МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Нийгэм Ирээдүйгээ үе тэнгийн дээрэлхэлтээс чөлө...

Ирээдүйгээ үе тэнгийн дээрэлхэлтээс чөлөөлье

Цагдаагийн байгууллагад хоногтоо мянга орчим гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл  ирдгээс 25-30 орчим нь хүүхдийн эрхтэй холбоотой байдаг ажээ.

Үнэн
Админ

Цахим технологийн хурдацтай хөгжлийг дагаад хүүхэд, өсвөр үеийнхэн цахим орчинд үе тэнгийн дээрэлхэлт, сэтгэлзүйн дарамтад өртөх эрсдэл жилээс жилд нэмэгдэж байна. Монгол Улсын нийт хүн амын 80 гаруй хувь нь интернэт хэрэглэж, хүүхэд багачууд өдөрт дунджаар 3–5 цагийг цахим орчинд өнгөрүүлж буй энэ үед тэдний аюулгүй байдлыг хангах нь нэн тэргүүний асуудал болоод байгаа билээ. Тоо дурдахад,  улсын хэмжээнд өнгөрсөн  онд   хүүхэд хохирсон гэмт хэрэг 2339, хүүхэд үйлдсэн гэмт хэрэг 1135 гарч байжээ. Тэгвэл  энэ оны эхний гуравдугаар сарын байдлаар хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг 518, хүүхэд үйлдсэн гэмт хэрэг 311 бүртгэгдэж, 335 хүүхэд хохироод байна. Улсын хэмжээнд 2025 онд үе тэнгийн дээрэлхэлтийн шинжтэй 504 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс 246 буюу 48.7 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 258 буюу 51.3 хувь нь зөрчлийн шинжтэй, энэ оны эхний гуравдугаар сарын байдлаар цагдаагийн байгууллагад үе тэнгийн дээрэлхэлтийн шинжтэй 58 гомдол, мэдээлэл бүртгэгдсэний 26 буюу 44.8 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 32 буюу 55.2 хувь нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж шийдвэрлэсэн байна.

Өсвөр үеийнхний дээрэлхэлт нийгмийн хамгийн тулгамдсан асуудал болоод байгааг дээрх тоо бататгаж байна.  Үе тэнгийнхэн нэгнээ бүлэглэн дээрэлхэн давшиж, зодож, бичлэг хийж байгаа бичлэгүүдийг харсан томчуудын өр өвдөхгүй байхын аргагүй.  Үр хүүхдэдээ санаа тавьдаг эцэг эх бүр хүүхдүүдээ хэнтэй үерхэж, хичээлээ тараад харьсан эсэх, хаана байгааг нь байнга асууж байна.

Нэгнээ гадуурхах, зүй бус авирлах, зодох үйлдлийг ердийн үзэгдэл болгож болохгүй.

НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрөөс өнгөрсөн онд хийсэн судалгаагаар 13-17 насны өсвөр үеийнхний 51.3 хувь нь цахим дээрэлхэлтэд өртөж байсан бол 9-12 насны хүүхдүүдийн гуравны нэг нь мөн ийм нөхцөлд орж байсан нь тогтоогджээ.

Түүнчлэн хүүхдүүдийн 90 орчим хувь нь насны шаардлага хангаагүй ч олон нийтийн сүлжээ идэвхтэй ашиглаж байгаа нь цахим орчны эрсдэлийг улам нэмэгдүүлдэг байна. Дээрэлхэлтэд өртсөн хүүхдүүдийн ойролцоогоор тал хувь нь энэ талаар хэнд ч мэдээлдэггүй аж. Энэ нь хүүхэд, насанд хүрэгчдийн хоорондын итгэлцэл сул байгааг харуулжээ. Цахим дээрэлхэлт нь доромжилсон, гутаасан агуулга нийтлэх, хуурамч хаяг үүсгэн гүтгэх, хувийн мэдээлэл, зураг, бичлэгийг зөвшөөрөлгүй тараах, бүлгээр гадуурхах, дарамт шахалт үзүүлэх зэрэг олон хэлбэрээр илэрдэг байна. Цахим дээрхэлт нь  24 цагийн турш тасралтгүй үргэлжилдэг, богино хугацаанд олон хүнд тархах, устгах боломж хязгаарлагдмал зэргээрээ  бусад төрлийн дээрхэлтээс ялгаатай байна.  Тиймээс ч үе тэнгийнхний дээрэлтхэлтийг таслан зогсоох асуудлаар сургуулийн орчин, хууль хяналтын байгууллагаас эхлээд УИХ-аас ч хууль эрх зүйн орчныг зохицуулалт  хийхээр  Ажлын хэсэг гаргаж ажиллаж байна. Ингэснээр дээрэлхэлтэд өртсөн хүүхдийн сэтгэл зүй гүнзгий хямралд хүрч, удаан хугацаанд үргэлжлэх эрсдэл дагуулдаг аж.

 

“365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аяныг зохион байгуулж байна

Цагдаагийн байгууллага, "И-Монгол" академи УТҮГ, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран үе тэнгийнхний дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх “365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” уриатай мэдээлэл, нөлөөллийн ажлыг дөрөвдүгээр сарын 13-ны өдрөөс тавдугаар сарын 6-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Үе тэнгийнхний дээрэлхэлт нь ихэвчлэн хэд хэдэн хүүхэд нийлж хүүхдийг бие махбод, сэтгэл санааны хувьд гэмтээх, зовоох, ялгаварлан гадуурхах, айлган сүрдүүлэх, заналхийлэх зорилготой түрэмгий зан үйлээ санаатайгаар, удаа дараа биеэр, амаар болон цахим орчинд үйлдэн иргэд олон нийтийг айдаст автуулдаг байна.

Нийтийн цахим сүлжээнд цахим групп үүсгэн бусдыг дээрэлхэж гадуурхаж, эрүүл мэнд, эрх чөлөөнд нь халдах зэрэг байдлаар үйлдэгдэж байна. Мөн насанд хүрсэн хүн хувийн арга хэмжээ авах, хүүхдээ өмөөрөх зэрэг байдлаар сургууль, олон нийтийн газар бусдын хүүхдийг зодох дээрэлхэх гэмт хэрэг, зөрчлүүд бүртгэгдсээр байгаа юм.

Тиймээс “365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аяны хүрээнд хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хяналт шалгалт зохион байгуулах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үе тэнгийн дээрхэлтийн гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, дээрэлхэлтийн шинжтэй үйл ажиллагаа явуулдаг цахим группуудыг хаах, хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хөгжил, эцэг, эхийн үүрэг, хариуцлагыг таниулах, нийгмийн соёл болгон төлөвшүүлэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Цахим орчин нь хүүхдийн хөгжил, боловсролд чухал боломж олгодог хэдий ч зохисгүй хэрэглээ, хяналтгүй байдал нь эрсдэлийг нэмэгдүүлж байгаа тул гэр бүл, сургууль, төр, олон нийтийн хамтын оролцоог нэмэгдүүлж, хүүхдийг цахим болон бодит орчинд аюулгүй байлгахыг хуулийн байгууллагынхан зорьж байна.

Аяны хүрээнд “И-Монгол академи” УТҮГ-аас хүүхэд хамгааллын “E-Kids” цэсэд шаардлагатай хөгжүүлэлтүүдийг хийж, хэрэглэгчдэд илүү ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар сайжруулан, олон нийтэд таниулахаар ажиллаж байгаа юм.  Ахлах ангийн сурагчид, эцэг эх, багш нарт зориулсан сургалт, мэдээлэл, зөвлөмжийг зохион байгуулах, “E-Mongolia” платформоор дамжуулан зөвлөмж, анхааруулга, мэдлэг түгээх, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх, зөв хэрэглээний дадлыг төлөвшүүлэх ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэх ажээ.

 

Д.Будзаан: Цахим орчинд хүүхдийг хамгаалах асуудал дутагдалтай байна   

        

“365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аяны хүрээнд  ЦЕГ-ын Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх  хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Будзаанаас зарим зүйлийг тодрууллаа.

-Хүүхдийн зан авир эвдрэхэд юу нөлөөлж байна вэ?

-Эцэг, эхчүүд хүүхдийнхээ хүмүүжилд гар бие оролцох хэрэгтэй байна. Насанд хүрээгүй байхад нь цахим хаяг нээж өгч байна. Дээрэлхэлттэй холбоотой эцэг эхчүүд, эмээ өвөө нар хүүхдээ өмөөрч очоод, хүүхэд загнаж зодсон тохиолдол байгаа. Хүүхдээ зөв өмөөрч, хамгаалах хэрэгтэй. Хүүхдүүд бусдыг шоглох, инээх, хөгжилдөх зэргээр тоглодог. Гараас нь татах, хатгах зэргээр сургууль дээр болсон зүйлийг аав, ээждээ хүүхэд хэлдэг. Гэтэл аав, ээж нь тухайн шоглосон хүүхдийг загнаж, зодож байна.  Хүүхдээ хэтэрхий өмөөрөх тохиолдол байна. Энэ нь хүүхдийн хүмүүжил, төлөвшилд нөлөөлж байгаа юм. Нөгөө талаар хүүхэд бусдыг зодох, дээрэлхэх нь гэр бүлийн хүмүүжил, төлөвшилтэй шууд холбоотой. Зарим эцэг эхчүүд хэт өмөөрч байгаа бол зарим нь хүүхдээ үл хайхарч байна.

-Хүүхдийг дээрэлхэлтэд өртөж байгааг яаж мэдэх вэ?

-Бид үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой асуудлыг илрүүлэх үүднээс  хүүхдүүдээс нэр дурдахгүй  санал асуулга авдаг. Нөгөө талаас багш, сурган хүмүүжүүлэгчид энэ асуудлыг илрүүлж цагдаагийн байгууллага руу мэдээлэл хүргүүлнэ. Ингэснээр үе тэнгийн дээрэлхэлтийг удаа дараа үйлддэг асуудлыг илрүүлж байна.

-Үе тэнгийн дээрэлхэлт гарч байгаа сургуулиудад ямар зөвлөгөө өгдөг вэ. Үр дүн нь хэр байна?

-2024 онд батлагдсан Хүүхэд хамгаалах хуульд “Сургууль бүр хүүхэд хамгаалах бодлоготой байна” гэж заасан. Дээрэлхэлт, хорт зуршлаас сэргийлэх ажлыг сургууль, соёлын, сургалтын байгууллага хийх үүрэгтэй. Бид шалгалтаар яваад, зөрчил илрүүлээд шалтгаан нөхцөлийг нь арилгах үүрэг өгдөг.   Нөгөө талдаа камержуулах, хүүхдүүдэд мэдээ мэдээлэл өгч, соён гэгээрүүлэх ажлын үүрэг өгдөг. Өгсөн үүрэг, даалгаврынхаа хэрэгжилтийг хянадаг.

-Хүүхэд хамгааллын хуулийн хэрэгжилт ямар байна вэ?

-Энэ чиглэлийн ажил хариуцсан хүний хувьд Хүүхэд хамгааллын хуулийн хэрэгжилт хангалтгүй байна гэж үздэг. 

-Хүүхэд гэмт хэрэгт өрсөн хойно нь биш урьдчилан сэргийлэхэд сургуулийн орчны хүүхэд хамгааллын ажилтнууд, сэтгэл зүйч юу хийж байна вэ?

-Тэ бол хүүхэд хамгааллын багийн ажилтнууд. Энэ хүмүүс хүүхдийг хорт зуршил, хүчирхийлэл, гэмт хэргээс хамгаалах үүрэгтэй. Үүн дээр эрсдэлт бүлгийнхнийг олж илрүүлэх, холбон зуучлах үйл ажиллагааг явуулах үүрэгтэй хүмүүс. Мөн Хүүхэд хамгааллын хуулиар тухайн сум, дүүргийн Засаг дарга нь Хүүхдийн зөвлөлийн даргын алба давхар хашдаг. Жил бүр төсөв, төлөвлөгөө баталж, үйл ажиллагаагаа үнэлүүлдэг. Энэ бүхэнд үр дүн гарч байгаа ч зүйл бий.

-Аяны үр дүнг хэрхэн харж байна вэ?

-Өнөөдөр бид урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Сургуулиудаар явж, хүүхдүүдэд мэдээлэл, зөвлөгөөө өгнө. Хүүхдүүд дээрэлхэлт бол гэмт хэрэг юм байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ аяны хүрээнд гэмт хэргийн гаралтыг 3-5 хувиар бууруулахаар зорьж байна.

-Хүүхдийн байцаагчийн хувьд асуухад хүүхэд гэмт хэрэгт өртөх асуудал юунаас үүсэж байна вэ?

-Нэгдүгээрт, гэр бүлийн таарамжгүй харилцаа, ахуйн хүрээний архидан согтууралт, эцэг эхийн хүмүүжил нөлөөлж байна. Монгол Улсад хүүхэд хамгааллын тойрог эргэж байх ёстой. Гэтэл цахим орчинд хүүхдийг хамгаалах асуудал дутагдалтай байна. Хүн бүр хүүхдийн өмнө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх шаардлагатай. Эрх зүйн тогтолцоо, институцын хувьд бүрдсэн. Харин хүүхэд хамгааллын ажилтнуудаа мэргэшүүлэх шаардлагатай байна.

 

Үе тэнгийн дээрэлхэлтийн шалтгаан нөхцөл, хор уршиг, таслан зогсоох чиглэлээр санал дүгнэлт гаргах Ажлын хэсэг байгууллаа

Үе тэнгийн дээрэлхэлтийн асуудлыг хууль, эрх зүйн хүрээнд зохицуулахаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Ажлын хэсэг байгуулахаар боллоо. Энэ Ажлын хэсэг Хүний эрх, эрх чөлөөний баталгааг хангах хүрээнд үе тэнгийн дээрэлхэлтийн шалтгаан, нөхцөл, илрэлийн хэлбэр, хор уршгийг тодорхойлон үнэлж, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах үүрэгтэй. Энэ Ажлын хэсэг төрийн бус байгууллага, олон улсын байгууллагатай хамтарч хэлэлцүүлэг зохион байгуулах юм байна.

Ажлын хэсгийн дэд дарга, УИХ-ын гишүүн П.Сайнзориг “Хоёр болон түүнээс дээш хүүхдүүд үе тэнгийнхнээ дээрэлхэх хандлага байна. Гэхдээ үүнд болгоомжтой хандах хэрэгтэй. Үйлдэгдэх хэрэг нь бүлэг маягаар байна. Олон жижиг хуультай байснаас нэг л хуультай байвал эцэг эх, багш нарт хэрэглээд явахад амар. Баахан зохицуулалт хийгээд  зохион байгуулалт дутагдалтай байна. Баахан төсөв тусгачихаад зохион байгуулалтыг нь хэн хийх талаар эзэнжүүлж чадаагүй байна. Аав, ээжтэй нь хамт сургалтад суулгаж байж үр дүн гарна” гэсэн юм. 

Ийнхүү үе тэнгийнхний дээрэлхэлтийг зогсоох, цахим орчны халдлагаас  хүүхдүүдийг хамгаалах асуудлаар УИХ, холбогдох  салбарууд арга хэмжээ авч хэрэгжүүлж, аян зохион байгуулж, холбогдох хуулийг боловсруулж байна. Үүнтэй зэрэгцээд эцэг эхчүүдийг ч хүүхдэдээ зөв үлгэрлэж, хүмүүжүүлэхийг анхааруулж байгаа юм. Хууль батлагдаж, эрх зүйн орчин бүрдэж, мэргэжлийн баг  хүүхэд хамгааллын асуудлаар ажилласан ч гэр бүлийн хүмүүжил хүүхэд төлөвших суурь болж байгааг эцэг эхчүүдэд анхааруулж байна. Тиймээс ирээдүйгээ үе тэнгийн дээрэлхэлтээс хамгаалах, чөлөөлөх асуудлаар хэн бүхэн иргэний үүргээ биелүүлж ажиллах шаардлагатай.

Н.Энхбат

Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №015/24690/ дахь дугаарыг ЭНД-ээс уншина уу. 

#Нийгэм
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.