Б.Пүрэвдагва бэлтгэгдсэн. Одоо ачаа үүрэх цаг нь иржээ
Б.Пүрэвдагва 1990 онд буюу цагаан морин жилд төрсөн. МУИС-ийг улс төр судлаач мэргэжлээр 2012 онд төгссөн. 2017 онд Австралийн Нью-Кэслийн их сургуульд Тогтвортой хөгжлийн бодлогын магистрын зэрэг хамгаалсан. Англи хэлтэй. Түүний аав Бяруузана Говь-Алтайн Чандмань, ээж Амаржаргал нь Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын харьяат. Ээжийнхээ талаас Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, Ардын хувьсгалын анхдагчдын нэг, “Монголын үнэн” сонины анхны эрхлэгч Сономбалжирын Буяннэмэхийн удам.
МАН-ын Удирдах Зөвлөл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид МАН-ын Нарийн бичгийн дарга, Социал демократ Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч Бяруузанын Пүрэвдагвыг нэр дэвшүүлэхийг дэмжсэн шийдвэр гаргалаа. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн МАН-ын хороо тавдугаар сарын 25-нд, НИТХ-ын ээлжит бус хурал тавдугаар сарын 26-нд тус тус хуралдаж, Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх эсэх асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэх тов гараад байна.
Б.Пүрэвдагва 1990 онд буюу цагаан морин жилд төрсөн. МУИС-ийг улс төр судлаач мэргэжлээр 2012 онд төгссөн. 2017 онд Австралийн Нью-Кэслийн их сургуульд Тогтвортой хөгжлийн бодлогын магистрын зэрэг хамгаалсан. Англи хэлтэй. Түүний аав Бяруузана Говь-Алтайн Чандмань, ээж Амаржаргал нь Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын харьяат. Ээжийнхээ талаас Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, Ардын хувьсгалын анхдагчдын нэг, “Монголын үнэн” сонины анхны эрхлэгч Сономбалжирын Буяннэмэхийн удам.
Улс төр судлаач мэргэжлээрээ МАН-ын Удирдах зөвлөлийн Улс төрийн ажилтан, Ерөнхий нарийн бичгийн даргын туслахаар ажиллаж эхлэн, улмаар шат алгасалгүй шалгарч дэвшсээр СДМЗХ-ны Ерөнхийлөгч, МАН-ын Нарийн бичгийн даргаар сонгогдон ажиллаж байна.
Бяруузанын Пүрэвдагвыг Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэхийг дэмжсэн шийдвэрийг нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсний дараа олон нийт янз бүрийн хариу реакц үзүүлж байна. Мэдээж ардчилсан Монгол Улсын иргэд үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Гэвч бодож эргэцүүлэх хэд хэдэн өнцөг байна. Хотын дарга бол аж ахуйн ажил гэж бид ярьдаг. Үнэн.
Гэхдээ энэ яриаг хэт туйлшруулан заавал ямар нэг инженер юм уу, бараг л барилга, зам, дэд бүтцээр мэргэшсэн хүн л Хотын дарга болох ёстой мэт явцуу сэтгэх болжээ. Гэтэл олон улсын жишиг өөрийг өгүүлдэг. Дэлхийн хамгийн сайн ажиллаж байсан хотын мэрүүдээс гэхэд л Нью-Йоркийн мэр Майкл Блумберг бизнесмэн, Лондоны мэр Садик Хан хуульч, Парисын мэр Анн Идальго нийгмийн ухааны багш бол Токиогийн мэр Юрико Коикэ сэтгүүлч байжээ.
Нөгөөтэйгүүр нийслэл хот гэдэг бол зүгээр л авто зам, барилга, гүүр, бродюр биш. Энэ бол амьдрахуйн хэв маяг бөгөөд ямар нэг барилга, байшин, дэд бүтэц гэдгээс гадна мэдрэмж, сэтгэлгээний эсрэгцэл хийгээд ижилсийн өвөрмөц хоршил, ахуйгаас урлаг хүртэлх цогц соёл юм. Хотын соёл гэж ярихаар орон нутагт төрж, өссөн зарим хүмүүс таагүй хандаад байдаг. Хотын соёл, хотын вайб гэж ярих нь хэн нэгнийг гадуурхах юм уу, харь соёлыг тахин шүтэж буй хэрэг огт биш.
Зүгээр л амьдарч буй газрынхаа үндсэн соёлын суурь санааг ойлгож, хэмнэл нийлэх тухай энгийн л санаа. Жишээ татахад, Монголын говьд яг л тухайн газар нутгийнхаа онцлогийг шингээсэн говь маягийн амьдралын соёл байдаг бол хангайн амьдрахуйн соёл мөн л өөрийн хэв маягтай. Өндөр уулан дундах алтайн соёл мөн л өвөрмөц онцлогтой ба бүр нарийн авч үзвэл хөг, эгшиг нь ч ялгаатай байх нь бий. Иймээс ч хотын мэдрэмжтэй хүн л хотыг илүү сайн ойлгож, хотынхоо төлөө ажиллаж чадах мэт. Тэгвэл Б.Пүрэвдагва яг л хотын хүүхэд. Бидний нэрлэж заншсанаар 220 мянгатад сагс тоглон, “Pink Floyd” сонсож өсжээ.
Хоёрдугаарт, ахуйгаас үүдэлтэй их нүүдэл Монголчуудын маань бараг талаас илүүг Улаанбаатарын оршин суугч болгосон. Иймээс ч нэгэнт даац нь хэтэрсэн нийслэл хотод үй олон шийдэх ёстой асуудал тулгараад байна. Энэ бүхнийг заавал инженер хүн шийдэх албагүй. Хотын хөгжлийн ерөнхий концепцоо маш сайн ойлгож буй, салбар бүрийн уялдаа холбоог утас зангидаж буй мэт холбож чадах удирдагч л илүү сайн шийдэл гаргаж таарна.
Бидний сайн мэдэх алдарт “Apple” брэндийг үүсгэн байгуулагч Стив Жобс гэхэд л инженер байгаагүй. Жобсын хүч нь техник технологи ба дизайн, маркетингийн цогцыг удирдах чадвар ба бүтээгдэхүүний алсын харааны мэдрэмж байсан юм. Б.Пүрэвдагва Австралийн Нью-Кэслийн Их сургуульд Тогтвортой хөгжлийн бодлогын магистр хамгаалахдаа хотын хөгжлийг дагнан судалсан юм билээ. Иймээс ч сурсан мэдсэнээ хэрэгжүүлэх боломж түүний өмнө гарч байна.
Нийгмийн сүлжээнд гарч буй бас нэг шүүмжлэл нь түүнийг гагцхүү намд л ажилласан юм биш үү гэх өнцөг. Тэгвэл нам гэж юу вэ. Улс төрийн утгаараа нам гэдэг нь нийтлэг үзэл бодол, зорилготой хүмүүс нэгдэж байгуулсан, улс төрийн эрх мэдэлд хүрэхийг зорьдог байгууллага. Намын гол зорилго нь сонгуульд оролцож, Засгийн эрхэд гарч, өөрсдийн бодлогоо хэрэгжүүлэх явдал.
Харин нам нь тодорхой үзэл суртал, хөтөлбөртэй, зохион байгуулалт, бүтэцтэй байдаг. Тэгэхээр намын ажил гэдэг ерөөсөө хүмүүстэй л ажиллана гэсэн үг. Энэ ажлыг Б.Пүрэвдагва анхан шатнаас нь эхлээд яг л дэс дараатай хийжээ. МАН-ын Удирдах Зөвлөлийн ажлын албаны Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн даргаар ажиллахдаа зөвхөн нийслэл Улаанбаатар хот төдийгүй хөдөө орон нутгийнхаа намын гишүүд, дэмжигчидтэй ойр ажилласан байна.
Өөрөөр хэлбэл, хүнтэй ажиллах дадлыг Б.Пүрэвдагва намынхаа ажлаас олж авсан гэсэн үг. Нөгөөтэйгүүр Б.Пүрэвдагва бизнесийн салбарт ч олон жилийн өмнөөс хөл тавьсан бөгөөд түүний үүсгэн байгуулалцсан компани ямар нэгэн лиценз, төртэй холбоотой төсөл, тендерээс хол, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм байна. Мөн Б.Пүрэвдагва НИТХ-ын 2020 оны сонгуульд “Илүү хурдан” уриатайгаар Баянзүрх дүүргийн наймдугаар тойрогт дэвшин ялж, 2024 он хүртэл НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллажээ.
Ямар нэгэн албан тушаал, үүрэг, хариуцлагын өмнө хүн боловсорч бэлэн болдог эсэх тухай яриа харьцангуй маргаантай, олон талтай байдаг. Олимпийн аварга ч учраа бөхтэйгөө өрөх үедээ сандардаг гэдэг. Дэлхийн олон аугаа удирдагчийн намтрыг уншихад эрх мэдлийн оргилд гарах тусам сорилт улам бүр их болдог тухай бичсэн нь бий.
Өөрөөр хэлбэл, зуун хувь бэлэн болж, бүхнийг чадагч болсон нэгэн гэж хорвоод үгүй аж. Гэвч олимпийн алтан медалийн төлөөх барилдааны дэвжээнд гарахын тулд олон жилийн уйгагүй бэлтгэл хийдэг, үйлдвэрийн ажилтнаас улстөрч хүртэл амжилтад хүрэхийн тулд зайлшгүй сурах, мэдэх олон зүйлтэй, бартаа ихтэй замыг туулдаг. Б.Пүрэвдагва энэ замыг туулж, ачаа үүрэх хэмжээнд чамбай бэлтгэгджээ. Цаг нь ч болж. Харин энэ ачааг үүрүүлэх эсэхийг МАН-ын хамт олон нь, НИТХ-ын төлөөлөгчид шийднэ.
М.ГАЛ-АРИВ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №020/24695/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай.