МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Гадаад мэдээ Линдсей Лохан Амжилт, уналт ба эргэн ирэ...

Линдсей Лохан Амжилт, уналт ба эргэн ирэлт

2000-аад оны эхэн үеийн Холливудын хамгийн тод, хамгийн их яригддаг залуу оддын нэг бол Линдсей Лохан байлаа. Тэрбээр хүүхэд наснаасаа кино урлагт хөл тавьж, өсвөр үеийнхний тухай киноны бэлгэ тэмдэг болсон ч амьдралынхаа хамгийн ид үед оддын амьдралд тулгардаг дарамт, хувийн асуудал, хэвлэл мэдээллийн хатуу шүүмжлэлтэй нүүр тулсан юм. Гэвч түүний түүх зөвхөн амжилт, уналтын тухай биш. Харин алдаа гаргасан ч дахин босож чадсан эмэгтэйн тухай түүх юм. Өнөөдөр Линдсей Лохан өмнөхөөсөө илүү тайван, тогтвортой амьдралын хэв маягийг сонгож, гэр бүлтэй болсон нь түүний амьдралын шинэ үе эхэлснийг илтгэж байна.

Үнэн
Админ

2000-аад оны эхэн үеийн Холливудын хамгийн тод, хамгийн их яригддаг залуу оддын нэг бол Линдсей Лохан байлаа. Тэрбээр хүүхэд наснаасаа кино урлагт хөл тавьж, өсвөр үеийнхний тухай киноны бэлгэ тэмдэг болсон ч амьдралынхаа хамгийн ид үед оддын амьдралд тулгардаг дарамт, хувийн асуудал, хэвлэл мэдээллийн хатуу шүүмжлэлтэй нүүр тулсан юм. Гэвч түүний түүх зөвхөн амжилт, уналтын тухай биш. Харин алдаа гаргасан ч дахин босож чадсан эмэгтэйн тухай түүх юм. Өнөөдөр Линдсей Лохан өмнөхөөсөө илүү тайван, тогтвортой амьдралын хэв маягийг сонгож, гэр бүлтэй болсон нь түүний амьдралын шинэ үе эхэлснийг илтгэж байна.

Амжилтын гараа

Линдсей Лохан 1986 оны долдугаар сарын 2-нд АНУ-ын Нью-Йорк хотод төржээ. Бага наснаасаа загвар өмсөгчөөр ажиллаж, телевизийн сурталчилгаанд тоглодог байсан ба ер нь л  камерын өмнө өссөн гэхэд болохоор хүүхэд байв. Түүний анхны том амжилт 1998 онд гарсан “The Parent Trap” кино байлаа. Энэхүү бүтээлд тэрбээр ихэр охидын дүрийг бүтээж, үзэгчид болон кино шүүмжлэгчдийн анхаарлыг татсан юм. Уг киног Монголчууд ч маш сайн мэднэ. Уг кино дэлгэцэнд гарснаар Линдсей Лохан Холливудын ирээдүйтэй хүүхэд- жүжигчдийн нэг болсон байна. Бага насандаа ийм хэмжээний амжилт олсон нь түүнийг бусад хүүхдүүдээс өөр амьдрал руу хөтөлжээ. Түүний өдөр тутмын амьдрал зураг авалт, студи, сонгон шалгаруулалттай холбоотой байсан бөгөөд багаасаа олны танил хүн болж эхэлсэн юм.

Холливудын өсвөр үеийн супер од

2000-аад оны эхээр Линдсей Лоханы карьер эрчимтэй өсөв. “Freaky Friday”, “Confessions of a Teenage Drama Queen” зэрэг кинонууд түүнийг өсвөр үеийн хамгийн алдартай жүжигчдийн нэг болгожээ. Харин 2004 онд гарсан “Mean Girls” кино түүний нэрийг дэлхий даяар алдаршуулсан юм. Ахлах сургуулийн амьдрал, охидын нөхөрлөл, атаархал, нийгмийн дарамтыг егөөтэйгөөр харуулсан энэ кино өнөөдөр ч орчин үеийн кино урлагийн сонгодог бүтээлд тооцогддог. Линдсей Лоханы бүтээсэн Кейди Хероны дүр нь шинэ орчинд дасан зохицох гэж буй өсвөр насны охидын дотоод ертөнцийг илэрхийлж чадсан бөгөөд кино гарснаас хойш олон жилийн дараа ч үзэгчид үзэх дуртай хэвээр байна.

Тухайн үед Линдсей зөвхөн жүжигчин биш, мөн дуучин байсан юм. Түүний гаргасан “Speak” цомог борлуулалтаараа өндөр амжилт үзүүлж, тэрбээр тухайн цагтаа өсвөр үеийн хамгийн нөлөө бүхий оддын нэг болсон юм. Мөн сэтгүүлийн нүүр, телевизийн шоу, улаан хивсний ёслол бүрийн гол дүр болж, Холливудын хамгийн эрэлттэй залуу жүжигчдийн тоонд орж байлаа.

Алдар нэрийн сүүдэр

Амжилтын оргилд хүрэхийн хэрээр Линдсей Лоханы хувийн амьдрал хэвлэл мэдээллийн гол сэдэв болж эхэлсэн. 2000-аад оны шар хэвлэлийн соёл өнөөгийнхөөс хамаагүй хэрцгий байсан гэж судлаачид үздэг. Папарацчид алдартнуудыг өдөр шөнөгүй дагаж, хувийн мөч, алхам бүрийг нь зураг болгон нийтэлдэг байв.

Түүний үдэшлэгт оролцож буй, найз нөхөдтэйгөө маргалдсан зураг, шөнийн клубээс гарч буй агшин хүртэл хэвлэл мэдээллийн сенсаац болдог байсан. Өсвөр наснаасаа алдаршсан залуу жүжигчний хувьд ийм хэмжээний анхаарал сэтгэлзүйн асар их дарамт болсон гэж олон хүн үздэг.Тухайн үеийн хэвлэлүүд түүнийг “асуудалтай од” хэмээн тодорхойлж эхэлсэн нь олон нийтийн хандлагад ч нөлөөлжээ.

Уналтын үе

2007 оноос Линдсей Лоханы амьдрал хүндхэн үетэй золгов. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэрэг, мансууруулах бодистой холбоотой асуудал, шүүхийн шийдвэрүүд түүний карьерт уналтын үеийг авчирсан юм.Тэрбээр хэд хэдэн удаа нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдаж, олон нийтийн ажил хийх шийтгэл авч байлаа. Энэ үед кино студиуд түүнтэй хамтран ажиллахаас болгоомжилж, түүний нэр хүнд эрс унасан юм. Хэвлэл мэдээллийн байгууллагууд түүний алдаа бүрийг онцлон гаргаж байсан нь Лоханы нөхцөл байдлыг улам дордуулсан. Зарим соёл судлаачид энэ үеийг “эмэгтэй алдартнуудыг олон нийтийн өмнө шүүж, гутаадаг хэвлэл мэдээллийн үе” хэмээн тодорхойлдог. Линдсей Лоханы тухай  хэвлэл дээр гарч байсан нийтлэлүүдийн дийлэнх нь түүний уран бүтээлээс илүү хувийн амьдралд төвлөрөх болсон нь карьерынх нь уналтыг улам хурдасгажээ.

Холливудаас холдсон нь

2010-аад онд Линдсей Лохан Холливудаас холдон, тэр бүү хэл АНУ-аас явж, хэсэг хугацаанд Лондон болон Дубай хотод амьдрах болсон. Тэрбээр энэ тухай нэгэн ярилцлагадаа “Олон нийтийн дарамтаас хол байхыг хүссэн” хэмээн дурдсан байдаг. АНУ-д байхад папарацчид алхам тутамд дагаж, хувийн орон зай бараг байдаггүй байсан бол Дубайд хүмүүс алдартнуудын хувийн амьдралыг илүү хүндэтгэдэг гэж тэр дүгнэжээ. Энэ хугацаанд Линдсей амьдралаа дахин шинээр эхлүүлэхийг хичээж, бизнес болон хувийн амьдралдаа илүү төвлөрчээ. Тэрбээр ресторан, загварын салбар болон телевизийн төслүүд дээр ажиллаж байсан ч өмнөх шигээ кино урлагт идэвхтэй оролцоогүй юм.

Гэр бүл

2022 онд Линдсей Лохан санхүүгийн салбарт ажилладаг Бадер Шаммас хэмээх Кувейт гаралтай санхүүч эртэй гэрлэсэн юм. Тэд хэдэн жилийн турш үерхсэний эцэст хуримаа хийсэн бөгөөд Линдсей нөхрөө “Амьдралд минь учирсан хамгийн тайван, найдвартай хүн” хэмээн тодорхойлжээ. Хосууд голдуу Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотод амьдардаг. 2023 онд тэд анхны хүүхдээ өлгийдөн авч, хүүгээ Луай хэмээн нэрлэсэн байна. Ээж болсноосоо хойш Линдсей илүү тайван, гэр бүлдээ төвлөрсөн амьдралын хэв маягийг сонгосон тухайгаа ярьжээ. Өмнөх шуугиант амьдралаас ялгаатай нь өнөөдрийн Линдсей Лохан олон нийтэд илүү төлөвшсөн, тогтвортой эмэгтэй хүний дүрээр харагдах болсон билээ.

Урлагт эргэн ирсэн нь

Сүүлийн жилүүдэд Линдсей Лохан кино урлагтаа дахин эргэн ирж эхлэв. Ялангуяа Netflix-ийн кино төслүүдэд оролцож, романтик болон гэр бүлийн төрлийн бүтээлүүдэд тоглох болсон нь үзэгчдээс эерэг үнэлгээг авсан юм.“Falling for Christmas” кино түүний эргэн ирэлтийн бэлгэдэл болсон гэж үздэг. Үзэгчид ч түүнийг “Хуучны Линдсей эргэн ирж байна” хэмээн хүлээн авчээ.Түүний одоогийн дүр төрх өмнөхөөсөө илүү тайван, өөртөө итгэлтэй болсон нь анзаарагддаг. Өмнө нь шуугиан дунд амьдардаг байсан жүжигчин өнөөдөр гэр бүл, уран бүтээл, хувийн амьдралын тэнцвэрийг эрхэмлэдэг болсон байна. Линдсей Лоханы амьдрал орчин үеийн алдартнуудын амьдралын мөн чанарыг тодорхой хэмжээнд харуулдаг. Алдар нэр богино хугацаанд хүнийг оргилд хүргэж болох ч түүнээс үүдэлтэй дарамтыг даван туулах нь хамгийн хэцүү сорилт байдаг ажээ.

Түүний түүхээс хэвлэл мэдээллийн нөлөө, олон нийтийн хэл ам, сэтгэлзүйн дарамт хүний амьдралд хэр хүчтэй нөлөөлдөг болохыг харж болно.Гэсэн ч Линдсей Лоханы өнөөдрийн амьдрал нэг чухал санааг илэрхийлдэг. Хүн алдаа гаргаж болно, унаж болно. Харин дахин босож, амьдралаа шинээр эхлүүлэх боломж үргэлж байдаг. Линдсей Лохан бол Холливудын хамгийн дурсамжтай оддын нэг. Түүний амьдрал амжилт, алдаа, шүүмжлэл, тэмцэл, эргэн ирэлтийн түүх байлаа. Хүүхэд наснаасаа дэлхийд танигдаж, өсвөр үеийнхний киноны бэлгэ тэмдэг болсон тэрбээр алдар нэрийн сүүдэртэй талтай нүүр тулсан ч сөхөрсөнгүй. Харин ч тодорхой хугацааны дараа илүү тайван болон төлөвшиж эргэн ирж чадсан юм. Линдсей Лоханы түүх бол зөвхөн Холливудын одын тухай бус, хүний тэсвэр хатуужил, өөрийгөө дахин бүтээх чадварын тухай түүх билээ.

М.Алтаннар

Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №019/24694/ дэх дугаарыг ЭНД-ээс уншина уу.  

#Гадаад мэдээ
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.