МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Эдийн Засаг XXI зууны шинэ боломж - сэргээгдэх эрчим...

XXI зууны шинэ боломж - сэргээгдэх эрчим хүч

XX зуун  нүүрс, нефть, хийн эрин байв. Харин XXI зууны өнгө төрхийг эрчим хүчний шинэ хувьсгал тодорхойлж эхэллээ. Дэлхийн улс орнууд өнөөдөр газрын тосны ордуудын төлөө бус, харин нарны хавтан, салхин турбин, батарейн технологийн төлөө өрсөлдөж байна. Уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдол, геополитикийн мөргөлдөөн, эрчим хүчний хомсдол зэрэг олон хүчин зүйл хүн төрөлхтнийг “ногоон шилжилт” рүү түлхэв. Өөрөөр хэлбэл, байгальд ээлтэй, нөхөн сэргээгдэх эх үүсвэрт тулгуурласан шинэ эрчим хүчний тогтолцоо руу дэлхий нийт шилжиж эхэлжээ.Өнөөдөр дэлхийн хамгийн том эдийн засгуудын хөгжлийн бодлогын төвд сэргээгдэх эрчим хүч байх болсон байна. Нар, салхи, ус, газрын гүний дулаан зэрэг эх үүсвэрүүд зөвхөн байгаль хамгаалах хэрэгсэл биш, харин улс орны эдийн засгийн аюулгүй байдал, технологийн өрсөлдөх чадварын хэмжүүр болж хувирчээ.

Үнэн
Админ

XX зуун  нүүрс, нефть, хийн эрин байв. Харин XXI зууны өнгө төрхийг эрчим хүчний шинэ хувьсгал тодорхойлж эхэллээ. Дэлхийн улс орнууд өнөөдөр газрын тосны ордуудын төлөө бус, харин нарны хавтан, салхин турбин, батарейн технологийн төлөө өрсөлдөж байна.

Уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдол, геополитикийн мөргөлдөөн, эрчим хүчний хомсдол зэрэг олон хүчин зүйл хүн төрөлхтнийг “ногоон шилжилт” рүү түлхэв. Өөрөөр хэлбэл, байгальд ээлтэй, нөхөн сэргээгдэх эх үүсвэрт тулгуурласан шинэ эрчим хүчний тогтолцоо руу дэлхий нийт шилжиж эхэлжээ.Өнөөдөр дэлхийн хамгийн том эдийн засгуудын хөгжлийн бодлогын төвд сэргээгдэх эрчим хүч байх болсон байна. Нар, салхи, ус, газрын гүний дулаан зэрэг эх үүсвэрүүд зөвхөн байгаль хамгаалах хэрэгсэл биш, харин улс орны эдийн засгийн аюулгүй байдал, технологийн өрсөлдөх чадварын хэмжүүр болж хувирчээ.

Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр 2030 он гэхэд дэлхий даяар шинээр баригдах цахилгаан станцуудын дийлэнхийг сэргээгдэх эрчим хүч бүрдүүлэх төлөвтэй байна. Энэ нь хүн төрөлхтөн нүүрснээс нар руу, утаанаас цэвэр технологи руу эргэлт буцалтгүй шилжиж буйг илтгэж буй ажээ.

 

НЭГ. Дэлхийн шинэ “түлш”

Сэргээгдэх эрчим хүч гэдэг нь байгалийн нөхөн сэргээгддэг эх үүсвэрээс гарган авдаг энергийг хэлдэг. Үүнд:

* Нарны эрчим хүч

* Салхины эрчим хүч

* Усан цахилгаан

* Геотермаль дулаан

* Биомасс

* Далайн түрлэг, долгионы эрчим хүч багтана.

Эдгээр эх үүсвэрийн гол давуу тал нь шавхагддаггүй, мөн нүүрстөрөгчийн ялгаруулалт маш бага байдагт оршино. Хэдхэн жилийн өмнө сэргээгдэх эрчим хүчийг “ирээдүйн технологи” гэж ярьдаг байсан бол өнөөдөр дэлхийн эдийн засгийг хөдөлгөж эхэлсэн бодит хүч болжээ.

Нарны эрчим хүч

Дэлхий дээр нэг цагийн турш тусах нарны энерги нь хүн төрөлхтний нэг жилийн хэрэгцээг хангах чадалтай гэсэн тооцоо бий. Тиймээс эрдэмтэд нарыг хязгааргүй эрчим хүчний эх үүсвэр гэж нэрлэдэг. Фото цахилгаан хавтан буюу solar panel ашиглан нарны гэрлийг цахилгаан болгон хувиргах технологи сүүлийн арван жилд асар хурдацтай хөгжжээ. Өмнө нь өндөр өртөгтэй байсан нарны хавтан өнөөдөр хамгийн хямд цахилгаан үйлдвэрлэх технологийн нэг болсон байна.

Нарны эрчим хүчний салбар яагаад ийм хурдтай өсөв? гэвэл

Нэгдүгээрт, үйлдвэрлэлийн хэмжээ өссөнөөр үнэ буурсан.

Хоёрдугаарт, технологийн үр ашиг сайжирсан.

Гуравдугаарт, дэлхийн улс орнууд татварын хөнгөлөлт, дэмжлэг үзүүлж эхэлсэн.

Өнөөдөр Хятад, АНУ, Энэтхэг, Герман зэрэг орнууд асар том нарны станцууд байгуулж байна. Зарим улсын хувьд нарны эрчим хүч нүүрснээс ч хямд болсон нь эрчим хүчний салбарын түүхэн өөрчлөлт гэж үздэг.

Салхины эрчим хүч

Хүн төрөлхтөн салхийг олон мянган жилийн өмнөөс янз бүрийн зорилгоор ашиглаж ирсэн. Харин орчин үед салхийг цахилгаан үйлдвэрлэлийн томоохон эх үүсвэр болгож чаджээ. Өнөөгийн салхин турбинууд хэдэн арван давхар байшинтай тэнцэх өндөртэй. Нэг турбин хэдэн мянган айлыг цахилгаанаар хангах чадалтай болсон байна.

Ялангуяа Европын орнууд салхины эрчим хүчээр дэлхийд тэргүүлж байна. Данид зарим өдрүүдэд нийт цахилгааны хэрэглээнийх нь бараг бүх хувийг салхины эрчим хүч хангаж байгаа нь технологийн дэвшлийн бодит жишээ юм.

Гэвч салхины эрчим хүч төгс шийдэл биш. Салхи тогтмол үлээдэггүй учраас үйлдвэрлэл хэлбэлздэг. Иймээс батарей хуримтлуур, ухаалаг цахилгаан сүлжээ зэрэг шинэ технологиуд зайлшгүй шаардлагатай болж байна.

 

ХОЁР. Уур амьсгалын өөрчлөлт ба эрчим хүчний хямрал

Дэлхийн дулаарал өнөөдөр зөвхөн эрдэмтдийн судалгааны сэдэв төдий асуудал  биш болжээ. Үер, ган, ойн түймэр, цөлжилт, мөсөн голын хайлалт зэрэг үзэгдэл олон улсад эдийн засгийн томоохон эрсдэл учруулж байна.Эрдэмтдийн тооцоолж буйгаар аж үйлдвэрийн хувьсгалаас хойш дэлхийн дундаж температур 1 хэмээс илүү нэмэгджээ. Үүний гол шалтгаан нь нүүрс, нефть, хий зэрэг чулуужсан түлшний хэрэглээ. Нүүрс шатаах үед асар их хэмжээний нүүрстөрөгчийн давхар исэл ялгардаг. Энэ хий агаар мандалд хуримтлагдан “хүлэмжийн эффект” үүсгэж, дэлхийн температурыг өсгөдөг. Тиймээс олон улсын байгууллагууд нүүрсний хэрэглээг бууруулах,  сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх, цахилгаан автомашин хөгжүүлэх, нүүрстөрөгчийн ялгарлыг хязгаарлах бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, сэргээгдэх эрчим хүч бол зөвхөн эдийн засгийн асуудал биш, харин дэлхийн уур амьсгалыг хамгаалах гол гарц болж байна.

ГУРАВ. Эрчим хүчний шинэ өрсөлдөөн

Өмнө нь улс орнууд газрын тосны орд, нүүрсний уурхайгаар өрсөлддөг байсан бол өнөөдөр батарей, нарны хавтан, хиймэл оюун ухаанд суурилсан цахилгааны сүлжээгээр өрсөлдөж байна.

Хятад улс сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч болсон. Дэлхийн нарны хавтангийн дийлэнхийг Хятад үйлдвэрлэж байгаа нь зах зээлийн үнийг эрс бууруулахад нөлөөлжээ. АНУ “ногоон эдийн засаг”-т их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байна. Европын холбоо 2050 он гэхэд нүүрстөрөгчийн холимог эдийн засагтай болох зорилт тавьсан. Энэ бүхэн нэг зүйлийг харуулж байна. Ирээдүйн эдийн засгийн ноёрхол эрчим хүчний шинэ технологийг хэн эзэмшихээс шалтгаална.

ДӨРӨВ. Монгол Улсын нээгдэж буй түүхэн боломж

Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй орны тоонд ордог. Ялангуяа говийн бүсийн нарны цацраг, тал хээрийн салхины нөөц нь дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц гэж судлаачид үздэг. Монголд жилд 300 гаруй нартай өдөр байдаг нь нарны эрчим хүч хөгжүүлэх маш том давуу тал юм. Мөн салхины хурд өндөртэй бүсүүд олон бий. Сүүлийн жилүүдэд Салхит , Цэций  зэрэг хэд хэдэн цахилгаан станц ашиглалтад орсон нь энэ салбар хөгжиж эхэлсний илрэл юм. Гэвч Монголын эрчим хүчний салбар өнөөдөр нүүрснээс өндөр хамааралтай хэвээр байна. Улаанбаатарын агаарын бохирдол ч үүнтэй шууд холбоотой. Тиймээс сэргээгдэх эрчим хүч Монголын хувьд зөвхөн эдийн засгийн төдийгүй эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдлын шийдэл ч болж мэдэх юм.

ТАВ. Ногоон эдийн засаг ба шинэ ажлын байр

Сэргээгдэх эрчим хүчний салбар зөвхөн цахилгаан үйлдвэрлэдэггүй. Энэ салбар  инженер, техникч, программист, судлаач,  барилгын мэргэжилтэн зэрэг олон төрлийн ажлын байр бий болгодог. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын тооцоогоор ногоон эдийн засаг ирэх арван жилд дэлхий даяар хэдэн арван сая шинэ ажлын байр бий болгох төлөвтэй байна.

Мөн сэргээгдэх эрчим хүч нь урт хугацаанд тогтвортой үнэ бүхий эрчим хүч нийлүүлэх боломжтой. Учир нь нар, салхи “түлш” шаарддаггүй. Энэ нь эрчим хүчний импортод их мөнгө зарцуулдаг орнуудын хувьд стратегийн ач холбогдолтой юм.

ЗУРГАА. Технологийн дараагийн хувьсгал

Сэргээгдэх эрчим хүчний ирээдүй зөвхөн нар, салхинаар хязгаарлагдахгүй. Өнөөдөр дэлхий  батарей хуримтлуур, ногоон устөрөгч,  ухаалаг цахилгаан сүлжээ,  хиймэл оюун ухаанд суурилсан удирдлагын систем зэрэг шинэ технологиудыг хөгжүүлж байна.

Ялангуяа “ногоон устөрөгч”-ийг ирээдүйн түлш гэж нэрлэх болсон. Илүүдэл  цахилгаанаар ус задлан гаргаж авдаг энэ түлш нь үйлдвэр, тээвэр, нисэх онгоц зэрэг салбарт ашиглагдах боломжтой.

ДОЛОО. Сэргээгдэх эрчим хүчний сул тал

Мэдээж сэргээгдэх эрчим хүч төгс шийдэл биш. Сул тал бий. Хамгийн том асуудал нь үйлдвэрлэлийн тогтворгүй байдал. Нар шөнө тусдаггүй, салхи үргэлж үлээдэггүй. Мөн батарей үйлдвэрлэхэд лити, никель, кобальт зэрэг ашигт малтмал шаардлагатай байдаг нь байгаль орчны шинэ асуудал үүсгэж байна. Түүнчлэн сэргээгдэх эрчим хүчийг өргөн ашиглахын тулд шинэ дэд бүтэц, өндөр хүчин чадлын цахилгаан шугам, ухаалаг сүлжээ шаардлагатай. Гэсэн ч дэлхийн ихэнх улс орон энэ шилжилт зайлшгүй гэдэг дээр санал нэгдэж байна.

Ирээдүйн эрчим хүчний төлөөх өрсөлдөөн

Хүн төрөлхтөн түүхийн шинэ эргэлтийн өмнө иржээ. XX зууны эдийн засгийг нефть тодорхойлсон бол XXI зууныг сэргээгдэх эрчим хүч тодорхойлох төлөвтэй байна.Өнөөдөр дэлхий нийт нүүрсний утаанаас цэвэр технологи руу, хязгаарлагдмал нөөцөөс нөхөн сэргээгдэх эх үүсвэр рүү шилжиж байна. Энэ шилжилтэд түрүүлж орсон улс орнууд ирээдүйн эдийн засгийг удирдана, хожно. Харин хоцорсон орнууд эрчим хүч, технологийн хараат байдалд үлдэх эрсдэлтэй. Монгол Улсын хувьд энэ бол түүхэн боломж. Говийн нар, талын салхи зөв бодлого, хөрөнгө оруулалт, технологитой хосолж чадвал Монгол Улсыг Азийн ногоон эрчим хүчний төв болгох бүрэн боломж бий. Сэргээгдэх эрчим хүч бол  ирээдүйн чиг хандлага гэж бид ярьж, бичиж, ойлгож ирсэн. Гэвч тэр ирээдүй аль хэдийн эхэлчихжээ.

М.Амирлан

#Эдийн засаг
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.