Т.Энхтүвшин: Ёс зүй, хариуцлагын тогтолцоо нь парламентын институцийн дархлаа юм
Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгч хууль санаачлах, УИХ-д өргөн барих эрхтэй. Энэ хүрээнд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах эрх зүйн зохицуулалтыг боловсруулах, санал гаргах нь хуульд харшлахгүй. Энэ хуулийн онцлог нь УИХ-ын гишүүд өөрсдөө өөрийгөө эгүүлэн татах эрх зүйн зохицуулалтыг санаачлах нь практик утгаараа боломжгүй тул Ерөнхийлөгчийн институцээс санаачлан оруулж ирсэн хэрэг. Харин хуулийн төслийг хэлэлцэх, өөрчлөх, сайжруулах, батлах бүрэн эрх нь УИХ-д хадгалагдана. Парламент ажлын хэсэг байгуулж, төслийг хэлэлцүүлгийн явцад өөрчлөн найруулах, боловсронгуй болгох эрхтэй. Тиймээс үүнийг нэг институцийн эрх мэдлийг давсан асуудал биш. Хууль тогтоох, санаачлах, батлах эрх мэдлийн хуваарилалтын хүрээнд хэрэгжиж буй процесс гэж харах хэрэгтэй.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх Т.ЭНХТҮВШИН-тэй ярилцлаа.
-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сүүлийн үед орон нутгаар явж иргэд, сонгогчидтой уулзалт хийж байгаа. Уулзалтын зорилго, онцлох үйл явдлаас товч мэдээлэл өгнө үү?
-Монгол Улсын Ерөнхийлөгч сонгуулиар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртэй, түүнийгээ хэрэгжүүлэх бүрэн эрхтэй Төрийн тэргүүн. Тиймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2026 он гарснаас хойш хийж хэрэгжүүлсэн ажлынхаа тайланг тавьж, санаачлан хэрэгжүүлж буй “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Эрүүл Монгол хүн”, “Хар хорум” хот зэрэг төсөл, хөтөлбөрөө ард иргэд, сонгогчдод танилцуулж, санал бодлыг нь сонсож, орон нутгийн төрийн захиргааны байгууллагуудын ажил төрөлтэй танилцаж, хувийн хэвшлийнхэнтэй уулзалт хийж байгаа. Одоогоор долоон аймаг, нийслэлийн есөн дүүргийн иргэд, хөдөлмөрчид, төрийн ба хувийн хэвшлийн 26 мянган иргэнтэй уулзсан. Энэ ондоо багтаад үлдсэн 14 аймагт ажиллахаар төлөвлөөд байна.
-Энэ хавар Ерөнхийлөгчөөс парламентад өргөн барьсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл хүмүүсийн анхааралд нэлээн орж ирлээ. Орон нутгаар явахад энэ хуулийн талаар хүмүүс ямар байр суурь илэрхийлж байх юм?
-Ерөнхийлөгчийн иргэдтэй хийж буй уулзалт, өргөдөл гомдлын урсгалаас харахад төрийн бүх шатанд хариуцлага алдагдсан. Хариуцлагын тогтолцоог сайжруулахтай холбоотой мэдээллүүд ихэнх хувийг эзэлдэг. Тодорхой хэлбэл, иргэд болон аж ахуйн нэгжүүдээс ирж буй өргөдөл, гомдлын ихэнх хэсэг нь төрийн албаны хариуцлага, дээд шатны албан тушаалтнуудын ёс зүй, шийдвэр гаргалттай холбоотой байдаг. Ерөнхийдөө ирж буй санал, хүсэлтийн 60–70 хувь нь хариуцлагын тогтолцоо алдагдсан байгаа явдалд анхаарал хандуул гэсэн санаа багтсан байдаг. Одоогийн байдлаар төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, эмч, багш, хууль сахиулах байгууллагын ёс зүйн дүрэм зэрэг зохицуулалтууд мөрдөгдөж байгаа ч УИХ-ын гишүүдийн хариуцлагын асуудал хангалтгүй байгааг бид бүгд мэдэж байгаа. Иргэдээс ирж буй санал, хүсэлтүүд дотор УИХ-ын гишүүдийн хариуцлага, ёс зүй, ажлын гүйцэтгэлийг сайжруулах шаардлагатай саналууд ч олон ирдэг. Сонгогчдын итгэлийг авч УИХ-д орж ирсэн хэр нь амлалтаа хэрэгжүүлдэггүй, хууль бус үйл ажиллагаанд холбогдох зэрэг асуудал гарч байна. Үүнд хариуцлага тооцож болдоггүй юм уу гэсэн байр сууриуд ч байдаг юм.
Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч нөхцөл байдлыг тунгааж, хариуцлагыг дээрээс эхлүүлэх зарчмыг барьж, УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн барьсан. Хуулийн төсөл одоогоор парламентын түвшинд хэлэлцэгдэх шатандаа явж байна. Төрийн хууль тогтоох дээд байгууллагад сууж байгаа, сонгогчдын итгэлийг хүлээж парламентад орж ирсэн гишүүдийн үг, үйлдэл иргэдийн амьдралд ямар нэгэн байдлаар нөлөөлдөг учраас УИХ-д хариуцлага, ёс зүйн асуудал өндөр түвшинд яригдах ёстой юм. Яагаад гэвэл УИХ-ын үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй, шууд дамжуулагддаг, дундаас нь таслан дамжуулах тоон давтамж ихтэй. Эерэг, сөрөг үр дагавар маш их дагуулдаг. Тийм учраас УИХ-ын гишүүдийн ёс зүйг сайжруулж, хариуцлагын тогтолцоо бий болгож, ард иргэдийн дунд төрийн байгууллагад итгэх итгэлийг нэмж, шийдвэр гаргалтын чанарыг сайжруулах, ёс зүй, хариуцлагын стандарт тогтоох ёстой гэж үзсэн учраас Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барьсан.
-УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл нь Үндсэн хууль болон Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд нийцсэн үйл ажиллагаа мөн үү, биш үү гэдэг маргаан бас өрнөсөн. Энэ талаар та байр сууриа илэрхийлэхгүй юү?
-Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгч хууль санаачлах, УИХ-д өргөн барих эрхтэй. Энэ хүрээнд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах эрх зүйн зохицуулалтыг боловсруулах, санал гаргах нь хуульд харшлахгүй. Энэ хуулийн онцлог нь УИХ-ын гишүүд өөрсдөө өөрийгөө эгүүлэн татах эрх зүйн зохицуулалтыг санаачлах нь практик утгаараа боломжгүй тул Ерөнхийлөгчийн институцээс санаачлан оруулж ирсэн хэрэг. Харин хуулийн төслийг хэлэлцэх, өөрчлөх, сайжруулах, батлах бүрэн эрх нь УИХ-д хадгалагдана. Парламент ажлын хэсэг байгуулж, төслийг хэлэлцүүлгийн явцад өөрчлөн найруулах, боловсронгуй болгох эрхтэй. Тиймээс үүнийг нэг институцийн эрх мэдлийг давсан асуудал биш. Хууль тогтоох, санаачлах, батлах эрх мэдлийн хуваарилалтын хүрээнд хэрэгжиж буй процесс гэж харах хэрэгтэй.
Хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг УИХ-ын нэгдсэн чуулганаар дэмжсэн байгаа. Цаашид хэлэлцүүлгийн шатанд үргэлжилнэ. Нэг зүйлийг нэмж хэлэхэд, УИХ-ын гишүүдийн хэлж байгаа үг, байр суурь нь олон нийтэд шууд хүрдэг тул өндөр ёс зүйтэй байх шаардлагатай. УИХ-ын гишүүний үйл ажиллагаа, зан харилцаа, илэрхийлэл нь төрийн институцийн нэр хүндэд шууд нөлөөлдөг. Тиймээс ёс зүй, хариуцлагын тогтолцоо нь парламентын институцийн үндсэн дархлаа юм гэдгийг нийгэм ч мэддэг, ойлгодог, шаарддаг болчихсон байна.
-Ерөнхийлөгчийн санаачилсан нэлээн олон төсөл хөтөлбөрүүд бий. Тухайлбал, цар тахлын жилтэй зэрэгцэн зарлагдсан “Хүнсний хувьсгал” байна. Энэ төслийн хэрэгжилт, үр дүн ямар хэмжээнд явж байна?
-Цар тахал, геополитикийн нөхцөл байдал гэх мэтээс шалтгаалан дэлхий нийтээр нийлүүлэлтийн сүлжээ тасалдаж, улс орнууд хүнсний хангамжийн асуудалд онцгой анхаардаг цаг ирсэн байгаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 онд хүнсний хомсдол, импортын эрсдэлээс хамгаалсан, үндэсний үйлдвэрлэлд түшиглэсэн тогтолцоо бий болгох зорилгоор стратегийн ач холбогдолтой “Хүнсний хувьсгал” үндэсний хэмжээний хөдөлгөөнийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн. Анх Монгол Улсын Ерөнхийлөгч улс орноо импортын хамаарлаас гаргаж, эх орондоо үйлдвэрлэсэн эрүүл, аюулгүй хүнсээр иргэдээ хангахад чиглэсэн бодлого боловсруулж, энэхүү далайцтай аяныг эхлүүлж байв. Нөгөө талдаа энэ бол газар тариалан, мал аж ахуй, хүнсний боловсруулах үйлдвэрлэл болон агуулах, зоорь, хүлэмжийн хүчин чадлыг нэмж, жижиг, дунд үйлдвэрлэгчдийг бодлогоор дэмжин, орон нутагт ажлын байр бий болгох, иргэдээ эрүүл, аюулгүй хүнсээр хангах зэрэг олон асуудлыг давхар шийдэх зорилттой эхэлсэн хөтөлбөр.
Үүнээс гадна Монгол Улсыг тойрсон 1.6 тэрбум хүн амьдарч буй Хятад, ОХУ-ын зах зээлд хүнсний бүтээгдэхүүн экспортлох боломж, бололцоог нээх алсыг харсан төлөвлөлт юм. Хөтөлбөр хэрэгжсэнээс хойш 2025 оныг дуустал гурван жилийн хугацаанд Монгол Улсад 53 хүнсний үйлдвэр шинээр үүд хаалгаа нээж, маш олон үйлдвэрүүд үйл ажиллагааны чиглэлээ өргөтгөж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, олон арван ажлын байр бий болгожээ. Тиймээс “Хүнсний хувьсгал”-ыг яах аргагүй Монгол Улс хүнсний бүтээгдэхүүнээр дотоод зах зээлээ хангах, ямар нэгэн эрсдэл гаргах, онц байдал зарлахад өөрийн гэсэн хүнстэй байх, боломж, бололцоог бүрдүүлсэн хөтөлбөр гэж үзэж болно.
-“Хүнсний хувьсгал” хөтөлбөрийн хүрээнд 2023 оноос хойш 53 үйлдвэр шинээр ашиглалтад орсон гэсэн. Хүнсний нөөцийн хувьд ямархуу хэмжээнд нэмэгдсэн бол?
-Уг хөтөлбөрийн хүрээнд нийт 53 хүнсний үйлдвэрлэлийн шинэ үйлдвэр ашиглалтад орж, 1000 гаруй үйлдвэр үйл ажиллагаагаа өргөтгөж, үйлдвэрлэлийн хүчин чадал, бүтээгдэхүүний нэр төрөл, чанарыг нэмэгдүүлсэн байна. Мөн энэ хугацаанд 2000–3000 орчим шинэ ажлын байр бий болсон байгаа. Үүнээс гадна 1000 гаруй шинэ нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн дотоодын зах зээлд үйлдвэрлэгдэж эхэлсэн нь импортын хамаарлыг бууруулах чиглэлд бодит ахиц болсон. Тухайлбал, тариалангийн салбарын хувьд улаанбуудайн хэрэгцээг 95–100 хувь, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоос хангадаг боллоо. Хүнсний ногооны тариалалт нэмэгдэж, дотоодын хангалт илүү тогтвортой болж байна. Цаашдаа ч “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд үйлдвэрлэлийн нэр төрлийг нэмэгдүүлж, бүс нутгийн болон экспортын зах зээлд гарах боломжийг өргөжүүлэх зорилт тавьж байна.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд газар тариалан, хүнсний үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэлийн техник, тоног төхөөрөмжийг гаалийн болон импортын татвараас чөлөөлөх бодлого ч хэрэгжсэн. Мөн хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг жижиг дунд үйлдвэрүүдэд Засгийн газраас зургаан хувийн хүүтэй олгох, тодорхой хэсгийг төрөөс дэмжих зохицуулалт хэрэгжиж байна. Энэ бүх бодлогын үндэс бол цар тахлын үед үүссэн гадаад нийлүүлэлтийн доголдол, тээвэр логистикийн хязгаарлалт, үнийн өсөлт зэрэг эрсдэлийн сургамж байсан. Дотоодын үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангахгүй бол цаашдаа улам хүнд шок амсаж болзошгүй гэж үзсэн учраас Монгол Улсын Ерөнхийлөгч энэ хөтөлбөрийг зарлаж, хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлээд зогсохгүй дотоодын эдийн засгийн бүтэц, үйлдвэрлэлийн суурийг өргөжүүлэх урт хугацааны бодлого хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өглөө.
-“Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт ямар яваа бол. Манай иргэд, аж ахуйн нэгжүүд мод тарих ажилд санаачилгаараа маш идэвхтэй оролцож байгаа. Одоогоор улсын хэмжээнд хэдэн мод тарьсан байдаг вэ?
-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы индэр дээр “2030 он гэхэд Монгол Улс нэг тэрбум мод тарьж, ургуулах үндэсний хөдөлгөөн өрнүүлнэ” гэдгээ мэдэгдсэнээс хойш НҮБ-ын индэр дээр хэлсэн Ерөнхийлөгчийн үг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон өргөжсөн. Энэ бол зүгээр нэг мод тарих кампанит ажил биш. Экологийн аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хийж байгаа үндэсний хэмжээний өргөн далайцтай ажил болоод явж байна.
Сүүлийн жилүүдэд өсөн нэмэгдсэн шар шороон шуурга, элсний нүүдэл, ган зуд, агаарын хуурайшилт бол зөвхөн Монгол Улсын тулгамдсан асуудал биш юм. Дэлхий нийтээрээ уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг даван туулахаар зүтгэж буй цаг үед Ерөнхийлөгчийнхөө санаачилсан “Тэрбум мод” хөдөлгөөнийг монголчууд улс орон даяар дэмжин, төр, хувийн хэвшил, иргэд бүгд мод тарихын ач холбогдлыг ойлгож, сайн дурын үндсэн дээр оролцож байгаа нь энэ санаачилгын хамгийн том үр дүн гэж хэлж болно.
“Тэрбум мод” хөдөлгөөн өрнөснөөс хойш аж ахуйн нэгж, байгууллага, иргэд маань өнөөдрийн байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэр дээр 126 сая мод тарьсан байна. Энэ жил 50 сая мод тарина. Мөн 21 аймагт, нийслэл Улаанбаатар хотод гурван том цэцэрлэгт хүрээлэн байгуулагдаж, 21 аймагт ойн зурвасууд бий болсон. Ногоон байгууламж нэмэгдэхийн хэрээр хөрсний чийг хадгалагдаж, салхи шуурганы хүч саарч, агаарын хуурайшилт буурч, илүү тогтвортой, дулаан чийглэг уур амьсгалын таатай орчин бүрдэх нөхцөл бий болно. Тиймээс монголчууд ирээдүйд хэдэн арван жил, хэдэн зуун жилийн турш ч үүнийг урт хугацааны бодлого болгон хөгжүүлэх болов уу гэж харж байна.

-“Шинэ Хархорум” хотын төсөл Ерөнхийлөгчийн санаачилж эхлүүлсэн нэг том ажлын нэг. Энэ ажил ямар шатанд, хэр ахицтай явж байна?
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны арванхоёрдугаар сард Орхон голын сав нутаг буюу Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газарт төр захиргаа, соёл боловсрол, аялал жуулчлалд түшиглэсэн байгаль орчинд ээлтэй, орчин үеийн шийдлийг тусгасан “Шинэ Хархорум” хотыг байгуулах тухай зарлиг гаргасан. Энэ зарлигийн дагуу шинэ хотын ерөнхий төлөвлөлтийг дэлхийн хотуудын чиг хандлага, монгол орны газар нутгийн өвөрмөц байдал, түүх соёлтой уялдуулан боловсруулах ажлууд хийгдэж байна.
Хархорум хотыг сэргээн хөгжүүлэх, шинэ хотын суурь дэд бүтцийг бий болгох ажил төлөвлөгөөний дагуу үе шаттай хэрэгжиж байна. Тухайлбал, 2025 онд 183 га газрыг тусгай хэрэгцээнд авч, Хархорум хотыг сэргээн босгох, шинээр барих ажлууд хэрэгжээд явж байна. Одоогийн байдлаар хотын долоон цэгт ойн зурвас байгуулагдаж, 850 мянган мод тарьсан. Энэ жил нэмж 200 мянган мод тарина. Хашаажуулах, гэрэлтүүлэг, явган хүний зам, автомашины зогсоол хийгдэж, өндөр хүчдэлийн шугам татагдсан. Мөн өндөр хүчдэлийн шугам, автомашины зогсоол зэрэг инженерийн дэд бүтцийн ажлууд хийгдсэн байна. Хотын тохижилтын хүрээнд “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн” байгуулагдаж, явган хүний зам, гэрэлтүүлэг, сүүдрэвч, амралтын бүсүүдийг байгуулагдсан.
Дэлхийн улс орнууд шинээр байгуулж буй хотынхоо хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулахдаа ирээдүйн хөгжлийн чиг хандлага, хот төлөвлөлтийн туршлага, шинэлэг санаа, шийдлийг тусгаж, олон улсын нээлттэй уралдаан зохион байгуулдаг. Бид дэлхийн 14 улс оронд суугаа Монгол Улсын Элчин сайдын яамаар дамжуулан тендерийн баримт бичгийг хүргүүлж, яг одоо энэ ажил хийгдэж, сонгон шалгаруулалтын зар мэдээ түгсэн байгаа. “Шинэ Хархорум” хотын ерөнхий төлөвлөгөө олон улсын энэ жишгийн дагуу боловсруулагдана гэсэн үг. Ойролцоогоор жил хагасын дараа дуусаж, хот байгуулах, сэргээн засварлах, шинээр барилга байгууламж барих асуудал цэгцэрнэ гэж ойлгож болно.
Ерөнхий төлөвлөгөөг боловсруулах хугацааг 1.5–2 жил гэж тооцсон бөгөөд одоогоор 53 га талбайд хэсэгчилсэн төлөвлөлт батлагдаж, хэрэгжилтийн шатанд орсон байна. Мөн Чингис хааны болон бусад хаадын хөшөөний макет гараад явж байна. Нэг үеэ бодвол хот очоод үзвэл нэлээн сайхан болчихсон байгаа. Цаашид хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, түүхэн дурсгалт цогцолборуудын төлөвлөлтийг сайжруулах, аялал жуулчлал болон дэд бүтцийг үе шаттай хөгжүүлэх ажлууд үргэлжилнэ. Ингэснээр хотыг орчин үеийн хот төлөвлөлтийн стандарт, түүх соёлын өвийг хослуулсан, цогц бүтээн байгуулалт бүхий шинэ хот болгон хөгжүүлэх зорилт хэрэгжих юм
-Энэ хот хэзээ хотын дайтай хот болох вэ?
-Хотын ерөнхий төлөвлөгөө боловсруулагдаж байна. Төлөвлөгөө батлагдмагц барилга, байгууламжийн ажлууд үе шаттайгаар хэрэгжинэ. Энэ бол түүхэн суурь, орчин үе хоёрыг хослуулсан цогц шийдэлтэй хот болгох зорилготой төсөл юм. Жишээлбэл, XIII зууны Монголын хотжилтын түүхэн дүр төрх, архитекторын онцлог шингэсэн, нөгөө талаар орчин үеийн болон эко шийдэл ч багтана. Ерөнхий төлөвлөгөөг 2027 оны эцэс гэхэд бүрэн боловсруулж дуусгах зорилттой ажиллаж байгаа.
-Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа төслийн нэг “Цагаан алт” хөтөлбөрийг асуухгүй орхиж болохгүй. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Дотоод зах зээлд малын гаралтай түүхий эд болсон арьс шир, ноос ноолуур үнэгүйдэх эрсдэл нүүрлэсэн учраас Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг өсгөж, хөнгөн үйлдвэрийн салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгох зорилготой “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсэн. Ялангуяа ноолуур, ноос, арьс шир зэрэг түүхий эдийг зөвхөн анхан шатанд экспортлох бус, дотооддоо бүрэн боловсруулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлох бодлого баримталсан энэ хөтөлбөр амжилттай хэрэгжиж, Монгол Улс самнасан ноолуураа гадагш экспортолж, 2025 онд түүхэндээ байгаагүй валютын орлого оллоо.
“Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” зэрэг хөтөлбөрийг төрөөс бодлогоор дэмжин, Засгийн газар үндэсний үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгосон тул үйлдвэрлэгчдийн идэвх илт сэргэсэн. Тиймээс “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” зэрэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хөтөлбөрүүдийг цагаа олсон төсөл болсон гэж дүгнэж болно. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх газар тариалан, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийн салбарыг дэмжих бодлогыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд хөдөө аж ахуй, газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалттай техник, тоног төхөөрөмжийг импортын болон гаалийн татвараас хөнгөлөх, чөлөөлөх асуудлыг УИХ-аар шийдвэрлүүлж чадсан. Энэ бол дотоодын үйлдвэрлэгчид, тариаланчид, жижиг дунд бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэлийн зардлыг бууруулах, орчин үеийн техник технологи нэвтрүүлэх боломжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн алхам болж өгсөн. Түүнчлэн дотоодын үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байр бий болгох, орон нутгийн эдийн засагт хувь нэмэр оруулж байна.
-Энэ жил төрийн хэмжээнд аль уул, усыг тахих вэ?
-Монголчууд бол тэнгэр шүтлэгтэй, байгаль дэлхийгээ эрхэмлэн дээдэлж ирсэн нүүдлийн соёл иргэншилтэй ард түмэн. Уул ус, хайрхан, гол мөрнөө шүтэж, тухайн орон нутгийн хүмүүс олон зуун жилийн турш уламжлалт тахилга, зан үйл хийж ирсэн нь өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн. Тухайлбал, Отгонтэнгэр хайрхан, Бурхан Халдун уул зэрэг газрууд нь үе үеийн турш шүтлэг, тахилгын зан үйлтэй холбоотой, тухайн бүс нутгийн соёлын өвд багтдаг. Энэ уламжлалыг төрийн түвшинд “төрийн тахилгат” хэлбэрээр зохион байгуулж байгаа явдлыг нэг талдаа байгаль хамгаалал, экологийн тэнцвэрийг хадгалах, уламжлалт соёлыг сэргээж байгаа ажил. Нөгөө талдаа байгальд зөв хандах хандлагыг төлөвшүүлэх зорилготой үйл хэрэг гэж ойлгох хэрэгтэй.
Энэ онд Монгол Улсын Ерөнхийлөгч шинээр Хөвсгөл нуурыг тахина. Хөвсгөл нуур бол олон сая литр цэнгэг усны нөөцтэй. Экологийн хувьд маш эмзэг тогтолцоотой. Аялал жуулчлал, орон нутгийн эдийн засгийн чухал хэсэг болсон бүс. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэдэн жилийн өмнөөс Хөвсгөл нуурыг хамгаалах, цэвэрлэх ажлыг өргөн хүрээнд зохион байгуулж, олон жилийн турш нуурын ёроолд байсан техник хэрэгсэл, автомашины сэг, хог хаягдлыг гаргаж, Далай ээжийн экологийн аюулгүй байдлыг хамгаалах том кампанит ажил өрнүүлсэн хүн. Нуурыг цэвэрлэж дууссан учраас зөвхөн Монголын төдийгүй дэлхийн хэмжээний үнэт баялагт тооцдог Далай ээжийг тахих ажлыг хийх юм. Тахилгаар дамжуулан байгаль хамгаалах асуудлыг зөвхөн төрийн байгууллагын ажил биш. Иргэн бүрийн оролцоо, ухамсар дээр тогтдог үндэсний үнэт зүйл гэдгээ иргэд маань эргэн санаж, уул ус, ой мод, гол нуураа хайрлан хамгаалах монголчуудын өв соёл, үндэсний дархлаа сэргэх ач холбогдолтой. Ганц Хөвсгөл нуур ч биш Сүхбаатар аймгийн Ганга нуурыг сэргээн хамгааллаа. Ганга нуур бол нүүдлийн шувуудын амьдрах орчин, экосистемийн чухал хэсэг. Усны түвшин нь эрс багасаж, ширгэх аюулд хүрсэн тул асуудлыг төрийн хэмжээнд анхаарч, экологийн тэнцвэрийг хамгаалах ажлыг зохион байгуулсан.
Д.Отгонжаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №019/24694/ дэх дугаарыг ЭНД-ээс уншина уу.