МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Нийгэм Залуучууд залуу хотын даргатай болохыг д...

Залуучууд залуу хотын даргатай болохыг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өөрийн бүрэн эрхийн хүрээнд Х.Нямбаатарыг  Хотын даргын ажлаас нь чөлөөлж буйгаа өнгөрсөн бямба гарагт мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан МАН-ын Удирдах зөвлөл шуурхай хуралдаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлэв.  Уг шийдвэрийг  Нийслэлийн ИТХ-ын  ээлжит бус XII хуралдаанаар энэ сарын 26-нд хэлэлцэж дэмжих эсэхийг шийдвэрлэнэ. Б.Пүрэвдагвын хувьд өдгөө МАН-ын Нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа юм.  Ийнхүү шинэ үеийн төлөөлөл болсон залуу хүнийг дараачийн Хотын даргаар нэрлээд буй энэ цаг үед залуучуудын байр суурийг сонслоо.

Үнэн
Админ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өөрийн бүрэн эрхийн хүрээнд Х.Нямбаатарыг  Хотын даргын ажлаас нь чөлөөлж буйгаа өнгөрсөн бямба гарагт мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан МАН-ын Удирдах зөвлөл шуурхай хуралдаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлэв.  Уг шийдвэрийг  Нийслэлийн ИТХ-ын  ээлжит бус XII хуралдаанаар энэ сарын 26-нд хэлэлцэж дэмжих эсэхийг шийдвэрлэнэ. Б.Пүрэвдагвын хувьд өдгөө МАН-ын Нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа юм.  Ийнхүү шинэ үеийн төлөөлөл болсон залуу хүнийг дараачийн Хотын даргаар нэрлээд буй энэ цаг үед залуучуудын байр суурийг сонслоо.  

 

Ц.Монголжуу: Дараачийн үеэ бүрэн төлөөлөх чадвартай хотын даргыг дэмжинэ

/44-р сургуулийн 12 дугаар ангийн сурагч/

-Миний бие орчин үеийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, дараагийн үеэ бүрэн төлөөлөх чадвартай, шинэ хандлагатай удирдагчийг Улаанбаатар хотын дараагийн даргаар сонгогдон ажиллахыг тууштай дэмжих болно.  Яагаад гэвэл мега хотын хөгжил гэдэг зөвхөн цемент, барилга байгууламж бус, харин иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, хүний капиталд тулгуурласан ухаалаг менежментийг залуус бид хүсэж байна. Иймд уламжлалт тогтолцооны хүлээсийг тайлж, хотоо илүү ухаалаг, тогтвортой, амьдрахад таатай болгон өөрчлөх бодлогын шинэчлэлийг зөвхөн шинэ хандлагатай, чадварлаг залуу үе л түүчээлж чадна гэдэгт итгэж байна.

 

З.Энхдөлгөөн: Хотын даргаар залуу хүн сонгогдоосой

/МУБИС-ийн гуравдугаар дамжааны оюутан/

-Улаанбаатар хотын дараагийн даргаар 1990-ээд оны төлөөлөл сонгогдоосой гэсэн нийгмийн хүлээлт өнөөдөр маш өндөр байна. Энэ нь ч аргагүй юм. Залуу хүнд шинийг эрэлхийлэх зориг, нийгмийн сайн сайхны төлөө ихийг сэтгэж, бүтээх дундаршгүй эрч хүч, чин сэтгэл оршдог. Өнөөдөр залуу үеийнхэн улс эх орныхоо хөгжил цэцэглэлт, бодлогын шинэчлэлд бодит хувь нэмэр оруулах түүхэн цаг үе нь ирсэн гэдэгт би итгэж байна.

 

Э.Батжаргал: Нийслэлд шинэ хандлагатай удирдагч хэрэгтэй

/МУИС-ийн гуравдугаар дамжааны оюутан/ 

-Улаанбаатар хотын захирагчаар залуу үеийн төлөөлөл сонгогдон ажиллахыг тууштай дэмжиж байна. Яагаад гэвэл залуу хүнд хуучирсан институцийн хайрцаглалтаас ангид сэтгэх шинэлэг сэтгэлгээ, дэлхийн жишигт нийцсэн өнцөг болон нийгмийн сайн сайхны төлөө ихийг бүтээх дундаршгүй эрч хүч оршдог гэдэгт би хувьдаа итгэдэг.

 

Д.Цэцэйхэн: Залуу хүнд хийж бүтээх өрнүүн хүсэл бий 

/МУИС-ийн 2-р дамжааны оюутан/

-Улаанбаатар хотын дараагийн хотын даргаар залуу үеийн төлөөлөл сонгогдон ажиллахыг миний бие залуу хүнийхээ хувьд дэмжиж байна. Залуу хүнд илүү чөлөөтэй сэтгэх орон зай, холыг харах алсын хараа болон нийгмээ өөрчлөх дундаршгүй их эрч хүч оршдог гэж боддог. Бидний үеийнхэнд эх орныхоо хөгжлийн төлөө ихээхэн идэвх, зүтгэлтэй ажиллах чадамж бүрэн бий гэж хардаг бөгөөд дараах гурван гол үндэслэлийг хуваалцмаар байна.

Нэгдүгээрт, олон улсын боловсрол ба мэдлэг. Өнөөдөр залуус маань гадаадад эзэмшсэн өндөр боловсрол, дэлхийн жишиг, ноу-хауг эх орныхоо хөгжилд, тэр дундаа нийслэлийн бодлогод шууд нэвтрүүлж, хүний капиталд суурилсан ухаалаг менежментийг бүтээж чадна.

Хоёрдугаарт, хийж бүтээх чин сэтгэл.  Залууст хувийн ашиг сонирхол, намын хатуу туйлшралаас ангид, зөвхөн иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, хотоо өөрчлөх чин сэтгэл, зоримог тэмүүлэл байдаг.

Гуравдугаарт, асуудлыг бодитоор ойлгох чадвар. Залуу хүн л залуу хүнийхээ сорилт, хүсэл мөрөөдлийг хамгийн сайн мэдэрч, ойлгодог. Хөгжлийг огт өөр өнцгөөс харж чадах чадварлаг залуу үеийнхэн маань уламжлалт тогтолцооны хүлээсийг тайлж, Улаанбаатар хотыг илүү ухаалаг, амьдрахад таатай хот болгон өөрчлөх цаг нь ирсэн. Ирээдүйг хүлээх биш, ирээдүйг хамтдаа бүтээцгээе.

 

Л.Баяр: Миний үеийнхний хийж бүтээх цаг хэдийн ирсэн

/Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны  иргэн/

-Миний үеийн залуусын хийж бүтээх цаг нь ирсэн. Өнөөдөр бид зовлон, саад бэрхшээлийг тоочиж суух биш, улс эх орныхоо төлөө өөрсдөө гар бие оролцох хэрэгтэй. Ерөөс бидний үеийн залуусын хийж бүтээх цаг нь хэдийн ирсэн гэдэгт би итгэдэг. Бид залуу хүнд боломж олгоод үзэх хэрэгтэй. Улаанбаатар хотын дараагийн даргаар залуу хүн сонгогдвол 100 хувь дэмжинэ.

Улаанбаатар хотын дараачийн даргаар 1990-ээд оны залуу үеийн төлөөлөл сонгогдож, хотын менежментийг удирдахыг залуу үеийнхэн стратегийн хувьд тууштай дэмжиж байна. Ардчилсан нийгмийн чөлөөт сэтгэлгээний дунд өсөж хүмүүжсэн, дэлхийн хөгжлийн жишигтэй хөл нийлүүлэн алхдаг энэ үеийнхэнд нийслэлийн тулгамдсан асуудлуудыг шинэлэг өнцгөөс харж, системээр нь шинэчлэх бүрэн чадавх бий бөгөөд өмнөх үеийн удирдлагуудын уламжлалт арга барил, бодлогын хүрээ цаг үеийнхээ ээдрээтэй сорилтуудад дорвитой үр дүн гаргаж чадаагүйг залуус онцолж байна. Тодруулбал, уламжлалт улс төрийн орчинд 40-өөс дээш насны үеийнхэнд намын хатуу гишүүнчлэл, институцийн хараат байдал давамгайлах тал ажиглагддаг нь заримдаа бодлогын зоримог шинэчлэл хийхэд хүлээс болдог талтай. Харин өнөөдөр бидэнд намын туйлшралаас ангид, зөвхөн хүний капиталд тулгуурласан, иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн прагматик менежмент ус агаар мэт хэрэгтэй, залуу хүмүүс л үүнийг хийж чадна гэж оюутан, залуусын төлөөлөл үзэл бодлоо илэрхийллээ.

Б.Болор-Эрдэнэ

Гэрэл зургуудыг МУСГЗ Т.Чимгээ 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №020/24695/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай. 

 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.