“Нийслэлийн ахмадын амралт сувиллын төв” ОНӨААТҮГ байгуулна
Нийслэлийн ИТХ-ын VII хуралдаанаар “Нийслэлийн ахмадын амралт сувиллын төв” ОНӨААТҮГ байгуулах тогтоолын төслийг баталлаа. Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сард Ажиа гэгээн Лувсантүвдан өөрийн тэргүүлдэг “Энэрэл нигүүсэл оюун билгийн төв” төрийн бус байгууллагаас Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд “Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг ашиглалтад оруулан нийслэлийн өмчид үнэ төлбөргүй хүлээлгэн өгсөн бөгөөд Ажиа гэгээн Лувсантүвдан тус төвийг өөрийн 100 хувь хөрөнгө оруулалтаар байгуулсан юм.
Нийслэлийн ИТХ-ын VII хуралдаанаар “Нийслэлийн ахмадын амралт сувиллын төв” ОНӨААТҮГ байгуулах тогтоолын төслийг баталлаа. Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сард Ажиа гэгээн Лувсантүвдан өөрийн тэргүүлдэг “Энэрэл нигүүсэл оюун билгийн төв” төрийн бус байгууллагаас Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд “Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг ашиглалтад оруулан нийслэлийн өмчид үнэ төлбөргүй хүлээлгэн өгсөн бөгөөд Ажиа гэгээн Лувсантүвдан тус төвийг өөрийн 100 хувь хөрөнгө оруулалтаар байгуулсан юм. Тэгвэл нийслэлийн ИТХ-ын Vll хуралдаанаар нийслэлийн “Ахмадын амралт, сувиллын төв” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулж, дүрэм батлах тухай тогтоолын төслийг баталлаа. Тогтоолын төсөл батлагдаж “Нийслэлийн ахмадын амралт сувиллын төв” ОНӨААТҮГ шинээр байгуулагдсанаар ахмад настныг идэвхтэй амьдралын хэв маягтай байлгах, ганцаардал болон нийгмээс тусгаарлагдах байдлыг бууруулах, асаргаа сувилгаа шаардлагатай ахмадуудад мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байх, бие бялдар болон сэтгэлзүйн эрүүл мэндийг дэмжих, тав тухтай орчинд амарч сувилуулах боломж бүрдүүлж, нийгмийн халамж болон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байх юм. Мөн ахмад настнууд хоорондоо харилцаж, нийгмийн оролцоо нэмэгдэн сэтгэлзүйн байдал сайжрах цаашлаад гэр бүлийн гишүүдийн асаргааны ачаалал багасч, ажил амьдралаа зохицуулахад тус нэмэр болох төдийгүй нийгэмд шинэ ажлын байр бий болгож, халамжийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг олон давуу талтай юм.
Нийслэлийн ИТХ-ын ээлжит VII хуралдаан гурван өдөр үргэлжилж, 28 асуудлыг хэлэлцэн, 26 тогтоолын төсөл баталснаар өндөрлөсөн юм. Тус хуралдаанаар төрийн дээд шагналд тодорхойлж, уламжлах тухай тогтоолын төсөл, Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнгийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай болон тээврийн хэрэгслийн зогсоолын байршил батлах тухай тогтоолын төслүүдийг баталсан юм. Тээврийн хэрэгслийн зогсоолын байршлуудын тухайд дүүргүүдийн нутаг дэвсгэр дээр барилга байгууламж баригдаагүй байршил бүхий газруудыг товлож, давхар зогсоол барих тухай тогтоолын төсөлд тусгаад байгаа юм. Тухайлбал, Баянгол дүүргийн 15 дугаар хороо буюу “Билэг” их дэлгүүрийн арын хоосон талбайд давхар зогсоол байгуулах асуудлыг төлөөлөгчид хөндөв. Ийнхүү Нийслэлийн ИТХ-ын ээлжит VII хуралдаан гурван өдөр үргэлжилсний эцэст нийслэлийн иргэдийн эрх ашиг, хэрэгцээ хангагдах олон ажлууд шийдэгдэж, тогтоолын төслүүд батлагдсан амжилттай болж өнгөрлөө.
Ч.Батзориг: Монгол хэл, бичгийн багш нараа чадавхжуулж, дэмжихийг чухалчлах ёстой

Нийслэлийн ИТХ-ын ээлжит VII хуралдаанаар нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин ерөнхий боловсролын газрын англи хэлний багшийн хүртээмж, дутагдлыг нөхөх, багш нарыг чадавхжуулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа. 2025-2026 оны хичээлийн жилийн байдлаар нийслэлийн хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 332 сургуульд нийт 336.907 сурагч англи хэл судалж байгаа бөгөөд 1532 англи хэлний багш ажиллаж байна. Үүнээс 1403 нь англи хэлний, 129 нь англи, орос хэлний багш байгаа аж.
Судалгаагаар нийслэлийн хэмжээнд долоо хоногт 38.324 цагийн англи хэлний хичээл орж байгаа бөгөөд багшийн долоо хоногийн ачааллыг 22 цагаар тооцоход 1742 багш шаардлагатай байгаа аж. Өнөөдрийн байдлаар 210 багшийн дутагдал үүссэн тул Филиппин улсаас англи хэлний 210 багш ажиллуулахад нийслэлийн төсвөөс 3.96 тэрбум төгрөг шаардлагатайг танилцууллаа. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад англи хэлний багшийн хүртээмж, дутагдлыг нөхөх асуудлыг хэлэлцэх үеэр нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Батзориг англи хэлний сургалтын бодлоготой зэрэгцүүлэн монгол хэл, бичгийн сургалтыг ч мөн адил төрийн бодлогын түвшинд дэмжих шаардлагатайг онцоллоо.
Тэрбээр “Англи хэлний гадаад сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ монгол хэл, бичгийн сургалтыг ахисан түвшинд хөгжүүлэх бодлогыг хамтад нь хэрэгжүүлэх ёстой. Эх хэл, бичиг, соёлоосоо илүү гадаад хэлийг шүтсэн хандлага руу явж болохгүй” гэв. Мөн гадаад багш нарыг өндөр зардлаар авчрах асуудалд болгоомжтой хандах ёстойг хэлээд, монгол багш нараа чадавхжуулах, англи хэл заах боловсон хүчнээ дотооддоо бэлтгэхэд илүү анхаарах хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийллээ. Түүнчлэн хөрш Өвөрмонголын монгол хэл, бичгийн өндөр мэдлэгтэй багш нарыг ийм төрлийн хөтөлбөрт хамруулж, хамтын ажиллагааг өргөжүүлэх нь ач холбогдолтойг ч дурдсан юм. Ч.Батзориг “Англи хэл бол бидний эх хэл биш. Тиймээс монгол хэл, үндэсний бичиг, соёлын дархлааг хамгаалсан бодлогыг боловсролын салбарт илүү хүчтэй хэрэгжүүлэх шаардлагатай. Нийслэлийн Боловсролын газар энэ чиглэлд бодлогоо тэнцвэртэй авч явах хэрэгтэй” хэмээлээ. Тэрбээр англи хэлний боловсролыг дэмжихийн зэрэгцээ монгол хэл, бичгийн багш нарыг давхар чадавхжуулах, сургалтын хөтөлбөрийг шинэ шатанд гаргах нь үндэсний аюулгүй байдал, соёлын дархлаатай холбоотой чухал асуудал гэдгийг энэ үеэр онцолж байлаа.
М.Жаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №020/24695/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай.