүүлэг;

• Бодлогын 18 санал, зөвлөмж боловсруулагдсан байна.

Эдгээр үзүүлэлт нь бодлогын хороод зөвхөн нэр төдий бүтэц бус, бодлого хэлэлцдэг, асуудал сонсдог, санал боловсруулдаг, гишүүдийн оролцоог бодитой хангах талбар болж эхэлснийг харуулж байна.

“Policy Meeting”: Судалгаа, бодлого, шийдлийг холбосон хэлэлцүүлэг

Бодлогын хороодын үйл ажиллагааны нэг чухал хэлбэр нь “Policy Meeting” цуврал хэлэлцүүлэг юм. Энэхүү уулзалтаар тухайн салбарын эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд, бодлого боловсруулагчид, иргэний нийгмийн төлөөллийг оролцуулан нийгэмд тулгамдаж буй асуудал, гарц шийдлийг хэлэлцэж байна.

Тухайлбал, судлаач Ц.Амартөгс “Монгол Улсын Засгийн газрын зохистой хэмжээ: Шийдэл, арга зам” сэдвээр танилцуулга хийж, төрийн захиргааны бүтэц, чиг үүргийн оновчлол, Засгийн газрын үр ашгийг хэмжих үзүүлэлт, олон улсын туршлагын талаар санал солилцсон. 

Мөн УИХ-ын гишүүн М.Мандхай Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг танилцуулж, хүнсний аюулгүй байдал, чанар, шим тэжээл, хот хөдөөгийн хүнсний хэрэглээний ялгаа, хүн амын эрүүл мэндийг хамгаалах бодлогын асуудлыг хэлэлцүүлсэн. 

Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хүрээнд зөвлөх В.Ойдов хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, мэдээллийн хүртээмж, орон нутгийн тэгш оролцоо, улс төрийн намын бодлого хэр хүртээмжтэй байх ёстой талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн нь “Гишүүн төвтэй нам” гэсэн зорилтын бодит агуулгыг тодотгож өглөө. 

Түүнчлэн Z үеийн ажлын сэтгэл ханамж, технологи инновацын хөгжил, үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги, гэр бүлийн боловсрол ба хүүхдийн хөгжил, барилгын салбарын дижитал шилжилт зэрэг өнөөгийн нийгмийн чухал сэдвүүдийг бодлогын түвшинд хэлэлцсэн. 

Технологи, инновацын бодлого: Шинэ эдийн засгийн гарц

“Policy Meeting”-ийн хүрээнд технологи, инновацын салбарын хөгжил онцгой анхаарал татсан сэдэв байв. "Fibo Cloud" компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал П.Пүрэвбазар технологийн салбарт олон улсын зах зээлд өрсөлдөх боломж, оюуны бүтээл экспортлох туршлага, Монголын эдийн засгийг түүхий эдийн хамаарлаас гаргах гарцын талаар байр сууриа илэрхийлсэн.

Технологи, инновацын бодлогын хорооны зүгээс энэ салбар нь хил хязгаар, тээвэр логистикийн бэрхшээлээс үл хамааран дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжтойг онцолж, Монгол Улсад технологийн үйлдвэрлэл, хиймэл оюун ухаан, их өгөгдөл, дижитал үйлчилгээний чиглэлээр бодлогын дэмжлэг шаардлагатайг хэлэлцсэн байна. 

Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба сөрөн тэсвэрлэх чадавх нь зөвхөн батлан хамгаалах салбарын асуудал бус, нийгэм, эдийн засаг, гамшгаас хамгаалах тогтолцоо, кибер аюулгүй байдал, үнэн бодит мэдээлэл, хүрээлэн буй орчны хамгаалал зэрэг олон салбарыг хамарсан үндэсний хэмжээний бодлого болохыг тэмдэглэв.

Энэ нь МАН-ын бодлогын хороод уламжлалт салбараас гадна ирээдүйн эдийн засаг, шинэ ажлын байр, залуучуудын оролцоотой уялдсан бодлогын чиглэлийг чухалчилж байгаа бөгөөд эдгээр хэлэлцүүлэг нь намын бодлого зөвхөн улс төрийн уриа биш, судалгаа, бодит хэрэгцээ, мэргэжлийн саналд тулгуурлах ёстой.

Мөн төрийн бодлого иргэдийн ойлголт, дэмжлэг, оролцоотой байж үр дүнд хүрдэг тул бодлого боловсруулах явцад иргэд, мэргэжлийн байгууллага, судлаачдын санал зөвлөмжийг тусгах нь чухал гэдгийг хэлэлцүүлэгт онцолсон байна. 

“Policy Talk”: Бодлогын залгамж халааг ярилцсан өглөөний уулзалтууд

Бодлогын хороодын Нарийн бичгийн дарга нарын хүрээнд “Policy Talk” өглөөний уулзалтыг эхлүүлж, улс төр, эрх зүй, эдийн засгийн туршлагатай зочдыг урьж оролцуулсан нь бодлогын залгамж халааг хангах чухал хэлбэр болж байна.

Энэхүү цуврал уулзалтад Монгол Улсын Гавьяат хуульч, Шинжлэх ухааны доктор Д.Лүндээжанцан оролцож, улс төрийн намын мөрийн хөтөлбөр, бодлого боловсруулах үйл явц дахь шинжлэх ухаанч хандлагын ач холбогдлыг онцолсон.

 Мөн гавьяат эдийн засагч, УИХ-ын гишүүн асан Т.Очирхүү Монгол Улсын 1990 оноос хойших нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, томоохон бодлогын залгамж, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” үндэсний хөтөлбөр, Үндэсний баялгийн сан зэрэг бодлогын туршлагын талаар санал солилцсон байна. 

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар “Бодлогын залгамж халаа ба улс төрийн намын мөрийн хөтөлбөр” сэдвээр уулзаж, улс төрийн намын соёл, төлөвшил, бодлогын хороодын чиг үүрэг, үр дүнтэй ажиллах арга хэлбэр, социал демократ үзэл баримтлалын үнэт зүйлсийн талаар ярилцсан нь бодлогын хороодын ажлыг намын нийтлэг зорилго, үзэл баримтлалтай уялдуулахад чухал ач холбогдолтой байв.

 Е4 стратеги орон нутаг, дүүргийн түвшинд хүрч байна

“Гишүүн төвтэй Е4 стратеги”-ийг зөвхөн төв байгууллагын хүрээнд бус, анхан болон дунд шатны байгууллагуудад танилцуулах ажил эхэлсэн. Нийслэлийн есөн дүүргийн намын хорооны удирдах ажилтнуудад мэдээлэл өгөх, санал солилцох уулзалтыг зохион байгуулж, 600 гаруй гишүүнд Е4 стратегийн агуулга, хэрэгжүүлэх арга замыг танилцуулжээ.

Дүүргийн намын хороодод зохион байгуулсан уулзалтаар намын бүтэц, зохион байгуулалтын шинэчлэл, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, мониторингийн үйл ажиллагаа, Улс төрийн манлайллын академи, дэргэдэх байгууллагуудын ажлын чиглэл, сонирхлын бүлгүүд байгуулах зэрэг асуудлыг танилцуулсан байна.

 Уулзалтад оролцсон гишүүд “Гишүүн төвтэй Е4 стратеги”-ийг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хэрхэн сайжруулах талаар санал бодлоо илэрхийлсэн нь бодлогын шинэчлэл гишүүдийн оролцоог хангаж байна. 

Хүртээмжтэй нам болох бодит алхам 

Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хороо “Хүртээмжтэй Монгол Ардын Нам” гарын авлагыг танилцуулж эхэлсэн нь бодлогын хороодын ажлын бас нэг онцлох чиглэл болов.

Тус хорооны төлөөлөл Булган аймгийн намын хорооны удирдлага, төлөөлөлтэй уулзаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, залуучууд, орон нутгийн гишүүд, нийгмийн олон бүлгийн оролцоог хангах, намын үйл ажиллагааг хүртээмжтэй болгох талаар санал солилцсон байна.

Энэ нь улс төрийн нам зөвхөн сонгуулийн үед иргэдтэй уулздаг бус, өдөр тутмын үйл ажиллагаандаа хүртээмж, тэгш оролцоо, мэдээллийн нээлттэй байдлыг хангах ёстой гэсэн шинэ хандлагыг нэвтрүүлж байна. 

Эрүүл мэнд, нийгмийн асуудлыг бодлогын түвшинд хэлэлцэв 

Эрүүл мэндийн бодлогын хорооны хүрээнд нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, салбар хоорондын уялдаа холбоо, санхүүжилтийн үр ашиг зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.

Хэлэлцүүлгийн үеэр эрүүл мэндийн салбарын бодлого нь зөвхөн эмнэлгийн тусламж үйлчилгээ бус, урьдчилан сэргийлэлт, нийгмийн эрүүл мэнд, санхүүжилтийн оновчтой тогтолцоо, салбар хоорондын хамтын ажиллагаатай шууд холбоотойг оролцогчид онцолсон.

Ингэснээр бодлогын хороод иргэдийн өдөр тутмын амьдралд шууд нөлөөлдөг салбаруудыг тусгайлан авч үзэж, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг бодит үр дүнтэй холбох зорилт тавьж байна. 

Гишүүн төвтэй намын шинэчлэл бодлогоор баталгаажиж байна 

МАН-ын Удирдах зөвлөлийн дэргэдэх 11 бодлогын хороо нь намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих, салбарын бодлогын асуудлыг тодорхойлох, гишүүдийн оролцоонд тулгуурласан санал, зөвлөмж боловсруулах чиглэлээр идэвхтэй ажиллаж байна.

430 гишүүний бүрэлдэхүүнтэй бодлогын хороодын 21 нэгдсэн хурал, 38 дэд ажлын хэсгийн хурал, 23 хэлэлцүүлэг, 1720 оролцогч, 18 санал зөвлөмж нь гишүүн төвтэй намын шинэчлэл бодит ажил болж эхэлсний илэрхийлэл юм.

Цаашид бодлогын хороодын боловсруулсан санал, зөвлөмжийг намын шийдвэр гаргах түвшин, УИХ, Засгийн газар, орон нутгийн бодлого, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилттэй илүү нягт уялдуулах шаардлагатай. Ингэж чадвал энэхүү бүтэц нь зөвхөн хэлэлцүүлэг зохион байгуулдаг нэгж бус, бодлого боловсруулж, хэрэгжилтийг хянаж, иргэдийн амьдралд хүрэх шийдэл гаргадаг намын шинэ институц болж төлөвших боломжтой.

Гишүүдээ сонсдог, судалгаанд тулгуурладаг, бодлогоо нээлттэй хэлэлцдэг, шийдвэрээ оролцоонд үндэслэдэг нам болох шилжилт ийнхүү бодит ажлаар эхэлж байна.

Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №035/24710/

 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.