Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэвтрүүлэх замаар эрчим хүчний салбарыг чөлөөлнө
Монгол Улсын Ерөнхий сайдын дэвшүүлсэн “Чөлөөлье” санаачилгад эрчим хүчний салбарыг нэн тэргүүнд хамруулж, элдэв зөвшөөрөл, хүнд суртлаас чөлөөлөхөө салбарын сайд нь мэдэгдлээ.
Монгол Улсын Ерөнхий сайдын дэвшүүлсэн “Чөлөөлье” санаачилгад эрчим хүчний салбарыг нэн тэргүүнд хамруулж, элдэв зөвшөөрөл, хүнд суртлаас чөлөөлөхөө салбарын сайд нь мэдэгдлээ. Эрчим хүчний салбар олон жилийн турш төрөөс бүрэн хамааралтай шахуу явж ирсэн, улмаар үнэ тарифыг хатуу барьж ирсэн нь цусны эргэлтийг удаашруулах гол шалтгаан болсон байдаг. Тэгвэл энэ чөдөр тушааг тайлах эхний алхмыг энэ Засгийн газрын үед эхлүүлж, хэрэгжүүлэхээр бодлогын яам ажилдаа оржээ. Энэ тухайд Эрчим хүчний сайд Б.Найдалаа “Эрчим хүчний салбар дахь зарим шаардлагагүй, илүүдсэн зөвшөөрөл, хүнд суртлын шат дамжлагыг бууруулахын төлөө ажиллана. Энэ тухайд тусгайлсан хөтөлбөр гаргана. Цаашид энэ салбарыг нээх хэрэгтэй байгаа юм. Иргэдэд, аж ахуйн нэгжүүдэд, салбарын мэргэжилтнүүдэд, бодлого гаргагчдад нээлттэй болгох шаардлагатай. Ингэж байж мэдээлэл урсана, хөгжил ирнэ. Тэр дундаас л ахиц дэвшил гарна. Товчхондоо, эрчим хүчний салбарыг нээнэ, чөлөөлнө”. Энэ бол салбарын сайдын баримтлах бодлого, зарчим. Тэгвэл энэ салбарт чөлөөлөлтийг хэрхэн хийх вэ. Нэгдүгээрт, үүний хариулт нь ногоон хөгжлийн чөлөөлөлт буюу сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжих явдал хэмээн Засгийн газар томьёолж буй.
Монгол Улс бол тархмал суурьшилтай орон. Гэсэн ч хүн амын хэт төвлөрөл нь үр ашгийг бууруулах гол шалтгаан болдог. Жишээлбэл, айл өрх бүр нарны панель тавиад цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж болж байгаатай адил аймаг, суманд ч гэсэн хэрэглээндээ таарсан чадлын нарны юм уу, салхины сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй болох нь эхний шийдэл. “Монгол Улсын эрчим хүчний системийг ийм олон жижиг эх үүсвэртэй болгож байж тогтвортой байдал нь сайжирна. Үүнийг Тархмалын үндэсний хөтөлбөр болгон хөгжүүлэх төлөвлөгөөтэй байна хэмээн салбарын сайд мэдэгдлээ. Ингэж байж цахилгааны хүчдэл буурдаг, тог тасардаг асуудал байхгүй болно. Хоёрдугаарт, эрчим хүчний үнэ тарифыг өртөгт нь ойртуулах явдал энэ салбарт нэн чухлаар тавигддаг. Харин нөгөө талд өртөг, зардлыг бууруулах асуудлыг ч мартаж болохгүй. Гуравдугаарт, эрчим хүчний салбарт үйл ажиллагаа эрхэлж буй төрийн өмчит 28 компани бий. Цаашид эдгээрийн засаглалыг сайжруулах, үр ашиг, бүтээмжийг дээшлүүлэх шаардлагатай хэмээн салбарын сайд хийх ажлаа эрэмбэлжээ.
Алдагдалтай ажиллаж ирсэн энэ салбарт үнэ чөлөөлөх явдал үргэлж хөндөгдөж ирсэн ч бодит шийдэлгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Тэгвэл энэ тухайд шинэ сайд юу хэлэв. “Үнэ нэмэх тухай бус ерөнхийдөө зохистой түвшинд аваачих хэрэгтэй байгаа юм. Зохистой түвшин гэдэг нь эхний ээлжид зардлыг бууруулах. Шаардлагагүй, илүү дутуу зардлыг танаснаар бүтээмжийг нэмэгдүүлж чадвал өртөг бууруулах боломжтой. Нөгөө талаасаа эрчим хүчийг өндөр өртгөөр үйлдвэрлэчихээд хэт бага үнээр борлуулж байгаа нь шударга бус. Цаана нь ажиллаж байгаа 17 мянган хүн, тэдний хөдөлмөр, хүч нөөцийг үнэгүйдүүлж болохгүй.
Манайх шиг үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ өртгөөсөө хамаагүй бага үнээр борлуулдаг салбар гэж байхгүй. Ийм шударга бус зарчмаар явбал хэн ч орлого олохгүй, энэ улс ч хөгжихгүй шүү дээ. Тийм болохоор үнийг зохистой түвшинд аваачих нь чухал байгаа юм. Гэхдээ бид үүнийг иргэд, хэрэглэгчдэд дарамтгүйгээр шийдэхийн төлөө ажиллаж байна” гэлээ. Жил бүрийн өвөл монголчууд тог, цахилгаанаа хязгаарлуулж, ажил амьдралаараа хохирдог эрсдэл ирэх өвөл ч биднийг хүлээж буй. Тэгвэл Засгийн газар энэ чиглэлд хэрхэн ажиллаж байна вэ. Эрчим хүчний сайдын мэдээлснээр ирэх өвөл ч техникийн талаасаа чадлын дутагдал гарна гэдгийг нуусангүй. Учир нь жил ирэх бүр улсын эрчим хүчний хэрэглээ өсөж байгаа. Гэтэл нөгөө талд энэ хэрэглээг нөхөх цахилгаан станц, шинэ эх үүсвэр хүрэлцээгүй байгаа нь бодит баримт. Салбарынхны тооцоолсноор ирэх өвөл нийтдээ 200 орчим мегаваттын зөрүү гарахаар байгаа бөгөөд үүнийг нөхөхийн тулд салбар яамныхан одооноос ажиллаж эхлээд байгаа аж. Ирэх өвөл ямартаа ч тог таслахгүйн төлөө ажиллаж буйгаа Б.Найдалаа сайд мэдээллээ. Үр дүн хэрхэн гарахыг та бид ирэх өвөл харна. Ямартаа ч түүний мэдээлснээр Эрчим хүчний салбарт хэрэгжиж байсан, өмнөх сайд нарын эхлүүлсэн ажил тасралтгүй үргэлжилнэ гэлээ. Тодруулбал, Б.Чойжилсүрэн сайдын үед өвлийн оргил ачааллыг давахын тулд батарей хураагуур хийхээр төсөл бэлдэж байсныг үргэлжлүүлээд явж байгаа ажээ. Хэдийгээр Бөөрөлжүүтийн цахилгаан станц зэрэг шинэ эх үүсвэр нэмэгдэж байгаа ч хэрэглээгээ гүйцэхгүй байгаа нь бодит үнэн. Тийм ч учраас өмнөх сайдын үед эхлүүлсэн батарейн шинэ эх үүсвэр бий болгох ажил шинэ сайдын үед ажил хэрэг болох нь.
Сэргээгдэх эрчим хүч ашиглаж, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах нь ногоон чөлөөлөлтийн үндсэн чиг шугам
Н.Учралын Засгийн газар ногоон хөгжлийн чөлөөлөлтийг хийх замаар эрчим хүчний салбарт сэргэлт авчрах бодлого дэвшүүлэн зарласнаар ажилдаа орсон. Тэгвэл ногоон хөгжлийн замын үндэс нь эрүүл, аюулгүй орчинд аж төрөх, орчны тэнцэл алдагдахаас хамгаалагдах Үндсэн хуульд заасан үндсэн эрх юм. Эх дэлхийдээ ээлтэй эдийн засаг, эко үйлдвэрлэл, тогтвортой хөгждөг хөдөө аж ахуйг дэмжих, сэргээгдэх эрчим хүч ашиглаж, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах нь ногоон чөлөөлөлтийн замын үндсэн чиг шугам хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал томьёолсон. Монгол Улс бол нар, салхины сэргээгдэх эрчим хүч, энергийн дундаршгүй их өгөгдөлтэй орон.
Жилийн 240-өөс багагүй өдөр нь нартай, цэнгэг салхины орон мөртлөө жилд 200 сая орчим доллараар бусдаас гэрэл, цахилгаан, 2.2 тэрбум ам.доллараар түлш, шатахуун импортолдог хараат, хамааралтай улс байсаар байна. Тийм ч учраас шинэ, залуу Ерөнхий сайд эрчим хүчний салбарыг чөлөөлөх, ногоон хэрэглээг нэвтрүүлэх ажлыг бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийлээд буй. Түүний энэ санаачилга аль хэдийнэ ажил хэрэг болж эхэлсэн. Тодруулбал, Чингэлтэй дүүргийнхэн сэргээгдэх эрчим хүчийг хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 90 орчим айл өрх нарны хавтан суурилуулснаар ногоон эрчим хүчний хэрэглээнд шилжээд зогсохгүй нийслэл хотын утаа, агаарын бохирдлын эсрэг бодит хувь нэмрээ оруулж эхэлсэн. Энэ бол өнөөгийн Ерөнхий сайд Н.Учралын УИХ-ын даргаар ажиллаж байхдаа батлуулсан тогтоолын төслийн шууд үр дүн. Энэ тухайд Ерөнхий сайд Н.Учрал “Эрчим хүчний болон газрын тосны бүтээгдэхүүний хараат байдлыг бууруулах 3х100 арга хэмжээ”-г төр, хувийн хэвшил, салбарынхны оролцоонд тулгуурлан орон даяар хэрэгжүүлж, өрхийн хэрэглээнд болон аймаг, сумдын түвшинд сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг нэмэгдүүлэхээ мэдэгдсэн. Энэ хүрээнд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолыг баталсан байдаг.
Уг тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх үүднээс 2026 оноос эхний ээлжид Чингэлтэй дүүргийн 68 айл, өрхөд нарны хавтан, батарейн системийг нэг техникийн нөхцөлтэйгөөр суурилуулж, төвийн шугамд холбох ажлыг эхлүүлээд байсан бол өнөөдрийн байдлаар ногоон эрчим хүч рүү шилжсэн айл өрхийн тоо 90 орчимд хүрээд байна.
“100 мянган нарны гэр” санаачилгаар 2035 он гэхэд гэр хорооллын 100 мянган айл нарны хавтан, халаагуур, хураагуур хосолсон систем суурилуулан, буулгах яндан, нэмэрлэх цахилгаан, олох орлого бүхэн нийлж ногоон чөлөөлөлтийн өргөн зам болно. Энэ бол түлээгүй түлш, бохирдуулаагүй агаар, эрсдээгүй эрүүл мэнд, хэмнэсэн цаг мөнгө, бусдадаа өгсөн гэрэл гэгээ, дулаан, цэвэрхэн гэр орон. Энэ бол Улаанбаатарын уушгийг утсан 100 мянган яндан буулгах эхлэл хэмээн Ерөнхий сайдын тодорхойлсончлон цаашид “100 МВт тархмал эх үүсвэр” санаачилгаар аймаг, орон нутагт бие даан ажилладаг, нарны панелаас өөрийгөө бүрэн цэнэглээд хураадаг систем суурилуулж чөлөөлнө. Монгол компани, монгол инженерүүд өөрсдөө барьж босгоод, өвлийн ид гал алдах үеэр Замын-Үүдэд нэг ч удаа гэрэл цахилгаан тасраагүй шиг хэд хэдэн аймаг, томоохон сууринд төр, хувийн хэвшил түншлэн, нар, салхины станц байгуулахаар санал санаачилга гарган, зарим нь аль хэдийнэ хөрөнгө зардлаа босгосон сайн мэдээ байна. Сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг бүрдүүлэх хувийн хэвшлийн санаачилгыг нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж Засгийн газар бүрэн дэмжинэ. 3х100 хөтөлбөрийн нэг салаа шугам нь өргөн уудам нутагтаа өмнөөс умард ,баруунаас зүүн, гол замууд дагуу “100 мянган цахилгаан тээврийн хэрэгсэл түргэн цэнэглэх дэд бүтэц”-ийн өртөө байгуулах санаачилга юм. 100 ширхэг түргэн цэнэглэх өртөө байгуулах санаачилгыг Засгийн газар үндэсний компаниудтай хамтран хэрэгжүүлнэ.
Х.Өлзийжаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №015/24690/ дахь дугаарыг ЭНД-ээс уншина уу.