Хөгжлийн төслийн амжилтын үндэс нь эдийн засгийн эрх чөлөө
Монгол Улс хөгжлийн тухай ярих бүрдээ төмөр зам, цахилгаан станц, боомт, аж үйлдвэрийн парк, уул уурхай, эрчим хүч зэрэг томоохон төслүүдийг онцолдог. Эдгээр төсөл нь дэд бүтцийн хоцрогдлыг нөхөх, экспортын хүчин чадлыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих чухал ач холбогдолтой. Гэвч хөгжлийн төсөл өөрөө хөгжлийн эцсийн зорилго биш. Тухайн төсөл иргэдийн амьдрал, бизнесийн орчин, ажлын байр, хувийн хэвшлийн өсөлт, орон нутгийн эдийн засагт бодит үр өгөөж өгөх ёстой. Хэрэв төслийн өгөөж цөөн компанид төвлөрч, жижиг дунд бизнес оролцож чадахгүй, иргэдийн орлого нэмэгдэхгүй бол уг төсөл улсын хөгжилд үр дүн хангалтгүй гэж үзнэ.
Монгол Улс хөгжлийн тухай ярих бүрдээ төмөр зам, цахилгаан станц, боомт, аж үйлдвэрийн парк, уул уурхай, эрчим хүч зэрэг томоохон төслүүдийг онцолдог. Эдгээр төсөл нь дэд бүтцийн хоцрогдлыг нөхөх, экспортын хүчин чадлыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих чухал ач холбогдолтой.
Гэвч хөгжлийн төсөл өөрөө хөгжлийн эцсийн зорилго биш. Тухайн төсөл иргэдийн амьдрал, бизнесийн орчин, ажлын байр, хувийн хэвшлийн өсөлт, орон нутгийн эдийн засагт бодит үр өгөөж өгөх ёстой. Хэрэв төслийн өгөөж цөөн компанид төвлөрч, жижиг дунд бизнес оролцож чадахгүй, иргэдийн орлого нэмэгдэхгүй бол уг төсөл улсын хөгжилд үр дүн хангалтгүй гэж үзнэ.
Иймд хөгжлийн бодлогын гол асуулт нь “Ямар том төсөл хэрэгжүүлэх вэ” гэхээс илүү “Тэр төслийн үр өгөөж иргэн, бизнес, орон нутагт хэрхэн хүрэх вэ” байх ёстой. Энэ асуултын гол хариулт нь эдийн засгийн эрх чөлөө юм.

Эдийн засгийн эрх чөлөө гэдэг нь иргэн хөдөлмөрлөх, бизнес эрхлэх, өмч эзэмших, хөрөнгө оруулалт хийж, олсон орлогоо хууль ёсны хүрээнд айдасгүй захиран зарцуулах боломж юм. Энэ нь зөвхөн бизнес эрхлэгчдийн асуудал бус, иргэдийн амьдралаа дээшлүүлэх суурь нөхцөл юм.
Жишээ нь: Нэг иргэн жижиг үйлдвэр байгуулах хүсэлтэй байлаа гэж бодъё. Түүнд санаа, хөдөлмөрлөх хүсэл, бага хэмжээний хуримтлал байж болно. Гэвч үйлдвэрээс эхлүүлэхэд зээл авахад барьцааны шаардлага, хүү өндөр, төрийн байгууллагын зөвшөөрөл, бүртгэл, татвар, тайлангийн шат дамжлага олон байвал бизнес эхлэхээсээ өмнө хүнд сурталд гацна. Ингэснээр шинэ санаа зах зээлд гарахгүй, ажлын байр бий болохгүй, эдийн засгийн боломж алдагдана.
Эдийн засгийн эрх чөлөөнд төр огт оролцохгүй гэсэн үг биш. Харин төр бизнесийг орлох бус, бизнес эрхлэх боломжийг шударга, ойлгомжтой, тогтвортой орчныг бүрдүүлэх ёстой. Хууль дүрэм тодорхой, татварын орчин тогтвортой, өмчийн эрх хамгаалагдсан, шүүх шударга, төрийн дарамт бага байх нь эдийн засгийн эрх чөлөөний үндэс болно.
Хөгжлийн томоохон төслүүд эдийн засгийг хөдөлгөх хүчтэй хөшүүрэг байж чадна. Гэхдээ тэдгээрийн үр өгөөж автоматаар нийт эдийн засагт тархдаггүй. Төмөр зам баригдлаа гэхэд зөвхөн тээврийн компани бус, логистик, агуулах, засвар үйлчилгээ, барилга, худалдаа, орон нутгийн жижиг бизнесүүд хамт хөгжих боломжтой байх ёстой. Цахилгаан станц баригдлаа гэхэд найдвартай эрчим хүч дээр тулгуурласан үйлдвэржилт, үйлчилгээ, шинэ бизнес нэмэгдэх ёстой.
Үүний тулд хөгжлийн төслүүдийн худалдан авалт, гэрээ, туслан гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт ил тод байх мөн жижиг дунд бизнесүүд санхүүжилт авах боломжтой, зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлтэй, өмчийн эрх болон гэрээний хэрэгжилт хамгаалагдсан байх хэрэгтэй. Төрийн шийдвэр тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой байх нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлдэг.
Монголын Улсын эдийн засаг нь уул уурхайн түүхий эдийн үнэ, экспортын орлого, гадаад зах зээлийн хэлбэлзлээс ихээхэн хамааралтай хэвээр байна. Нөгөө талаас хувийн хэвшил, жижиг дунд бизнес, иргэдийн хөдөлмөрлөх, бизнес эрхлэх, хөрөнгө оруулах боломж хангалттай нээгдээгүй байна. Бизнес эрхлэгчид зах зээлийн өрсөлдөөнөөс гадна хүнд суртал, өндөр хүү, ойлгомжгүй журам, тогтворгүй бодлого, татварын дарамтуудтай тэмцэж байна.
Ийм орчинд том төсөл хэрэгжсэн ч иргэдийн амьдралд мэдрэгдэх өөрчлөлт хязгаарлагдмал хэвээр үлдэнэ. Тиймээс хөгжлийн төслийг зөвхөн барилга байгууламж, хөрөнгө оруулалтын дүнгээр бус, эдийн засаг, нийгмийн өгөөж нь хэр өргөн хүрээнд тархаж байгаагаар үнэлэх шаардлагатай.
Дэлхийн туршлага ч үүнийг харуулдаг. Сингапур байгалийн баялаггүй ч бизнес эрхлэхэд хялбар орчин, авлигын эсрэг хатуу бодлогоор дэлхийн санхүү, худалдааны төв болж чадсан. Швейцарь өмчийн эрх, гэрээний хэрэгжилт, шүүхийн хараат бус байдал, тогтвортой бодлогоор хөрөнгө оруулагчдын итгэлийг бий болгосон. Эстони төрийн үйлчилгээг цахимжуулж, хүнд суртал, авлигыг бууруулснаар жижиг эдийн засгаа технологид суурилсан өрсөлдөх чадвартай болгосон.
Эдгээр жишээ нэг зүйлийг нотолж байна. Хөгжил зөвхөн их хөрөнгө, том төслөөр бий болдоггүй. Хөрөнгө зөв ажиллах, бизнесүүд чөлөөтэй оролцох, иргэд хөдөлмөрийн үр шимээ хүртэх, хөрөнгө оруулагч итгэх орчин бүрдсэн үед бий болдог.
Монгол Улс цаашид хөгжлийн төслүүдийн ил тод байдлыг нэмэгдүүлж, бизнесийн орчныг бодитоор хялбаршуулах шаардлагатай. Зөвшөөрөл, бүртгэл, тайлан, татвар, төрийн үйлчилгээний шат дамжлагыг цөөлж, цахим, хурдан, ойлгомжтой болгох. Мөн жижиг дунд бизнесүүдийг хөгжлийн төслийн нийлүүлэлтийн сүлжээнд оролцуулахын тулд зээл, баталгаа, эргэлтийн хөрөнгийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь чухал байна.
Түүнчлэн өмчийн эрх, гэрээний хэрэгжилт, шүүхийн хамгаалалтыг сайжруулж хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, иргэн өөрийн хөрөнгө, өмч, гэрээний эрх ашгаа хамгаалуулж чадна гэсэн итгэлтэй байхгүй бол урт хугацааны хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй.
Мөн төрийн оролцооны хязгаар, үүргийг тодорхой болгох шаардлагатай. Төр нэгэн зэрэг зохицуулагч, өмчлөгч, өрсөлдөгчийн дүрд орвол шударга өрсөлдөөн алдагдана. Төрийн гол үүрэг нь зах зээлийг орлох бус, зах зээл шударга ажиллах нөхцөлийг бүрдүүлэх юм.
Монгол Улсын хөгжлийн гол асуудал нь зөвхөн ямар том төсөл хэрэгжүүлэх тухай биш, харин тэр төслийн үр өгөөжийг иргэн, бизнес, орон нутагт хэрхэн хүргэх асуудал юм. Хэрэв бизнес хийхэд хэцүү, санхүүжилт үнэтэй, зөвшөөрөл их, шүүхэд итгэх итгэл сул, өрсөлдөөн шударга бус хэвээр байвал ямар ч том төсөл эдийн засгийн бүрэн үр өгөөжөө өгөхгүй.
Харин иргэн хөдөлмөрлөж чаддаг, бизнес шударгаар өрсөлддөг, хөрөнгө оруулагчдад итгэдэг, төр ойлгомжтой дүрэм тогтоодог орчин бүрдвэл хөгжлийн төслүүд жинхэнэ эдийн засгийн хөшүүрэг болно.
Монгол Улсад баялаг байна. Хөгжлийн төслүүдийн хэрэгцээ байна. Хөгжих боломж ч байна. Харин энэ боломжийг бодит хөгжил болгох нь эдийн засгийн эрх чөлөөг хэрхэн хангахаас шууд хамаарна.
Эдийн засгийн эрх чөлөө байхгүй бол том төсөл цөөн хүний ашиг болж үлдэнэ. Харин эдийн засгийн эрх чөлөө бодитоор хэрэгжвэл том төсөл иргэдийн орлого, бизнесийн өсөлт, ажлын байр, улсын хөгжил болж хувирна.
Иймд эдийн засгийн эрх чөлөөг хөгжлийн бодлогын төвд тавих нь сонголт биш, Монгол Улсын хөгжлийн зайлшгүй нөхцөл юм.
Т.Найдан /МАН-ын Удирдах зөвлөлийн дэргэдэх Эдийн засаг банк санхүүгийн бодлогын хорооны нарийн бичгийн дарга/
Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №019/24694/ дэх дугаарыг ЭНД-ээс уншина уу.