Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчилнэ
Манай улсад өнөөдрийн байдлаар 441 мянган иргэн өндөр насны тэтгэвэр авч байна. Хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиар 22 жил гурван сарын хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бол эмэгтэй 55, эрэгтэй 60 насандаа тэтгэвэрт гарч байгаа юм. 2025 оны байдлаар нийгмийн даатгалын сангаас өндөр насны болон цэргийн тэтгэвэрт гарсан 441.8 мянган хүн бүртгэлтэй байгаа бөгөөд нийгмийн халамжийн сангаас 7.9 мянган хүн өндөр насны тэтгэвэр авч байна.
Манай улсад өнөөдрийн байдлаар 441 мянган иргэн өндөр насны тэтгэвэр авч байна. Хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиар 22 жил гурван сарын хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бол эмэгтэй 55, эрэгтэй 60 насандаа тэтгэвэрт гарч байгаа юм. 2025 оны байдлаар нийгмийн даатгалын сангаас өндөр насны болон цэргийн тэтгэвэрт гарсан 441.8 мянган хүн бүртгэлтэй байгаа бөгөөд нийгмийн халамжийн сангаас 7.9 мянган хүн өндөр насны тэтгэвэр авч байна.
Үүнээс 2025 онд шинээр 22.9 мянган хүн өндөр насны тэтгэвэр тогтоолгосон бөгөөд тэтгэврийн даатгалын сангаас 23 тэрбум төгрөг зарцуулсан байна. Мөн нийгмийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврийг 61.8, тэжээгчээ алдсаны тэтгэврийг 20.6 мянган хүн тус тус авч байгаа ажээ. Түүнчлэн өндөр насны бүрэн тэтгэврийн доод хэмжээ 769, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ 652.4 мянган төгрөг байгаа бөгөөд дундаж тэтгэврийн хэмжээ 930.2 мянган төгрөгт хүрээд байна. Тэгвэл энэ тоог даруй 500 гаруй мянган төгрөгөөр нэмэгдүүлэх буюу дундаж тэтгэврийн хэмжээг 1.5 сая төгрөгт хүргэх шаардлагыг ахмадуудын зүгээс илэрхийлсээр ирсэн. Гэтэл ахмадуудын энэ шаардлагыг гүйцэлдүүлэхэд улсын төсөвт 4.6 их наяд төгрөг шаардлагатайг салбарын сайд тодотгоод салбар яам дангаараа шийдвэр гаргах боломжгүй буюу улсын төсвийн боломж, нөхцөлтэй уялдуулан УИХ-аар хэлэлцэж байж шийдвэр гаргана гэдгийг учирласан юм.
Харин ахмад настнуудын хөдөлмөр эрхлэлтийн тухайд улсын хэмжээнд 58.1 мянган хүн өндөр насны тэтгэврээ тогтоолгосон ч ажил хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд тухайн иргэн өөрөө хүсвэл тэтгэврийн даатгалд хамрагдахгүй байх боломж нээлттэй. Эдгээр ахмадуудын 30.3 мянга нь өөрийн хүсэлтээр тэтгэврийн даатгалын шимтгэл төлөхөөс чөлөөлөгдсөн бол 27.9 мянга нь тэтгэврийн даатгалд хамрагдан, тэтгэврийн хэмжээгээ шимтгэл төлсөн хугацаанаасаа хамааран нэмэгдүүлэн авч байгаа ажээ. Түүнчлэн даатгуулагч насны хувьд өөрийн сонголтоор тэтгэврээ тогтоолгож байгаа бол 2026 онд ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд 5500 ахмадыг хамруулж, 14.3 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөснийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир танилцууллаа.
МАН-ын дэргэдэх СДАХ-ноос нийслэлийн гишүүд, дэмжигчдэд зориулан зохион байгуулдаг ээлжит уулзалтад салбарын сайд оролцож, хүрэлцэн ирсэн ахмадуудад тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой өнөөгийн нөхцөл байдал болон салбар яамны бодлого, зорилтоос авахуулаад ахмадуудын нийгмийн хамгаалал, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар танилцуулан тэдий санал, сэтгэгдлийг сонссон нь энэ юм. Энэ удаагийн уулзалтад салбар яамнаас ГБХНХЯ-ны Нийгмийн халамжийн бодлогын газрын дарга Ю.Отгонбилэг, Нийгмийн даатгал, хуримтлалын сангийн бодлогын газрын дарга В.Рэнцэнханд нар хүрэлцэн ирж, ахмадуудын сонирхсон асуултад хариулж, тэдний заримд бодитоор тулгамдсан асуудлын гарц шийдлийг ч хэлж өгч байсан юм. Түүнчлэн МАН-ын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг, СДАХ-ны тэргүүн Б.Гомбо, Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гантөмөр нар энэ удаагийн уулзалтад оролцсон бол нийслэлийн есөн дүүргийн ахмадуудын төлөөлөл болсон 700 гаруй ахмад настан хүрэлцэн ирж, мэдээлэл сонссон бөгөөд Т.Аубакир сайдад зарим захиас, даалгаврыг ч өгч байлаа. Салбарын сайдын мэдээлснээр манай улс ахмад настнууддаа чиглэсэн олон төрөлт бодлогыг хэрэгжүүлж байна. Тодруулбал, ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцын жилийн дундаж түвшинтэй уялдуулан жил бүрийн нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлэх, халамжийн сангаас ахмад настанд олгож буй санхүүжилт, хөнгөлөлт, тусламж, насны хишиг, асаргааны тэтгэмж олгох зэргээр төрийн бодлого хэрэгжиж байна. Ахмадуудын хувьд дээрх үйлчилгээнээс амралт, рашаан сувиллын хөнгөлөлтөд хамгийн өндөр хувиар хамрагддаг байна. Салбар яам энэ жил л гэхэд 52 амралт, сувиллын газартай хамтран ажиллахаар гэрээ байгуулан, ахмадуудаа асарч сувилахаар бэлтгэж байгаа ажээ.

Хүрэлцэн ирсэн ахмадуудын хувьд энэ удаагийн уулзалтад маш их ач холбогдол өгч, олноороо цугларсан төдийгүй өөрсдөд нь бодитоор тулгамдаж буй асуудлаас авахуулаад улс орны хэмжээний бодлогын асуудлыг ч хөндөж байлаа. Тухайлбал, дэлхий дахинаа тулгамдаад буй дайн тулаанаас үүдэлтэй түлш шатахууны хомсдол улс оронд хэрхэн тусах тухайд ямар бодлого хэрэгжүүлж байгааг лавлахын зэрэгцээ үүнээс үүдэлтэй инфляцын өсөлтийг хязгаарлах бодлого хэрэгтэй ч хэлж байсан юм. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирын оролцсон уулзалтад ирсэн ахмадуудаас 20 орчим хүн асуулт асууж, хариулт авсан. Тэдний олонх нь өнөөдрийн авч буй тэтгэвэр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг гүйцэхгүй байгааг тодотгоод тэтгэвэр нэмэгдүүлэх шаардлагатайг хэлж байв. Түүнчлэн тэтгэвэр бодох итгэлцүүрийг шинээр тогтоох шаардлагатай гэж нэг хэсэг нь хэлж байсан бол нөгөө хэсэг нь тэтгэвэр, цалин хөлсийг нэмэхээс өмнө шатахуун, мах, гурилын үнийг төрөөс барих, тогтоох нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх шаардлага тавьж буй ахмадуудын асуултад тайлбар өгөхдөө “Тэтгэврийн тогтолцоонд тулгамдаад буй зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа. Одоогийн байдлаар итгэлцүүрийн зөрүүгээс шалтгаалан бага тэтгэвэр авч буй 140 гаруй мянган ахмад настан бий” гэв. “Итгэлцүүр гэдэг нь нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн өндөр насны тэтгэврийг тэтгэвэр тогтоолгохын өмнөх шимтгэлтэй төлсөн сүүлийн 20 жилийн дотроос дараалсан таван жил буюу 60 сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас нийт ажилласан жил буюу тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд ногдох хуваарь тооцсоноор тэтгэврийн хэмжээг тогтоож байна. Даатгуулагчийн тэтгэвэр тогтоолгох цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын өнөөгийн үнэ цэнийг тодорхойлох зорилгоор итгэлцүүр буюу анх тэтгэвэр бодсон цалингийн хэмжээг өнөөгийн цалинд хүргэх тоон илэрхийллийг ашигладаг бөгөөд Засгийн газраас итгэлцүүрийг улсын дундаж цалин, хэрэглээний үнийн өөрчлөлттэй уялдуулан жил бүр баталж байна. Тиймээс цаашид тэтгэвэр бодох цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээг үнийн өсөлттэй уялдуулан шинэчлэн тогтоох шаардлагатай. Энэ хүрээнд төсвийн боломжтой уялдуулан тэтгэврийн доод хэмжээг өөрчлөн нэмэгдүүлэх судалгаа хийж, холбогдох арга хэмжээг авахаар ажиллаж байна” хэмээн Т.Аубакир сайд хариуллаа.
Тэрбээр үргэлжлүүлэн “Миний хувьд улсад шударгаар ажилласан хөдөлмөрөө итгэлцүүрийн дагуу дутуу үнэлүүлсэн ахмадуудынхаа асуудлыг эхний ээлжид шийдэх нь зүйтэй гэж харж байгаа” хэмээн тодотгоод улсын хэмжээнд итгэлцүүрээс болж тэтгэврээ багаар тогтоолгосон 140 орчим мянган ахмад настан байна гэх тооцоо судалгааг салбар яамнаас гаргаад байгааг хэлсэн. Тийм ч учраас Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хувьд тэтгэврийн энэ зөрүүг арилгахад шаардагдах төсөв хөрөнгийг улсын төсөвт тусгуулахаар ажиллаж буйгаа дуулгалаа.
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №015/24690/ дахь дугаарыг ЭНД-ээс уншина уу.