МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Намын даргын бодлого, үйл ажиллагаа Мөнгө хүүлэлтийг зогсоох цоо шинэ хөшүүр...

Мөнгө хүүлэлтийг зогсоох цоо шинэ хөшүүрэг “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилга

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал УИХ-ын даргаар ажиллаж байхдаа дэвшүүлсэн “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилга, эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн бодлогоо Монголын хөгжлийн шинэ чиг баримжааг тодорхойлох Засгийн газрын гол бодлого болгон хэрэгжүүлэхээр зарласан нь улс төрд гол сэдвийн нэг хэвээр байна. “Эдийн засаг, нийгмийн шинэчлэл рүү чиглэсэн цогц реформын суурь” болно хэмээн үзэж буй “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилгын цөм нь хувь хүн, бизнес, зах зээл, төрийн оролцоог оновчтой тэнцвэржүүлж, хэт төвлөрсөн тогтолцоог задлан, бүтээмж болон өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэж буй.

Үнэн
Админ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал УИХ-ын даргаар ажиллаж байхдаа дэвшүүлсэн “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилга, эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн бодлогоо Монголын хөгжлийн шинэ чиг баримжааг тодорхойлох Засгийн газрын гол бодлого болгон хэрэгжүүлэхээр зарласан нь улс төрд гол сэдвийн нэг хэвээр байна. “Эдийн засаг, нийгмийн шинэчлэл рүү чиглэсэн цогц реформын суурь” болно хэмээн үзэж буй “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилгын цөм нь хувь хүн, бизнес, зах зээл, төрийн оролцоог оновчтой тэнцвэржүүлж, хэт төвлөрсөн тогтолцоог задлан, бүтээмж болон өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэж буй.

Дөрвөн чөлөөлөлтийн нэг нь “эдийн засгийн чөлөөлөлт” байх бөгөөд энэ бодлогын хүрээнд Засгийн газар мөнгө хүүлэлтийн эсрэг дорвитой арга хэмжээ авах нь гэсэн хүлээлт нийгэмд хэдийнэ үүсжээ. Монгол Улсын банкны салбарт, банкны зээлийн жигнэсэн дундаж хүү 17-20 хувьтай, ББСБ-ын дундаж хүү 30-42 хувьтай байгаа. Эндээс Монгол бол “Мөнгө хүүлэлтийн диваажин” болсон гэдэг нь харагдахаас гадна иргэн, ААН-үүд банкны зээлд дарлагдаж, урд хормойгоо авч хойд хормойгоо нөхөх хэлбэртэй амьдарч буй нь үнэн. Өрөнд баригдсан үйлдвэрүүд үүд хаалгаа хааж, ажилчдаа цомхотгож, айл өрхүүдийн амьдрал доройтож байгаа нь бас үнэн.

Ерөнхий сайд Н.Учралын санаачилгын дагуу Европ, Азийн зарим улс орны арилжааны банкууд Монгол Улсын банк санхүүгийн зах зээлийг сонирхож, чөлөөт өрсөлдөөнд оролцох сонирхолтой байгаагаа эхнээсээ илэрхийлж эхэлсэн. Одоогийн байдлаар зээлийн хүү бууруулах Мөнгө хүүлэлтийн эсрэг хуулийн төсөл санаачлан, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж, арилжааны банкуудын мөнгө хүүлэх технологи, монополчлолыг халах асуудал нэлээн хүчтэй яригдаж байна. Уг хуулийн төслийг УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг боловсруулж, тодорхой судалгаануудыг хийж байгаа аж.

Баримт өгүүлэхэд, 2010 онд банк, санхүүгийн зах зээлд 3.2 их наяд төгрөгийн зээл эргэлдэж байсан бол 2025 оны байдлаар 40 орчим их наяд төгрөгийн зээл эргэлдэж байна. Арилжааны банкууд 2024 онд нийтдээ нэг их наяд 700 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Дотор нь задалж харвал, Хаанбанк  638 тэрбум, Голомт банк 406 тэрбум, Худалдаа хөгжлийн банк 298 тэрбум, Хасбанк 171 тэрбум  Төрийн банк 107 тэрбум төгрөгийг ашиг олжээ. Гэвч 2010 оноос хойш бүтэн 16 жилийн турш зээлдэгчийн тоо ихэссэн ч зээлийн хүү огт буураагүй. 2010 онд хэрэгжиж байсан зээлийн хүү нам гацаж, арилжааны банкуудын ашиг өссөөр байгаа нь Их зохиолч Д.Нацагдоржийн “Цагаан сар ба хар нулимс” өгүүллэг дэх “Цэрмаагийн турсан, Дагдангийн эхнэрийн таргалсан хоёр яг тэнцэнэ” гэсэн мөрүүдийг сануулах аж.

Эрх зүйн хүрээнд мөнгө хүүлэлтийг зогсоох бодлого нь Монгол Улсын тухайд цоо шинэ хөшүүрэг, анхны жишээ мөн боловч олон улсын хэмжээнд шинэ зүйл биш. Түүх сөхвөл бүүр XIII зуунаас эхлэлтэй. Эртний Английн эрх зүйд бусдаас аливаа нөхөн төлбөр авахыг мөнгө хүүлэх гэмт хэрэгт тооцдог байсан бөгөөд XIII зуунд худалдаа, арилжаа хөгжин тэлэхийн хэрээр зээлийн хэрэгцээ ихсэж, эндээс мөнгө хүүлэх тухай ойлголт гарч иржээ. Үүнийг өөрчлөхийн тулд 1545 онд Англи “Мөнгөний хүүгийн дээд хязгаарыг хуулиар тогтоосон” байна. Энэ туршлагыг сүүлийн 45 жилд 90 улс орон өрнөдийнхөн болон бусад улс орнууд хэрэгжүүлээд явж байна. Мөнгө хүүлэх буюу хэт өндөр хүүтэй зээлийг хязгаарлах зорилгоор хууль эрх зүйн зохицуулалт хийж, тодорхой үр дүнд хүрсэн дэлхийн олон улс орнуудын жишгээс товчлон хүргэе.

Ерөнхий сайд Н.Учралын хэрэгжүүлэхээр зорьж буй “Чөлөөлье” бодлого, мөнгө хүүлэлтийн эсрэг арга хэмжээ, арилжааны банкуудын зээлийн хүү бизнест нөлөөлж буй эсэх асуудлыг бизнес эрхлэгчдээс тодрууллаа.

 

“Сэтгэшгүй” эмнэлгийн их эмч С.Хүрэлбаатар: Ерөнхий сайдын зээлийн хүү бууруулах санаачилгыг бизнесийнхэн дэмжиж байна

-Монголын арилжааны банк, санхүүгийн зах зээлд зээлийн хүү үнэхээр өндөр. Гаднын хөрөнгө оруулалт орж ирлээ гэж ярьдаг ч нөгөө талдаа жирийн бизнес эрхлэгч, жижиг дунд үйлдвэрлэгчид хамгийн хүнд дарамттай нөхцөлд ажиллаж байна. Жишээ нь “Оюутолгой” төсөл дээр 66 хувийг нь гадаад тал эзэмшиж, 34 хувийг Монголын Засгийн газар эзэмшиж байгаа. Энгийнээр ойлговол орлогын ихэнх хэсэг гадагшаа урсаж, харин дотоодод үлдэх хувь нь бага байна гэсэн үг. Үүнтэй адил банкны зээлийн хүү өнөөдөр 24–30 хувь хүрчихсэн байгаа нь бизнесийн амьдралд шууд дарамт болж байна. 100 сая төгрөгийн зээл авлаа гэхэд жилийн эцэст 30 орчим саяыг зөвхөн хүүд төлнө. Ингээд бодоход бодитоор бизнес дээр үлдэх мөнгө нь 70 сая болж буурч байгаа юм.

Харин дэлхийн зарим оронд жижиг дунд бизнесийн зээлийн хүү гурван хувь орчим байдаг. Тэр жишгээр бодвол 100 саяын зээл авсан хүн ердөө гурван саяыг хүү болгож төлөөд, 97 саяыг нь бизнестээ ашиглаж байна. Энэ хоёр асар том ялгаатай байгаа биз. Тиймээс зээлийн хүүг бууруулахын тулд зөвхөн дотоодын банкуудын бүтцийг ярихаас гадна банк санхүүгийн зах зээлд өрсөлдөөн оруулах шаардлагатай гэж харж байна. Гаднын банкуудыг оруулж ирснээр жинхэнэ өрсөлдөөн бий болж, зээлийн хүү, нөхцөл аяндаа буурах боломжтой. Сүүлийн үед Ерөнхий сайд Н.Учрал энэ чиглэлээр тодорхой байр суурь илэрхийлж байгаа. Н.Учралын энэ байр суурийг үнэхээр дэмжиж, хийгээсэй гэж бодож байна. Үгээ хэл гэвэл хэлнэ, жагс гэвэл жагсана. Хэрвээ энэ ажил урагшилбал зөвхөн банкны салбар биш, нийт эдийн засгийн орчин өөрөө өөрчлөгдөнө.

Өөр нэг байр суурь хэлэхэд манай татвар, санхүүжилтийн тогтолцоог арай өөр өнцгөөс харах хэрэгтэй санагддаг. Жишээ нь, Туулын хурдны зам шиг томоохон төслүүдэд зарцуулж байгаа их хэмжээний хөрөнгийг шууд төсөвлөж зарцуулахын оронд арилжааны банкуудын механизмаар дамжуулж, бизнесүүдэд бага хүүтэй зээлж, үйлдвэрлэлүүдийг сэргээх хэрэгтэй. Гэхдээ зүгээр нэг зээл өгөөд орхих биш, тодорхой нөхцөл тавих нь зөв байх. Нэг компанид “Та махны үйлдвэр барихаар гурван хувийн хүүтэй зээл авлаа. Үйлдвэрээ барьж ашиглалтад оруулсны дараа үйл ажиллагаа явуулахаар төр ашгийн татвараа авна” гэсэн зарчмаар явбал илүү үр дүнтэй. Энэ бол бизнес эрхлэгчийн санхүүгийн дарамтыг шууд бууруулж, эргэлтийн хөрөнгийг өсгөж, ажлын байр бий болох хурдыг эрс нэмэгдүүлнэ. Ингэснээр төрийн хөрөнгө оруулалт зөв чиглэлтэй болж, бизнесүүд ч бодитой өндийж, татварын орлого ч урт хугацаандаа тогтворжино.

Тийм учраас гадаадын банкуудыг зах зээлд оруулж ирж, зээлийн хүүг бууруулах санаачилга гаргасан Ерөнхий сайд Н.Учралын алхмыг маш зөв гэж харж байгаа. Гадаадын банк яригдахаар нийгэмд нэг буруу ойлголт гарч ирдэг. “Гаднын банк орж ирвэл улсын хөрөнгө алдагдана, эдийн засаг гаднын хяналтад орно” гэх мэтээр айдас төрүүлсэн яриа их явдаг. Гэхдээ бодит байдал өөр шүү. Өнөөдөр дотоодын банкуудаас 24–30 хувийн өндөр хүүтэй зээл авч, бизнесээ арай гэж авч явж байгаа ААН-үүд гадаадын банкны бага хүүтэй, өрсөлдөөнтэй санхүүжилтээс яагаад айх ёстой гэж.

Хөрөнгөө алдах тухай яриа ч бас хэтрүүлэг. Хэн ч зүгээр мөнгө аваад алга болохгүй. Бүх зүйл барьцаа, гэрээ, эрсдэлийн үнэлгээнд суурилна. Энэ бол үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн асуудал биш, харин санхүүгийн зах зээлийн өрсөлдөөнийг нээж өгч байгаа процесс. Ерөнхий сайд Н.Учрал энэ асуудлыг зөв тооцоолж, зөв өнцгөөс нь харсан байна билээ. Зах зээлд өрсөлдөөн оруулахгүйгээр зээлийн хүү буурах боломж байхгүй. Монголд өнөөдөр энэ талаар ярьж, ойлгож, дэмжиж байгаа бизнес эрхлэгчид олон болсон. Тиймээс энэ бол ганц хүний санаа биш, харин аль хэдийнэ хуримтлагдсан бодит хүлээлт гэж хэлж болно. Хэрвээ зөв хэрэгжвэл Монголын санхүүгийн зах зээлд том өөрчлөлт авчрах алхам болох нь гарцаагүй.

 

Л.Индра: Зээлийн хүү өндөр учраас ЖДҮ хөгжихгүй байх нь аргагүй

“Марал дизайн” ХХК-ийн захирал 

Манайх арьсан эдлэл үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг ЖДҮ. Хөдөө аж ахуйд суурилсан ЖДҮ-үүд дотор түүхий эдээ шууд экспортлох боломжтой ноос, ноолуур ч юм уу эдгээр чиглэлийнхэн эргэлт хамаагүй хурдантай. Манай арьс ширний салбарт ийм давуу тал байхгүй. Бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, борлуулах гэх мэт дамжлагыг давсаар цаг хугацаа алддаг тул хөгжил муутай. Арьсны чанар муухан, эрэлт удаан байдаг тул бид санхүүгийн боломж бололцоондоо захирагдаж, хийсэн жаахан бүтээгдэхүүнээ гадагш экспортолж байна. Гаднаас хямд үнэтэй бүтээгдэхүүн маш их орж ирдэг. Борлуулалт өндөр байдаг учраас бид бүтээгдэхүүнээ дотооддоо бараг зарж чаддаггүй. Ийм хүнд нөхцөлд санхүүгийн маш том бэрхшээл туулж байна.

Үйлдвэрлэлээ тэлэхийн тулд байгаа бүх хөрөнгө, орон гэр, машин, обьектоо тавиад зээл авдаг ч арилжааны банкны үнэлгээ маш муу. Зах зээлийн ханшаар хэдэн зуун саяд хүрэх эд хөрөнгийг банк хэдхэн төгрөгөөр үнэлж аваад, маш богино хугацаатай, өндөр хүүтэй зээл олгохоор ЖДҮ хөгжихгүй байх нь аргагүй юм байна. Бид чинь бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, зах зээлд гаргаж, борлуулж байж ашиг олно. Гэтэл тэр хүлээгдэж байгаа ашгаасаа өмнө зээлийн дарамтад орчихдог. Үнэндээ зээлээс зээлийн хооронд л амьдарч байна. Банк зээл олгохдоо үнэлгээ хийнэ, шалгана гэж уддаг. Тэр хооронд өөр газраас авсан зээлээ нөхөх гэж дахиад зээл авна. Ийм нэг чөтгөрийн тойрог үүсчихээд байна. Зээлийн эргэн төлөлтөд санаа тавьж, муу зээлийн ангилалд орохгүйн тулд дахиад хувь хүн, ББСБ-аас өндөр хүүтэй зээл авахаас өөр арга байдаггүй.

Манай үйлдвэр өмнө нь 20 гаруй ажилтантай байсан бол одоо тал нь л үлдлээ. Заримдаа бүр “байгаа бүх хөрөнгөө зараад үйлдвэрлэлээ зогсоодог юм уу” гэж бодогдох үе ч байна. Төрөөс зээлийн хүүд анхаарна, зээлийн хүүг бууруулна гэсэн зүйл ярьдаг, сураг гардаг ч яг бодитой бууж ирсэн юм алга байна. ЖДҮ-ийг дэмжинэ, “Цагаан алт” хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж байгаа нь сайн хэрэг ч бүх ЖДҮ-ийг адилхан харж болохгүй л дээ. Салбар бүрийн эргэлтийн хугацаа өөр. Тэрийг бодолцож, шатлалтай бодлого хэрэгжүүлэхгүй бол арьс шир шиг салбар хөгжихөд хэцүү. Арьс ширээр эцсийн бүтээгдэхүүн хийдэг манайхтай ижил төрлийн үйлдвэрүүд бол үнэхээр хүнд байгаа. Манайд хамгийн их хөгжиж, хөлжиж байгаа салбар бол банк санхүүгийн салбар, мөнгө эргэлдүүлдэг байгууллагууд л байна. Яриад байгаа хөгжил бодит бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ЖДҮ-үүд дээр бол мөд бууж ирдэггүй. Ядаж төрөөс хэрэгжүүлж буй янз бүрийн хөтөлбөрийг дагасан зээлийн санхүүжилтийн нөхцөл салбар, үйлдвэрлэгч бүрийн онцлогт тохирсон өөр өөр хэлбэртэй байдаг. Зах зээлийн бодитой судалгаатай хэрэгждэг байвал сайн байна.

 

Мөнгө хүүлэхийн эсрэг бодлого: Олон улсын туршлага

Япон: 2006 онд тус улс зээлийн хүүд дээд хязгаар тогтоожээ. Японд “саарал бүсийн хүү” хэмээн нэрлэгддэг хууль ёсны болон хууль бусын завсарт орших өндөр хүүтэй зээл өргөн тархсан байсан бол энэ шинэчлэлийн явцад бүрэн шахагдсан байна. Мөн зээлдэгчдэд илүү төлсөн хүүг буцаан олгох эрх зүйн орчин бий болсноор зээлийн зах зээл ил тод, тогтвортой болжээ.

Өмнөд Солонгос: Зээлийн хүү хэт өндөр болсон тул 2000-аад оны эхээр хууль, эрх зүйн зохицуулалт хийжээ. Ингэхдээ зээлийн хүүг огцом биш үе шаттай бууруулж, 2021 он гэхэд амжилттай үр дүнд хүрсэн байна. Энэ хугацаанд хэрэглэгчдийн ашиг сонирхлыг хамгаалсан хууль тогтоомж сайжирч, санхүүгийн байгууллагуудад тавих хяналт нэмэгджээ. Дагаад иргэдийн санхүүгийн боловсрол дээшилж, хууль бус зээлдэгчдийн үйл ажиллагаа хумигдаж, иргэдийн өрийн дарамт буурсан байна.

АНУ: Тус улсын мөнгө хүүлэлтийн эсрэг бодлого нэгдмэл биш. Муж улсын түвшинд өөр өөр. Тухайлбал, Нью-Йорк, Арганзас зэрэг мужид зээлийн хүүгийн дээд хязгаарт хатуу хувь тогтоожээ. Өндөр хүүтэй зээлийг бараг бүрэн хязгаарласан. Мөн богино хугацаатай, өндөр хүүтэй олгодог жижиг зээлд хяналт тавьж, хэрэглэгчдийг хамгаалах тусгай байгууллагууд ажилладаг.

Франц: Зээлийн хүүгийн дээд хэмжээг зах зээлийн нөхцөлтэй уялдуулан тогтоодог тогтолцоотой тус улсын төв банк улирал тутамд “usury rate” буюу зээлийн хүүгийн дээд хязгаарыг зарлаж, банк, арилжааны банк болон ББСБ-ыг энэ хэмжээнээс давсан хүүтэй зээл олгохыг хориглодог. Энэ тогтолцоо нь зээлийн зах зээлийг тогтвортой байлгаж, иргэн, ААН-ийг хэт өндөр хүүгээс хамгаалах механизм болж чаджээ.

Бангладеш: Банк, санхүүгийн салбартаа онцгой анхаарч, ядуу иргэдэд чиглэсэн зээлийн хүүг зохицуулах бодлого хэрэгжүүлжээ. Банк, санхүүгийн байгууллагуудын хүүг тодорхой дээд хязгаарт барьж, үйл ажиллагаанд нь хяналт тавьснаар бага орлоготой иргэд санхүүгийн үйлчилгээ авах боломж нэмэгдэж, хэт өндөр хүүгийн дарамт тодорхой хэмжээнд буурсан байна.

Герман: Мөнгө хүүлэхийг хатуу хуульчилсан орнуудын нэг. Иргэний хуульд “хэт өндөр хүү”-г зохицуулах заалтыг тодорхой тусгаж өгсөн. Хэрэв зээлийн хүү нь зах зээлийн дундаж түвшнээс хоёр дахин их байвал хууль бус гэж үзэх үндэслэл болдог байна. Мөн зээлдэгчийг хохироосон, шударга бус гэрээг хүчингүй болгох боломж шүүхийн практикт өргөн хэрэглэгдэж аж. Иргэний хуулийн энэ заалт нь Германы санхүүгийн зах зээл, зээлийн орчныг харьцангуй тогтвортой байлгадаг.

Их Британи: Богино хугацааны өндөр хүүтэй зээлийг хязгаарлах чиглэлээр онцгой арга хэмжээ авч, 2015 оноос эхлэн Санхүүгийн зохицуулах байгууллага нь зээлийн өдрийн хүү, нийт төлөх дүнгийн дээд хязгаар тогтоож, зээлдэгч нийт зээлийн дүнгээс хоёр дахин их төлбөр төлөхийг хоригложээ. Мөн торгууль, алдангийн хэмжээг ч хязгаарласан Энэ бодлогын үр дүнд өндөр хүүтэй, богино хугацаатай зээлийн зах зээл эрс хумигдаж, хэрэглэгчдийн санхүүгийн дарамт мэдэгдэхүйц буурчээ.

Энэтхэг: Мөнгө хүүлэхийн эсрэг бодлого хэрэгжүүлдэг. Ялангуяа микросанхүүгийн байгууллагуудад зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоож өгчээ. Мөн санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаанд хатуу хяналт тавьж, зээлдэгчдийг хамгаалах журам гаргаснаас хойш хэт өндөр хүүтэй зээлийн дарамт тодорхой хэмжээнд буурсан байна.

Д.Отгонжаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №015/24690/ дахь дугаарыг ЭНД-ээс уншина уу. 

 

 

 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.