МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Эдийн Засаг Шатахууны хомсдол, үнийн өсөлтийн эсрэг...

Шатахууны хомсдол, үнийн өсөлтийн эсрэг бүх талын хариу арга хэмжээг авч байна

Монгол Улс ойрын хугацаанд шатахууны хомсдолд орохгүй. Дэлхий нийтэд  үүссэн дайны нөхцөл байдалтай холбоотойгоор  шатахууны  хомсдол үүсэх,  улмаар үнэ өсөх бодит эрсдэл үүсээд буй энэ үед Засгийн газар нийлүүлэлтийг хэвийн үргэлжлүүлэхэд гол анхаарлаа хандуулан ажиллаж байгааг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням онцолж байна. Учир нь манай улс ОХУ-тай газрын тосны бүтээгдэхүүн тогтвортой нийлүүлэх хэлэлцээртэй.

Үнэн
Админ

Монгол Улс ойрын хугацаанд шатахууны хомсдолд орохгүй. Дэлхий нийтэд  үүссэн дайны нөхцөл байдалтай холбоотойгоор  шатахууны  хомсдол үүсэх,  улмаар үнэ өсөх бодит эрсдэл үүсээд буй энэ үед Засгийн газар нийлүүлэлтийг хэвийн үргэлжлүүлэхэд гол анхаарлаа хандуулан ажиллаж байгааг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням онцолж байна. Учир нь манай улс ОХУ-тай газрын тосны бүтээгдэхүүн тогтвортой нийлүүлэх хэлэлцээртэй.

Энэ хэлэлцээрийн  бүрэлдэхүүн хэсэг болох агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улс,  ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулах төслийг холбогдох байнгын хороодоор дэмжсэн. Үүний дагуу Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням  энэ өдрүүдэд ОХУ-д айлчилж байна. Тус айлчлалаар энэхүү гэрээнд талууд гарын үсэг зурснаар УИХ-аар соёрхон батална. Ингэснээр нефтийн бүтээгдэхүүний импортынхоо 97 хувийг ОХУ-аас авдаг манай улс гэрээ, эрх зүйн хувьд хамгаалалттай болно гэсэн үг.

Түүнчлэн тус айлчлалын үеэр тогтворжуулсан үнээр дизель түлш болон бусад газрын тосны бүтээгдэхүүнийг худалдан авах талаарх яриа хэлэлцээрийг хийх юм. ОХУ-ын зүгээс “Нийлүүлэлтийг тасалдуулахгүй, хангамжийн тал дээр ямар нэг асуудал үүсэхгүй” гэдгийг манай улсад мэдэгдэж буй. Энэ тохиолдолд  ОХУ-ын талаас олон жилийн нөхөрсөг харилцааны хүрээнд АИ-92 бензиний үнийг тасалдуулахгүй, нэмэхгүй гэдэг хэлэлцээр хэвээр хадгалагдана. Харин дизель түлшний хувьд дэлхийн зах зээлийн ханшаар явахаас өөр гарцгүй.  Ийнхүү Ойрхи Дорнодын дайны улмаас шатахууны үнийн өсөлтөөс илүү нийлүүлэлтийг тогтмол хадгалахад  Засгийн газар анхаарч ажиллаж байна. Мэдээж шатахууны  үнийн өсөлтийн эсрэг бүх талаар ажиллахаа Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал тодорхой илэрхийлж буй.

 Түүнчлэн шатахууны нөөцийн сав барьж байгуулах ажил хэдийнэ гараанаас гарсан. Тодруулбал, Засгийн газраас гаргасан бодлогын шийдвэрийн хүрээнд манай улсад өнгөрсөн 36 жилийн хугацаанд хийгээгүй ажлыг бодитоор үйлдэл  болж, урагшлуулсан нь гарцаагүй сайн мэдээ. Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийг өнгөрсөн оны сүүлчээр баталсан байдаг. Энэ хүрээнд шатахууны нөөц сав барьж босгох аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгох боломжийг бүрдүүлсэн юм. Тэгвэл тус бодлогын дүнд энэ хавар гэхэд 285 мянган куб метрийн багтаамж бүхий шатахууны нөөцийн сав барихаар төлөвлөсөн бөгөөд аж ахуйн нэгжүүд эхнээсээ барилгын ажлаа эхлүүлээд байгаа ажээ. Ингэснээр манай улс энэ жилдээ багтаад 150 мянган куб метр нөөцийн савтай болно. Энэ ажил гурав орчим жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд үр дүнд нь манай улс 3-4 сарын хэрэглээнийхээ шатахууныг нөөцлөх боломжтой болох юм. Өнөөдрийн байдлаар  Монгол Улс 26-27 хоногийн шатахуун нөөцлөх боломжтой байгаа  юм. Тэгвэл Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогын үр дүн  энэ жилээс гарч, нөөцийн савны хэмжээ нэмэгдэх бодит боломж бүрдэнэ. Энэ бол газрын тосны салбарт Засгийн газраас хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ойрын бодлого.

 

Харин цаашдаа буюу  дунд хугацаанд бид юу хийх вэ. Нефтийн бүтээгдэхүүнээ 100 хувь импортоор авдаг манай улсын хувьд энэ тухайд олон хувилбар, нөөц төлөвлөгөөтэй байх шаардлагатай. Тийм ч учраас зөвхөн ОХУ-тай хийсэн хэлэлэцээрт найдах бус бусад улс оронтой харилцаа холбоо тогтоох шаардлага байна хэмээн Засгийн газар үзэж буй. Энэ ч үүднээс цаашид БНХАУ-тай газрын тосны салбарт хамтран ажиллах Засгийн газар хоорондын албан ёсны хэлэлцээртэй болохоор бэлтгэж хангаж  буйг салбарын сайд мэдээлсэн.  Манай улсын зүгээс БНХАУ-аас авах шатахууны хэмжээг нэмэгдүүлэх сонирхолтой ч  өнөөгийн нөхцөлд БНХАУ шатахууны экспортын квотоо тодорхой хэмжээнд хязгаарласан гэдгээ мэдэгдсэн. Тиймээс энэ асуудал цаашдын хэлэлцээрээс ихээхэн шалтгаална. Түүнчлэн Казахстан улстай энэ төрлийн хэлэлцээртэй болох санаачилгыг ч гаргаж буй.  Манай улсаас дээрх хоёр улсад хамтын ажиллагааны хүсэлтээ албан ёсоор илэрхийлээд байгаа ажээ.

 

АИ-92 бензин 41, дизель түлш 28 хоногийн нөөцтэй байна

-Манай улс нөөдрийн байдлаар АИ-92 автобензин 41 хоногийн нөөцтэй байгаа бол дизель түлш 28 хоногийн нөөцтэй байна. Улмаар газрын тосны бүтээгдэхүүний 42 хоногийн нөөцтэй байгааг салбар яамнаас мэдээлж байна.  Урьдчилан таамаглах боломжгүй нөхцөлд шатахууны үнийн өсөлт бус тасалдал хомсдол үүсэх нь манай улсын дотоодод  томоохон асуудал үүсгэдэг. Тэгвэл Ойрхи Дорнодын дайн удаан хугацаанд үргэлжилбэл ирэх зун, намар шатахууны хомсдол үүсэх вий гэх болгоомжлол бий. Энэ тухайд Аж үйлдвэр, эрдэс баяслгийн яамны  Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Хишигдалайгаас тодруулахад тэрбээр  “Шатахууны хомсдол үүсэж буй үндсэн шалтгаан нь нэгт, хадгалах савны багтаамж муу буюу 27 хоног нөөцлөх боломжтой. Гэтэл олон улсын жишгээр, хамгийн багадаа 3-6 сарын нөөцөлж байна.

Хоёрт, АИ-92 автобензиний тухайд урин дулааны улирал эхэлж байгаатай холбоотой ОХУ-д аялал жуулчлалын салбар нь идэвхэждэг. Үүнийг дагаад автобензиний эрэлт, хэрэгцээ ихэсдэг. Манай улсын хувьд мөн адил. Дотоодын аялал жуулчлал тавдугаар сараас эхлэн наймдугаар сар хүртэл идэвхтэй байдаг. Гэтэл нөөцлөх савгүй. Улмаар хоёр талд зэрэг хомсдол үүсэхээр бидэнд асуудал үүсдэг. Өнөөдрийн байдлаар манай улс газрын тосны бүтээгдэхүүний 42 хоногийн нөөцтэй байна. Үүнийг энэ хэмжээнээс буулгахгүй байх талаас нь анхаарч ажиллана. Хоёрт, ОХУ-ын талтай газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтвортой байх чиглэлд байнга ярилцаж байна. Гуравт, үнийн өсөлттэй холбоотой аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн доголдол үүсдэг. 700 ам.доллароор авч байсан дизель түлш 1400 ам.доллар болоход өнөөдөр 100 төгрөгөөр эргэлддэг байсан бол 200 төгрөгөөр эргэлдэх шаардлагатай болдог.

Үүнд эргэлтийн хөрөнгө шаардлагатай. Аж ахуйн нэгжийн зарим нь банкны шаардлага хангах боломжгүй зээлийн эрсдэлийн хэмжээ тулсан байдаг. Энэ эрсдэлийг зохицуулахын тулд бид тодорхой хэмжээний эргэлтийн хөрөнгийн зээл олгох асуудлыг судалж байна. Үүн дээр банкны нөхцөл шаардлагыг хангахын тулд Засгийн газрын баталгаа гаргах нөхцөл шаардлага үүснэ. Үүнд холбогдох яамд судалгаа гаргаад ажиллаж байна. Бидний зүгээс аль болох шатахууны нөөцийг бүрдүүлж, тоо хэмжээг бууруулахгүй байх талаас зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллаж байна. Манай яамны зүгээс олон улсад үүсээд буй нөхцөл байдалтай холбоотой үнийн өсөлтөөс илүү хангамжийн тогтвортой байдал талаас анхаарч ажиллаж байна. Түүнчлэн  олон улсад үүсээд буй нөхцөл байдлыг сөрөг нөлөөллийг бага ч болтугай бууруулах зорилгоор хаврын тариалалтыг бид дэмжиж ажиллаж байгаа. Хаврын тариалалтад тодорхой хэмжээнд тогтворжуулсан үнээр нийлүүлэхээр аж ахуйн нэгж компаниудтай гэрээ байгуулаад ажиллаж байна. Хаврын тариалалтад дунджаар 7000 орчим дизель түлш хэрэглэдэг гэсэн тооцоог ХХААХҮЯ-наас өгсөн. Энэ хэмжээний бүтээгдэхүүнийг бид ямартаа ч нийлүүлнэ.

Хамгийн гол нь, бусад барилга, уул уурхайн салбар  тодорхой хэмжээний өссөн үнийн бүтээгдэхүүнийг худалдан авалт хийхээс өөр аргагүй. Монгол Улс сард 140 орчим мянган дизель түлш хэрэглэдэг” хэмээн тайлбарлалаа. Түүний  мэдээлснээр магадгүй Ойрхи Дорнодын дайн зогссон ч уршгаар нь газрын тосны олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаа эрхэлдэг тухайн бүс нутгийн маш олон үйлдвэр, боомт эвдэрч гэмтсэн байна. Тиймээс үүнийг засварлах нөхөн сэргээх хугацаа доод тал нь зургаан сар. Иймд дайн дуусвал түүхий тосны үнэ буурах ч бэлэн бүтээгдэхүүний үнэ богино хугацаанд буурахгүй. Аажмаар буурах хандлагатай байгааг хэлж байна.  

М.Өнөржаргал

 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.