ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх болон бусад таван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.05.20/ хуралдаан 13.58 цагт УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Батжаргал, Б.Баярбаатар, Ж.Баярмаа, Э.Болормаа, С.Бямбацогт, Л.Гантөмөр, Ц.Даваасүрэн, Т.Доржханд, Б.Жавхлан, С.Зулпхар, Ч.Лодойсамбуу, Ч.Ундрам, Б.Хэрлэн, Б.Чойжилсүрэн, Б.Энхбаяр нар ирж, 53.1 хувийн ирцтэйгээр эхлэв.
Хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх тухай байлаа.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5.7-д “Энэ хуулийн 5.1-д заасан жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Зөвлөлийн саналыг харгалзан Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол чуулганаар хэлэлцүүлнэ.” гэж заасныг хуралдаан даргалагч танилцуулаад Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төсөл бүрээр санал хураалт явууллаа.
Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх УИХ-ын гишүүн Б.Батбаатарын 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нарагийн 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, УИХ-ын гишүүн Д.Батбаяр нарын зургаан гишүүний 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй.
Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарын 12 гишүүний 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ.
Түүнчлэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх УИХ-ын гишүүн Д.Бум-Очир нарын дөрвөн гишүүний 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын долоон гишүүний 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатарын 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Дараа нь Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарын 12 гишүүн 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн юм.
Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулав.
Ес дэх парламентын бүрэн эрх хэрэгжиж эхэлснээс хойш 2 жилийн хугацаанд төсөл өргөн мэдүүлсэн өдөр хүртэл нийт 131 хууль, Улсын Их Хурлын 169 тогтоол баталсан нь өмнөх бүрэн эрхийн хугацаанд баталсан хуулийн 8.9 хувьтай дүйцэхээр байгааг тэрбээр тодотгов.
Түүнчлэн 2025 оны 7 дугаар сарын 09-ны өдрөөс Улсын Их Хурлын үйл ажиллагааг 8 Байнгын хороо, 15 дэд хороотой байхаар зохион байгуулсан. Ийнхүү зохион байгуулсанаас хойш 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 5 дэд хороо 1-2 удаа, 2026 оны хаврын ээлжит чуулган эхэлснээс хойш 5 дэд хороо 1-4 удаа тус тус хуралдсан бол 10 дэд хороо хуралдаагүй байна. Түүнчлэн 2024 оноос өнөөдрийг хүртэл ирц хүрээгүйн улмаас Байнгын хороодын хуралдаан 38 удаа, ирц бүрдсэн ч бусад шалтгаанаар 19 удаа, нийт 57 удаагийн хуралдаан хойшилсон. Нөгөө талаас Улсын Их Хурлын гишүүдийн ёс зүйн асуудалтай холбогдуулан 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Ёс зүйн дэд хороонд 7 гомдол, 2026 оны I улиралд Ёс зүйн дэд хороонд 52 гомдол ирсэн тоон мэдээ гарсан байна гэлээ.
Иймд, хууль санаачлагч бидний 12 гишүүн Улсын Их Хурлын гишүүдийн чуулганы хуралдааны ирц, санал хураалтад оролцож буй байдал, парламентад хэлэлцэж буй асуудлаарх улс төрийн зөвшилцлийг хангах, гишүүний ёс зүйн асуудал, Улсын Их Хурлын үйл ажиллагааны үр нөлөөтэй байдалд онцгой анхаарч Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн онцгой бүрэн эрхээ үр дүнтэй хэрэгжүүлэх бодит хэрэгцээ шаардлага үүссэн бөгөөд энэ нь иргэдийн төрд итгэх итгэл, парламентын нэр хүндэд шууд нөлөөлж байна гэж дүгнэсэн хэмээсэн.
Үүний хүрээнд Улсын Их Хурлын зохион байгуулалтыг оновчлох, үйл ажиллагааг боловсронгуй болгох, гишүүдийн ирц, оролцоо, хариуцлагыг сайжруулах, Улсын Их Хурлын үйл ажиллагааны бүтээмжийг нэмэгдүүлэх, бүтээмжтэй ажиллаж буй гишүүдийг дэмжих, хууль тогтоомжийн төслийн хэлэлцүүлгийг чанаржуулах, мэргэшсэн Байнгын хороодод түшиглэсэн парламентыг бэхжүүлэх зорилгоор УИХ-ын гишүүн С.Бямбацогт, А.Ариунзаяа, Н.Батсүмбэрэл, Ж.Батжаргал, Б.Бейсен, Ч.Лодойсамбуу, У.Отгонбаяр, Д.Пүрэвдаваа, Ц.Сандаг-Очир, Р.Сэддорж, Г.Тэмүүлэн нарын 12 гишүүний хамтаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон хамт өргөн мэдүүлэх төслийг боловсруулсныг дурдав.
Хуулийн төсөл батлагдсанаар Улсын Их Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтыг оновчтой болгож мэргэжлийн Байнгын хороог 11 болгож, дэд хороог 7 болгон цөөлөх, Улсын Их Хурлын гишүүний ирц, саналаа биечлэн өгсөн байдал, гадаад, дотоод албан томилолт, хуулийн төсөл санаачилсан, хамтран оролцсон, ажлын хэсэг ахалсан, бүрэлдэхүүнд нь ажилласан, хянан шалгах үйл ажиллагаанд оролцсон байдал болон төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй санал, хариуцлага хүлээсэн эсэх талаарх мэдээллийг бодит цагийн горимоор олон нийтэд тогтмол мэдээлэх тогтолцоо бүрдүүлснээр гишүүний хариуцлага дээшилж, Улсын Их Хурлын бүтээмж нэмэгдэж, төрд итгэх иргэдийн итгэл сэргэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ. Гишүүний энэхүү оролцоо нь түүнд хариуцлага оногдуулах, нөгөөтээгүүр Байнгын, дэд хорооны даргаар сонгогдон ажиллах шалгуур болох шударга тогтолцоог бүрдүүлнэ гэж гэлээ.
Мөн хуулийн төслийн анхны болон эцсийн хэлэлцүүлэг явуулж буй Байнгын хорооны хуралдааны явцад гишүүн төслийг мэтгэлцээний горимд шилжүүлэх санал гаргаснаар хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтыг мэтгэлцээний журмаар хэлэлцэх нь ойлголцол, зөвшилцөлийг хангаж, төслийн чанарт эерэгээр нөлөөлөх төдийгүй Улсын Их Хурлын дэг болон гишүүний ёс зүйн дүрэм зөрчсөн гишүүнд хүлээлгэх хариуцлагын төрөл, түүнийг хүлээлгэх нөхцөлийг ажлын бодит үзүүлэлттэй уяснаар хариуцлагын үр нөлөөтэй тогтолцоо бүрдэнэ гэж үзэж буйгаа танилцуулсан.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүдийн асууж, үг хэлсэн тоо, гаргасан зарчмын зөрүүтэй саналын тоог нийтэлж, олон нийтэд хүргэснээр ажлыг нь хэмжих нь хэр оновчтойг тодруулж, гишүүн ёс зүйн зөрчил гаргавал 30 хүртэл хоногоор асуулт асуух, үг хэлэх эрхийг нь хасах үндэслэлийн талаар лавласан. Мөн гишүүн ажлын хэсэг, хянан шалгах түр хорооны хуралдаан тасалсан бол ажлын хэсгийн гишүүнээс хасах нь зүйтэй эсэх талаар мэдээлэл хүссэн.
УИХ-ын дарга С.Бямбацогт төсөл санаачлагчийн хувиар хариулахдаа, Хуулийн төсөлд УИХ-ын гишүүдийн ирцийг сайжруулах, саналаа биечлэн өгөх хөшүүрэг бий болгох, бүтээмжийг нэмэгдүүлэх, гишүүний бодитой оролцоонд үндэслэн УИХ-ын үйл ажиллагааг сайжруулж, улмаар парламентад, төрд итгэх ард түмний итгэлийг нэмэгдүүлэх зорилго бүхий заалтуудыг тусгасан. Түүний нэг хэсэг нь ээлжит чуулганы хугацаанд хуралдаанд оролцсон гишүүний ирц, саналаа биечлэн өгсөн байдал, чуулганы хуралдаанд асуулт асууж, үг хэлсэн тоо юм. Түүнчлэн дотоод, гадаад албан томилолт, хууль санаачилсан болон санаачлахад оролцсон, ажлын хэсэгт орж ажилласан статистик мэдээллүүдийг нэгтгэж олон нийтэд ил тод нээлттэй мэдээлдэг байя хэмээн хуулийн төсөлд тусгасныг онцлов.
Тэрбээр, УИХ-ын гишүүд ард түмний өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж, хариуцлагатайгаар ажлаа хийснээр УИХ-ын үйл ажиллагаа тасалдахгүй шуурхай явах юм. Ингэснээр төрд итгэх ард түмний итгэл нэмэгдэх учиртай гэж үзэж байгаа. Хуралдааны ирцэд орчихоод саналаа өгөхгүй алга болдог, хэдэн цаг дуудуулаад ирдэггүйгээс болоод Байнгын хороо, ажлын хэсгийн хуралдаан тасалдах явдал олон удаа гарч байгаа. Тиймээс хуралдаандаа хоёр удаа ирэхгүй бол ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс нь хасаж, ажиллах боломжтой гишүүдийг оруулах зохицуулалтуудыг тусгаад байна. УИХ-ын гишүүд ёс зүйтэй байж манлайлах ёстой. Гэтэл чуулганы хуралдааны танхимд ёс зүйгүй авирладаг, бүдүүлэг үг хэрэглэдэг, бие биеэ гэмт хэрэгт гүтгэдэг, гутаадаг, худал мэдээлэл тараадаг. Энэ нь ард түмний төрд, парламентад итгэх итгэлийг сулруулж байгаа. Тийм болохоор удаа дараа ийм зөрчил гаргасан гишүүний Байнгын хороо, чуулганы хуралдаанд үг хэлэх, санал өгөх эрхийг нь хязгаарлах асуудлыг Ёс зүйн дэд хороо тодорхой үндэс шалтгааныг нь судалж тогтоож байж шийдвэрлэхээр төсөлд тусгасан. Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүний хүлээн зөвшөөрөгдөх байдлыг нэмэгдүүлэхээр Улсын Их Хурлын аль нэг дэд дарга хуулиар тогтоосон чиг үүргийнхээ хүрээнд Ёс зүйн дэд хороог удирддаг байхаар тусгасныг нэмж хэлэх нь зүйтэй гэсэн хариулт өгсөн.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ёс зүйн зөрчил гаргавал 30 хоногоор үг хэлэх эрхийг хасах талаар төсөлд тусгаад байгаа ч хэлэлцүүлгийн явцад бүх намын төлөөлөл багтсан ажлын хэсгийг байгуулан асуудлыг хэлэлцээд явах бололцоотой гэдгийг тодотгосон юм.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв
Мөн өдрийн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх тухай байв.
Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа. Хуулийн төсөлд чуулганы хуралдааны хэлэлцүүлгийн чанар, үр нөлөөг сайжруулах, дэгийн зохицуулалтыг тодорхой болгох хүрээнд, хоёрдугаарт гишүүн болон чуулганы хуралдаанд мэдээлэл өгөх бусад албан тушаалтны сахилга хариуцлагыг сайжруулах замаар бүтээмжийг дээшлүүлэх хүрээнд тодорхой өөрчлөлтүүдийг тусгасан гэлээ.
Тухайлбал, хууль санаачлагчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг тодорхой хугацааны дотор хэлэлцэх асуудлын тов, дараалалд тусгах, хуралдааны явцад асуулт, хариултыг үр дүнтэй зохион байгуулах, хууль тогтоомжийн төслийг хэлэлцэхэд мэтгэлцээн зохион байгуулах, төслийг яаралтай хэлэлцүүлэх үндэслэл, шаардлагын талаар хууль санаачлагчийн танилцуулгыг сонссоны дараа шийдвэрлэх, хуулийн төсөлд хууль зүйн дүгнэлт гаргах хүрээг тогтоох, хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг үр нөлөөг дээшлүүлэх зэрэг хэд хэдэн асуудлыг төсөлд тусгажээ.
Мөн Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд оролцох, санал хураалттай холбоотойгоор гишүүдийн хариуцлагыг сайжруулах хүрээнд хүндэтгэн үзэх шалтгаантай бол шалтгаан, үндэслэлээ хуралдааны өмнөх өдөр бичгээр мэдэгдэх, хүндэтгэх шалтгаангүйгээр санал хураалтад оролцоогүй, хуралдааныг орхин гарсан бол эсрэг санал өгсөнд тооцох зохицуулалтыг хасаж, санал хураалтад гишүүн биечлэн оролцож санал өгөхөөр тусгалаа. Санал хураалттай холбогдох хариуцлагыг нэмэгдүүлж байгаатай холбоотойгоор гишүүн нэг сарын хугацааны нэгдсэн, Байнгын, дэд хорооны нийт санал хураалтын 50-аас дээш хувьд оролцоогүй бол Ёс зүйн дэд хороо гишүүний ажлын албаны цалингаас бусад гишүүний төсвийн нэг сард оногдох санхүүжилтийг олгохгүй байх хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг тусгасан байна.
Түүнчлэн зөвхөн санал хураалт төдийгүй ээлжит чуулганы хугацаанд нэгдсэн хуралдаан, эсхүл харъяалагдах Байнгын хорооны, эсхүл дэд хорооны хуралдаанд 5 ба түүнээс дээш удаа хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй бол дээрх хариуцлагыг мөн хүлээлгэх зохицуулалтыг оруулжээ.
Ажлын хэсгийн хуралдаанд 2 ба түүнээс дээш удаа, хянан шалгах түр хорооны хуралдаанд 3 ба түүнээс дээш удаа хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй бол ажлын хэсэг, түр хорооны бүрэлдэхүүнээс хасах зохицуулалтыг тусгасан байна.
Хуулийн төсөл батлагдсанаар чуулганы хуралдааны хэлэлцүүлгийн чанар, үр нөлөө сайжирч, чуулганы хуралдаанд оролцохтой холбоотой гишүүний сахилга хариуцлага дээшилнэ гэж үзжээ.
УИХ-ын гишүүд хэлэлцэх асуудалтай холбогдуулан үг хэлэх бол урд өдөр нь намын бүлэг, зөвлөлөөр дамжуулан нэрсээ өгдөг зохицуулалтыг хэрхэх талаар тодруулж, яаралтай горим гэдгийг тодорхой болгохгүй бол Засгийн газар хүссэн хуулиа өөрчлөхийн дуртай үедээ өргөн мэдүүлж, хүссэн хугацаандаа батлуулахыг оролддог гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж байлаа.
Хуулийн төсөл санаачлагчид болох УИХ-ын дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нар, Улсын Их Хурлын гишүүдийн болон Улсын Их Хуралд суудал бүхий нам, эвслийн тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор Улсын Их Хурлын үйл ажиллагаа төлөвлөлттэй, хэлэлцүүлгийн дэг тодорхой, чуулганд оролцож байгаа гишүүд хариуцлагатай байх чиглэлээр чуулганы хуралдааны дэгийн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага нэмэгдэж байгааг онцолж байлаа.
Хууль тогтоомжийн хэлэлцүүлгийн явцад танхимд байгаа гишүүд Зөвлөлийн тогтоосон хугацаанд багтаан урьдчилан авсан тооны хязгаарлалтгүйгээр, ирцэд бүртгүүлсэн дарааллаараа асуулт асууж, хариулт авахаар төсөлд өөрчлөлт оруулан тусгажээ.
Гишүүдийн асуулт асуух, түүнд хариулт өгөх, нэмэлт асуулт асууж, хариулт авах хугацааг жигд, ойлгомжтой болгожээ.
Нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг яаралтай хэлэлцэх болсон үндэслэлийн талаарх Ерөнхий сайдын, эсхүл холбогдох Засгийн газрын гишүүний танилцуулгыг сонссоны дараа санал хураалт явуулж шийдвэрлэх өөрчлөлт оруулсныг төсөл санаачлагчид хариултдаа онцолж байлаа.
Засгийн газар зөвхөн үндэсний эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой асуудлаар зөвхөн эдийн засгийн аюулгүй байдал тай холбоотой асуудлаар яаралтай горимоор л хуулийн төсөл өргөн мэдүүлнэ гэсэн зохицуулалтыг мөрдөж байгаа гэдгийг дурдсан юм. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн, Байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд хүргүүлэхээр тогтов.
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг Байнгын хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Монгол Улсын Их Хурал дараах зургаан төрлийн арга хэрэгслийн дагуу асуулт, асуулга, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврыг үнэлэх, мэдээлэл сонсох, тайлан, илтгэл хэлэлцэх, төсвийн хяналт, хяналтын сонсгол, хянан шалгах түр хороо хууль хэрэгжүүлж буй Засгийн газар болон төрийн байгууллагын үйл ажиллагааг хянан шалгах Улсын Их Хурлын үйл ажиллагааны үр нөлөөг сайжруулах зорилгоор уг нэмэлт, өөрчлөлтийг өргөн төслийг боловсруулсан гэдгийг төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан.
Улсын Их Хурлын хяналт шалгалтын цаглавар батлах хуулийн зохицуулалтыг сайжруулснаас гадна Байнгын, дэд хороо хянан шалгах ажлын хэсэг байгуулах тогтоолын хавсралтаараа тухайн ажлын хэсэг юуг, хэзээ, хэрхэн хянан шалгахыг тодорхой заахаар тусгасан нь бусад байгууллагын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй, парламентын хяналт үр дүнтэй болно гэж төсөл санаачлагчид үзжээ.
Мөн Улсын Их Хурлын хяналт шалгалтын мөрөөр хууль тогтоомжийг боловсронгуй болгох, эсхүл хүчингүй болгох, хэрэгжилтийг хангуулах, эрчимжүүлэх, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, холбогдох албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх, шаардлагатай бол Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгох гэсэн үр дүнд хүрнэ гэж үзсэн байна.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-д хүндэтгэлгүй хандах, худлаа мэдээлэл өгөх, өгсөн үүрэг чиглэлийг нь биелүүлэхгүй байх асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр тусгасан талаар лавласан.
УИХ-ын дарга С.Бямбацогт, 2019 онд бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийхдээ УИХ-ын хянан шалгах бүрэн эрхийг нэмэгдүүлсэн. Үүний хүрээнд 2020 онд Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай анхдагч хуулийг баталсан хэмээсэн. Тэрбээр, Энэ хууль хэрэгжсэн 6 жилийн хугацаанд ямар алдаа дутагдал гарав, ямар асуудал нь орхигдсон гэдгийг нягтлаад нэмэлт, өөрчлөлтийг боловсруулан өргөн мэдүүлснийг УИХ-ын дарга тодруулаад, УИХ-д хүндэтгэлгүй хандах, худлаа мэдээлэл өгөх, өгсөн үүрэг чиглэлийг нь биелүүлэхгүй байх асуудлуудыг тодорхой тусгасан гэлээ.
УИХ-ын дарга, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд УИХ-ыг үл хүндэтгэсэн этгээдэд хариуцлага хүлээлгэх асуудлыг тусгаж, томилсон эрх бүхий этгээдэд нь албан бичиг илгээж, томилсон эрх бүхий этгээд ямар арга хэмжээ авсан талаараа заавал бичгээр хариу мэдэгдэх зохицуулалтыг оруулсан. Хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтөөр амлалтын бүртгэл, түүний хэрэгжилтэд хяналт тавих талаар тусган, албан тушаалтнууд УИХ-д дутуу мэдээллээ бичгээр хүргүүлнэ гэж хэлснийг нэг бүрчлэн бүртгээд эргүүлээд хариуцлага тооцдог болох зохицуулалтууд тусгасан гэлээ.
Улсын Их Хурлын нэгдсэн, Байнгын, дэд, түр хорооны хуралдааны явцад Засгийн газрын гишүүн, хуулиар тогтоосон бусад байгууллагын удирдлагаас өгсөн тодорхой хугацаатай, хэрэгжих боломжтой амлалтыг бүртгэн хэрэгжилтэд хяналт тавих, амлалтын биелэлт хангалтгүй, эсхүл хугацаа хоцорсон тохиолдолд холбогдох Байнгын хороо тухайн албан тушаалтны мэдээллийг сонсож, шаардлагатай бол хариуцлага тооцох саналыг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх, үүрэг амлалтын бүртгэл, түүний хэрэгжилтэд хяналт тавих нарийвчилсан журмыг батлан хэрэгжүүлэх зохицуулалтыг шинээр нэмсэн байна.
Хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн учир Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй
Мөн өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэв. Төслийг УИХ-ын гишүүн Д.Бум-Очир нарын дөрвөн гишүүн 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн юм.
Төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Д.Бум-Очир танилцуулгадаа, 1993 онд зохион байгуулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн ирц 92.7 хувь, 1997 онд 85.1 хувь, 2001 онд 82.9 хувь, 2005 онд 74.98 хувь, 2009 онд 73.59 хувь, 2013 онд 66.5 хувь, 2017 онд 68.27 хувь, 2021 онд 59.29 хувь болж буурчээ. Сонгуулийн үндсэн зарчмын нэг болох бүх нийтийн байх, бүх нийтийн оролцоог бүрэн хангах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгцээ, шаардлага байсаар байгаа нь сонгуульд оролцож буй сонгогчдийн ирц, оролцоо тогтмол буурч байгаа дээрх судалгааны дүнгээс харагдаж байна.
Мөн сонгуулийн ирц, оролцоо буурч байгаа гол шалтгаан, нөхцөлийг тодорхойлох зорилгоор Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос 2025 онд 21 аймаг, 330 сумын нийт 11700 сонгогчийн хамруулсан “Сонгогчийн зан төлөвийн судалгаа”-ны тайланд дурдсан үр дүнгээс үзвэл сонгуульд оролцоогүй шалтгааны 33.9 хувь нь “санал авах өдөр байнгын оршин суугаа газраасаа өөр газарт байсан”, 7.7 хувь нь оюутан, орон нутагт оршин суух хаягтай”, 0.5 хувь нь “гадаад улсад байсан” зэрэг шалтгаантай байсан хэмээсэн.
Өнөөдөр сонгуульд саналаа өгөх нь хязгаарлагдмал 250 орчим мянган сонгуулийн насны иргэд байгаа тул тэдний санал өгөх, сонгуульд оролцох боломжийг нь өргөжүүлэн нээж өгөхөд хуулийн төслийн гол ач холбогдол нь чиглэж буйг төсөл санаачлагч гишүүн Д.Бум-Очир тодотгов.
Хуулийн төсөлд хөдөө орон нутагт ажиллаж байгаа иргэд, эсвэл хотод сурч байгаа оюутнууд тухайн газартаа саналаа өгөхөд өөрийнх нь албан ёсны бүртгэлтэй хаяг дээрээс санал нь шууд бүртгэгдэх, улмаар орон нутаг, гадаадад ажиллахаар явж буй иргэд сонгуулийн албан ёсны санал хураалт болохоос өмнө урьдчилж санал өгөх боломжийг нээх аж. Түүнчлэн гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэд хоёр өдрийн дотор санал өгдөг байсныг нэмж 5 өдөр болгох зохицуулалтыг тусгажээ.
Мөн санал авах өдөр тухайн сонгогчийн харьяа хэсгийн хороо хамаарах аймаг, нийслэлээс өөр нутаг дэвсгэрт байгаа сонгогчийн саналыг авах, түүнд шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээ авах эрх зүйн орчныг бүрдүүлсэн байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэнгүй.
“Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа
Тус Байнгын хороогоор хэлэлцсэн сүүлийн асуудал нь “Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл байлаа.
Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4.2 дахь хэсэгт “Хорооны гишүүний тавыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрыг Улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно.” гэж, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 30.1.1 дэх заалтад “... Сонгуулийн ерөнхий хорооны ... гишүүний албан тушаалд томилуулахаар Улсын Их Хуралд санал болгосон нэр дэвшигчийн талаарх томилгооны сонсгол”-ыг хийхээр тус тус заасан байдаг. СЕХ-ны гишүүн Улсын Бүртгэлийн ерөнхий газрын дарга асан Д.Дэлгэрсайханыг Улсын Их Хурлын 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 47 дугаар тогтоолоор үүрэгт ажлаас чөлөөлсөнтэй холбогдуулан тус газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Даваанямыг, мөн Цагдаагийн ерөнхий газрын дарга асан Т.Сүхболд чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасантай холбогдуулан тус газрын дарга Ж.Болд нарыг тус тус Төрийн байгуулалтын байнгын хорооноос санал болгох, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосон Г.Байгалмаагийн бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Е/07 дугаартай албан бичгээр Д.Ариунболдыг санал болгосон, Улсын дээд шүүхээс санал болгосон СЕХ-ны гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан Улсын дээд шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 01/1825 дугаартай албан бичгээр Д.Мөнхзоригийг санал болгож ирүүлсэн тул СЕХ-ны гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулсан гэдгийг хуралдаан даргалагч танилцуулаад Байнгын хорооны тогтоолын төслийг танилцуулав.
СЕХ-ны гишүүнд нэр дэвшигч Д.Ариунболд Ж.Болд, Д.Дамдинням, Д.Мөнхзориг нартай хийх нэр дэвшигчийн сонсголыг 2026 оны 6 дугаар сарын 8-ны өдөр зохион байгуулахаар тогтоож, сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Б.Жавхланг сонгохоор тусгасан тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар баталлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.