Хүн болгон өөрийн замтай
Александр Михайлович тамхи асаалаа. Тосгоны гадна өглөөний сэрүүнд гарах сайхан. Зориуд эртлэн босож зам тоссон, өнөөдөр холын замд явах учиртай. Автобусны тасалбар авч, хүрэх газраа зорин тайван явж болох байсан ч замын унаанд гар өргөж суух дуртай юм. Жолоочтой бүхээгт нь хамт суугаад, яарамгүй яриа хөөрөө дэлгэж, тэртээ алсыг чиглэн зурайх харгуй замыг ширтэж явах сайхан. Автобус тийм биш. Арын суудалд чихэлдэж, юун салхи савир үнэрлэх мантай.
Александр Михайлович тамхи асаалаа. Тосгоны гадна өглөөний сэрүүнд гарах сайхан. Зориуд эртлэн босож зам тоссон, өнөөдөр холын замд явах учиртай. Автобусны тасалбар авч, хүрэх газраа зорин тайван явж болох байсан ч замын унаанд гар өргөж суух дуртай юм. Жолоочтой бүхээгт нь хамт суугаад, яарамгүй яриа хөөрөө дэлгэж, тэртээ алсыг чиглэн зурайх харгуй замыг ширтэж явах сайхан. Автобус тийм биш. Арын суудалд чихэлдэж, юун салхи савир үнэрлэх мантай.
Хажууханд нэг тэрэг тоормослож, бүхээгнээс нь буржгар толгойт хархүү цухуйн, цангинасан дуугаар:
- Ах хүү, зам нийлэхгүй биз? – гэж хашхирав.
- Цэвэр Ундарга гацааны хажуугаар өнгөрнө гэвэл замын хань чинь би байна, - гэж хөгжилтэй хариуллаа.
- За, суучих. Уйдаж гүйцлээ. Нүд анилдаад болдоггүй.
- Сайн уу, залуу? Би ч азтай байна. Зам дээр удаан зогссонгүй. Миний алдар Михалыч.
Федька гэх жолооч хархүү шуудхан л хамт дуулъя гэж гуйв.
- Би дуулах их дуртай. Дуулж чадахгүй хүн таарвал авдаг ч үгүй. Аягүйдвэл хажууд хурхираад манийгаа уруу татах байлгүй, - гээд жолооч мушийна.
- Хуурцаг тавиад ханатлаа сонсож явахгүй юу, тэгтлээ хүсээд байвал, - гээд Михалыч инээлээ.
- Үгүй ээ, - гэж Федька толгой сэгсрэв. – Өөрөө дуулах нь чухал. Тэр хуурцаг гээчийг би зөндөө сонссон... Гурван зуун дуу цээжээр мэднэ шүү дээ.
- Нээрээ юу? – гэж замын хань гайхав. – “Рулатэ” гэдэг дуу мэдэх үү?
- Мэдэхгүй ээ. Дуулаад өгөөч.
- Зуун грамм татахгүй, эрүүл саруул дуулж сууна гэхээр тиймхэн л юм, - гэж зорчигч ичингүйрлээ.
- Михалыч, хараач та. Эргэн тойрон хачин сайхан, тэрэг гэж арслан бар, жолооч гэж хүдэр эр!
- Өглөөгүүр юу юугүй дуу гингэнэж суух эвгүй. Уучилж үз.
- Тэгвэл амьдралаа ярь л даа. Эхнэрийнхээ араас яаж гүйсэн гэдэг ч юм уу. Хайрын түүх сонсох ч сайхан даа. Авгайтай биз дээ?
- Байна аа. Авгай маань ч хүн шиг хүн! Утас зүү шиг хоёр доо, бид.
- Хэн нь утас юм бол? – гэж Федька саваагүйтэв.
- Түүндээ гол нь биш ээ, залуу минь. Сайн авгай авбал уйдах, зовохыг мэдэхгүй. Гээд наад чих чинь чөлөөтэй хойно, сонс л доо яах вэ. Зам хол, цаг их. Яаж эхнэр авчирснаа ярьж өгье. Энгийн нэг түүх биш. Эртний явдал юм даа...
***
“Хэрэв чи ганцаардаж гуниглавал...” – гэж гунганасаар Саня гэрийнхээ хонхыг дарлаа. “Рула-тэ, рула-тэ...” – ахин нэг дарав. Хаалганы цаана анир чимээгүй. Халааснаасаа түлхүүр гаргаж, цоожинд шургууллаа.
Александр бүтэн сар эзгүй, цэргийн сургуулилалтад яваад иржээ. Штабын генерал, хамгаалалтын цэргийн ангийн дарга нарын дуртай энэ ажиллагаанд халагдсан цэргүүд ч өргөнөөр оролцдог байв. “Аугаа их, хэнд ч ялагдашгүй эх орон” нуран унасны дараа харин ор тас мартагдсан хэрэг.
Цэргийн сургуулилалт бол амралт сувилал биш, гэхдээ нөгөө талаас бодоход, амьдралын бас нэгэн өөр өнгө мөн. Ажилдаа явах хэрэггүй, цалин бодогдож л байна, цаанаасаа байр хоолтой. Эхнэр чихэн дээр яншихгүй, хүүхэд цаг тутам хажуугаас хоргоохгүй. Гучин хүний бэрзээнтэн майханд тохь тухын талаар ярилтгүй боловч архи тамхи, хөлстэй гутлын нясуун үнэрээр гагнагдсан жинхэнэ эрчүүдийн цуглаан болно. Өдөр нь нөхөд офицерууд бага сага чангалах боловч үдэш оройн цагийг бүрэн мэдэлд нь өгнө. Шар айраг шимж, заримдаа ганц зуу татаад, үүр цайтал онигоо ярьж хөхрөлдөнө. Амралт биш гэх үү? Бүтэн сар цаг агаар тогтуун. Эргэн тойрон ой мод, холгүй гол бий, сувилал биш гэх үү? Саня гэртээ үл ялиг жин нэмчихсэн, ааш зан сайтай эргэж иржээ.
Үүдний өрөөнд үүргэвчээ тасхийтэл тавиад, өрөөндөө ортол... Гайхсандаа нам зогслоо. Өрөө нь хов хоосон. Нүцгэн цонхны бүрсгэр шил гялбамар болж угтав. Юу болох нь энэ вэ?! “Дээрэмджээ! Алж орхижээ!”. Унтлагын өрөөнд ухасхийн орвол хоосон шүүгээ, эвхдэг ор байна. Гал тогоо руу шагайсанд бүтээлэггүй ширээ, ганц мухар сандал үлджээ. Тэгээд л гүйцээ! Үгүй ээ, гүйцээгүй. Ширээн дээр чүдэнзний хайрцгаар даруулж тавьсан хуудас цаас харагдав. Эхнэрийн зурвас байна: “Уучлаарай, ахиад уулзахгүй гэж найдъя. Би өөр хүнд сэтгэлтэй болсон. Сайхан амьдрахаар явлаа. Энд үнэхээр залхаж гүйцжээ. Чиний асуудал дуусах биш. Өдөр бүр хэдэн зоосоор аргацааж суумааргүй байна. Одоо л явахгүй бол хоёр жилийн дараа гэхэд оройтно. Эрчүүдэд аятайхан харагдаж байгаа дээрээ шинэ хуудаснаас амьдралаа эхлэхээр шийдсэн. Бурхны авралаар, намайг гэх хүн олдлоо. Чи битгий санаа зов, битгий биднийг хай. Хэрэг гарвал тэтгэмж авах өргөдлийг би өөрөө гаргамз. Хагацъя!”
Саня нүдэндээ итгэсэнгүй. Цаасыг хумхин базаж, буцаан тэнийлгэж, дүрвэн талийсан эхнэрийнхээ бичсэнийг дахин нэг уншлаа. Александрыг сэтгэлээр унажээ гэж хэлбэл хэтэрхий зөөлдсөн хэрэг болно. Үхэж, доромжлуулж, устжээ гэвэл зохино. Гэр бүлд нь чухам юу тохиолдсоныг бүрэн гүйцэд ойлгохгүй л байв. Буцалж оргилсон халуун хайр тэдний дунд байгаагүй ч, хорвоог донсолгох хэрүүл шуугиан бас тарьж яваагүй. Танилцаж, хоёр биедээ таалагдаж, дараа нь гэрлэсэн, 9 сарын дараа хүүхэд төрүүлсэн. Бусдын л адил. Хүү нь одоо гуравтай.
Саня долоо хоног эвхдэг орон дээр түрүүлгээ харан хөдлөхгүй хэвтжээ. Найз Борька нь байгаагүй бол солиорчих байсан биз. Найз нь Санькаг татаж гулдачсаар ажилд нь хүргэж дөнгөв. Тэгтэл ажлынхан нь Александрын гэрийн сонин хачныг ам хуурайгүй шүүцгээж байлаа. Нөхөргүй хүүхнүүдийн нүд сэргээд, хөдөлгөөн ороод эхэлж. Чөлөөт эрийг дөнгөлөөд авах шалтаг гарлаа шүү дээ. Хажуугаар нь өнгөрөхөд: “Верка ямар тэнэг хүүхэн бэ, Санечка яасан их өрөвдөлтэй вэ” - гэдгээ ойлгуулахаар нүд эргэлдүүлэн шүүрс алдацгаана.
Амьдрал аажмаар буцаж хэвэндээ орлоо. Нөхцөл байдалтай хурдан эвлэрсэндээ Саня ч гайхав. Дахиад: “Рула-тэ, рула-тэ, рула-тэ, рула-ла-ла!” – гэчихсэн дуулж явдаг болжээ. Гоонь эр болсон нь таатай ч юм шиг. Өргөн боломж өмнө нь нээгдсэн бөгөөд сонголт арвиныг яана. Урьд нь, ялангуяа ажил дээрээ, хүүхнүүдийг төдийлөн анзаарч хардаггүй байв. Хүүхэн л бол хүүхэн. Нөхөртэй юу, ганц бие үү, ялгаа байгаагүй. Гэтэл түүнтэй мөр зэрэгцээд хэтэрхий олон янзын, хэдий л бол хэдий насны охид хүүхнүүд алхаж явсан байна шүү, ижий минь! Толгой эргэмээр. Архидан согтуурал, авто замын осол эндэгдэл гэхчилэн олон арван шалтгаанаар эрчүүд эрс дутагдалтай болсон нь бодит байдал дээр овойж товойтол илэрхий болжээ. Саня өөртөө чухам сайхан эр, плэйбойн од мэт санагдаж эхэллээ. Харин Борькад Саняг тойрон улангасах энэ наадаан огт таалагдсангүй. Хоосон гэрт шар айраг задлан суугаад тэрээр хэлсэн нь:
- Чи тэднээр балдуушаа хийх вэ? Эрийн хөлд салхи, эхнэрийн өвөрт жавар гэж хэзээний үгтэй. Алдаагаа давтах гээд л байна уу? Авгай хүүхнүүд чамайг эр хүн гэж дэгээ шидсэн гэх нь үү?
- Үгүй гэж үү?
- Өөрийгөө хараач! Үрчгэр мөөг шиг. Ганц нулимахад нь үхээд өгөх биз, - гэж Борька найзыгаа өрөвдөн зэмлэлээ.
- Аполлон бурхан биш ч гэлээ, үс гэзэг минь ядаж байх газраа байна, - гэж Санька найзынхаа эрт халзарсныг дайруулан хэлээд, – Ухаанаа уучхаагүй, толгой ажиллаж байхад болох биз ээ, - гэжээ.
Үнэндээ л ургац арвинтай намрын тариан түрүү шиг сугсалзсан алтан шаргал өтгөн үстэй эр юм. Арчилж тордоно ч гэж жигтэйхэн. Намхан нуруутай байлаа гээд яах вэ дээ? Өсвөр насандаа метр жаран найм хүрээд л зогсчихсон, өсөөгүй. Гэхдээ тагдгар намхан бас биш. Өсгий өндөрлөөд жийчихвэл бүр дажгүй. Толгой хаялсан сэхүүн хархүү. Хүүхэн эргүүлэхэд зуун хувь тохирох юм шиг өөрт санагдана. Борист бол найзын гэрт бүсгүй хүн ирвэл тохиромжгүй. Эрх чөлөө сэнгэнүүлсэн энэ сайхан эрийг сайн дураар авгайн гарт алдана гэж үү? Тэнэг хүн л тэгэх байх. Ойрын таван жилдээ огт өөр төлөвлөгөөтэй.
- Саня, аан гээч хө. Энд хоёулаа нууц оромж байгуулъя, за юу. Тагнуулчид шиг. Баяр ёслол тэмдэглэх, сэм уулзах, ээлжээр бүсгүйчүүд авчирч болзох зэрэгт хэрэг болно, ойлгов уу? – гэж Борька чихэнд нь шивнэнэ. Гэрт тэр хоёроос гадна хэдэн хээлтэй жоом яваа, өөр амьд амьтангүй атал шивнэхийн хэрэг ч байна уу, мэдэхгүй.
Гэтэл найз нь хориглосоор байвч Александр усны эргүүлэгт хумигдан живэх шиг ухаан мэдрэлээ алдан дурлаж орхижээ. Өдийг хүртэл хэн нэгэнд ингэтлээ сэтгэл алдарч яваагүй хүн чинь амар тайван суух байтугай баахан алмай төрхийг олж, Дашуткагаас өөр хүнийг олж харахгүй болтлоо дүйнгэтэж хоцров. Бүсгүй гэрт нь байвал Борькад ч хаалгаа нээхээ болилоо. Түүндээ атга атгаар, тэвэр дүүрэн, хахаж цацталаа хайртай болжээ. Өмнөх эхнэртээ ингэж сүйд болж байгаагүй. Бүсгүй ч Саняд дурлав гэнэ. Гэрлэх бараалахдаа тулж явтал гэнэтийн саад замд нь тулгарлаа. Дашуткагийн эцэг эх арван наймтай цор ганц үзэсгэлэнт охин нь өөрөөсөө зургаан насаар ахмад, эхнэрээсээ салж сарнисан, хүүхдийн тэтгэмж төлдөг архичинтай гэрлэх санаатай явааг олж мэдээд, газар тэнгэр нийлтэл цамнажээ.
- Үгүй шүү! – гэж эх нь харилцуур утсаар Дашаг хашхичин загнаж, - Хурим болохгүй! Ийм нэмрээ барсан хар юманд өгөх гэж чамайг өсгөж өндийлгөөгүй! Үзээрэй чи! Эх үрийн холбоо тасарна гэж мэд! – гэлээ.
Архичин биш ээ, сайн хүн байгаа юм гэж Дашка эцэг эх хоёроо сэнхрүүлэх гэв. Гэвч тэд үгийг нь сонссонгүйгээр барахгүй үерхэж нөхөрлөхөө одоохон болино гэж ам алдуулж дөнгөжээ. Дашкаг хажуу өрөөндөө суулгадаг авга эгч нь гэртээ энэ залууг дагуулж ирж болохгүй гэж тас хориглов. Хосын сэтгэл гундсангүй, ажил дээрээ уулзана, ажлаа тараад Санькагийн гэрт нууцаар оччихно. Охины эцэг эх хол тосгонд суудаг юм. Хотод гэрэл зургийн дамжаа төгссөн Дашаг авга эгч нь Ахуйн үйлчилгээний газарт зурагчнаар оруулжээ. Тэнд нь Александр, Борис хоёр ажилладаг байв. Саня зурагт засдаг, хотын залуу. Найз нь түрээсийн хэлтэст жолооч юм.
- Дашутка минь, хоёулаа салахгүй шүү, тийм ээ? – гэж Саня үе үе асуухад:
- Эргэлзээд байна уу даа? – гээд Даша аальгүйтэн мөрөө хөдөлгөнө.
Сэтгэлт бүсгүй нь ганц харц шидэхэд Александр амьсгаа даран нам жим болно. Урьд нь ингэж үзээгүй. Энэ бол хайр дурлалын тэс өөр түвшин. Хайртай хүнийхээ төлөө хоромхон ч тээнэгэлзэлгүй саран дээр бууж тэнгэрээс од шүүрээд, булчин шөрмөсөө зангируулсан бялдаржуулах хүчний тамирчин, эсвэл савхин хүрэмтэй мотоциклч болоход бэлэн. “Биеийн тамираар хичээллэж барахгүй байх аа, амлаад хэрэггүй. Унах мотоцикл ч алга. Харин Дашенькад бэлэг өгөөд байж чадна шүү” – гэж хархүү боджээ.
Дашагийн эцэг эх сэрэмж алдалгүй, сураг ажиг тавьсаар суув. Нэгэн өдөр тэдэнд тагнуулчаас мэдээ ирж, хэрэг бишидлээ, нөгөө хоёр чинь юу юугүй гэрлэх нь байна шүү гэж дуулгалаа. Охиноо нэн яаралтай аврах хэрэгтэй! Тэгээд Дашагийн эцэг Иван Иваныч, эх Раиса Захаровна, хоёр нагац эгчийн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Улаан-Үд хотын Ахуйн үйлчилгээний газрын хаалгаар орж иржээ. Гэрэл зургийн газар юу болж өрнөсөн талаар тодорхой мэдээлэл байхгүй. Ганц л зүйл илэрхий болсон нь: Дашутка олзлогдож, төрсөн гэртээ хүргэгдсэн, харин авга эгчээс нь хамаатан садан бүгд харилцаа тасалсан байна.
Холбоо сүлбээ үгүй боллоо. Гэрийн утсаа салгаж, биеийн байцаалтыг нь нуугаад, Дарьяг гэрээс гарахыг эцэг эх нь чандлан хориглов. Гарч гэмээ нь аль нэг нагац эгч заавал дагаж явна. Саня үхсэнээс өөрцгүй зовлонд унажээ. Эхнэр хүүхэд нь хамаг юмаа хамж аваад өөр хүн рүү зугтахад ч ингэж их шаналаагүй юм. Дурлал хайрын тухайтад тус дэм болох сэтгэл сайтай улс олддог л хойно доо, найз Борька нь Дашкагийн нэг нагац эгчийн хамтаар энэрлийн гараа сунгав. Дайсны хана хэрмийн дотроос сул талыг нь буюу Ольгаг олж авсан Борька тун ч хөөрөн гоголзож, Датушкаг оргуулж босгуулах асар нарийн төлөвлөгөөг хамтдаа боловсруулжээ. Гэтэл биеийн байцаалтаас гадна хувцас гутлыг нь хүртэл нуучихсан, бүсгүй гэртээ дан халаад, углааштай явж байдаг гэнэ.
Төлөвлөгөө ёсоор Саня буцах хоёр тасалбар авч Дашка руу ниснэ. Тийм ээ! Улаан-Үдээс алслагдмал суурингууд руу жижиг онгоц нисдэг байсан цаг. Итгэхэд бэрх л дээ, гэхдээ зөвлөлт засгийн үед тийм байсан. Даша дэлгүүр орох гэж Ольгатай гараад, нисэх буудал руу зугтана. Тэнд манай хоёр уулзаж, онгоцондоо яаралтай сууна, онгоц нь түлшээ аваад хуваарийн дагуу нэг цагийн дараа хөөрөх ёстой. Эцэг эх нь охиноо хулгайлагдсаныг ойлгож ч амжаагүй байх хооронд гэрлэлтээ бүртгүүлчихнэ. Даанч биеийн байцаалтыг олох бэрх асуудал ургав. Иргэний бүртгэлийн хэлтсийн дарга эмэгтэйг Борис сайн таних тул аятайхан аргалж тохиролцохоор боллоо. Түрээсийн хэлтсээс уг эмэгтэйн ажил дээр хэдэнтээ нарийн хивс, болор хундага, торон гивлүүр сэлт хүргэж өгсөн удаатай. Биеийн байцаалт хайх ажлыг Ольгад даатгав. Нагац хичээгээд л байвч одоохондоо үр дүнгүй. Бичиг баримтгүй бол аз турших аюултай. Эцэг эх нь охиноо нэхэж ирээд, сүйт хархүүг салам нүдчихээд явбал яана?
Удаан хүлээсэн утасны хонх ашгүй хангиналаа.
- Биеийн байцаалтыг олж нууцаар авсан. Саня нисэж болно!
Харин хот руу яаж бичиг баримт явуулах вэ? Тасалбар авахад хэрэг болно. Гэтэл ойрын хугацаанд нисэх тасалбар дууссан байжээ. Өөрийн унаатай бол явах сан. Тэр үед онгоц нисдэг байсан ч, хувийн тэрэгтэй хүн нүдний гэм.
- Манай дарга хүүхнийг чи мэднэ шүү дээ. Араатан л гэсэн үг. Машинаа өгөхгүй ээ. Ольга өөрөө Дашкаг хулгайлаад нааш авчраг, эсвэл ганцааранг нь автобусанд суулгаад явуулж болно. Хүүхэд биш дээ, хүрээд л ирнэ, - гэж Борька хэллээ.
- Ольга тийм юм хийхгүй. Насан туршдаа ахан дүүсийн холбоо тасрахаас айна. Дашутка ганцаараа оргож чадахгүй, гэрийнхэн нь хуучин сүсэгтнүүд шүү дээ, - гээд Александр толгой сэгсрэв.
Хуучин сүсэгтэй эдгээр хүмүүс гэр бүлийн хатуу хүмүүжил, журамтай. Бүх айл тийм биш ч, хүн бүхний цусанд эцэг эх, бурхны өмнө эмээх ёс бий.
- Тэмээ туйлаад тэнгэрт гарахгүй, ямаа туйлаад янгиа эвдэхгүй, - хэмээн Борис шийдэмгий өгүүллээ. – Явах хэрэгтэй. Яргачны сүхэн доор хэвтсэн ч бай дүүрсэн хэрэг, амралтын өдөр тэргээ хулгайлна аа. Мөнгө бэлдээрэй. Хол замд түлш их орно. Хагас сайны үүрээр гараад, бүтэн сайны өглөө гэхэд эргээд ирье. Нэг дэх өдөр гэрлэлтээ бүртгүүл!
Тэгж шийдэцгээв. Үйл явдал түргэн өрнөлөө. Борька нийтийн гараажаас машинаа авч зугтаад, дүүртэл түлш шахаж, сүйт хүүхнийг зорин хоёул сүнгэнүүлжээ.
- Захиалсан юм шиг бүтлээ, тийм ээ? – гэж Борис баярлав.
- Тэр чинь л санаа зовоож байна, - гээд Саня түгшинэ. – Амархан бүтнэ гэдэг чинь сайны ч ёр биш. Өндрөөс унахад өвдөнө шүү.
- Түй түй, муу амтай гэдэг нь, - гэж найз нь зүүн мөрөө давуулж нулимаад, - Битгий муухай юм ярь. Сүйт хүүхний чинь араас явж байна. Баярлах ёстой шүү хө. Нэг л юм ойлгохгүй байна: яах гэж ахиад чи хүзүүндээ буулга углана вэ? Чөлөөтэй явж чадахгүй уйддаг хүн үү? За за, чиний хэрэг, чи л амьдарна. Нууц оромжоо алдаж байгаадаа л харамсаж байна, - гэжээ.
Зорьсон газартаа ирлээ. Тохирсон ёсоор Ольга, Дашутка хоёр гудамжны үзүүрт зогсож байна. Зуун жил уулзаагүй гэлтэй хайртай хос ухасхийн тэврэлдэж үнсэлцэв. Яалтай ч билээ дээ, нуур нугас шиг улсыг чинь. Гэвч дэргэдэх хоёр нь тэдэнд нялуурч зогсох боломж өгсөнгүй, машины бүхээгт нэгдмэл хүчээр чихэн суулгажээ. Борис Ольгаг ямар ч үнээр хамаагүй шөнөжин, өдөржин тэсэж гарахыг хатуухан даалгав. Учир нь, тэдний дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтэс бүтэн сайнд ажиллахгүй, зөвхөн нэг дэх өдөр үүдээ нээнэ. Бусад дүүргийнх болохоор амрахгүй ажиллаж л байдаг. Инээдтэй ч юм даа. Эцэг эх хоёр нь охиноо алга болсныг мэдээд, араас нэхэж таарна. Тэднийх хувийн тэрэгтэй. Борькагийнх маань үйлдвэрийн яйжгар ачааны тэрэг шүү дээ. Ялгаа нь ямар вэ дээ? Гэхдээ Ольга зөөлөн сэтгэлтэй юм даа, хөөрхий. Залуу хосын төлөө амь насаа өргөнө гэж амлажээ. Дашка манайд хононо гэж эцэг эхэд нь хэлнэ. Төлөвлөгөөний дагуу явбал хүүхнийг нь оргуулж аваад явсныг бүтэн сайны орой, за бүр сайн мэхэлж дөнгөвөл нэг дэхийн өглөө мэдэцгээнэ. Энэ зуур дүрвэгсдийн ажил хэрэг бүтэх ёстой юм. Нэгэнт өрх бүл болоод авсан хойно хагацааж салгах гээд үзэг л дээ. Хууль гэдэг сайхан юм бий.
- Тэр үед та өмнөх эхнэрээсээ салсан байв уу? – гэж Александр Михалычийг овжин Федька дурсамжаас нь эгүүлэн авчирлаа.
- Тэгэлгүй яах вэ. Гэр бүл цуцлах, хүүхдийн тэтгэмж тогтоолгох асуудал дорхноо шийдэгдсэн. Хуучин эхнэр нөгөөх эрээ бушуухан атгаж авахыг бодож яарна биз дээ? Тийм болохоор салж сарнихад их хугацаа ороогүй. Тэгээд ч би салсан даруйд Дашкаг олж харсан юм биш. Эхнэртээ хаягдчихаад шаналж удаан явсан. Ингэж байхаар боож үхье гэж бодсон ч үе бий. Минийх шиг зовлонг өөрийн биеэр үзэж байж л ойлгоно доо, дүү хүү.
- Ойлголоо. Цааш нь яриач, сонирхолтой байна.
- За тэгээд, өглөө хотод орж ирлээ. Шууд манайд очив. Дашутка минь эцэг эхийн хүсэл зоригоос зөрж ирэв гээд айсандаа дагжин чичирнэ. Ольга биднийг барьж өгөлгүй, арын албанд бат зогссоны хүчинд хоёр дахь өдрийн орой л араас нэхэж ирцгээлээ. Бид хоёр гэрлэчихсэн сууж байгаа юм. Борис Иргэний бүртгэлийн хэлтсийн дарга авгайг яаж гуйж гувшсаныг хүн харсан бол ч... Хөлд нь хэвтчихсэн залбирч мөргөж байв шүү дээ. Би ч өвдөг сөгдөн гуйж гаралгүй яах билээ? Эцэс сүүлд нь дарга хүүхэн өрөвдөж, гарын үсгээ зурлаа. Одоо Марья Ивановна, Борис хоёр манай садангийн улс болцгоосон. Том хүү Юркаг маань тэд загалмайлж, харин Алёнкагийн загалмайлсан эх нь Ольга болсон юм даа.
- Хадам эцэг эхтэйгээ яаж хэл амаа ололцов?
- Мэргэн үг бий шүү дээ, мянга сонсохоор нэг үз гэж. Эхэн үедээ надтай ярихыг ч хүсээгүй. Гээд хаачих вэ дээ, хууль ёсны хүргэн нь юм чинь. Том хурим хийж, сүй бэлгээр дараад өглөө манайхыг. Хоёр хүүтэй, ганц охинтой айл. Ойр танилцаад надад их сайн болцгоосон.
- Одоо амьдрал ямар байна?
- Муу хэлэх юм байхгүй ээ, сайхан л аж төрж явна. Дашка сайн эзэгтэй болсон. Манай хадмууд надад хир халдаахгүй. Гацааны айлуудын зурагтыг би л засна. Өвс бухалдах, төмс хураах гээд бүх ажил миний нуруун дээр. Хөвгүүд нь эхнэр аваад явцгаасан. Одоо хадмынх руугаа явж байгаа маань энэ. Иван Иванычийн бие чилээрхэж, Раиса Захаровна даралт ихтэй суугаа сурагтай. Долоо хонож, гадуур дотуур ажлыг нь амжуулж өгөөд буцна. Дараа нь Дарья амралтаа аваад очно. Тэгээд хүү маань бас явна гэсэн. Хөгшчүүдээ ингэж л тойлохгүй бол горьгүй. Байшингаа зарахгүй, нүүхгүй гээд байгаа улс даа. Дашутка бид хоёрыг ирж суурьшина гэж хүлээдэг юм. Эдлэн газар томтой, мал ахуй сайтай. Сайхан ч нутаг. Цэвэр Ундарга гэж дэмий ч нэг нэрлээгүй газар.
- Бараг энэтхэг кино юм биш үү... – гэж Федька дуугарав.
Хэсэг зуур бодол болж, чимээгүй явцгаалаа. Могой мэт мушгиралдах замаар зорьсон зүгтээ хурдлан давхина. Ойн зах хүрээд тойроход тэнгэрийн хаяа хүртэл үргэлжилсэн номин ногоон хөндий цэлсхийн гарч ирэв. Алсад атираа татан мурилзах өргөн гол цайвалзаж үзэгдэнэ. Михалыч хэнгэнэтэл санаа алдаад: “Хүн болгон өөрийн замтай, сайхны дэргэд саар бий, сүйт хүүхэн чинь өөр хүнд очвол, хэнд нь чухам аз тохиосныг хэлэхэд бэрх ээ. Эй, рула-тэ!..” – хэмээн хангинуулж гарлаа.
Зохиолч: Татьяна Хамаганова
Д.Оюунгэрэл
Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №019/24694/ дэх дугаарыг ЭНД-ээс уншина уу.