МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр Татварын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруу...

Татварын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив

Үнэн
Админ

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.05.22)-ийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар татварын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг үргэлжлүүлэн хэлэлцэв. Үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулж дуусгасан юм. Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 67.7 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

 

Хуулийн төслийг хэлэлцэхийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 70.8 хувь нь дэмжлээ

Засгийн газраас энэ сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар (ААНОАТ)-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулав.

Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан тавилаа. Тэрбээр илтгэлээ, хуулийн төсөл нь татвар ногдуулах орлогын босгыг нэмэгдүүлэх, шатлалыг өөрчлөх, жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд чиглэсэн хөнгөлөлт, чөлөөлөлтийг нэмэгдүүлэх, тайлан гаргах хугацааг уян хатан болгох, бизнес эрхлэхэд татварын орчныг илүү хялбар, энгийн, ойлгомжтой болгоход чиглэж буйг онцолсон юм. Тухайлбал, жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн татварын хөнгөлөлтийн хамрах хүрээг нэмэгдүүлэх зорилгоор 90 хувийн татварын буцаалт эдлэх буюу татварын 1.0 хувийн ачааллын босго дүнг 1.5 тэрбум төгрөгөөс 2.5 тэрбум төгрөг болгож өсгөх, албан татварыг 25 хувиар тооцон ногдуулж эхлэх орлогын босго 6 тэрбум байсныг 10 тэрбум болгох, 6-10 тэрбум төгрөгийн татвар ногдуулах орлогод 15 хувиар ногдуулж хөнгөлөх, виртуал бүсэд бүртгүүлсэн хуулийн этгээдийн үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг хөнгөлж, их хэмжээний өгөгдлийн сервер, супер компьютер элэгдэх хугацааг гурван жил болгох, татварын тайлан тушаах, төсөвт төлөх хугацааг хойшлуулах зэрэг өөрчлөлтүүдийг тусгасан байна.

Хуулийн төслийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Жаргалсайхан уншиж танилцууллаа. Байнгын хорооны хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин хуульд өөрчлөлт орсноор хэчнээн тооны аж ахуйн нэгж, ямар хэмжээний  хөнгөлөлт эдлэхийг асууж хариулт авсан байна. Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 68.8 хувь нь дэмжжээ.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Энхтүвшин, Ө.Шижир, Б.Заяабал, Б.Батбаатар, Б.Түвшин, Б.Жавхлан нар асуулт асууж, хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүд татвар төлөгчдийг хэрхэн дэмжих, тэр дундаа жижиг, дунд бизнесийг яаж дэмжих, татварын ачаалал бодитойгоор буурах эсэх, бизнесийн орчныг эрүүлжүүлж, өрсөлдөх чадвар сайжруулах тухай тодорхой асуудлуудыг хөндөж, хариулт авсан юм. Мөн ААНОАТ-ын шатлал, орлогын босго, түүнийг хэрхэн хэрэгжүүлэх, хөнгөлөлт, чөлөөлөлтийг хавтгайруулахгүй байх талаар ямар бодлого баримталж байгаа, аж ахуйн нэгжүүд хуваагдаж жижигрэх эсэх, эхлэлийн тодорхой хугацаанд нь бизнес эрхлэгчдэд 100 хувийн чөлөөлөлт өгдөг байх боломж бий, эсэх, бодит татварыг нэрлэсэн татвартай ойртуулах, бааз суурийг нэмэгдүүлэх зэрэг бодлогын асуултуудыг тавьж байлаа. Хууль батлагдсанаар эдийн засгийн хүндрэлтэй үед богино хугацаанд өсөлтийг дэмжиж, нийгмийн тогтвортой байдлыг бэхжүүлэх суурь нөхцөл бүрдэнэ гэдгийг Сангийн сайд З.Мэндсайхан тайлбарлалаа.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж үг хэллээ. Тэрбээр Засгийн газраас өмнө нь өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь буцааж татсанд харамсаж байгаагаа илэрхийлэв.

Хэлэлцүүлгийн дараа санал хураалт явуулахад ААНОАТ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 70.8 хувь нь дэмжлээ. Иймд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

 

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ)-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг дараа нь явууллаа.

Сангийн сайд З.Мэндсайхан хууль санаачлагчийн илтгэлдээ, ХХОАТ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хөдөлмөр эрхэлж буй иргэдийн сарын 792 мянган төгрөг хүртэлх орлогод ногдуулах албан татварыг 100 хувь хөнгөлж, буцаан олгох, үйл ажиллагааны орлогыг хялбаршуулсан горимоор тайлагнах босго дүнг 1.0 тэрбум төгрөгөөр тогтоож борлуулалтын орлогын 1.0 хувиар татвар төлөх боломж олгох, өмчилсөн орон сууцаа худалдан борлуулсан татвар төлөгчийг үл хөдлөх хөрөнгө борлуулсны албан татвараас чөлөөлөх, тайлан тушаах, албан татварыг төсөвт төлөх хугацааг хойшлуулах зэрэг өөрчлөлтүүд тусгасан талаар дурдав.

Хуулийн төслийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар танилцуулав. Тус Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин ХХОАТ-ын хөнгөлөлт, чөлөөлөлтөөс улсын төсөвт үзүүлэх нөлөөллийг нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын дүнтэй харьцуулан тооцсон эсэх, мөн иргэдийн сарын 792 мянган төгрөг хүртэлх орлогод ногдуулах албан татварыг 100 хувь хөнгөлөхөд улсын төсвийн орлого хэрхэн буурахыг тооцсон эсэх талаар асуулт асууж, хариулт авсан байна. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 68.8 хувийн саналаар хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

Сангийн сайдын тавьсан хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хороны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, Б.Батбаатар, Ө.Шижир, С.Эрдэнэбат, Г.Уянгахишиг, Х.Ганхуяг, Б.Заяабал, П.Батчимэг нар асуулт асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүү үг хэлж, татварын тариф, босго, шатлалтай оролдохын оронд татвар төлөгчдын бааз суурийг өргөжүүлэх, дижитал үйлчилгээ зэрэг татвар авч чадахгүй байгаа хэсгүүд, албан бус бизнес сектерүүдээ албажуулахад анхаарах нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлэв.

Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар санал хураалт явуулав. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 55.2 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул ХХОАТ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ.

 

НӨАТ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр боллоо

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг байлаа. Энэ удаагийн татварын хуулиудын нэмэлт, өөрчлөлтөөр иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг 2.2 орчим их наяд төгрөгөөр үе шаттай бууруулахаар тооцож буйг Сангийн сайд З.Мэндсайхан хууль санаачлагчийн илтгэлдээ онцолсон юм. Манай улс НӨАТ-ыг 1998 онд нэвтрүүлж, хуулийг 2006, 2015 онд тус тус шинэчлэн найруулжээ. 2024 оны байдлаар үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн 58 орчим хувь нь мөнгөн хөрөнгийн дутагдалтай, 29 хувь буюу 30 мянга гаруй аж ахуйн нэгж алдагдалтай ажилласан нь бичил, жижиг бизнес эрхлэгчдийн төлбөрийн чадвар буурах, санхүүгийн дарамтад орох, улмаар бизнесийн тогтвортой байдлаа хадгалж чадахгүй болох нөхцөл тулгарч буйг харуулж байна гэдгийг сайд дурдсан юм.

НӨАТ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд, татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх босгыг 400 сая төгрөг болгон нэмэгдүүлэх, татвар төлөгчийн хууль даган мөрдөлтийн түвшин, үйл ажиллагааны цар хүрээг харгалзан дотоодын болон импортын нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх хугацааг хоёр хүртэлх сараар хойшлуулах боломжийг бүрдүүлж, аж ахуйн нэгжийн мөнгөн урсгал, уян хатан байдлыг дэмжих, зохицуулалтыг тусгасан байна. Мөн хуулийн төсөлтэй хамт шаталсан татварын тогтолцооны зарчимтай уялдуулан импортын суудлын автомашины гаалийн тодорхой үнийн дүнгээс нэмэгдэл хувиар тооцож татвар ногдуулах зохицуулалт бүхий Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төслүүд батлагдсанаар бизнес эрхлэгчдийн мөнгөн хөрөнгө, эргэлтийн хөрөнгийн ачааллыг бууруулах, бизнес идэвхжих, тэлэх бололцоог хангах, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг нэмэгдүүлэх, орлогын тэгш бус байдлыг бууруулах зэрэг чухал ач холбогдолтойг Сангийн сайд З.Мэндсайхан танилцууллаа.

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан танилцууллаа. Тус Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин Татварын ерөнхий хуульд татварыг хөнгөлөх, чөлөөлөх, татварын хувь хэмжээ болон татварын суурийг бууруулахтай холбогдсон хуулийн төслийг тухайн жилийн төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт боловсруулахаар тусгасан нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн татварын хуулиудтай хэрхэн уялдаж байгаа талаар, мөн нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгчийн босгыг нэмэгдүүлсэнтэй холбоотой Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим болон аж ахуй нэгж байгууллагуудаас ирүүлсэн саналуудын талаар, Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн босгыг 400.0 сая төгрөг болгон нэмэгдүүлэхдээ хувь хүн, хуулийн этгээдэд ялгаатай бодлого баримтлах эсэх талаар асуулт асууж, хариулт авсан байна. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 68.8 хувь нь хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн байна.

Сангийн сайдын илтгэл болон Төсвийн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Энхтүвшин, Б.Батбаатар, Б.Түвшин, Г.Уянгахишиг, Б.Заяабал нар асуулт асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүд хуулийн төсөлд тусгасан татварын тарифыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй индексжүүлэх эсэх, мөн нийгмийн даатгалын шимтгэл болон ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын зохицуулалтын талаар, НӨАТ-ыг суутган тооцох босгогүй болгож, нийтээрээ төлдөг байх, улсын төсвийн орлогод нөлөөлж болзошгүй хуулийн төслүүдийг төсвийн хуулийг хэлэлцэх үед хамт хэлэлцдэг байх хуулийн хэрэгжилт, татварын орлогын болон тарифын тооцоолол, босго тооцох аргачлал, нөлөөллийн тооцоо, буцаан олголт, татварын өр, хөнгөлөлт, чөлөөлөль зэрэг олон асуудлыг тал бүрээс нь хөндөж байв. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, Б.Пунсалмаа, П.Наранбаяр нар хуулийн төслийг дэмжсэн, дэмжээгүй байр суурь илэрхийлж үг хэлэв.

Ингээд санал хураалт явуулахад НӨАТ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 56.3 хувь нь дэмжив. Хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг мөн дэмжлээ. Иймд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

 

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 20 гишүүн санаачилж, 2025 оны тавдугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх тухай асуудлыг дараа нь хэлэлцэв.

Эрүүгийн хуульд хэн нэгний үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, ял, албадлагын арга хэмжээ хэрэглэхдээ “нийгэмд аюултай” гэх субъектив ойлголтыг нэмж хуульчилсанаар шүүх үүнийг хэрэглэж “гэмт хэрэгт тооцох, ял оногдуулах эсэхийг зөвхөн хуулиар тодорхойлно” гэсэн эрүүгийн эрх зүйн хууль ёсны зарчмыг гажуудуулж энэ субъектив шалгуураар гэмт хэрэг, ял, албадлагыг тодорхойлж үнэлэх боломжтой болсон байгааг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин хууль санаачлагчийн илтгэлдээ онцлов. Хуулийн төсөлд нийгэмд аюултай байдал, нийгмийн аюулын шинж чанар гэсэн ойлголтыг хуулиас хасахаар тусгасан байна.

Мөн хоёр өөр агуулга, эрх зүйн үр дагавар бүхий “ял, албадлагын арга хэмжээ” гэсэн ойлголтуудыг нэгтгэж эрүүгийн хариуцлага хэмээн томьёолсон нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “шударга ёсны” зарчим, түүнийг Эрүүгийн хуульд “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэснийг зөрчихөд хүргэсэн байна гэж хууль санаачлагчид үзжээ. Иймд эрүүгийн хариуцлага гэх ерөнхий нэр томъёог өөрчлөн “ял, албадлагын арга хэмжээ” хэмээн зааглах зохицуулалтыг төсөлд тусгасан байна.

Эрүүгийн хуулийн 21.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг олж мэдсэн хүн мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг задруулсан бол” эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нь ямар нэгэн хуулиар нууцлаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх баримт сэлтийг “мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээлэл” гэсэн өргөн хүрээг хамруулан томъёолж Монгол Улсын иргэний эрх, эрх чөлөөг үндэслэлгүйгээр хязгаарласан гэж үзсэн байна. Иймд дээрх заалт дахь  “мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах” гэмт хэргийн шинжийг “мөрдөн шалгах ажиллагааны нууцалсан баримт, мэдээлэл” гэх ойлголтын хүрээнд нарийвчлан томъёолж тусгажээ.

Хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх тухай хэлэлцүүлгийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар явуулсан талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар уншиж танилцуулав. Тус Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг нийгэмд аюултай байдал, нийгмийн аюулын шинж чанар гэсэн ойлголтыг шүүхийн практикт хэрхэн буруу хэрэглэж байгаа талаар, Эрүүгийн хуулийн хохирол, хор уршиг гэсэн ойлголтоос гадна хуулийн төсөлд шинээр "хор аюул" гэх ойлголтыг оруулж ирснээр хэрэг хянан шийдвэрлэхэд үзэмжээрээ шийдвэрлэх нөхцөл байдал үүсэх эсэх, албадлагын арга хэмжээг эрүүгийн хуулийн бүрэлдэхүүн хэсгээс гаргаж байгаа нь зохимжтой эсэх, Засгийн газраас хуулийн төсөлд өгсөн саналыг хэрхэн тусгасан талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр хуулийн төсөлд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн суурь зарчмууд хөндөгдөж, гэмт хэргийн шинж, хариуцлага, ял гэсэн онолын суурь заалтууд хөндөгдөж байгаа учраас хуулийн төслийг нэмэлт, өөрчлөлт бус шинэчилсэн найруулгын төслийн хүрээнд боловсруулах байсан эсэх талаар асуулт асууж, үг хэлсэн байна. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 60 хувь нь хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд асуулт асуув. Тэрбээр хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, ял, албадлага хоёрыг зааглахын давуу талын тухай болон албан үүргийн дагуу олж авсан мэдээллийг задруулсан талаарх статистик баримтын талаар асууж, хууль санаачлагчаач дэлгэрэнгүй хариулт авав.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 68.8 хувь нь дэмжсэн юм. Мөн хамт өргөн мэдүүлсэн 42 хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

 

БНМАУ-ын хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Үүний дараа Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүний санаачлан боловсруулж 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 2026 оны тавдугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддорж танилцууллаа. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүдээс хуулийн төсөлтэй холбоотой асуулт, хариулт гараагүй бөгөөд Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн төслийн дагаж мөрдөх хугацааг 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдөр болгож өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлээгүй тул зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 70.8 дэмжив. Хуулийн төслийн Эдийн засгийн байнгын хороонд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв.

 

Эдийн засгийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабалыг сонгов

Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай асуудлыг Эдийн засгийн байнгын хороо энэ сарын 20-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна. Тус туралдаанаас гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Батсүмбэрэл танилцуулсан юм. Тэрбээр Монгол Улсын Их Хурлын тухай 25 дугаар зүйлийн 25.7 дахь хэсэгт заасны дагуу Эдийн засгийн байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабалыг нэр дэвшүүлснийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Эдийн засгийн байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабалыг нэр дэвшүүлсэнтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд үг хэлж, парламентаар Монгол Улсын төсвийн төслийг хэлэлцэх үйл явцыг нэгдсэн бодлоготой, улс төрийн нөлөөнд автахгүй, олон тойрогт задарсан бус хөгжлийн төлөвлөлттэй уялдсан байдлаар явуулах зарчим, дэгийг тогтооход анхаарч ажиллахыг захив.

Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабалыг Байнгын хорооны даргаар сонгохыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 71.9 хувь нь дэмжсэн тул түүнийг Эдийн засгийн байнгын хорооны даргаар сонгож, Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддоржийг уг үүрэг ажлаас чөлөөлөх тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцов.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр нийт 17 асуудал хэлэлцэж, гурван хууль баталсныг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт хуралдааны төгсгөлд тэмдэглэж, эцэслэн батлагдсан хуулиуд ихээхэн ач холбогдолтойг нэг бүрчлэн танилцуулав. Мөн тэрбээр улс орны эдийн засаг, иргэдийн амьдралд шууд нөлөөтэй татварын хуулиудыг чухалчлан дурдаж, хуулийн төслүүдийн дараа дараагийн хэлэлцүүлэгт хариуцлагатай оролцохыг Улсын Их Хурлын гишүүдэд уриаллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


Эх сурвалж: parliament.mn
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.