БНХАУ-ын Чэндү хотод очсон хүн ирээдүйн тээврийн хэрэгсэлд сууж үзэж болно. Энэ нь нисдэг автомашин. AE200 гэж нэрлэдэг уг автомашин Хятадын “Жи ли” брэндийн бүтээгдэхүүн юм байна.
Онцлог нь цэвэр цахилгаан хөдөлгүүртэй, 4-6 хүн суух боломжтой, 200 км нисэж, цагт 248 км хурдална. Чэндү хотын төвөөс “Тиян фү” онгоцны буудал хүртэл машинаар түгжрэлтэй үед цаг гаруй явдаг бол үүгээр ердөө 15 минут зорчино.

Тэгвэл нисдэг машинд суухад ямар мэдрэмж төрөх вэ? Нисэх онгоцны дуу чимээ 105 децибел буюу яг хөдөлгүүр дээр сууж байгаа мэт байдаг. Харин энэ машин ердөө 60 децибел, хурдны галт тэрэгнээс ч чимээ анир багатай. Мөн ухаалаг кабинтай.
Энэхүү нисдэг автомашин 2026-2027 онд албан ёсны зөвшөөрлөө авч, дараа нь жинхэнэ арилжааны чиглэлийн үйлчилгээнд орох юм байна. Үнэ нь ойролцоогоор тусгай таксинаас 2-3 дахин үнэтэй байх аж. Ер нь бол цаг, орон зайг маш их товчилно. Энэ бол шинжлэх ухааны зөгнөлт кино биш бодит амьдрал гэдгийг нисдэг машинд суух үедээ мэдрэх болно.