Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.05.21/ Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.
Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг зохион байгуулах гэж буйтай холбогдуулан цөлжилттэй тэмцэх, ногоон бодлогыг амьдралд ойртуулах хүрээнд Монгол Улсын Засгийн газраас уг хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг боловсруулсныг дурдаад дэлхий нийтийн өмнө хүлээсэн үүргээ үүгээр биелүүлж байна гэж байлаа.
Монгол Улс Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцыг 1993 онд, конвенцын Парисын хэлэлцээрийг 2016 онд тус тус Улсын Их Хурлаар соёрхон баталж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох чиглэлээр олон улсын өмнө үүрэг, амлалт хүлээсэн байна.
Гэвч Монгол Улс нүүрстөрөгчийн өндөр агууламжтай эдийн засгийн бүтэцтэй хэвээр байгаа аж. Үндэсний эрчим хүчний системийн нийлүүлэлтийн 90 орчим хувь нь нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станцаас бүрдэж, мал аж ахуйн салбар нийт хүлэмжийн хийн ялгарлын томоохон эх үүсвэр болж байна. Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, сэргээгдэх эрчим хүч, ногоон хөгжил, тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээг дэмжихийн зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлтийн улмаас байгаль орчин, нийгэм, эдийн засаг, хүний эрүүл мэндэд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах шаардлага үүссэн гэж төсөл санаачлагчид үзжээ.
Иймд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх, Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилт, арга хэмжээг урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлэх, ногоон санхүүжилт, карбон зах зээлийг хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах нэгдсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулсан байна.
Хуулийн төсөл нь нийтлэг үндэслэл, төрийн байгууллагын бүрэн эрх, уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, шинжилгээ, дасан зохицох болон даван туулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, ногоон санхүүжилт, карбон зах зээл, мэдээллийн сан, ил тод байдал, хяналт-шинжилгээ, хариуцлагын зохицуулалт бүхий нийт 9 бүлэг, 32 зүйлээс бүрдэх бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийн засаглалын нэгдсэн тогтолцоог бий болгохоор тусгасан байна.
Хуулийн төсөлд зарчмын шинжтэй дараах зохицуулалтыг тусгажээ. Тухайлбал, “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай” хуулийн төсөлд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, арга хэмжээг шинжлэх ухаанд суурилсан, урт хугацааны тогтвортой хөгжлийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлэх зарчмыг тусгасан. Мөн Парисын хэлэлцээр болон Монгол Улсын Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтыг хэрэгжүүлэх, түүнийг таван жил тутам шинэчлэх, хэрэгжилтийг хэмжих,тайлагнах, баталгаажуулах (MRV) тогтолцоог бүрдүүлэх эрх зүйн үндсийг тогтоож байгаагаараа онцлогтой юм байна. Түүнчлэн хуулийн төсөлд хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан зохицуулалт тусгаагүй гэдгийг онцолж байлаа.
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийг баталснаар Монгол Улсад уур амьсгалын эрсдэлээс үүдэлтэй жил тутмын эдийн засгийн алдагдал, нийгэм-эдийн засгийн эмзэг байдлыг бууруулах, улмаар шаардлагатай хөрөнгө оруулалтыг үе шаттайгаар татах, олон улсын карбон зах зээлд үр ашигтай оролцох эрх зүйн суурь бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.