Ард иргэдийн санал, хүсэлтийг үе шаттайгаар шийдвэрлэнэ
Чингэлтэй дүүргийн ИТХ-аас зохион байгуулсан “Төлөөлөгч-тойрогтоо” уулзалтын үр дүнг хэлэлцлээ. Тус уулзалтыг энэ сарын 4-8-ны хооронд зохион байгуулсан бөгөөд дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид өөрсдийн сонгогдсон тойрог тус бүрд хуваарийн дагуу ажилласан юм. Ингэхдээ төлөөлөгчид өдөр бүр хоёр тойргийн иргэдтэй уулзан, санал хүсэлт, тулгамдаж буй асуудлыг нь сонсож, санал солилцож ажилласан.
Чингэлтэй дүүргийн ИТХ-аас зохион байгуулсан “Төлөөлөгч-тойрогтоо” уулзалтын үр дүнг хэлэлцлээ. Тус уулзалтыг энэ сарын 4-8-ны хооронд зохион байгуулсан бөгөөд дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид өөрсдийн сонгогдсон тойрог тус бүрд хуваарийн дагуу ажилласан юм. Ингэхдээ төлөөлөгчид өдөр бүр хоёр тойргийн иргэдтэй уулзан, санал хүсэлт, тулгамдаж буй асуудлыг нь сонсож, санал солилцож ажилласан.
Энэ хүрээнд дүүргийн ИТХ-д сонгогдсон 35 төлөөлөгч тав хоногийн хугацаанд дүүргийн 24 хорооны нийт 1400 орчим иргэнтэй биечлэн уулзаж, тэдний тулгамдсан асуудал, санал хүсэлтийг сонссон билээ. Тэгвэл Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Зөвлөлийн хурлаар “Төлөөлөгч тойрогтоо” уулзалт, арга хэмжээний үр дүнгийн талаар хэлэлцлээ. Тус уулзалт, арга хэмжээний хүрээнд дүүргийн 2024–2028 оны бодлого, үйл ажиллагааг иргэдэд тайлбарлан таниулах, санал хүсэлтийг нь сонсох, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэн ажилласан юм. Уулзалтад дүүргийн 1–24 дүгээр хорооны иргэдийн төлөөлөл оролцсон бөгөөд тэдний хувьд өөрсдийн амьдарч буй орчин нөхцөлтэй холбоотой санал хүсэлтээ дүүргийн төлөөлөгчдөд илэрхийлсэн байдаг.
Ард иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн тухайд тохижилттой холбоотой 106, төрийн үйлчилгээтэй холбоотой 42, дахин төлөвлөлтийн чиглэлээр 18, газартай холбоотой 10, эрүүл мэнд, халамж, худалдаа үйлчилгээтэй холбоотой 10, дэд бүтэц болон хэв журамтай холбоотой тус бүр найман санал, хүсэлт, гомдлыг ирүүлсэн байна. Зөвлөлийн хурлаар иргэдээс ирүүлсэн эдгээр санал, хүсэлтийг холбогдох байгууллагуудад хүргүүлж, үе шаттайгаар шийдвэрлэн ажиллахаар боллоо. “Төлөөлөгч тойрогтоо” уулзалт хамгийн сүүлд 10 дугаар тойрог буюу 18, 19, 24 дүгээр хорооны иргэдийн дунд өрнөсөн юм. 18 дугаар хороо нь дахин төлөвлөлтийн ажил эрчимтэй хэрэгжиж буй бүс бөгөөд иргэдийн зүгээс хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлыг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ үлдсэн гудамж, хэсгүүдийг хэзээ дахин төлөвлөлтөд хамруулах талаар тодруулж байсан юм.
Харин 19 дүгээр хорооны иргэд гудамж хоорондын авто болон явган замын эвдрэл, гэрэлтүүлэг, камержуулалтын асуудлыг түлхүү хөндөж, зам талбайн засвар арчлал, хяналтын камерын ажиллагааг сайжруулах шаардлагатай байгааг онцлов. Мөн хүүхдийн тоглоомын талбай болон нийтийн эзэмшлийн талбайн цэвэрлэгээг тогтмол хийх, шинэ эмнэлгийн орчмын эвдэрсэн замыг засварлах, эмнэлгийн барилгын ажлыг эрчимжүүлэх хүсэлтийг уламжилсан.
Түүнчлэн золбин нохой, эзэнгүй адуу, архины хамааралтай иргэдийн асуудал орчны аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаад анхаарч, хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулахыг хүсэхийн зэрэгцээ автобусны буудлын хүртээмжийг нэмэгдүүлэх, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх, явган хүний зам тавих, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих саналуудыг дэвшүүлж байлаа. 24 дүгээр хорооны иргэдийн хувьд Шадивлан, Шарга морьт орчмын авто болон явган замын нөхцөл, автобусны хүртээмж, гудамж талбайн гэрэлтүүлгийн асуудлыг хөндөн ярьсан. Бороо, цасны үед эвдэрч урсдаг замуудыг чанартай засварлах, автобусны чиглэл болон буудлын тохижилтыг сайжруулах шаардлагатай байгааг иргэд онцолсон юм. Мөн камерын хяналт сул байгаагаас хулгай, гэмт хэрэг нэмэгдэж байгааг хэлж, камержуулалт, гэрэлтүүлгийг сайжруулах, ил задгай нойл, хог хаягдлын асуудлыг цэгцлэх шаардлагатай байгааг уламжилсан.
Түүнчлэн өрхийн эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, газрын өмчлөлтэй холбоотой иргэдийн чирэгдлийг бууруулах, удааширсан замын ажлуудыг үргэлжлүүлэх, хууль бус газар ашиглалттай холбоотой асуудлыг шалгаж шийдвэрлэх хүсэлтийг гаргасан юм.
Х.Өлзийжаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №019/24694/ дэх дугаар