МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Нийгэм Аутизмын  эмчилгээ оношилгоонд ахиц гарч...

Аутизмын  эмчилгээ оношилгоонд ахиц гарч эхэллээ

Алаг үрсийг минь  шаналгасан Аутизм хэмээх уураг тархины аюулт эмгэгшлийн оношилгоо, эмчилгээний асуудлыг  шийдэхэд  ахиц дэвшил  гарч байна. Аутизм гэдэг өвчнийг нийгмийн харилцааны алдагдал гэхээсээ тархины олон хэсгийн хөгжил, ялгарлыг хамарсан эмгэгшил гэсэн ойлголтод дэлхийн  эрдэмтэд хүрээд байна. Аутизм хэт хөдөлгөөнтөх ойгүйтэх, гурван дутмагшлын хам шинж  гэсэн хоёр хам шинжээр илрэх нь давамгай байна.

Үнэн
Админ

Алаг үрсийг минь  шаналгасан Аутизм хэмээх уураг тархины аюулт эмгэгшлийн оношилгоо, эмчилгээний асуудлыг  шийдэхэд  ахиц дэвшил  гарч байна.

Аутизм гэдэг өвчнийг нийгмийн харилцааны алдагдал гэхээсээ тархины олон хэсгийн хөгжил, ялгарлыг хамарсан эмгэгшил гэсэн ойлголтод дэлхийн  эрдэмтэд хүрээд байна. Аутизм хэт хөдөлгөөнтөх ойгүйтэх, гурван дутмагшлын хам шинж  гэсэн хоёр хам шинжээр илрэх нь давамгай байна.

1. Хэт хөдөлгөөнтөх, ойгүйтэх   хам шинж. Энэ хам шинжийн үед хүүхдийн  тархины gyrus frontalis superior.inferior-ын бор гадар  буюу анагаах ухааны бүтээлүүдэд хэлж заншсанаар префронтал кортекс

(PFC), суурийн зангилааны nucleus caudatus, putamen.gyrus cingulum-ын урд хэсгийн бор гадрын жижигрэл илэрч, gyrus frontalis inferior-ын  pars orbitalis-ын бор гадрын  идэвхжил ихсэж бусад хэсгийн идэвхжил суларснаас үүдэлтэй хөдөлгөөний тоо хэмжээ, анхаарал төвлөрөл, төлөвлөлт, шийдвэр гаргалт өөрчлөгдөж бодол сарниах, анхаарал тогтворгүй болдог. Мөн  тус эмгэгшлийн үед допамин, норэпинефрины (тархины анхаарал, урам зоригийн медиатор) систем алдагдаж дээр өгүүлсэн бүтцүүдийн холбоо  муу ажилладаг. Энэ хам шинж тусдаа бие даасан өвчин байдлаар бас  тохиолддог. Ийм эмгэгшилтэй хүүхдийг тодорхойлж хэлбэл, байж суух газраа олж ядсан, эх эцэг, эгч дүүсээ оноож, таньж, нэрлэж чадахгүй, гэр орноо олох чадваргүй, хүн тогтмол  дагаж явахгүй бол  хаашаа ч хамаагүй гүйж алга болж гэрээсээ төөрчих гээд, миний юм, чиний юмаа ялгахгүй  өрөвдөлтэй нэгэн байдаг.

Эмчилгээний чиглэл

1. Стандарт эмчилгээ (Applied Behavior Analysis- ABA  буюу  "Зан үйлийн шинжилгээнд тулгуурласан эмчилгээ/сургалт", хэл засал, эрт оролцоо) нь PFC-ийн үүргийг (гүйцэтгэх чадвар, нийгмийн ур чадвар) шууд бусаар дэмждэг.

2. Давтагдсан транскраниаль соронзон өдөөлт (rTMS) -rTMS (repetitive transcranial magnetic stimulation): Энэ арга нь Префронталь кортекс (DLPFC)-ын  ар хажуу хэсэгт соронзон өдөөлт өгдөг (low-frequency эсвэл high-frequency, ихэвчлэн зүүн/баруун талд ээлжлэн). Энэ нь хүүхэд, өсвөр насныханд давтагдах зан үйл, цочромтгой байдал, нүдний харц, нийгмийг ойлгох чадварыг сайжруулдаг.

3. Аутизмтай хүүхдүүдэд зо­риулсан сэтгэцийн дүрслэлийн эмчилгээ (MITA ) - Mental Imagery Therapy for Autism (MITA) апп. Энэ бол хэл ярианы хоцрогдолтой, аутизмтай хүүхдүүдэд зориулсан өвөрмөц эрт оролцооны таблет/гар утасны тоглоом юм. 2-12 насны 6000 гаруй хүүхдийн судалгаагаар хэлний ойлголт, яриа 1.4-1.7 дахин сайжирсан. Үнэгүй татаж авах боломжтой. MITA нь оюун санааны нэгтгэх чадвар (mental integration) болон хэл яриаг хөгжүүлдэг. Энгийн үгнээс эхлээд тодорхойлогч, үйл үг, төлөөний үг, өгүүлбэрийн бүтэц зэрэг илүү төвөгтэй хэлний хэлбэрүүд рүү аажмаар шилждэг.

4. Анхаарал төвлөрүүлэх, то­дор­хой үйлдлүүдийг дэс да­раалалтай үнэн зөв гүйцэтгэх, спортын хөдөлгөөнт дасгалын (СХД ) эмчилгээ. Өдөр бүр 2-4 цаг багшийн удирдлагаар хийлгэнэ. 3-4 сарын дотор тодорхой үр дүн харагддаг.  Энэ дасгалыг хүү­хэд бүрд тохируулж, тодорхой үе шаттай  тусгай хөтөлбөрөөр хэ­рэг­жүүлдэг. Турк улсын судлаачдын туршлагаар Монгол Улсын М-Сургалт төв ажиллаж зохих амжилтад хүрч байгаа мэдээ байна.

5. Ийм эмгэгшилтэй хүүхэд буруу, дутуу амьсгалтай байснаас цусанд нь хүчилтөрөгчийн хувь даралт бага байдгаас эмчилгээний үр дүн муу байх нь олонтаа ажиглагддаг. Иймээс барокамерын эмчилгээ шаарлагатай байдаг. Амьсгалын замын салст хөөнгөтөж дархлааны эсрэг бие IgA  бага байдаг болохоор ханиад томуунаас сэргийлж, илэрсэн тохиолдолд  цаг алдалгүй эмчилгээ хийлгэж  байх учиртай.

6. Аутизмын үед ходоод гэдэсний замд Bifidobacterium, Prevotella зэрэг ашигтай бактери буурч,Clostridium, Bacteroides, Desulfovibrio зэрэг зарим бактери нэмэгдсэн байдаг. Энэ нь тосны богино гинжтэй  хүчил (SCFA), серотонин, триптофан зэрэг бодисын солилцоог алдагдуулж, тархинд нөлөөлдөг. Гэдэсний ханаар хоолны үлдэгдэл, бактерийн гаралтай элдэв хорт бодис цусанд орж, дархлааны урвал, үрэвсэл үүсгэж болно. Энэ нь тархины үрэвсэл, зан үйлийн өөрчлөлтийг өдөөж магадгүй.  Иймээс эмчийн  хяналтаар ашиггүй бактеруудаас хоол боловсруулах замыг нь цэвэрлэж, пробиотик  (ашигтай бактер) өгч тэнцвэржүүлэх шаардлага үүсдэг.  Хоолны шингэц муугаасаа болоод хүүхэд  KFC хоолонд дурлах нь бий, иймд дээр дурьдсан эмчилгээг хийж, аль болохооор энгийн хоолонд оруулах нь зүйтэй.

2. Гурван дутмагшлын (танин мэдэхүйн дутмагшил-cognitive deficit,  нийгмийн харилцааны дутмагшил-social interaction deficit, хэл ярианы алдагдал гэм согог-Speech and language impairment  mPFC-дх парвалбумин нейронуудын алагдал) хам шинж. Энэ хам шинжийн үед хүний тархины духны хэсгийн бор гадар  (prefrontal cortex -PFC ) сонгомолоор гэмтдэг  энэ нь төлөвлөлт, анхаа­рал хандуулах, шийдвэр гаргах, нийгмийн харилцаа, сэтгэл хөдөл­лөө удирдахад гол үүрэгтэй.  Аутиз­мын үед энэ хэсэгт гарсан өөрчлөлтийг судлахаар  2009 онд Японы эрдэмтэн Nakatani J. болон Takumi T нар  хромосомын инженерчлэлийн аргаар [chromosome engineering] Cre-loxP системыг ашиглан хулганын долдугаар хромосомын 6.3 Мб хэсгийг (Herc2–Mkrn3 гэсэн генүүдийн хооронд) давхардуулах замаар аутизмын 15q11-13 давхардалтай хулганын загварыг -15q11-13 duplication mouse model  бүтээсэн. Энэ нь  хүний 15q11-13 давхардалтай хромосомын өвчинтэй генетикийн хувьд ижил  байдаг бөгөөд аутизмын спектр эмгэгийн судалгаанд хамгийн чухал загваруудын нэг болсон. Хүний 15q11-13 хромосомын эхийн талын   давхардал   ихэвчлэн шинжгүй байдаг бол эцгийн талынх аутизмын шинжүүд  нь тод  илэрдэг.

Аутизмын  эмгэгшилтэй  хүүхдүү­дэд энэ хэсгийн хөгжил ердийн хүүхдүүдээс ялгаатай байдаг.  Судалгаагаар аутизмтай хүүхдүүдэд (ялангуяа 2-16 насны эрэгтэй хүүхдүүдэд) энэ хэсгийн нейроны (мэдрэлийн эс) тоо тархины бусад хэсгийн бор гадрынхаас 67 хувь илүү байдаг нь тогтоогдсон. Түүний хажуугийн хэсэгт  79, дотно хэсэгт 29 хувь илүү нейрон ажиглагдсан. Энэ нь ургийн үед тархины энэ хэсэгт нейрон хэт их үүсдэгтэй холбоотой бөгөөд эрт үеийн тархины хэт өсөлт (brain overgrowth)-ийг үүсгэдэг.  Тухайн хэсэгт  нейронуудын үйл ажиллагааны холболт (functional connectivity) суларсан,  тэнцвэр алдагдсан (excitatory-inhibitory -E/I) , зарим даалгаварт илүү их идэвхжил (BOLD signal) үзүүлдэг ч нас ахих тусам хөгжил удаашралтай байдаг. Мөн нийгмийн дохио (нүүр царай, нүдний харц)-нд хариу үйлдэл өөр байдаг.  2-4 насанд  тархины духны хэсэг томорч, цусны урсгал нь түр зуур буурсан байдаг. Судлаачид энэ загварыг ашиглан  аутизмтай хүүхдийн тархины энэ хэсэгт гардаг олон өөрчөлтийг тогтоосон.

1. Аутизмтай хүүхдүүдийн  macrophage (дархлааны эс)-уудын  синапсын (холбоосын)  уургийг- (synaptic protein -PSD95 ) цэвэрлэх чадвар муу байгааг илрүүлсэн. Энэ нь PFC - ын бүсэд илүү олон синапс үүсгэж, эмгэгшил үүсгэдэг. Тархи судлаачид  синапс цэвэрлэгээг сайжруулах   (микроглиа/макрофаг-ын зорилтот)  эмчилгээний шинэ аргыг боловсруулах  ажилдаа шамдан орцгоож байна. Зарим судлаачид  тархи нугасны гэмтэл бэртлийн  үед гэмтлийн голомт дахь хог хаягдлыг цэвэрлэх замаар  хүний биеийн тал саажилтыг эмчлэхэд ашиглаж байгаа NVG-291 (NervGen Pharma) эмийг  аутизмтай хүүхдийн эмчилгээнд ашиглахаар туршиж эхэлсэн байна.

2. Аутизмыг загвараар  суд­лахад аутизмтай хүүхдийн тархины PFC-ийн  5 дугаар давхаргын нейронуудад 5-HT1A рецепторын урсгал нэмэгддэг нь илэрсэн. 5-HT1A рецептор нь серотонины (5-гидрокситриптамин буюу 5-HT) рецепторын нэг дэд төрөл бөгөөд тархины серотонины системд чухал үүрэгтэй. Хүний 5-HT1A рецептор нь HTR1A генээр кодлогддог, ойролцоогоор 422 амин хүчлээс тогтдог уураг. Гадна талдаа (extracellular) N-терминал хэсэг, дотор талдаа (intracellular) C-терминал хэсэгтэй. Дотор талын гогцоонууд (ялангуяа 3-р гогцоо) G уурагтай холбогдох үүрэгтэй. Идэвхжих үедээ: Adenylyl cyclase-ийг дарангуйлж, эсийн доторх cAMP түвшинг бууруулна. Сэтгэл хөдлөл, сэтгэцийн байдал (mood, anxiety, depression)-ыг зохицуулна. Нейроны сэрэлтийг бууруулж, тайвшруулах нөлөө үзүүлнэ. Серотонины дохиол­лыг зохицуулах эмүүд (жишээ нь рецепторын модулятор) PFC-ийн энэ төрлийн эмгэгшлийг засах боломжтой.

 3. Аутизмтай хүүхдүүдийн  PFC-д уусдаг эпоксид ( эпокси давирхай)   гидролаза- soluble epoxide hydrolase (sEH) ферментийн идэвхжил нэмэгдэж, эпокси тосны хүчлийг- epoxy-fatty acids багасдаг нь илэрсэн. sEH фермент (soluble epoxide hydrolase буюу уусдаг эпоксид гидролаза) нь EPHX2 генийн бүтээгдэхүүн бөгөөд хүн болон бусад хөхтөн амьтанд байдаг хоёр үүрэгтэй фермент юм. Энэ нь димер хэлбэрээр оршин байдаг (хоёр ижил мономер антипаралел байдлаар холбогдсон, нийт ~125 kDa). Нэг мономер нь ойролцоогоор 62–62.5 kDa (555 амин хүчлийн үлдэгдэлтэй). sEH нь голчлон эпокси тосны хүчлийг задалж харгалзах диол буюу хоёр атомт спирт болгон хувиргадаг. Тэрээр арахидоны хүчлээс үүссэн (epoxyeicosatrienoic acids- EETs ) EETs –ээр дамжуулан судсыг өргөсгөх, үрэвслийн эсрэг, өвчин намдаах шинж чанарыг бууруулдаг. Эндээс ургуулан бодохоор аутизмтай хүүхдийн тархины духны хэсгийн бор гадарт асар хүчтэй үрэвсэл явагдаж байгаа  нь илт байна. Японы тархи судлаачид  sEH-ийн хүчтэй дарангуйлагч TPPU-г аутизмын загвар  үүсгэсэн  залуу хулгануудад өгөхөд танин мэдэхүйн дутмагшил[cognitive deficit],  нийгмийн харилцааны дутмагшил[ social interaction deficit]  нь  арилж, mPFC-д парвалбумин нейронуудын хамгаалалт сайжир­сан тухай  мэдээлсэн. TPPU-гэдэг нь 1-Trifluoromethoxyphenyl-3-(1-propionylpiperidin-4-yl)urea  буюу монголчилбол: ( N-[1-(1-оксопропил)-4-пиперидинил]-N'-[4-(трифторметокси)фенил]-urea) гэсэн химийн нэгдэл. Одоогоор  энэ эм эмнэлзүйн өмнөх туршилтандаа явж байна.  Мөдхөн аутизмын эмчилгээнд нэвтэрч олон арван аавын хүүхдүүд энэ бузар эмгэгшлээс ангижрах өдөр ойрхон байна.

А.Аюурзана /Анагаах ухааны доктор, дэд профессор/

Д.Амгаланбаатар /АШУ-ны доктор, профессор/

Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №019/24694/ дэх дугаарыг ЭНД-ээс уншина уу.  

 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.