МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр Ж.Чинбүрэн: Монгол Улс эрхтэн, эд, эс ши...

Ж.Чинбүрэн: Монгол Улс эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тогтолцоогоо шинэ шатанд гаргалаа

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг эцэслэн баталсантай холбогдуулан тус хуулийн санаачлагч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнтэй ярилцлаа.

Үнэн
Админ

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг эцэслэн баталсантай холбогдуулан тус хуулийн санаачлагч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнтэй ярилцлаа. 

-Манай улс хоёр парламент дамжуулан хэлэлцсэн чухал хуулийг эцэслэн баталлаа. Энэ хуулиар ямар боломж, гарц нээгдэж байна вэ?

-Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг Монгол Улс бүтэн  зургаан жил, хоёр парламент дамжин хэлэлцсэний эцэст бодит шийдвэр болголоо. Ингэснээр анагаах ухааны том ололт болоод буй эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тогтолцоог эрх зүйн орчинтой болгож байгаа юм. Эрх зүйн зохицуулалт дутмагаас үүдэлтэйгээр хэн нэгэн хэлмэгдэх эрсдэл байсан бол энэ тогтолцоог шинэ шатанд гаргах суурь хуулиа баталлаа. Тухайлбал, хэн нэгэн эмч ажлаа хийж байгаад, ямар нэг хүнийг эмчилснийхээ төлөө гэмт хэрэгтэн болох эрсдэлийг хааж өгч буйд гол ач холбогдол нь оршиж байгаа юм.

Энэ хууль батлагдсанаар монгол хүмүүс маань аливаа эрхтэн шилжүүлэн суулгуулахын тулд, энэ төрлийн эрүүл мэндийн үйлчилгээ авахын тулд гадаад улс руу  орон байраа зараад, барьцаанд тавиад явдаг цаг хугацаа ард хоцорлоо гэж ойлгож болно. Эрүүл хүн хэн нэгэн хайртай хүнээ аврахын тулд заавал тал эрхтэнээ өгдөг биш, амьгүй донороос шаардлагатай эрхтэнийг нь авах боломжийг бүрдүүлж өгч, тэдгээрийн хэрэглээг нэмэгдүүлэх эрх зүйн орчныг сайжруулж өгч буйгаа маш чухал хууль болж байгаа юм. Жишээлбэл, нэг хүний шөрмөс ажиллахүй, босож явж чадахгүй болчихлоо гэхэд шөрмөс шилжүүлэн суулгахаас авахуулаад олон хүний амьдралын чанарыг сайжруулах боломж бүхий эмчилгээний аргуудыг хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой болж байгаа юм.

Түүнчлэн эсийн тухай ярихад үр хүүхэдтэй болж чаддаггүй гэр бүл, хосуудад  энэ асуудлаа шийдэх боломжийг хууль эрх зүйн хүрээнд нээж өгч байна. Үр шилжүүлэн суулгахад тогтолцоо нь тодорхойгүй явж ирсэн бол энэ хуулийг баталснаар бүх процесс маш тодорхой болж байна. Цаашлаад энэ хуулийн хүрээнд био банктай байх, түүгээрээ дамжуулаад эрдэм шинжилгээ, судалгааны ажилд үүдэл эсүүдийг ашиглах орчныг мөн бүрдүүлж байна. Энэ бол ирээдүйг харсан чухал алхам. Мөнтүүнчлэн цусны хавдартай хүүхдүүдэд чөмөг шилжүүлэн суулгах тухай асуудлыг нэлээд өндөр түвшинд ярьж байна.

Үүнтэй холбоотой технологи Монгол Улсад нэвтрээд эхэлчихсэн. Мэргэжлийн, төрөлжсөн эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгахтай холбоотой үйл ажиллагааг зохицуулдаг тусгай мэргэжлийн төвтэй болж байна. Ингэснээр арай гэж олдож буй амьгүй донор эрхтэнийг яаж шударга, зөв хуваарилах вэ, энэ тухайд яаж хэн нэгэн давуу эрх эдлэхгүй байх, үнэхээр  өвчиндөө шаналж зовж буй хүмүүст яаж зөв дарааллаар нь донор эрхтэнийг өгдөг байх вэ зэрэгт маш нарийвчилсан зохицуулалтуудыг энэ хуульд тусгаж өглөө.  Ерөөсөө эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах нь дан ганц  эмнэлгийн асуудал биш. Энэ бол амьдрах боломж хүлээж буй иргэдийн тухай асуудал юм шүү дээ. Товчхондоо, манай улс ийм хуультай болсноор маргааш хэн нэгний гэр бүлд дахин найдвар асаана.

-Донорын  тухай хуулиас салгалаа гэж ойлгосон. Тэгэхээр цаашид донорын асуудал дээр П.Батчулуун эмчид үүссэн шиг нөхцөл байдал үүсэхээргүй боллоо гэж ойлгож болох уу?

-Нэг дор бүгдийг холиод байсныг хоёр хууль болгож байгаа юм. Цусны донорын тухай хууль удахгүй эцэслэн батлагдана. Цусны донорын тухай хууль бол цус алдсан хүмүүсийн амь насыг авардаг авлагагүй өглөгийн буянтай үйл байдаг. Цусаа өгөхийг дэлхий даяараа уриалдаг шүү дээ.  Харин эд, эс, эрхтэнээ өгөөч гэж уриалж болохгүй. Тиймээс хоёр тусад нь ялгаж, илүү ойлгомжтой болгож байгаа юм. Цусны донорын тухай хуулиар цусны авлагагүй өглөгт уриалдаг, сар бүр олон нийтийн хөдөлгөөн өрнүүлдэг.

Мөн цуснаас олон бүтээгдэхүүн гаргаж авч болдог. Жишээлбэл, цуснаас бүлэгнэлтийн фактыг нь ялгаж цус нь бүлэгнэдэггүй, цус алддаг хүмүүсийг эмчлэх зэрэг боломж нэмэгдэх юм. Монгол Улсад голцуу амьд донороос эрхтэн шилжүүлэн суулгаж байна. 2018 онд миний өөрийн эхлүүлж байсан Хавдар судлалын үндэсний төв дээр элэг шилжүүлэн суулгах хагалгааны тоо 240 давчихсан явж байна. Эдгээр хагалгааны 96 хувь нь амьд донороос, ердөө дөрөв хүрэхгүй хувь нь амьгүй донороос шилжүүлэн суулгасан байна. Гэтэл дэлхий даяар хүлээн зөвшөөрч мөрддөг Станбулын тухагт аль болох амьгүй донороос эрхтэн шилжүүлэхийг чухалчилдаг. Ингэснээр эрүүл хүн хагалгаанд орж эрсдэл хүлээх шаардлагагүй болно.

Харин нэгэнт зуурдын болон ноцтой байдлаар амь нас нь аврагдах боломжгүй болсон амьгүй донороос бид найман хүнийг аврах боломжтой байна. Тэгэхээр амьгүй донороос бид найман хүнийг аврах уу, эсвэл газарт булаад, шатаагаад хаях юм уу гэдэг хүний эрхийн асуудал яригдаж байгаа юм. Амьд донорын хувьд мэдээж гэр бүлийн хүмүүстээ эрхтэнээ өгч амь насыг нь авралгүй яах вэ. Магадгүй зарим тохиолдолд тухайн өвчтөн өөрийн гэр бүлээ дарамтлаад “Би үхэх гээд байна, чи надад эрхтэнээ өг” гээд хүсэхгүй байхад нь тулгаад байвал яах вэ. Үүнийг бид шалгаж чадаж байгаа юу. Үнэхээр чин сэтгэлээсээ донор болж байгаа юу, дарамтад орсон уу гэдгийг ялгаж чадаж байгаа билүү. Эсвэл мөнгөөр худалдаж авч байвал яах вэ. Үүнийг бид хянаж чадаж байгаа юу гэхмэтчилэн хууль эрх зүйн зохицуулалт дутуугаас болоод хүний амь аврахаар эрхтэн шилжүүлэн суулгасан эмч буруудаж болохгүй биз дээ. Бидний мэдэх жишээ бий шүү дээ.

Эд, эс, эрхтэн хянан зохицуулах албанаас талийгаачийн ар гэртэй уулзаж, зөвшөөрөл авсан атлаа л П.Батчулуун эмч ял авсан шүү дээ. Хүний амь аврах гэж явсныхаа төлөө гэмт хэрэгтэн болсон. Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслаа бид хөгжүүлэх ёстой байтал дэлхийд муу жишээ болох шахсан шүү дээ. Энэ явдаас болоод бүтэн хоёр жил амьд донор ганц ч гараагүй. Энэ бүхний ард амь, амьдралаа авруулах гэж,  хүлээлгэд байгаа 1400 гаруй хүн зуурдаар өнгөрөөд байгаа шүү дээ. Гэтэл эмнэлэг энэ төрлийн хагалгааг хийж чаддаг гэхээр харамсалтай. Ямартаа ч энэ бүх ноцтой асуудлуудыг шийдэх боломж бүхий анхдагч хууль батлагдлаа.

П.Батчулуун эмчийн тухайд ажлаа хийж яваад гэмт хэрэгтэн болж болохгүй гэдгийг Монголын ард түмэн дэмжсэний хүчинд Дээд шүүхээс цагаадсан. Харин одоо үйл ажиллагааг процессын хувьд илүү нарийн заасан учраас П.Батчулуун эмч шиг тохиолдол дахиж гарахгүй. Зөвшөөрлийн хуудсыг яаж авах, мэдээлэл өгөхдөө дуу, видео бичлэг хийх, ойлгосон байдлыг баталгаажуулах, ар гэрийн гурваас доошгүй гишүүн зөвшөөрсөн байх зэрэг нарийн  зохицуулалтыг хуульд тусгасан. 

-Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах, донор болох зэрэг асуудалд хүний эрхийн тухай ойлголт чухлаар хөндөгддөг. Энэ тухайд хуульд ямар зохицуулалтыг тусгасан бэ?

-Зохицуулалтгүй байсан учраас зарим төвөгтэй асуудал үүсдэг байсан. Мөн Монгол Улсад эрхтэн, эд, эс шижлүүлэн суулгах процесст хүний эрх хэрхэн хамгаалагдаж байна вэ гэдэг нь хамгийн чухал. Хүний эрхийн асуудалд хэн донор болж байгаа вэ гэдэг нь ч асуудал. Эрхтэн авч байгаа хүн бол үхэл амьдралын зааг дээр байгаа.

Элэг нь ажиллахаа больсон хүн олон байдаг. Бөөр шиг орлуулдаг аппарат элгэнд байдаггүй. Бөөрний дутагдалтай хүмүүс үргэлж диализ хийлгээд явж чадахгүй. Бөөр шилжүүлэн суулгавал  гемодиализийн шаардлага байхгүйгээр сайжрах боломжтой болдог. Энэ бүхэнд хүний эрх хамгаалагдаж байгаа эсэх асуудал хөндөгддөг. Бүр үр шилжүүлэн суулгахад хүртэл хүний эрхийн асуудал яригдаж эхэлж байна. Үүдэл эс шинжлэх ухаанд хүчтэй орж ирж байгаатай холбогдуулан эдгэрэлт удаантай архаг шархнуудыг эдгээх боломжууд ч гарч ирж байна.

Энэ болгоны зохицуулалтыг хийх юм. Үндсэндээ хууль нь эмнэлгээ дагаж явдаг биш хууль эрх зүйн орчин өөрөө шинжлэх ухааныг дэмждэг, түүний цаана хүний эрх зөрчигддөггүй байх, иргэн хүн өвчин тусаад ядууралд нэрвэгдэхгүй байх гэсэн том ойлголтууд энэ хуульд орсон. Миний баярлаж байгаа зүйл бол биеэ даасан мэргэжлийн төв болж эхэллээ. Ингэснээр эрхтэн, эд, эсийг яаж хуваарилах, яаж амьгүй донорыг илрүүлэх, ар гэртэй нь хэрхэн хэлцэл хийх, арай хийж олдсон донорын эрхтэнийг хэнд өгөх, хэн нэгэн эрхтэн дархтаныг урдуур нь оруулах юм уу эсвэл дарааллын дагуу үйлчилдэг, ёс зүйтэй шилэн байж чадах юм уу гэх зэрэг ажлыг хийх үүрэгтэй мэргэжлийн төв байгуулагдлаа. Ингэснээр хүний эрхийг хамгаалах, хэрэгцээтэй хүмүүсийг дарааллын дагуу авдаг байх тогтолцоог бүрдүүлэх чухал үүрэг гүйцэтгэнэ.

-Амьгүй донорын тухайд маш нарийн зохицуулалтыг хуульд тусгасан юм билээ. Тухайн донорын ар гэрийнхэнд олгох тэтгэмжийг ямар байдлаар тусгасан тухайд та мэдээлэл өгнө үү?

-Амьгүй донор илрүүлэх нь маш хэцүү хэлцэл. Таны хайртай хүн автомашины осолд ороод тархи нь ажиллахгүй, эмчилгээгүй болчихлоо гэхэд  нэг хүн хүрч ирээд “Эдгээр эрхтэнийг нь өвдөж шаналсан хүмүүст хандивлах уу” гэж асуувал ямар байх вэ. Хайртай дотнын хүнээ эмчлэгдээсэй гээд хүлээж байгаа хүмүүст донорын санал тавьж уулзана гэдэг үнэхээр хэцүү. Цаашлаад амьгүй донор гараад эрхтэнээ өглөө гэж бодоход талархлаа хэрхэн илэрхийлэх вэ гэдэг нь бас чухал. Тэгэхээр тухайн амьгүй донорын оршуулгын зардлыг бодитой даадаг байя гэж тусгасан. П.Батчулуун эмч дээр гарсан тохиолдол бол тухайн донор ажил хийдэггүй байсан тул нийгмийн даатгал төлдөггүй. Улмаар Нийгмийн халамжийн сангаас мөнгө өгөх боломжгүй болчихсон юм.

Түүнээс болоод “Өгнө гэсэн мөнгөө өгөөгүй шүү дээ” гэж ар гэрийнхнийх нь зүгээс гомдол гаргаад асуудал буруу тийшээ явчихсан. Тэгвэл одоо 10 сая төгрөгийг Эрүүл мэндийг дэмжих сангаас өгдөг болсон. Нөгөө талаар амьд донорууд бол энэ цагийн баатрууд шүү дээ. Чин сэтгэлээсээ хайртай хүнийхээ төлөө эрхтэнээ өгнө гэдэг баатарлаг үйлс. Тэдгээр хүмүүсийг донор болсных нь төлөө эрүүл  мэндийн үйлчилгээнд хамруудаг байх, эмнэлгээр дараалалгүй үйлчлүүлдэг байх зэрэг боломжуудыг гаргаж өгч байна. Мөн амьд ахуй цагтаа “Хэрэв надад гэнэтийн зүйл тохиолдоход би донор болъё” гэж зөвшөөрөх боломжийг хялбар, цахим болгож байна. Буцаагаад цуцлах боломжийг нээлттэй болгосон.

Түүнчлэн хууль батлагдсанаар тээгч эхийн эрх зүйн орчныг зохицуулж өгсөн. Магадгүй мөнгөтэй хүн өөрөө төрөхгүй хүнийг боолчлох замаар хүүхэдтэй болохыг үгүйсгэхгүй. Тэгэхээр заавал эмнэлгийн заалтаар, өөрөө төрөх боломжгүй гэдэг нь нотлогдсон тохиолдолд тээгч эхтэй байхаар заасан.  Дээрээс нь цусны хавдартай өвчтөнүүдийн зохицуулалт байна. 14-өөс дээш настай хүүхдүүд “Би цусаа өгье” гэж хэлэх зөвшөөрөл олгох, 14-өөс доош бол эцэг эхийн зөршөөрөлтэй байх зэргийг тусгасан. Энэ бол цусны шинжилгээ авахтай адил зарчмаар явдаг учраас эрүүл мэндэд ноцтой аюултай биш. Тиймээс 14 наснаас эхлэн хүүхэд өөрөө шийдвэр гаргах боломжтой болж байна. Хүүхдийн тухайд тухайн амьгүй донор хүүхэд байх тохиолдолд тухайн эд, эрхтэнийг зөвхөн хүүхдэд шилжүүлэн суулгадаг байх хуулийн зохицуулалт орж байна.

М.Өнөржаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №019/24694/ дэх дугаарыг ЭНД-ээс уншина уу.  

 

 

#УИХ
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.