МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Нийгэм AI-ийг айж харалгүй, ашиглаж сурах цаг а...

AI-ийг айж харалгүй, ашиглаж сурах цаг айсуй

Өнөөдрийн TikTok, ChatGPT, humanoid robot-ыг 1990-ээд онд мэндэлсэн хүүхдүүд төсөөлж амжаагүй явсан шиг эрчтэй хөгжин тэлж буй AI ертөнцийн ирээдүйг бүрэн төсөөлөхөд бэрх юм. Гэсэн хэдий ч нэг зүйл тодорхой харагдаж байна. Өнөөдрийн 0–5 насны бяцхан жаалууд хүн төрөлхтний түүхэнд анх удаа хиймэл оюун ухаантай зэрэгцэн бойжиж буй. Өмнөх үеийнхэн нь ухаан орсон цагаасаа ухаалаг гар утсыг насанд хүрэгчдээс илүү ойлгож, интернэтийг хэрэглэж сурсан бол одоогийн 0-5 насныхан AI технологийг өдөр тутмын амьдралдаа ашиглаж, магадгүй сургуульд орохоосоо өмнө хиймэл оюун ухаантай ярьж сурч, өөрийн гэсэн AI багштай, AI туслахтай бүр найзтай ч болж мэдэх шинэ соёл айсуй явна.

Үнэн
Админ

Өнөөдрийн TikTok, ChatGPT, humanoid robot-ыг 1990-ээд онд мэндэлсэн хүүхдүүд төсөөлж амжаагүй явсан шиг эрчтэй хөгжин тэлж буй AI ертөнцийн ирээдүйг бүрэн төсөөлөхөд бэрх юм. Гэсэн хэдий ч нэг зүйл тодорхой харагдаж байна. Өнөөдрийн 0–5 насны бяцхан жаалууд хүн төрөлхтний түүхэнд анх удаа хиймэл оюун ухаантай зэрэгцэн бойжиж буй. Өмнөх үеийнхэн нь ухаан орсон цагаасаа ухаалаг гар утсыг насанд хүрэгчдээс илүү ойлгож, интернэтийг хэрэглэж сурсан бол одоогийн 0-5 насныхан AI технологийг өдөр тутмын амьдралдаа ашиглаж, магадгүй сургуульд орохоосоо өмнө хиймэл оюун ухаантай ярьж сурч, өөрийн гэсэн AI багштай, AI туслахтай бүр найзтай ч болж мэдэх шинэ соёл айсуй явна.

Судлаачдын үзэж буйгаар 2026–2030 оны хооронд AI-ийн хөгжил интернэтийн эхэн үеэс ч хурдан өрнөж магадгүй. Өнөөдрийн бага насны хүүхдүүд бидний төсөөллөөс өөр ертөнцөд насанд хүрэх төлөвтэй байгаа талаар сөхөн хөндөх болжээ. Хамгийн чухал нь ирээдүйд хамгийн амжилттай хүмүүс AI-аас айх биш, зэрэгцэн оршиж, хамтран бүтээдэг байх цаг айсуг мөн дурдах болжээ.

Энэ үеийнхнийг дагаад ирээдүйд боловсролын орчин ч үндсээрээ өөрчлөгдөж, өнөөдрийн нэг багш олон хүүхдэд ижил аргаар хичээл заадаг тогтолцоо үгүй болно. Хүүхэд бүр өөрийн сурах арга барил, сонирхол, хурдад тохирсон AI mentor-той болох эрин цаг ирж магадгүй аж. Хиймэл оюун ухаан тухайн хүүхдийн ойлгоогүйг тайлбарлаж, сонирхлыг нь тодорхойлж, ирээдүйн чадварыг хүртэл хөгжүүлэх боломжтой. Түүгээр ч зогсохгүй тэдний ажиллах орчин ч одоогийнхоос эрс ондоо. Олон мэргэжил автоматжихын хэрээр мэдээллийг автоматаар цээжлэх нь чухал биш. AI ашиглан асуудлыг шийддэг, бүтээлчээр сэтгэдэг, хүний мэдрэмж шаардсан төрлийн ажил алба эрхэлдэг мэргэжилтнүүд хамгийн үнэ цэнтэйд тооцогдох тухай судлаачид хөндөж эхэлжээ.

 

“AI шинжлэх ухааны тэсрэлт”

Дэлхий нийт хиймэл оюун ухааныг ердийн технологи гэж харахаа больсон. Энэ бол шинжлэх ухаан, эдийн засаг, анагаах ухаан, батлан хамгаалах салбарын ирээдүйг тодорхойлох хүчин зүйл болж хувирч байна. Судлаачдын үзэж буйгаар 2026–2030 оны хооронд AI-ийн хөгжил интернэтийн эхэн үеэс ч илүү хурдтай өрнөх бөгөөд хүн төрөлхтөн түүхэн шинэ эринд хөл тавьж байна гэсэн үг юм. Хиймэл оюун ухаан хүн төрөлхтний технологийн түүхэнд цоо шинэ эрин цаг авчирч буйг олон үйл явц гэрчлэх болсон. Хиймэл оюун ухаан зураг зурж, текст бичиж чаддаг болсон нь дэлхийг гайхшруулж байсан бол өнөөдөр AI шинжлэх ухааны судалгаа хийж, шинэ эмийн санаа гаргаж, бүр өөрийгөө сайжруулах бэлтгэл рүүгээ оржээ. Энэ үзэгдлийг судлаачид “AI шинжлэх ухааны тэсрэлт” хэмээн нэрлэж байгаа бөгөөд олон хүн интернэтийн хувьсгалтай зүйрлэх болов. Шинжлэх ухааны тэсрэлт явагдаж, хамгийн том өөрчлөлт орж буй салбар бол биологи, анагаах ухаан. OpenAI-ийн танилцуулсан GPT-Rosalind систем нь энгийн чатбот биш. life science-д зориулсан судалгааны AI аж. Энэхүү систем олон мянган эрдэм шинжилгээний өгүүллийг нэгтгэн уншиж, хоорондын холбоо хамаарлыг илрүүлэн, шинэ hypothesis гаргах чадвартай болсон байна. Өөрөөр хэлбэл, AI одоо зөвхөн мэдээлэл боловсруулах биш, шинжлэх ухааны discovery хийх шат руу орж эхэлжээ. Судлаачдын үзэж буйгаар уламжлалт эм боловсруулах процесс 10–15 жил үргэлжилдэг бол AI-assisted discovery технологи энэ хугацааг хэд дахин богиносгож магадгүй аж. Moderna, Amgen зэрэг томоохон биотехнологийн компаниуд ийм төрлийн AI системүүдийг аль хэдийн туршиж эхэлсэн бөгөөд AI-г “лабораторийн туслах” бус “хамтран судлаач” гэж үзэх хандлага нэмэгдэж байна.

Үүнтэй зэрэгцэн “Agentic AI” гэх шинэ ойлголт хүчтэй яригдаж эхэлжээ. Өмнөх үеийн AI системүүд хэрэглэгчийн өгсөн асуултад л хариулдаг байсан бол шинэ үеийн AI өөрөө төлөвлөж, дараалал үүсгэн, олон алхамтай ажлыг бие даан гүйцэтгэх аж. Энэ нь интернэтээс мэдээлэл хайх, файл боловсруулах, код бичих, алдаагаа шалгах, дараагийн алхмаа өөрөө тодорхойлох зэрэг ажлыг гүйцэтгэх чадвартай болтлоо хөгжинө гэсэн үг юм. Энэ үзэгдлийг судлаачид AI одоо чатбот биш, “дижитал ажилтан” болж эхэлж буй процесс гэж үзэж буй аж. Компаниуд customer support, маркетинг, программ хөгжүүлэлт, дата анализ зэрэг салбарт аль хэдийн AI agent ашиглаж эхэлсэн. Ирээдүйд олон байгууллага дотоод “AI ажилтан”-тай болох магадлал өндөр болж явна.

Мөн quantum computing ба AI-ийн нэгдэл шинэ технологийн хувьсгалын эхлэл болж магадгүй гэсэн хүлээлт үүсээд байна. Энгийн компьютерт хэт төвөгтэй молекулын тооцооллыг quantum system хийж, үр дүнг нь AI боловсруулж байгаа нь шинжлэх ухааны судалгааны хурдыг огцом өсгөх боломжтой аж. Хэрэв энэ технологи амжилттай хөгжвөл шинэ эм, шинэ материал, батарейн технологи, уур амьсгалын simulation зэрэг салбар үндсээрээ өөрчлөгдөх магадлалтай юм байна.

Хамгийн их анхаарал татаж буй асуудал бол AI өөрөө өөрийгөө сайжруулж эхэлж байгаа явдал. Frontier model-ууд кодоо шалгах, алдаагаа засах, performance-аа optimize хийх түвшинд хүрч эхэлсэн байна. Судлаачид үүнийг “recursive self-improvement” гэж нэрлэдэг байна. Өөрөөр хэлбэл, “хүн AI-ийг хөгжүүлдэг” үе аажмаар дуусаж, “AI өөрийгөө хөгжүүлдэг” эрин эхэлж магадгүй гэсэн үг. Энэ нь AGI буюу хүнтэй дүйцэх хиймэл оюун руу ойртож буй хамгийн том дохио гэж зарим эрдэмтэн үзэж эхэлжээ. Мөн үүнтэй зэрэгцэн AI autonomy, alignment problem, хяналт алдах эрсдэл зэрэг асуудал ч хүчтэй яригдах болсон байна. AI-ийн хөгжил одоо зөвхөн технологийн салбарын асуудал байхаа больж, хэдийн геополитикийн өрсөлдөөний төвд орж ирсэн. Stanford-ийн AI Index тайланд дурдсанаар Хятадын AI model-уудын гүйцэтгэл Америкийнхаас маш бага зөрүүтэй болсон бөгөөд AI publication, robotics, patent зэрэг чиглэлээр Хятад улс хурдтай урагшилж эхэлжээ. Үүний улмаас улс орнуудын стратегийн өрсөлдөөн AI chip, дата төв, quantum computing, robotics зэрэг салбаруудад ширүүсэж, олон шинжээч үүнийг “XXI зууны шинэ хүйтэн дайн” гэж үзэх болжээ.

AI технологи асар хурдтай хөгжиж байгаа энэ үед хүмүүс нэг бол “AI бүхнийг орлоно” эсвэл “AI надад огт хэрэггүй” гэсэн хоёр туйлд хуваагдсан байгаа. Үнэн хэрэгтээ хиймэл оюун ухаан нь хүнээс илүү ухаантай амьтан биш. Гэхдээ зөв ашиглаж чадвал хүний боломжийг хэд дахин өсгөдөг шинэ хэрэгсэл гэдгийг мэргэжилтнүүд бас ойлгуулахыг зорьдог болжээ. Ирээдүйд “AI-аар орлуулж болох мэргэжил” гэж ярихаас илүү “AI ашиглаж асуудал шийдэж чаддаг хүн” хамгийн хэрэгцээтэй мэргэжилтний тоонд багтах болно гэж энэ салбарынхан хөндөж байна. Тиймээс хүн төрөлхтөнд AI-ийг ашиглаж сурах том үүрэг ногдож эхэллээ гэсэн үг.

AI хүний мэдрэмж,ёс зүй, итгэл, хайр, бүтээлч сэтгэлгээг орлохгүй

Хиймэл оюун ухаан олон ажлыг автоматжуулж, AI-тай хамтарч ажиллаж чаддаг мэргэжилтний хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаа ч сөрөг хандлагууд гарч ирсээр байгааг анхаарахгүй орхиж болохгүй. Тиймээс AI-аас авсан мэдээлэл бүхнийг шууд үнэн гэж хүлээж авах нь эрсдэлтэй. AI заримдаа маш итгэлтэйгээр буруу мэдээлэл өгөх тохиолдол байх тул эх сурвалжийг нягталж, мэдээллийг харьцуулан шалгаж, шүүмжлэлтэй сэтгэх чадвар улам үнэ цэнтэй болгоно гэдгийг салбарынхан бас онцолдог болжээ. Алдаа оноо, мэдээллийн үнэн, худалд шүүлтүүртэй хандаж сурвал AI технологийн эрин цагт, ирээдүйд хамгийн их мэдээлэлтэй хүн биш, үнэн ба худлыг ялгаж чаддаг хүний хэрэгцээ өсөх аж.

Цаг үеэ дагаад хүүхэд, өсвөр үеийнхэн AI-ийг зөв, зохиостой ашиглах тухай сэдэв онцгой чухал асуудалд тооцогдож байна. Ерөнхийдөө AI-ийг зөвхөн бэлэн хариулт хуулдаг хэрэгсэл болгох биш, суралцах туслах, бүтээлч санааны хамтрагч болгон ашиглахыг боловсролын мэргэжилтнүүд багш, сурган хүмүүжүүлэгчдэд зөвлөөд эхэлжээ. Учир нь бүхнийг өмнөөс нь бодож, тооцож, дуусгаж өгдөг AI-ийн орчныг дагаад бие даан сэтгэх бодох чадвар сулрах эрсдэлтэй шүү гэдгийг ч анхааруулж байгаа аж.

Нөгөө талаар AI-ийн эрин үед хүмүүс хувийн мэдээлэлдээ илүү хариуцлагатай хандах шаардлагатай болж байна. Дуу хоолой, зураг, бичлэг, зан төлөв хүртэл AI системүүдийн мэдээллийн хэсэг болж байгаа энэ үед deepfake болон хуурамч контентын тоо цаашдаа ч өсөн нэмэгдэнэ. Тиймээс “дижитал боловсрол” ирээдүйн хамгийн чухал чадваруудын нэгд тооцогдох аж.

Өмнө нь том багаар, их хөрөнгө шаардаж хийгддэг байсан ажлыг одоо ганц хүн AI-ийн тусламжтай хийх боломжтой болж буй. Тиймээс AI-ийг зөв ашиглаж чадвал суралцах, ажиллах, бизнес эхлүүлэх, контент бүтээх, судалгаа хийх зэрэг олон боломж нээгдэнэ. Гэсэн хэдий ч AI хүний мэдрэмж, ёс зүй, итгэл, хайр, бүтээлч сэтгэлгээ, амьдралын туршлагыг бүрэн орлож чадахгүй. Тиймээс ирээдүйд хувь хүний зөв төлөвшил, дахин давтагдахгүй өвөрмөц, амжилттай зан чанарууд хамгийн үнэ цэнтэй хэвээр байх аж. Эцэст нь хэлэхэд AI-ийн эрин цагтай амжилттай хөл нийлэхийн тулд шинэ технологиос айх хэрэггүй. Хиймэл оюун ухааныг хэрэгсэл болгон ашиглаж, сэтгэлгээ, бүтээлч байдал, харилцааны чадвараа хөгжүүлэх нь чухал юм.

Д.Жаргалан

Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №019/24694/ дэх дугаарыг ЭНД-ээс уншина уу.  

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.