МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Нийгэм Б.Батмөнх: “Үл тасрах удам” баримтат кин...

Б.Батмөнх: “Үл тасрах удам” баримтат кино бол Монгол Улсын нэгэн үеийн түүхийн хураангуй

Ардын хувьсгалын анхны долоогийн нэг, төр нийгмийн зүтгэлтэн Дансранбилэгийн Догсомын нагац дүү, тэргүүн зэргийн тайж, гүн Төртогтохын зээ охин Б.Батмөнхтэй “Үл тасрах удам” баримтат киноны талаар ярилцлаа.

Үнэн
Админ

Ардын хувьсгалын анхны долоогийн нэг, төр нийгмийн зүтгэлтэн Дансранбилэгийн Догсомын нагац дүү, тэргүүн зэргийн тайж, гүн Төртогтохын зээ охин Б.Батмөнхтэй “Үл тасрах удам” баримтат киноны талаар ярилцлаа.

  -Ярилцлагын эхэнд та өөрийнхөө талаар товчхон танилцуулна уу?

-Намайг Бадамлянхуагийн Бат­мөнх гэдэг. Буурал ээж болох эмээ минь намайг өсгөсөн. Багад эмээ унтахаас өмнө заавал үлгэр домог ярьж өгнө. Эсвэл ураг удмынхны түүхийн тухай ном уншиж өгч байгаа юм шиг л ярьдаг байлаа. Хүн нэг зүйлийн талаар өдөр болгон сонсохоор чихэнд хоногшчихдог юм билээ. Эмээгээ бурхан болсны дараа ч ярьж өгдөг байсан тэдгээр зүйлс бүдгэрээгүй, улам тодорч “Надаас өөр эдгээр түүхийг мэдэх хүн үгүй. Тиймээс бусдад сонсгох, үр хүүхдүүддээ мэдүүлэх ёстой” гэж бодсон. Эмээгиийн ярьсан ураг удмын түүхийг бичиж үлдээх юмсан, ямар нэг бүтээл хийх юмсан гэх мөрөөдлийг сэтгэлдээ тээх болсон юм.

Арван жилийн сургуульд байхдаа дөрвөн мөртөөс эхлээд бичих дадлаа зүгшрүүлэн урам орсон ч хэсэг хугацаанд  хойш тавьсан нь хувийн амьдралаа зохиосонтой холбоотой. Их сургуульд элсэж, хүний хань, хүүхдийн ээж болохоор хийх бас бодох зүйл мундахгүй. Ингэж явсаар насны тэтгэвэртээ гарч ханиа алдаж ганцаардах, гансрахын зовлонд автахын үед түүндээ зориулан шүлэг, дурсамж, тэмдэглэл зэрэг цөөнгүй зүйл бичсэн нь намайг эргээд үзэг цаастай нөхөрлүүлсэн юм. Ганцаараа амьдардаг хүнд цаг хугацаа удаан өнгөрч байгаа юм шиг санагддаг. Өмнө нь бичиж тэмдэглэж байснаа олж үзэж бас ханийгаа мөнхжүүлэхийн тулд ямар үнэ цэнтэй зүйл хийх вэ гэж бодох болсон. Удаан бодсоны эцэст ханийнхаа талын ургийн бичгийг бичье гэж шийдсэн.

Нэгэнт зорьсон учраас мэдэх, мэдэхгүй зүйл олон гарсан ч ухраагүй. Ханийнхаа ярьсанд тулгуурлан архивын бичиг баримт судалж, нутаг оронд нь байдаг настан буурлуудтай ч уулзсан. Үүний үр дүнд ханийнхаа эцэг талаас нь долоон үе, эхийн талаас нь найман үе, өргөмөл талынх нь зургаан үеийн ургийн бичгийг мөн  өөрийн бичсэн шүлгийн хамт “Уул усны дуудлага” нэртэй ном болгон 2014 онд хэвлүүлсэн. Дараа нь баримтат кино гаргаж, түүнээс хойш есөн номын ард гараад байна.

-Та Ардын хувьсгалын анхны долоогийн нэг Дансранбилэгийн Догсомын нагац дүү, тэргүүн зэргийн тайж, гүн Төртогтохын зээ охин. Ураг удмынхаа түүхийг уламжилж яваа хүний хувьд баримтат кино хийхээр зорьсон нь энэ цагт биеллээ олж байна уу?

-Эмээ минь надад ураг удмынхаа түүхийг зүгээр ч нэг яриагүй байх. Дэргэд нь өссөн  зээгийнх нь хувьд түүхийг өвлөж үлдэх, бусдад түгээх, үр хойчдоо үлдээх үүрэгтэй хүн нь би. Өмнө нь баримтат кино хийлгээд үзсэн болохоор ямар үйл явц өрнөдгийг гадарладаг болсон. Өөрийн удмын тухай кино хийх талаар бодож явахад нэгэн зарлал харсан нь  “Намуун Зэт” продакшны мэдээлэл байсан юм. Их сонин байгаа биз. Яг л захиалсан юм шиг. Энэ тохиолыг хувь тавилан гэж хүлээн авч утсыг нь олоод холбогдоход олны танил болсон нэртэй сэтгүүлч Г.Золжаргал байж таарсан. Ийм л хүнээр киногоо хийлгэвэл сайхан бүтээл төрөх юм байна гэж бодсон. Зар дээрх утсаар холбогдож уулзсанаар кино хийх ажлаа эхлүүлсэн юм.

Киногоо яаж хийх талаар дотроо их бодсон л доо. Эхлээд ээжийнхээ дурсгалд зориулан хийх хүсэл төрсөн. Яагаад гэвэл миний ээж Бадамлянхуа 1939 оны Халх голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайн, 1948 оны Баруун хилийн тулгаралтад сувилагчаар оролцсон, нэг ёсондоо дайны жилүүдэд шархадсан цэргүүдэд цусаа өгч, тэдний амийг аварч явсан. Ээжийн минь энэ их сэтгэл, хичээл зүтгэлийг үнэлэн 1975 оны тавдугаар сарын 12-ны өдөр Олон улсын Улаан загалмайн нийгэмлэг, “Улаан хавирган сар” хөдөлгөөний дээд шагнал Флоренс Найтингелийн нэрэмжит одон медаль хүртсэн юм. Энэхүү медалийг 1912 онд бий болгосон бөгөөд сувилагч нарын хүн төрөлхтний төлөөх эр зориг, зүтгэл, шархадсан болон өвчтөнүүдэд үзүүлсэн онцгой тусламжийг үнэлж, хоёр жил тутамд олгодог хүмүүнлэгийн салбарын хамгийн нэр хүндтэй шагналд тооцогддог.

Ийм одонтой хүн өнөө цагт Монголд хэд байдгийг мэдэхгүй. Ээж минь энэ одонгоор шагнуулсан дөрөв дэх монгол хүн болсон. Ер нь дэлхийд энэ одонгоор шагнуулсан хүн 100 гаруй л байдаг юм билээ. Тиймээс ийм хүндтэй шагнал авсан ээжийгээ мөнхжүүлэх ёстой юм байна гэж бодсон. Гэхдээ яг баримтат кино хийхдээ ганцхан ээжийнхээ тухай бус ураг удмынхаа намтар түүхээр кино хийхээр шийдсэн.

-Баримтад тулгуурласан бүтээлийг нэлээд эрт үеэс судалж гаргасан байх?

-Тэгэлгүй яах вэ. Манай эмээгийн аав нь Шагдар нэрт тайж байсан. Тэр хүн халхын Сэцэн хан аймгийн Эрдэнэдалай вангийн хошуунд амьдардаг.  Эхнэр авч гэрээ төвхнүүлээд амьдрах үед хүү нь мэндэлсэн ч эхнэр нь нас барснаар хагацал үзэж хоёул хоцорч. Хүүгээ таван нас хүрмэгц нь нутгийн нэртэй ламд шавь оруулсан ч тэнхээ нь муудсанаар хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм билээ.

Үлдэж хоцорсон хүүгийн нэр Наваан, багадаа өнчрөн лам багшаасаа өөр хандах хүнгүй болоход багш нь “Би чамайг эрдмийн оргилд хүргэж сайн лам болгоно” гэж ам гарсан гэдэг. Улмаар хоёул Лхас орохоор замд гарсан ч Хөхнуур орчимд Наваан хүүгийн хөл нь өвдөж хавдаад цааш явж чадахааргүй болсон байна. Шавиа багш нь үүрч дүүрч явсаар чинээлэг айлын хаяанд хүрэхэд  тэр айл лам хүнийг хүндэтгээд хоол унд хийж өгч. Тэндээ хоноод өглөө нь өвөрт байсан тав гурван зоосоо гаргаж нөгөө айлынхнаас “Би энэ зоосыг бүгдийг өгье. Та бүхэн энэ хүүг аваад үлдээч. Би Лхасыг зорино. Зам хол учир энэ хүү явж чадахгүй” гэж хэлэхэд нь дуртайяа зөвшөөрсөн нь эрэгтэй хүүхэд өсөж томроод адуу малд яваад тус нэмэртэй болохыг нь бодолцсон биз.

Тэр үед багш лам Наваан хүүг дагуулж гараад “Чиний төрсөн нутаг тэр зүгт байдаг юм шүү” гэж ерөнхий чигийг нь зааж өгөөд “Хэзээ нэгэн цагт халх нутагтаа очоорой. Тэр чиний өсөж төрсөн нутаг чинь шүү” гээд цааш явжээ. Хүү ч тэнхэрч айлд зарцлагдан 16 наснаасаа адуучин болж ноёны эхнэрийн ганц дүү охинтой сэтгэлийн холбоотой болсноор багын хүслэн болсон  төрсөн нутгаа зорих аяны эхлэл болсон байна. Замдаа эхнэр нь бие давхар болж Шаньси мужийн Утай гэдэг газар хүүхдээ төрүүлсэн нь манай эмээ юм.

-Таныг зах зухаас нь ярихад л кино шиг санагдаж байна. Гол явдлыг дурдахгүй бол сонины зай талбай хүрэлцэхгүй?

-Уншигчдад яагаад баримтат кино хийх болсноо ойлгуулахын тулд нэлээд тэлж яриад байгааг ойлгоно биз, гэхдээ боломжоороо хураангуйлъя /инээв/. Миний өвөө тэргүүн зэргийн тайж, гүн Төртогтох Эрдэнэдалай вангийн хошуунд Сүмбэрийн бүрд гэдэг газар төрсөн хүн. Тайж гаралтай, нутагтаа бичиг үсэг сайтай байсан болохоор хошууны бичээч хийж байгаад сүүлд Богд хаант Монгол Улсын Засгийн газрын Шүүх, Цэргийн яаманд ажилласан. 1921 онд Ардын хувьсгал ялахад Дотоод яамны нууц хэлтсийн даргын алба хашиж байгаад 1924 онд бусдад хорлогдож нас барсан.

Өвөөгийн аавынх нь дүүгийн хүүхэд нь Дансранбилэгийн Догсом. Энэ хоёр нэг ёсондоо төрсөн ах дүүгийн хүүхдүүд. Догсом хошуу нутагтаа төрж өсөөд эхнэр авахад нь нутгийн ноён нь дурлаж эзний зарлиг гаргаснаар эхнэрийг нь богтолж авсан гэдэг. Энэ үеэс түүний тэмцлийн зам нь эхэлж. Хошууны эзэн ноёнтой заргалдаж тэмцээд нутаг орондоо багтахаа байсан учир өөр нутагт хүрч эцэст нь Нийслэл хүрээнд ирж бүлгэмд элссэнээр Ардын хувьсгалын анхны долоогийн нэг болсон түүхтэй. Тэр үед Төртогтох өвөө Богдхаант Засгийн газарт ажиллаад хүрээнд суурьшчихсан байсан учраас Догсомд олон талаар тусалж байсан гэдэг.

-Нэг гэр бүлийн аж амьдрал гэхэд дэндүү их түүхийг агуулжээ. Гэтэл баримтат кино нэг цагийн л бүтээл шүү дээ. Ураг удмаасаа үлдэж өвлөгдсөн эд зүйлсээсээ та өнөөдөр  нээлтээ хийх баримтат кинонд оруулж байгаа юу?

-Миний нагац ах Догсомын тухай баримт нэлээд үлдсэн. Харин Төртогтох өвөөгийн тухай баримт мэдээллийг архиваас л ихэвчлэн олддог доо. Жишээ нь, би өвөөгөө Богд хааны Засгийн газарт ажиллаж байсныг мэднэ. Гэхдээ яг ямар ажил эрхэлж байсныг мэдэхгүй. Тиймээс бүх зүйлийг улсын архивын баримтад тулгуурлан баримтат кинонд оруулсан. Биет зүйлийн хувьд сонирхож байх шиг байна. Ганц нэг судар ном бий. Манай өвөөгийн дээлийн энгэр дээр байсан луугийн хатгамал байдаг. Дээхнэ үеийн язгууртнуудын дээлийн энгэр луун хээтэй байдаг. Бодвол өвөөгийн дээл нь урагдаад үгүй болсон юм уу, яасан юм тойруулаад хайчлаад авсан луун хатгамал нь байдаг юм. Би түүнийг нь одоо жаазлаад хадгалж байгаа.

Миний эмээ их уран хүн. Зүү ороож хийсэн хатгамлаас үлдсэн ганц хоёр юм бий. Зарим зүйлийг нь би өөрөө эдэлж хэрэглэж байгаад хаяж үрэгдүүлсэндээ одоо маш их харамсдаг. Хүмүүс тайж хүний үр удам эд баялагтай гэж хардаг байсан. Гэтэл өвөөг 1924 онд нас барсны дараа манайх тэр үеийн Баянзүрх сумын нутгаар дөрвөн улиралд тойрон нүүдэллэж явсан байдаг. Тэр үед хөрөнгө хураахаар болж эмээ маань морь малаа зарж, үнэтэй зүйлсээ хадны завсраар нууж байсан гэж ярьдаг. Бодвол их л айсан шиг байгаа юм. Эмээ “Жижиг авдраар дүүрэн Оросын цагаан хааны цаасан мөнгө байсан. Одоогийнхоор бол валют. Хүн олоод харахвий гэж айсандаа бүгдийг шатаасан” гэж ярьсан удаатай. Бас монгол гэрийг нь бүтэн хоёр тойруулах хэмжээний хать хоргой буюу тэр үеийн төвөд хоргойтой. Алтан утсаар оёсон бурхдын хөрөгтэй тийм үнэт зүйлийг айснаасаа болоод шатааж байсан тухай эмээ минь надад ярьж билээ. Хать хоргойг өдөр шатааж болохгүй, шатаагаад дууссан ч алтан утас нь гэрэлтээд л байдаг байжээ. Түүнийг нь газар ухаж байгаад булдаг байсан гэж эмээ ярьж байсныг ч өнөөдөр ч огт мартаагүй.

-Үнэхээр тухайн үед танай бүх хөрөнгийг хураасан юм уу?

-Хөрөнгө хураана гээд чимээ чагнаад хэсэг хугацаа өнгөрсөн ч ирээгүй гэсэн. Тэгсэн Эрдэнэ  сумын ард иргэд “Төртогтох гүн бол хэзээ ч харьяат иргэд, албатуудаа дарлаж мөлждөггүй. Харин ч үр хүүхдүүдийг нь сургууль соёлд сургадаг, гэр оронгүй айлд гэр, дулаалгагүй айлд эд юмсаар зогсохгүй мал тасалж өгч дэмждэг байсан” гэж хэлсэн учраас үлдсэн ар гэрийнхнийх нь хөрөнгийг битгий хураагаач гэж тухайн үеийн сумынх нь албатууд хүсэлт гаргасан байж. Түүнийг нь манайх мэдэхгүй бүх зүйлээ аль хэдийнэ үгүй хийсэн юм билээ.

-Үлдсэн үйл явдлыг баримтат киноноос дэлгэрүүлье. Харин одоо баримтат киног хийхэд танд хэн тусалсан талаар ярья?

-Би амьдарч байсан байраа зарахдаа зориуд баримтат кино хийнэ гэж 20 сая төгрөг хадгалсан байснаа зарцуулсан. Түүнээс таван саяар нь өвөөгийнхөө төрсөн газар Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутаг Сүмбэрийн бүрдэд хөшөө босгосон. Хөшөөгөө хэрхэн босгосон нь баримтат кинонд гарч байгаа. Ерөнхийдөө киноны багийг 28 удаа зураг авалтад голдуу хөдөөгөөр авч явсан. Ингэж би баримтат киногоо өөрөө санхүүжүүлж, продюсерлосон. Нэг сайхан зүйл нь биднийг кино хийнэ гээд очиход нутгийн ард олон маш сайхан хүлээж авч байсан. Олон хүний сайхан сэтгэлийн үрээр сайн бүтээл бүтсэн гэдэгт итгэлтэй байна. “Үл тасрах удам” баримтат кино бол Монгол Улсын нэгэн үеийн түүхийн хураангуй болсон гэдэгт эргэлзэхгүй байна.

-Та “Догсом, Төртогтох сан”-гаа хэдэн онд байгуулсан бэ?

-Сангаа 2013 онд байгуулж, Хэнтий аймгийн Баян-Овоо сум болон өвөөгийнхөө төрсөн нутагт ахмадын хүлээн авалт хийсэн цагаас хойш тэр нутгийн ахмадууд надтай ойр дотно харилцаатай байдаг юм. Баян-Овоо сумын Ахмадын хороо надад маш их тус болсон. Мөрөн сумын ахмадын хороотой хамтран ажилладаг. Бас биднийг бүх талаар дэмжсэнд талархсанаа илэрхийлье. Өнгөрсөн хугацаанд би нагац ах, өвөөгөө мөнхжүүлэхээр, хүүхэд залуучуудад тэдний хийсэн гавьяа алдрыг таниулж ойлгуулахын тулд цөөнгүй ажил хийсний нэг нь эрдэм шинжилгээний хурал. Эрдэмтэн судлаачаар тэдний түүхэн үйл хэргийн талаар хэлэлцүүлж, судалгааны цөөнгүй ажлыг үлдээх боломжтой болсон. 

-“Үл тасрах удам” баримтат киноныхоо нээлтийг Хэнтий аймагт хийх үү?

-Аймгийн нутгийн зөвлөлөөс санал тавибал баримтат киноныхоо нээлтийг хийнэ. Гэхдээ цаг дулаараг. “Үл тасрах удам” киногоо эхлээд Баян-Овоо суманд гаргана. Өвөг дээдсийн минь нутаг учраас тэр шүү дээ. Тэр нутгийн Ахмадын хороо надтай хамтарч ажилладаг. Нийслэлийн Багануур дүүрэгт ээжийн маань төрсөн эгч Бадамхандын үр хүүхэд олон бий. Тэдний төлөөлөл киноны зураг авалтад оролцсон. Мөрөн сумын Ахмадын хорооны дарга Оюунд “Үл тасрах удам” баримтат киноныхоо нээлтийг хийх гэж байгаагаа хэлсэн. Тэд тэсэн ядан хүлээж байгаа. Дараа нь хэд хэдэн телевизэд баримтат киногоо өгье гэсэн бодолтой байна.

-Энэ баялаг түүхийг үр хойчдоо үлдээхийн тулд та өөр ямар ажил хийхээр зорьж байна вэ?

-Өнгөрсөн хэдэн жилд есөн ном бичихийн тулд багагүй хугацаа зарцуулсан. Том жижиг ч өмнө нь баримтат кино хийсэн, одоо энэ баримтат киногоо олон нийтэд хүргэх гэж байна. Одоо эхлүүлээд явж байгаа ном бий. Энэ номд зөвхөн нэг айлын ураг удмын түүх бус улс орныг хамарсан түүхийн талаар дурдана. Намтарчилсан ном учраас багагүй хугацаа зарцуулах байх. Би “Хөх торгон дээл” дууны нэрэмжит ардын богино дуу дуулаачдын уралдааныг гурван удаа зохион байгуулсан. Энэ дууны үгийг нагац  Догсом зохиосон ч аяыг хэн бичсэн нь тодорхойгүй байдаг. Магсаржавын Дугаржав бичсэн байж магадгүй гэсэн таамаг байдаг юм билээ. Энэ уралдаанаа үргэлжлүүлэн хийнэ. Тиймээс тухай бүрд нь мэдээлээд явъя гэж бодож байна.

-Сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа. 

Б.Сэлэнгэ

Гэрэл зургуудыг МУСГЗ Т.Чимгээ

Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №015/24690/ дахь дугаар

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.