МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Нийгэм Дижитал соёл түгээгчид

Дижитал соёл түгээгчид

Цаг хугацааны эргэлт, техноло­гийн дэвшлээс шалтгаалан байгаль орчинд үзүүлэх хор хөнөөл ч нүдэнд харагдахгүйгээр явагддаг болсон. Байгалийн өөрчлөлттэй хүрз барьж шороо ухаад тэмцэж чадахгүй. Хүний буруутай үйлдлээс шалтгаалсан өөрчлөлтийг хормын дотор засах боломжгүй. Аль алинд нь хугацаа шаардлагатай. Гагцхүү зөв гаргалгаагаа олж чадвал өөрчлөлтийг яг одооноос эхлүүлснээр ирээдүйд үүсэх эрсдэлээс сэргийлж чадна.

Үнэн
Админ

Цаг хугацааны эргэлт, техноло­гийн дэвшлээс шалтгаалан байгаль орчинд үзүүлэх хор хөнөөл ч нүдэнд харагдахгүйгээр явагддаг болсон. Байгалийн өөрчлөлттэй хүрз барьж шороо ухаад тэмцэж чадахгүй. Хүний буруутай үйлдлээс шалтгаалсан өөрчлөлтийг хормын дотор засах боломжгүй. Аль алинд нь хугацаа шаардлагатай. Гагцхүү зөв гаргалгаагаа олж чадвал өөрчлөлтийг яг одооноос эхлүүлснээр ирээдүйд үүсэх эрсдэлээс сэргийлж чадна.

Орчны бохирдлын талаарх ойлголт шинэ сэдэв биш. Харин өсөн нэмэгдэж буй дижитал орчин дахь цэвэрлэгээ гэвэл олон нийт соргогоор хүлээж авах нь дамжиггүй. Компьютер, гар утасны хэтийдсэн хэрэглээнээс шалтгаалсан хог хаягдал, шаардлагагүй мэдээлэл, файл хадгалалтаас үүсэх үр нөлөөг эдийн засгийн тооцооллоор илэрхийлэх нь түгээмэл бус. Үүнээс шалтгаалан олон нийтийн дунд дижитал орчны бохирдол ямар үр нөлөөтэй байдагт төдийлөн анхаарал хандуулдаггүй. Өнөө цагт хэдэн настайгаас үл хамааран хүн бүр багадаа нэг гар утас, нөөтбүүктэй. Тэдгээрт дахин ашиглагдах нь үл мэдэгдэх мэдээлэл, зураг, бичлэг хадгалаастай байдаг. Үүнийг дижитал хог хаягдал гэж ойлгож болох бөгөөд зөвхөн шаардлагатайг авч үлдэх нь дижитал орчин дахь цэвэрлэгээ болно. 

Хязгаарлалтгүй хэрэглээнээс эхлэлтэй энэ цэвэрлэгээг эхлүүлснээр эрчим хүчний хэрэглээг бууруулахаас гадна нүүрсхүчлийн хийн ялгаралд нөлөөлөх уур амьсгалын бодит үйлдэл болно. Товчхондоо эх дэлхийн өөрчлөлттэй тэмцэхийг хүссэн хэн ч байгаа газраасаа ганцхан товч дараад хувь нэмрээ оруулж байна гэсэн үг. Олон талын ач холбогдолтой цахим төхөөрөмжийн цэвэрлэгээ хийснээр цэнэгээ барих хугацааг уртасгана. Харин дижитал төхөөрөмжүүд хогийн сав шиг байснаар төхөөрөмжийн ачааллыг нэмэгдүүлнэ. Товчхондоо хүн нэг цагийн хугацаанд дижитал цэвэрлэгээ хийснээр төхөөрөмжийн цэнэг барих хугацааг 30 минутаар уртасгаж байгаа бодит үр дүн юм.        

Энгийн үйлдлээр ч том нөлөө үзүүлж болно

Дижитал цэвэрлэгээг Монголд анхлан хэрэгжүүлсэн нь “Clean up day Mongolia” төслийн залуус. Шинэлэг ажлыг санаачилсан тэдний ажлыг дэмжих хүн олон байсан бөгөөд төслийн багийнхны зүгээс эхлүүлсэн аян богино хугацаанд үр дүнгээ өгчээ. Хүн бүрийн оролцоог дэмжих зорилгоор оролцох боломжийг нээлттэй үлдээсэн нь давуу тал. Дээр нь их, дээд сургуулиудын оюутан, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хүрч ажиллан нээлттэй хичээл орж дижитал орчин дахь цэвэрлэгээний тухай ойлголтуудыг өгчээ. Хэдэн гигабайтын багтаамжтайгаас шалтгаалан аянд оролцогчдод A, B, C зэрэглэлийн батламж өгсөн байна. Аяныг хэрэгжүүлсэн залуус “Digital clean up” санаачилгаа иргэдийн оролцоонд тулгуурласан, байгаль орчныг хамгаалах бодит үйл ажиллагаа хэмээн дүгнэж байгаа юм. Уг төслийн зохицуулагч Н.Булгантамир  “Монголын залуус дэлхийд шинэ ойлголт түгээж байна. Цэвэрлэгээ гэдэг зөвхөн харагддаг хогонд л хамааралтай асуудал биш. Бидний утас, и-мэйл, клөүд /үүлэн тооцоолуур/ дээрх илүүдэл дата хүртэл байгаль орчинд нөлөөлдөг. Монголд эхлүүлсэн “Digital clean up” аян хүмүүсийн өдөр тутмын дадлыг өөрчилж, энгийн үйлдлээр ч том нөлөө үзүүлж болохыг харууллаа. Энэ бол зөвхөн нэг кампанит ажил биш, шинэ соёл, шинэ хариуцлага, шинэ үеийн манлайлал. Бид гудамжаа цэвэрлэдэг шигээ дижитал орчноо ч бас цэвэрлэх цаг болсон” хэмээн хэллээ.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид аянд идэвхтэй оролцлоо

“Digital clean up” аяныг санаачлагчид ерөнхий боловсролын сургуулиудад очиж нээлттэй хичээл орж, сурагчдын санал бодлыг сонсжээ. Аяны хүрээнд Баянгол дүүргийн “Эрдмийн ундраа” цогцолборын ахлах болон дунд ангийн 180 сурагчид дижитал орчин дахь цэвэрлэгээ хийснээр ямар ач холбогдолтой талаарх мэдээллийг хүргэж, энэ нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой байдгийг жишээтэйгээр тайлбарлан таниулсан байна. Сонгинохайрхан дүүргийн “Хөгжил” сургуулийн ахлах болон дунд ангийн сурагчид аянд нэгджээ. Тэдэнд цахим хог хаягдлаа бууруулж, нүүрстөрөгчийн ул мөрөө багасгах энгийн бөгөөд үр дүнтэй аргуудыг танилцуулсан байна. Төсөл хэрэгжүүлэгчийн зорьж хүрсэн дараагийн сургууль нь Чингэлтэй дүүргийнх. Энд мөн ахлах ангийн 200 гаруй сурагч “Digital clean up” төслийн мэдээллийг хүргэж, дижитал хэрэглээ ба уур амьсгалын өөрчлөлтийн уялдаа холбооны талаар мэдлэг олгожээ. Сүхбаатар дүүргийн зургадугаар сургуулийн ахлах болон дунд ангийн 250 гаруй сурагч “Digital clean up” төсөлд хамрагдан дижитал хэрэглээний хүрээнд мэдлэг авсан байна.

Албан байгууллагуудаас Хүннү хотын Захирагчийн ажлын албаны хамт олонд төслөө танилцуулж, дата хаягдал болон түүний байгаль орчинд үзүүлэх нөлөөний талаар мэдээлэл солилцсон байна. Тус уулзалтаар байгууллагын хэмжээнд дижитал хэрэглээгээ зөв зохистой болгох, илүүдэл файл, мэдээллийн хог хаягдлыг бууруулах боломж, ач холбогдлын талаар ярилцаж, хамтын ажиллагааны боломжийг хэлэлцсэн үр дүнтэй уулзалт болжээ.   Энэ бол аяны хүрээнд зохион байгуулсан уулзалтуудын нэг хэсэг нь. Аяны хүрээнд уулзалтуудад оролцсон  хүмүүсээс 30 мянга нь тус бүр хоёр гигабайт өгөгдлөө устгавал 10 мянган мод тарьсантай тэнцэх хэмжээний үр дүн болно. 50 өрхийн жилийн цахилгаан хэрэглээтэй тэнцэх хэмжээний эрчим хүчийг үр дүнгүй зарцуулахаас сэргийлсэнтэй адил юм. 

Аяны үр дүнд 7852 гигабайт датаг устгажээ

Хүн амын дийлэнх олонхыг залуу насныхан эзэлдэг манай улсад залуус санаачилж, хэрэгжүүлсэн ажил ямар үр дүнтэй болохыг “Digital сlean up” аян харууллаа. Сар хүрэхгүй хугацаанд 87 ахлах сургууль энэ ажлыг нэгдэж тодорхой үйлдэл хийж, 12 төрийн болон төрийн бус байгууллага, гурван их, дээд сургуульд хүрч, дижитал орчны цэвэрлэгээ ямар чухал болохыг  төслийг хэрэгжүүлсэн залуус бодитоор үзүүлж чадлаа. Үүнээс гадна www.cleanup.upmongolia.mn сайтаар 900 орчим залуус уг аянд  нэгдэж, нийтдээ 7852 гигабайт дата устгаж, дижитал орчноо цэгцэлж, цэвэрлэж чадсан байна. Залуучуудын эхлүүлсэн ажил ухаалаг хэрэглээг нэвтрүүлж,  хариуцлагатай ирээдүйн эхлэлийг тавилаа. Дэлгэц эсвэл утасны цаанаас зааж зааварлах бус бодитоор оролцоотой байх нь илүү том өөрчлөлтөд хүргэнэ. Одоо тэд нийгмийн эрх тэгш оролцоог хангах дараагийн төслөө эхлүүлээд байна.

Жил бүрийн есдүгээр сарын 20-нд “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” тохиодог.  Хатуу  хог болон далайн хог хаягдалтай тэмцэх зорилгоор эхлүүлсэн энэ хөдөлгөөнд 210 гаруй орны 120 сая хүн хамрагддаг гэсэн тоо байдаг. Эл өдрийг угтан “Clean up day Mongolia” төслийнхөн энэ сарын сүүлийн долоон хоногийн бямба гаргийг “Хамтдаа эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” болгохоор ажлаа эхлүүлжээ. Дэлхийн эх дэлхийгээ цэвэрлэх өдрийг олон мянган залуучуудын хөдөлгөөн болгон өргөжүүлэхдээ аутизмтай хүүхэд, залуучуудыг тэгш оролцоотойгоор бэлдэх, хамруулахаар сайн дурын ажилтнуудыг бүртгэж байна. “Бид бүгд өөр. Гэхдээ бид хамтдаа  шинийг санаачилж, бүтээж чадна” хэмээн бодож эхлүүлсэн ажил нь удахгүй үр дүнгээ өгөх биз ээ. 

Залуу судлаачдыг дэмжих “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал болно

Социал демократ Монголын залуучуудын холбооноос “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаар болжээ. Эрдэмтэн судлаачид, оюутнуудын судалгаа шинжилгээний ажлыг дэмжих, онолын мэдлэг болон практикт хэрэгжих боломжтой шийдэл бүхий бүтээлийг илрүүлэх, хөгжүүлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх нь энэхүү хурлын зорилго аж. Түүнчлэн оюутан, залуу судлаачдыг эрдэм шинжилгээний ажилд системтэй оролцуулах, судалгааны арга зүйгээр дадлагажуулах, багш-оюутан-судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бүрдэж буйгаараа уг эрдэм шинжилгээний хурлын ач холбогдол оршино. Цаашид энэхүү хурлыг жил бүр тогтмол зохион байгуулж, залуусын шинжлэх ухаанч дуу хоолойг бодлого боловсруулагчид болон олон нийтэд хүргэх тогтвортой талбар болгон хөгжүүлнэ гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.

“New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зургаан салбар хуралдаантай.  Оролцогчид судалгааны ажлын агуулга, хэрэглээний чиглэлтэй уялдуулан эдийн засаг хөгжил, инновац, хиймэл оюун, олон улсын харилцаа, анагаах ухаан, хот төлөвлөлт, хүнс хөдөө аж ахуй гэсэн сэдвийн хүрээнд бүтээлээ ирүүлэх бөгөөд бүтээлийн хураангуйг ирэх зургадугаар сарын 1-ний дотор хүлээн авна. Улмаар есдүгээр сарын 10-наас аравдугаар сарын 1-нийг хүртэл бүтээлийг хүлээн авч, аравдугаар  сарын 8-нд сонгон шалгаруулалтад тэнцсэн эсэхийг мэдэгдэх юм.

“New normal-2026” эрдэм шинжилгээний хурлын салбар хуралдаан ирэх аравдугаар сарын 13-18-ны өдрүүдэд болж, нэгдсэн хуралдааныг 20-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Эхний шатанд салбар хуралдаан бүрээр ирүүлсэн бүтээлийг тухайн чиглэлийн эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн мэргэжлийн үнэлгээний баг шинэлэг байдал, аргазүйн үндэслэл, үр дүнгийн нотолгоо, практик ач холбогдол, илтгэлийн чанарын шалгуураар үнэлж,  эхний шатны хэлэлцүүлэгт танилцуулах бүтээлийг сонгон шалгаруулна. Шалгарсан болон хэвлүүлэхээр зөвлөмж авсан бүтээлд зохион байгуулагчдаас засварын хугацаа олгож, хугацаанд нь ирүүлсэн эцсийн хувилбарыг “New normal-2026” эрдэм шинжилгээний бичигт нийтлэх ажээ. Нэгдсэн хуралдаанд эхний шатанд шалгарсан бүтээлүүдийг олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн, мэргэжилтэн, бодлогын түвшний төлөөллөөс бүрдсэн тусгай шүүгчдийн бүрэлдэхүүн үнэлж, эцсийн шалгаруулалтыг хийх юм.

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №015/24690/ дахь дугаар

#Нийгэм
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.