МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Эдийн Засаг Дэлхийн томоохон авиа компаниуд дампуурл...

Дэлхийн томоохон авиа компаниуд дампуурлаа зарлаж эхэллээ

Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO) болон дэлхийн санхүүгийн шинжээчид өнөөдөр агаарын тээврийн салбарт “Түүхэн дэх хамгийн хүнд сорилт” нүүрлэж буйг зарласан. Учир нь  АНУ,  Ираны хоорондох мөргөлдөөнөөс үүдэлтэй газрын тосны үнийн огцом савлагаа оргил үедээ буюу 150 ам.долларт  хүрсэн нь  агаарын замыг бүрэн сааталд оруулснаар  авиа компаниудыг “өвдөг сөхрүүлж”, салбарын бүтцийг үндсээр нь өөрчилж эхэллээ. Хамгийн сүүлийн мэдээллээр гэхэд л дэлхийн томоохон тээвэрлэгчид үйл ажиллагаагаа зогсоож, зарим нь  дампуурлын ирмэгт ирж үүдээ барьж байгаагаа ар араасаа  албан ёсоор мэдэгдэж байна.

Үнэн
Админ

- Монголын авиакомпаниуд тэсэж үлдэх үү-

Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO) болон дэлхийн санхүүгийн шинжээчид өнөөдөр агаарын тээврийн салбарт “Түүхэн дэх хамгийн хүнд сорилт” нүүрлэж буйг зарласан. Учир нь  АНУ,  Ираны хоорондох мөргөлдөөнөөс үүдэлтэй газрын тосны үнийн огцом савлагаа оргил үедээ буюу 150 ам.долларт  хүрсэн нь  агаарын замыг бүрэн сааталд оруулснаар  авиа компаниудыг “өвдөг сөхрүүлж”, салбарын бүтцийг үндсээр нь өөрчилж эхэллээ. Хамгийн сүүлийн мэдээллээр гэхэд л дэлхийн томоохон тээвэрлэгчид үйл ажиллагаагаа зогсоож, зарим нь  дампуурлын ирмэгт ирж үүдээ барьж байгаагаа ар араасаа  албан ёсоор мэдэгдэж байна. 

Хамгийн эхэнд Ираны үндэсний тээвэрлэгч “Iran Air” дайны ажиллагаа болон дэд бүтцийн сүйрлээс шалтгаалан үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон. Тэгвэл алсын зайд  нислэг үйлддэгээрээ алдартай  Норвегийн “Norse Atlantic Airways” түлшний асар өндөр өртгийг дийлэлгүй дампуурлаа зарласан байна. Энэтхэгийн “SpiceJet” бэлэн мөнгөний хомсдол,  түлшний үнийн өсөлтийн улмаас бүх нислэгээ цуцлав. Унгарын “Wizz Air” компани үйл ажиллагаагаа цаашид явуулахад түлшний үнийн өсөлт дарамт болж буйг мэдэгдэд буй.  АНЭУ-ын “Air Arabia Abu Dhab” мөргөлдөөний бүстэй ойрхон байршилтай, дээр нь зорчигчдын урсгалын 80 хувь нь  буурсан тул татан буугдах шийдвэр гаргасныг  BBC мэдээлэв. 

Энэ дунд Европын тэргүүлэх агаарын тээвэрлэгчид болох “Lufthansa”, “Swiss”, “Austrian Airlines” компаниуд  ч аюулгүй байдлын үүднээс Ойрхи Дорнод руу хийх бүх нислэгээ тодорхойгүй хугацаагаар цуцалсан. Дэлхийн хамгийн том нисэх буудлуудыг эзэмшдэг Ойрхи Дорнодын томоохон тээвэрлэгчид болох “Emirates”, “Qatar Airways”, “Etihad" компаниуд бүс нутгийн агаарын орон зай хаагдсаны улмаас нислэгүүдээ олноор нь цуцалж, зарим чиглэлд үйл ажиллагаа нь бараг бүрэн зогсох эгзэгтэй хэмжээнд хүрчээ.

Онгоцны түлшний үнийн хөөрөгдөл нь АНУ-ын дотоодын тээвэрлэгчдийг ч тойрч гарсангүй. Санхүүгийн хүндрэлтэй байсан “Spirit Airlines” компани энэхүү хямралыг даван туулж чадалгүй үйл ажиллагаагаа зогсооход хүрсэн талаар “Дайнаас үүдэлтэй шатахууны үнийн огцом өсөлт нь манай компанийн хувьд тэсэж үлдэх сүүлчийн боломжийг хааж орхилоо” хэмээн тус компанийн гүйцэтгэх захирал Дейв Дэвис “The Wall Street Journal” сонинд өгсөн ярилцлагадаа онцолжээ. Нөхцөл байдал цаашид хэрхэн эргэх нь Ормузын хоолойн түгжрэл болон дайны гал зогсох эсэхээс шууд хамаарахаар байна.

Дэлхийн томоохон авиа компаниудыг сөхрүүлж буй энэ хямралд Монгол Улс бэлэн үү. Монголчуудын “чөдрийн ганц унаа”, “тэнгэрийн такси” гэгддэг МИАТ-ийн онгоцууд энэ тохиолдолд нислэгээ хэвийн үйлдэж чадах уу. МИАТ  ТӨХК  дээрх сорилтыг давж гарч чадах уу гэдэг асуулт олон нийтээс  тавигдаж байна. Мэдээж онгоцны түлшний үнэ нэмэгдсэн, олон улсын нисэх буудлуудад буухдаа сумлагаагаар түлшээ авдаг байсан нь хомсдолд орж, олдоц нь ховордсон гэхээр тийзийн үнээ нэмэхгүй бол  цаашид хөл дээрээ тогтож үлдэхэд хэцүү.

Иргэд хямд өртгөөр нисэх хүсэлтэй ч ийм байдлаар цааш явбал дамдуурал л хүлээж байна.  Гэвч МИАТ ТӨХК-ийн зүгээс одоогоор албан ёсны байр суурь илэрхийлээгүй байна. МИАТ ТӨХК-ийн захирал Т.Тэлмэн саяхан Bloomderg TV-д өгсөн ярилцлагдаа “Манай салбарын хувьд сүүлийн жилүүдэд 15-20  хувийн  өсөлттэй, зорчигчийн урсгал харьцангуй гайгүй, тогтвортой өсөлтийг үзүүлээд явж байна. Гэсэн хэдий ч Ойрхи Дорнодын дайн байлдаантай бүс нутгаас шалтгаалан түүхий эдийн үнэ өссөн. Манай хувьд олон улсын нислэг дээр гаднын олон улсын нисэх буудлуудаас сумлагаа хийж түлшээ авдаг.

Сумлагаагаар авдаг түлшний үнэ сүүлийн үед 2-2.5 хувиар өссөн. Өмнө нь 750-850 ам.доллароор түлшээ авдаг байсан бол одоо нисэх буудал болгон харилцан адилгүй, дунджаар 1600-1800 ам.долларын үнэтэй түлш авч байна. Авиа компаниудын хувьд гол зардал нь түлшний үнэтэй холбоотой байдаг. Манай зардлын 30 хувийг  түлш бүрдүүлдэг. Энэ зардал одоо 45-50 хувь руу дөхөж байна. Тэгэхээр энэ жилийн хувьд сорилттой нүүр тулахын зэрэгцээ нэлээд хэмжээний алдагдал хүлээх урьдчилсан тооцоог бид гаргаад явж байна” гэжээ.

Засгийн газар энэ долоо хоногийн ээлжит хуралдаанаараа ОХУ-аас агаарын хөлгийн түлш нийлүүлэх гэрээг УИХ-аар яаралтай горимоор  батлуулах шийдвэр гаргасан. Уг нь манай улс  ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиныг 2024 оны есдүгээр сард Монгол Улсад айлчлах үеэр  хоёр ч гэрээ байгуулсан. Эхнийх нь нефтийн бүтээгдэхүүнээр Монгол Улсыг тасралтгүй  хангах, нөгөөх нь агаарын хөлгийн түлш нийлүүлэх  тухай гэрээ. Энэ хоёр гэрээ хоёулаа хүчин төгөлдөр мөрдөгдөж байж хэрэгжих нөхцөлтэй байсныг АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулахдаа хэлсэн.

Хамгийн гол нь  гэрээг УИХ-д өргөн барьж соёрхон батлуулснаар  манай улсыг ОХУ-аас нефтийн бүтээгдэхүүнээр тогтвортой бөгөөд найдвартай хангах эрх зүйн баримт бичиг “бүрэн” болох нь. Нислэг хэвийн үргэлжилж байвал манай улсын сүүлийн жилүүдэд орлого олж буй нэг гол салбар болоод буй аялал жуулчлал өсөхөөр байгаа юм. Энэ тухай МҮХАҮТ-ын дэргэдэх Аялал жуулчлалын зөвлөлийн дарга Б.Барсболд “Дэлхийн аялал жуулчлалын салбар 2026 оны эхний дөрвөн сард нэлээд сорилттой тулгарлаа. Уг нь 2025 онд бид цар тахлын өмнөх үеийн амжилтаа эвдэж, түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн бол 2026 оны эхний улирлаас эхлэн геополитикийн хурцадмал байдал шууд нөлөөлж эхэллээ. Энэхүү нөхцөл байдал дэлхийн нефтийн нийлүүлэлт болон үнийг хөөрөгдөж, улмаар тээвэр, аяллын зардлыг үлэмж  нэмэгдүүлээд байна. Ялангуяа Дубай, Доха зэрэг дэлхийн томоохон транзит төвүүдийн хүчин чадал 40-50 хувиар буурсан нь Европ болон Азийг холбосон аяллын урсгалыг тасалдуулж, холын аялал /long-haul travel/ эрс буурах төлөвтэй байна.

Монгол Улсын хувьд энэ нь нислэгийн тоо цөөрөх, тийзийн үнэ нэмэгдэх зэрэг шууд сөрөг нөлөө үзүүлж байна. Үүнээс шалтгаалж Австрали, АНУ, Европоос ирэх жуулчдын урсгал саарах эрсдэл бодитой бий” гэжээ.

Энэ нөгөө талаас нааштай  боломжуудыг нээж болох юм. Олон улсын жуулчид Ойрхи Дорнод зэрэг тогтворгүй бүс нутгуудаас зайлсхийж байгаа тул Төв Ази болон Монгол шиг аюулгүй, тайван чиглэлийг сонирхох хандлага нэмэгдэж байгаа аж. Статистикаас үзвэл энэ оны эхний таван сарын байдлаар Монголд ирсэн жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 17 хувийн өсөлттэй гарчээ.

Д.Жаргалан 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №019/24694/ дэх дугаарыг ЭНД-ээс уншина уу.  

 

 

#Эдийн засаг
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.