Б.Батцэцэг: Эвтэй байя, үнэн байя
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн Б.БАТЦЭЦЭГТЭЙ ярилцлаа.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн Б.Батцэцэгтэй ярилцлаа.
Гадаад харилцааны үр шимийг хөдөөд чиглүүлэх ёстой

-Айлчлал, олон улсын хурлын хүрээнд тантай уулзаж байсан бол энэ удаад УИХ-ын гишүүний хувьд ярилцахаар зорин ирлээ. Хангайн бүсээс УИХ-ын гишүүнээр сонгогдсоноос хойш хоёр жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд та тойрогтоо ямар ажлууд хийж, эхлүүлээд байна вэ?
-Бүсийн эдийн засгийг тэлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, иргэд, малчдын орлогыг нэмэгдүүлэх, хөдөө орон нутагт дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг чиглэлээр гарч буй шийдвэр, хууль тогтоомжид иргэдийнхээ санал бодлыг тусгах, аймаг, орон нутагт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд идэвх, санаачилга гаргах нь иргэдээ төлөөлж парламентад сууж байгаа төрийн түшээгийн хуулиар хүлээсэн үүрэг.
Үүний зэрэгцээ өөрт ойр, мэдэж чадах, боломж шийдэл тодорхой асуудлуудыг бүс, аймаг, орон нутгийн онцлогт тохируулан бодлого болгон дэвшүүлж, түүнийгээ бодит үр дүнд хүргэхийн төлөө хувь улстөрчийн хувьд ажиллах хэрэгтэй юм байна гэсэн бодол УИХ-ын гишүүн болохоос ч өмнө надад байсан. Энэ бодлоо зорилго болгож ажиллаж байгаа. Тэр нь тэгээд юу вэ гэж та надаас асуух байх. Гурван зүйлээр хураангуйлан томьёолж болно.
Нэгдүгээрт, хүн рүүгээ хандаж, хүнээ хөгжүүлэх нь зайлшгүй чухал гэж үзсэн. Бид барилга барьж, зам тавьж, худалдаа үйлчилгээгээ хөгжүүлж чадаад байна. Хэдийгээр бүрэн төгс шийдэж чадаагүй ч өнгөрсөн 10-аад жилд хөдөө орон нутагт дэвшилттэй олон ажлыг хийсэн. Бүх аймаг засмал замаар нийслэлтэйгээ, аймаг нь аймагтайгаа холбогдож, аймагтайгаа засмалаар холбогдсон сумын тоо нэмэгдсээр байна. Сумдад сургууль, эмнэлэг, соёлын шинэ төвийг олноор барьсан. Харин хүнээ хөгжүүлэх чиглэлээр юу хийсэн бэ гэвэл үр дүн нь тун маруухан. Хүний хөгжлийн эн тэргүүний асуудал бол эрүүл, эрдэм боловсролтой, зөв монгол хүн байх явдал юм. Энэ чиглэлд миний өнгөрсөн хоёр жилийн үйл ажиллагаа чиглэсэн. Цаашдаа ч үргэлжилнэ.
Хоёрдугаарт, гадаад харилцааны үр шимийг хөдөөд чиглүүлэх ёстой гэж үзсэн. Манай гадаад харилцаа сүүлийн жилүүдэд эрс идэвхжиж, “Шинэ сэргэлт”-ийн гэж хэлж болохуйц түвшинд хүрлээ. Өндөр, дээд түвшний харилцан айлчлалуудын тоо нэмэгдэж, олон улсын болон бүс нутгийн хэмжээний томоохон арга хэмжээнүүдийг Монголд зохион байгуулдаг боллоо. Энэ үеэр маш олон гэрээ, хэлэлцээр хийгддэг. Төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн талаар ч яригддаг.
Тэдгээрт хөдөө орон нутгийг, тухайлбал Хангайн бүсийн аймаг, сумдаа хамруулах, бүсийн гадаад харилцааг хөгжүүлэхэд онцгойлон анхаарч байна. Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймаг, зарим сумд ОХУ, БНХАУ, Итали, Унгар, Япон, БНСУ, Узбекистан, Индонез зэрэг улс орон, тэдгээрийн хотуудтай хамтран ажиллах баримт бичигт гарын үсэг зурсан. Гадаад бодлогын нэгдмэл үзэл баримтлалын хүрээнд аймгууд ийнхүү гадаад харилцаагаа тэлэх нь олон чухал үр дүнд хүрч болохын жишгийг манай Хангайн бүсийнхэн үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Гуравдугаарт, Хангайн бүсийн зөвлөлийн анхны өргөтгөсөн хуралдаан 2025 онд Архангай аймагт болсон. Тэр үеэр Хангайн бүсийг төрөлжсөн аялал жуулчлалын дэд бүс болгох санаачилга дэвшүүлснийг Засгийн газар дэмжиж, тогтоол гаргасан.
Хангайн бүсийн аялал жуулчлал бусад аймгийнхаас юугаараа ялгаатай юм бэ, “төрөлжсөн” гэж юуг хэлээд байна вэ? Манай Хангайн бүс бол Монгол үндэстний түүх, соёлын голомт нутаг. Үүнийг дэлгэрүүлж тайлбарлах шаардлагагүй байх. Бас Монголын Бурхны шашны өлгий. Бурхны шашны “Гурван зул” буюу Өндөр гэгээн, Ламын гэгээн, Заяын гэгээний өв соёл манай бүсэд бий. Түүнчлэн үзэсгэлэнт байгаль, рашаан усаараа алдартай. Тэгэхээр түүх угсаатны, шашин соёлын, рашаан сувиллын гэх мэт төрөлжсөн аялал жуулчлал хөгжүүлэх өргөн боломж манайханд байгаа юм. Тиймээс аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлаа мөн л гадаад харилцаа, хамтын ажиллагаатай уялдуулахад анхаарч ажиллаж байна. Эерэг, сайн үр дүн гарч эхэлж байгаа.
-Бүсчилсэн хөгжлийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төслүүдийн эхний шатны гүйцэтгэл ямар түвшинд үргэлжилж байна вэ?
-Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг УИХ 2024 оны зургадугаар сард баталсан. Энэ хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх ажил эхлээд ердөө хоёр жил болж байна гэсэн үг. Үзэл баримтлалд туссан зорилтыг гурван үе шаттайгаар хэрэгжүүлнэ гэж заасан. Эхний үе шат 2024-2030 оныг хамарч байгаа юм. Тэгэхлээр хэрэгжилт эхлэлийн шатандаа явна. Хэдийгээр тун бага хугацаа өнгөрсөн ч үр дүн чамлахааргүй байна гэж би хувьдаа дүгнэдэг.
Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд олон том төсөл хэрэгжих учиртай. Төслүүдийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, судалгаа шинжилгээ хийх, үнэлгээ дүгнэлт гаргах гээд бэлтгэл шатанд маш олон ажил хийж байна. Энэ хүрээнд Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнг байгуулсан. Манай Хангайн бүсийн зөвлөл ч байгуулагдаж, ажилдаа орлоо.
Хангайн бүсийн гурван аймаг тус бүрийн сумд мөн бүсчлэгдэж, орон нутгийн хөгжлийн төвүүд байгуулах шийдвэрийг гаргаснаар хэрэгжиж эхэлж байна. Тухайлбал, Баянхонгор аймгийн Богд, Жинст, Баянговь, Баянлиг сум нэг бүс болж, Хөгжлийн төв нь Богд суманд байх жишээтэй. Ингэснээр сумдын эдийн засаг, нийгмийн хөгжлийн тэнцвэрийг хангах, давуу талаа бусдадаа хүртээж, сул талаа бусдаас нөхөх хэлбэрээр хамтрах, хорших үйл явц эхэлж байна.
Улсын төсөвт боломжтой хөрөнгө оруулалтыг тусгаж, ажлаа эхлүүлсэн. Жишээлбэл, Мянганы замын хэвтээ тэнхлэгийн Батцэнгэл-Ихтамир сум чиглэлийн хатуу хучилттай авто зам дуусах шатандаа орсон. Баянхонгор-Архангай аймгийг холбох хатуу хучилттай авто замын ажил энэ оны долдугаар сараас эхэллээ.
Шинэ Хархорум хотын эхний ээлжийн барилгажилтын төсөл, инженерийн бэлтгэл арга хэмжээ, хонгилын систем, инженерийн шугам сүлжээ болон авто замын ажлын зураг төслийг гаргахаар ажиллаж байна.
Эко смарт хот байгуулах нь Монгол үндэстний түүхэнд үлдэх том бахархал мөн

-Хангайн бүсийн бүтээн байгуулалтаас онцлох нь “Шинэ Хархорум” төсөл. Бүтээн байгуулчихвал үр өгөөжөө өгөх энэ томоохон ажлын талаар та мэдээлэл өгөөч?
-Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд Орхоны хөндийд нийслэлийн баримжаатай Шинэ Хархорум хотыг байгуулна гэж туссан.Үүний дагуу Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа байгуулагдаж, суурь судалгаа, төлөвлөлт, бүтээн байгуулалтын ажлуудаа эхлүүлээд байна. Шинэ хотыг байгуулах асуудал зөвхөн монголчуудын төдийгүй гаднын улс орон, төсөл, хөтөлбөрийн байгууллагуудын сонирхлыг ихээхэн татаж байгаа юм.
Юуны өмнө эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатайг харгалзан УИХ-аас Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай тусгайлсан хуулийг 2025 оны нэгдүгээр сард баталсан.
Хархорум хот байгуулах тухай асуудлыг олон жил ярьсан шүү дээ. Мөрөөдөл гэж нэрлэж болохоор байсан энэ том зорилт одоо нэгэнт гараандаа гарсан. Эргэлт буцалтгүй замдаа шуударсан. Бүхэл бүтэн хотыг, тэр дундаа улсын нийслэлийн баримжаатай хот байгуулах асуудал нэг хоёр жил юм уу, тав арван жилийн дотор бүтчихдэг асуудал биш. Гэхдээ монголчууд мөрөөдлийн хотоо аль болох богино хугацаанд амжилттай бүтээн байгуулж чадна гэдэгт эргэлзэх хэрэггүй биз ээ.
Монголын эзэнт гүрний нийслэл оршин байсан эртний түүхт Орхоны хөндийд Монголын түүх, соёлын гайхамшгийг илтгэсэн, хүний амьдрах ая тухтай нөхцөлийг хангасан, орчин үеийн дэлхийн хотуудад тавигдаж буй техник, технологийн ололтыг шингээсэн, эко смарт хот байгуулах нь Монгол үндэстний түүхэнд үлдэх том бахархал мөн.
-Өндөр гэгээн Занабазарын бүтээн туурвисан соёлын өвд тулгуурлан цогцолбор байгуулахаар Бүсчилсэн хөгжилд тусгасан. Энэ ажил “цааснаасаа хальж” чадсан болов уу?
-Яг ч тийм үг, үсгээр тусаагүй л дээ. Харин Өндөр гэгээн Занабазарын бүтээл, соёлын өвд тулгуурлан соёлын аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлнэ гэсэн байгаа. Харин Архангай аймгийн Өгийнуур орчимд "Төв Азийн түүх, соёлын голомт" соёлын аялал жуулчлалын цогцолбор байгуулна, Хангайн нурууны байгаль, түүх, соёлын өвд тулгуурлан эко аялал жуулчлал хөгжүүлнэ гэж заасан.
Эдгээр нь дээр миний ярьсан, Хангайн бүсийг төрөлжсөн аялал жуулчлалын дэд бүс болгох зорилтыг хангах алсын хараа юм. Үнэнийг хэлэхэд “цааснаасаа халиагүй” ээ. Цаг хугацаа, хөрөнгө мөнгө, боломж нөөцийн хүчин зүйл одоохондоо хязгаарлагдмал байна. Гэхдээ төр засгаас, аймаг, орон нутгаас тодорхой зорилт дэвшүүлж, шийдэл шийдвэр гаргаж, хийж бүтээж байгаа зүйлүүд бол нэлээд бий.
-Орон нутгийг хөгжүүлэхэд иргэдийн эрүүл мэнд, боловсролыг хамтад нь авч явах нь чухал. Энэ чиглэлд УИХ-ын гишүүний хувьд ямар бодлого баримталж байгаа вэ?
-Дээр би цухас дурдсан. Хүний хөгжлийн асуудалд онцгой анхаарч, бага боловч бодит үр дүн гаргахыг хичээж байна. Бүсийн гурван аймгийнхаа эрүүл мэндийн байгууллагуудыг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах чиглэлээр дэс дараатай арга хэмжээ авч байгаа.
Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр юу хийвэл зохилтой вэ гэж нэлээд бодсоны эцэст хөдөөгийнхөнд зонхилон тохиолдож буй өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ, эмчилгээнд анхаарах нь зөв юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Энэ зорилгоор хавдрын оношилгоо, эрт илрүүлгийн чиглэлээр гаднын улс орон, байгууллагууд, Монголынхоо эмч мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байна.
Япон улсад айлчлах үеэрээ хавдрын эрт илрүүлгийн хамгийн сүүлийн үеийн технологи буюу түргэвчилсэн тестээр оношилгоо хийдэг шинэ арга бий болсныг сонсоод, тэндхийн “Топпан” компанитай хамтран ажиллах санал тавьсан. Энэ ажил тун удахгүй Хангайн бүсэд эхэлнэ.
Манай хөдөөгийнхөнд нүдний өвчлөл, харааны бэрхшээл нэлээд түгээмэл болжээ. Амь наснаас хол гээд оношлуулж, эмчлүүлэхгүй явсаар хүндрүүлчихдэг. Төвөөс алс зайдуу нутагладаг, мал ахуйн ажлаа орхиод хот хүрээ явах боломж хязгаарлагдмал байдаг нь ч нөлөөлдөг биз. Харааны шилээ тэр болгон тааруулж хэрэглэж чаддаггүйгээс гадна чанар муутай, хэврэг шил зүүдэг нь нэмэр болохоосоо нэрмээс болж байна гэсэн судалгаа гарсан. Тиймээс БНСУ-ын Пусан хотын “Южин” нүдний эмнэлгийн эмч нарын баг сүүлийн хоёр жил Баянхонгор, Өвөрхангай аймагт ажиллаж, 3000 орчим иргэний харааг шалгаж, шил тааруулан, харааны болон нарны шилээр хангасан. Оношилгоо үйлчилгээний энэ ажлаа тэд ирэх зун дахин ирж хийнэ. Архангайнхаа иргэдийг хамруулна.
Канадын доктор Хью Парсонс тэргүүтэй нарийн мэргэжлийн нүдний эмч нарын баг гурван жилийн өмнө Баянхонгор аймагт 1200 гаруй иргэнд үзлэг оношилгоо, мэс засал хийсэн. Энэ багийг дахин ажиллуулахаар ярилцаж байна.
Хөдөө, орон нутгийн хүүхэд залууст англи хэлийг сайн эзэмшүүлэх нь зайлшгүй чухал. Үүний тулд юуны өмнө англи хэлний багш нарын чадавхыг сайжруулах ёстой гэж үзсэн. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкентэй 2024 онд хийсэн хэлэлцээний дүнд Англи хэлний мэргэшлийн төвийг МУИС-ийн дэргэд нээсэн. Тэнд одоогоор 250 гаруй багш сургалтад хамрагдаад байгаагийн дотор Хангайн бүсийн англи хэлний багш нар маань суралцсан.
Их Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Давид Камероны Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр Британийн талаас Монгол Улсад англи хэлний багш бэлтгэхэд 10 сая фунт стерлингийн буцалтгүй тусламж олгохоор болсон. Филиппин улсад айлчлах үеэрээ Монголын хүүхэд залууст англи хэл сургах, багш нарыг чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцож, Хангайн бүсээс найман багшийг Манила хотод англи хэлний сургалтад хамруулсан.
Хангайн бүсийнхээ хүүхдүүдийг ОХУ, БНХАУ, БНСУ-ын их, дээд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж байгаа. Цаашид суралцагчдын тоо нэмэгдэх боломж бүрдэж байна.
Хүүхдүүдийг зөв монгол хүн болгон төлөвшүүлэх, сэтгэлийн боловсрол олгоход анхаарч байгаа. Хөдөөгийн хүүхдүүд монгол ёс заншил, ахуйтайгаа илүү ойр байдаг давуу талтай. Түүнийг нь дэмжин хөгжүүлэх, номтой нөхөрлүүлэхэд анхаардаг. Энэ жил Баянхонгор аймгийн 20 сумын номын санд тус бүр 1.0 сая төгрөгийн ном хандивласан.
“Сургаалын зохиолоос суралцъя” аян, улсын уралдаан найм дахь жилдээ үргэлжилж байна. Энэ мэт яриад байвал нэлээд юм бий. Үүгээр товчилъё доо.
Мал аж ахуй бол үйлдвэрлэл, малчин бол үйлдвэрлэлийн менежер

-Орон нутгийнхны хувьд одоо ид ажлын цаг нь. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлаас хойш тойрогтоо очиж амжсан болов уу?
-COP17 эхлэхээс өмнө наймдугаар сарын 15-16-нд Баянхонгор, Өвөрхангай аймагт амжиж оччихоод ирсэн. Энэ намар Архангай явна. Цаг, боломж олдвол өвлөөс өмнө гурван аймагтаа гурвууланд нь, Г.Тэмүүлэн гишүүнтэйгээ оччих төлөвлөгөөтэй байгаа.
-Таны сонгогдсон тойрогт мал аж ахуйг уламжлалаар нь, гэхдээ төрөлжүүлэн хөгжүүлэх бололцоотой. Зарим айхавтар малчин мал сүргээ мах, сүүнийхээр нь өсгөөд эхэлчихсэн байх. Тэдэнд туслах, илүү өргөн хүрээний ажлыг эхлүүлэх тухайд ямар санаачилга гарган ажиллаж байна?
-Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд “Уламжлалт мал аж ахуйн бүс” байна гээд заачихсан юм. Монгол мал, нутгийн үүлдэр нь Хангайн бүсэд хэвээрээ байх ёстой гэж үзэж байгаа. Гэхдээ малчид аж ахуйгаа эрхлэн хөтлөхдөө таван хошуу малаас алийг нь түлхүү өсгөх вэ, эрчимжсэн аж ахуйтай байх уу, бэлчээрийн аж ахуйгаа хэвээр хадгалах уу гэдэг сонголтоо хэнээс ч асуулгүй өөрөө шийдэх эрхтэй.
Фермерийн аж ахуй хөгжүүлээд үр дүнд хүргэсэн жишээ манай Хангайн бүсэд нэг биш байна. Аль алийг нь л дэмжих хэрэгтэй. Хамгийн гол нь мал аж ахуй бол үйлдвэрлэл, малчин бол үйлдвэрлэлийн менежер мөн гэдэг талаас нь, малаас гарч байгаа бүтээгдэхүүний боловсруулалт, худалдаа, борлуулалтыг хэрхэн зохион байгуулах вэ, тэдний хөдөлмөрөө хорших, хамтрах хэлбэрийг хэрхэн оновчтой зохион байгуулах вэ гэдэг л чухал байгаа юм.
Өнгөрсөн зургадугаар сард Энэтхэг улсын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монголд айлчилсан. Энэтхэг бол фермерийн аж ахуйн арвин баялаг туршлагатай улс. Тэдний туршлагаас Хангайн бүсийнхнээ суралцуулах, хамтран ажиллах санал тавьж нааштай хариу хүлээж аваад байна.
-УИХ-ын намрын чуулган нээлтээ хийгээд удаагүй байна. Ярилцлагын төгсгөлд танаас намрын чуулганы хүрээнд онцлон авч үзэх ажил, хуулийн төслийн талаар асууя.
-Шийдлээ хүлээсэн олон асуудлыг шийдэх, бодит үр дүнд чиглэсэн олон чухал шийдвэр гаргах чуулган болно.
Хууль тогтоомжуудын хувьд мэдээж 2027 оны төсвийг онцолж болно. Гадаад, дотоод нөхцөл байдлаас үүдээд аль болох хэмнэлтийн горимд шилжих шаардлага бий. Олсноо зөв зүйлд зарцуулах, иргэд, айл өрхийнхөө амьжиргааг дэмжихэд чиглүүлэх, бодит, харагдахуйц үр дүнд суурилах зарчмын байр суурь баримталж байна.
Олон хуулиас миний хувьд Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуульд онцгой ач холбогдол өгч байгаа. Улс орон оршин тогтнохуйн суурь үндэс, нийгмийн харилцааны цөм нь гэр бүл юм. Гэр бүлийн гишүүд хоорондын харилцаанаас шалтгаалах маш олон хүчин зүйл бий. Аав, ээжүүдийн харилцан үүрэг хүлээх, бие биенээ хүндлэх, асрах халамжлах харилцаа хэдийчинээ зохистой байна, тэнд аз жаргал, баяр баясгалан цогцолдог. Үр хүүхдээ зөв сайн өсгөн хүмүүжүүлэх үйл явц гэр бүлийн орчноос эхэлдэг. Тэнд эх орны ирээдүйн эзэд өсөж торниж байгаа гэдгийг гэр бүлийн гишүүдийн хэн нь ч умартах учиргүй. Эрүүл, зөв гэр бүл байж гэмээнэ нийгэм эрүүл байна. Эдгээр харилцааг энэ хуулиар зохицуулах учиртай.
УИХ-ын тухай багц хуулиудыг бас хэлэлцэнэ. 2024 оны УИХ-ын сонгуулиар өмнө огт байгаагүй цоо шинэ парламент бүрдсэн. Олон гишүүнтэй, олон намын төлөөлөлтэй, гишүүд нь шууд болон төлөөллийн зарчмаар сонгогдсон сонгодог хэлбэрийн парламент шинээр төлөвших эхлэл энэ цаг үед тавигдаж байна. Тиймээс парламентын үйл ажиллагааны олон асуудлыг өмнөх уламжлалаар биш, шинээр зохицуулах шаардлагатай болсон. Дэг журам, үүрэг хариуцлага, ёс зүй хамгийн чанд мөрдөгдөж байх ёстой газар бол парламент. Энэ талаас шинэчлэн зохицуулах зүйл ч бас байна даа гэж би хардаг. Надтай адил бодолтой УИХ-ын гишүүн олон бий. Тэгэхээр УИХ-ын тухай багц хуулиудыг хэлэлцэж, оновчтой, ойлгомжтой, зөв цэгцтэй зохицуулалт хийж, сонгодог парламентын төлөвшилд хувь нэмрээ оруулах нь бидний эрхэм журмын үүрэг мөн.
УИХ-ын гишүүдээсээ эхлээд жирийн иргэнээ хүртэл бүгдээрээ өнөөдрийн биш ирээдүйн, өөрийн биш эх орны эрх ашгийг эн тэргүүнд эрхэмлэх цаг ирсэн байна. Дэлхий ертөнц донсолгоотой, давлагаатай байна. Дотроо талцаж бужигнаж, багана тулгуураа ганхуулсаар байх юм бол тэр их давлагаанд Монгол маань зомголын төдий юм болно гэдгийг бид анхаарах цаг болжээ. “Үнэн сэтгэл, үнэн зүтгэл, алдаа оноотойгоо үнэнээрээ байх үнэр энэ цаг үеэс үнэртэхээ байлаа” гэж Баянхонгорын нэг өвгөн буурал хэлсэн. Айхавтар үг шүү.
Тиймээс монголчууд минь эвтэй байя, үнэн байя гэж эцэст нь хэлээд ярилцлагаа өндөрлүүлэх үү дээ.
-Танд баярлалаа. Ажилд тань амжилт хүсье.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №035/24710/