МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр ИЦБХДХ: “Ухаалаг засаг-2” төслийн хэрэгж...

ИЦБХДХ: “Ухаалаг засаг-2” төслийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо

Үнэн
Админ

Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хорооны өнөөдрийн (2026.05.20) хуралдаан 12 цаг 19 минутад эхэллээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу дэд хорооны дарга Ч.Анар гишүүдийн ирцийг нэр дурдан танилцуулсан юм. Улсын Их Хурлын долоон гишүүний бүрэлдэхүүнтэй дэд хорооны өнөөдрийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар, Ц.Баатархүү, Р.Батболд, Б.Жаргалан, С.Цэнгүүн нар хүрэлцэн ирснээр ирц 71.4 хувь болсноор хуралдаан эхэлсэн юм.


Өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэхээр Ч.Анар дарга танилцууллаа. Эхлээд “Ухаалаг засаг-2” төслийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсов. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Дижитал шилжилт, инновацын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Цэнгүүнжав дэд хорооны хуралдаанд дараах мэдээллийг танилцуулсан.

“Ухаалаг засаг-2” төсөл нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2027 оны 7 дугаар сарын 30-ны хугацаанд хэрэгжих юм байна. Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн санхүүжүүлж буй иргэд, аж ахуйн нэгжид үзүүлэх төрийн дижитал үйлчилгээний хэрэглээ, үр ашгийг сайжруулах, дижитал ур чадвар болон дижитал технологи суурьтай ажлын байрыг нэмэгдүүлэх зорилго бүхий энэхүү төслийн хэрэгжүүлэгч нь Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам юм. Төсөл дөрвөн бүрэлдэхүүн хэсэгтэй бөгөөд нэн тэргүүнд дижитал шилжилтийн таатай орчныг бүрдүүлэх, удаад нь дижитал засгийн шилжилтийг нэвтрүүлэх юм. Гурав дахь бүрэлдэхүүн хэсэг нь дижитал эдийн засгийн хөгжлийг дэмжих, дөрөв дэх нь төслийн удирдлага зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэх хэмээн танилцууллаа.


Төслийн үр шим хүртэгч байгууллагуудаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Авлигатай тэмцэх газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрыг нэрлэв. Үргэлжлүүлэн Д.Цэнгүүнжав дарга төслийн цаглаврын талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм. “Ухаалаг засаг 2” төсөл хэрэгжүүлэх нэгж нь 8 хүний орон тоотой байсан Сангийн яамнаас гарсан холбогдох чиглэлийн дагуу нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж болж зохион байгуулагдаад 2025 оноос 5 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа аж.

Дэд төслийн бэлтгэл ажил багагүй хугацаа шаарддаг болохыг мэдээлэлд онцлоод “Техникийн баримт бичиг боловсруулахад дунджаар 90-126 хоног зарцуулдаг. Худалдан авах ажиллагааг зохион байгуулахад 151-182 хоног зарцуулж байна. Энэхүү төсөл эхэлснээс хойших 2.5 жилийн хугацаанд Дэлхийн банкны дунд хугацааны үнэлгээний хүрээнд “Ухаалаг засаг 2” төсөлд тулгарч буй саад бэрхшээл, шийдвэрлэх үр дүнг сайжруулах зөвлөмж ирүүлсэн. Төсөл хэрэгжих хугацаанд хүний нөөцийн тогтворгүй байдал нь төслийн хэрэгжилтэд тасалдал, институтийн ой санамжийн алдагдал, гүйцэтгэлийн чадамжийн хангалтгүй байдлын шалтгаан болж байна. Улмаар шинээр ажилтнуудыг дадлагажуулах, туршлагажуулах боломжийг бууруулсан гэж тус зөвлөмжид дурдагдсан байсан” гэв.


Танилцуулгад дурдсанаар, төслийн хүрээнд 57 арга хэмжээ төлөвлөсний 50 нь гэрээ байгуулах, 7 нь чадавхжуулах арга хэмжээ юм байна. Ажлын даалгавар, техникийн тодорхойлолтдоо Дэлхийн банкнаас зөвшөөрөл авсан 49 арга хэмжээ байгаа бол 1 арга хэмжээний техникийн даалгаврыг эцэслэхийг хүлээж байгаа гэв. Нийтдээ 41 худалдан авалт зохион байгуулж байгаа бол 29 гэрээ байгуулаад, 20 гэрээг хэрэгжүүлж дууссан байна. Нийт хэрэгжилт тоон үзүүлэлтээр 72.7 хувьтай байгаа хэмээн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Дижитал шилжилт, инновацын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Цэнгүүнжав танилцуулав. Төслийн явцад удирдлагын багийн өөрчлөлт нь хэрэгжилтийн хугацааг уртасгаж байгаа талаар дурдаж байлаа. Үүний сацуу Улсын Их Хурлын 2024 оны 81 дүгээр тогтоолын дагуу зөвлөх үйлчилгээний зардлыг танаж, тоног төхөөрөмж болон системийн шинэчлэлд төсвийг дахин хуваарилсан нь нөлөө үзүүлсэн болохыг дурдсан. Үргэлжлүүлэн тэрбээр төслийн санхүүжилтийн нөхцөл байдал, мөн төслийн үр шимийг хүртэгч байгууллагууд дээр хэрэгжиж буй арга хэмжээ тус бүрийн хүлээж буй үр дүн, гүйцэтгэлийн явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл танилцууллаа.

“Ухаалаг засаг-2” төслийн хэрэгжилтийн талаарх мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан, С.Цэнгүүн, Р.Батболд, Ч.Анар нар төслийн хэрэгжилт, үр дүнгийн үзүүлэлт, мэдээллийн сангийн давхардал, дижитал системийн өртөг тооцох аргачлал, хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний талаар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авав. Гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа дэд хорооны дарга Ч.Анар үг хэлсэн. Тэрбээр, төрийн байгууллагуудын мэдээллийн технологийн худалдан авалт, дэд бүтцийн уялдааг хангах асуудал чухал байгааг тэмдэглэв. Мөн цаашид төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх хүрээнд мэдээллийн технологийн программ хангамж, дэд бүтэц, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой үүсэж буй хүндрэл, бэрхшээлийн талаар Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороонд тухай бүр танилцуулж байх, түүнчлэн хууль, эрх зүй болон Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулахдаа мэдээллийн технологийн төсөл, арга хэмжээтэй холбоотой саналыг нарийвчлан тусгаж ажиллах чиглэл өгөв. Ийнхүү “Ухаалаг засаг-2” төслийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонслоо.  


Дэд хорооны энэ өдрийн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр санхүүжүүлсэн мэдээллийн технологийн төсөл, арга хэмжээний хэрэгжилт, үр дүнгийн талаарх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын мэдээллийг сонсохоор төлөвлөсөн байсан ч цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан ирэх долоо хоногийн хуралдаан хүртэл хойшлуулахаар шийдвэрлэв. Үүгээр өнөөдрийн хуралдаан өндөрлөсөн гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Эх сурвалж: parliament.mn
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.