МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр Эргэж буцах учиргүй эрх чөлөөний зам

Эргэж буцах учиргүй эрх чөлөөний зам

Монголчууд та бид ч өөрсдөдөө итгэх нь чухал байна. Түүхийн бүхий л шуургыг сөрж, тусгаар улсаа авч яваа бид нэг нэгэндээ итгэж, хоёргүй сэтгэлээр хөдөлмөрлөж, эдийн засгийн эрх чөлөөгөө олж авч, баян чинээлэг амьдрах замаар эргэлзэлгүй урагшлах ёстой. Эцэг, өвгөдийнхөө эхлүүлсэн эрх чөлөөний замаас ухрах учиргүй.

Үнэн
Админ

Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг сэргээхийн төлөө...

Хорьдугаар зууны Монголын түүх ингэж эхэлдэг. Харь гүрний эрхшээлд хэдэн зуун жил болсон үндэстэн эрх чөлөөгөө олж авч, өөрийнхөөрөө жаргаж, басхүү өөрийнхөөрөө зовох замаар явахын төлөөх ээдрээтэй боловч эрэлхэг түүхийн чинхүү зорилго ийм л байсан хэрэг. 1911 оны Үндэсний Эрх чөлөөний хөдөлгөөн ч, 1921 оны ардын хувьсгал ч, Халх голын дайн, Чөлөөлөх дайн ч эрх чөлөөгөө олж авч, эрх чөлөөгөө хамгаалах зорилготой байсан нь маргашгүй.

Эцэг, өвгөдийн минь эрх чөлөөний төлөөх тэмцэл ялсан.

Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг тунхаглаж, шинэ Үндсэн хуулийг баталснаар феодалын нийгмийн тогтолцоог халж, ард түмэнд тулгуурласан төрийн хэлбэрийг бий болгосон нь Монголын хөгжлийн шинэ эхлэлийг тавьсан юм. Энэ үеэс эхлэн боловсрол, эрүүл мэндийн салбарын суурь тавигдаж, бичиг үсэг тайлагдах явдлыг нэмэгдүүлэх, орчин үеийн сургуулиудыг байгуулах, хүн амд эмнэлгийн үйлчилгээ хүргэх зэрэг чухал шинэчлэлүүд хэрэгжиж эхэлжээ. 1940-өөд оноос эхлэн Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоог хэрэгжүүлж, хөдөө аж ахуйн салбарт нэгдэлжүүлэлтийг өрнүүлсэн байна. Мал аж ахуйг хоршооллын зохион байгуулалтад оруулснаар үйлдвэрлэлийн үр ашиг нэмэгдэж, нийгмийн шинэ харилцаа бүрэлдэн тогтжээ.

 Үүний зэрэгцээ аж үйлдвэржилтийн эхлэл тавигдаж, анхны үйлдвэрүүд байгуулагдан, хотжилт эрчимтэй явагдсан нь Монгол орны эдийн засгийн бүтэц, нийгмийн амьдралд томоохон өөрчлөлт авчирсан юм. 1960–1980-аад он бол боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын үсрэнгүй хөгжлийн үе байв. Бичиг үсэг тайлагдах явдал бараг бүх нийтийг хамарч, боловсролын тогтолцоо шат дараатайгаар боловсронгуй болж, дунд болон дээд боловсрол эзэмшигчдийн тоо эрс өссөн байна. Монгол Улсын Их Сургууль болон бусад дээд сургуулиуд олон мянган мэргэжилтэн бэлтгэж, улс орны хөгжилд шаардлагатай боловсон хүчний баазыг бүрдүүлжээ. Мөн Шинжлэх Ухааны Академи байгуулагдан судалгаа, шинжилгээний ажлуудыг системтэй хөгжүүлэх нөхцөл бүрдсэн нь шинжлэх ухааны салбарын хөгжилд чухал түлхэц болсон юм. Соёл урлагийн салбарт гэхэд л театр, кино, уран зохиол, дүрслэх урлаг эрчимтэй хөгжиж, ард түмний оюуны хэрэгцээг хангахын зэрэгцээ үндэсний соёлыг шинэ хэлбэрээр баяжуулсан байна.

 Монгол Улс 1961 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагад элссэнээр олон улсын тавцанд албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөж, гадаад харилцаагаа өргөжүүлэх боломж нээгдсэн юм. 1980-аад он гэхэд Монгол Улс боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын тогтолцоогоороо тодорхой амжилтад хүрч, хүн амын амьжиргааны түвшин харьцангуй сайжирсан байв.

Нэгтгэн дүгнэхэд, Монгол Улс тусгаар тогтносон, Үндсэн хуультай болсон, Нэгдсэн Үндэстний Байгууллагад элссэн, дэлхийн хоёрдугаар дайны ялагч-холбоотон улсуудын нэг болсон, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудыг бүтээн байгуулсан, бичиг үсэгт бүрэн тайлагдсан, Монгол хүн сансарт ниссэн, улс орны хэмжээний эрүүл мэнд, боловсролын нэгдсэн системийг бий болгосон, хорьдугаар зууны эхэнд хэдхэн зуун мянгаар тоологдож байсан Монголчууд гурван саяулаа болсон...

Монгол орны хаа нэгтээ түүхийн хичээл дээр асуугдаж буй дунд сургуулийн сурагч л дуржигнатал ярих энэ түүхийн цаана үе үеийн Монголчуудын тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө тэмцлийн ялалт оршиж буй билээ.

Хорьдугаар зууны эхэнд Богдын хүрээ байсан Улаанбаатар хот өргөжин тэлж, орчин үеийн хотын шинж төрхийг олж эхэлсэн нь хотжилтын бодит илэрхийлэл болсон юм. Гэсэн хэдий ч социалист эдийн засгийн тогтолцооны хязгаарлалт, гадаад хараат байдал зэрэг сорилтууд оршсоор байсан бөгөөд эдгээр нь хожмын өөрчлөлтийн суурь нөхцөлийг бүрдүүлсэн билээ.

1989-1990 онд өрнөсөн ардчилсан өөрчлөлт, 1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуульд тулгуурлан Монгол Улс эрх чөлөөнийхөө шинэ замыг сонгов. Энэ хугацаанд бидэнд олсон ололт маш их бий. Ж.Батмөнх тэргүүтэй тухайн үед нам, төрийг удирдаж байсан ухаант удирдагчдын уужуу шийдвэрийн үр дүнд Монголчууд оготны хамраас ч цус гаргалгүй ардчилсан тогтолцоонд шилжсэн. Үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх, олон намын систем, чөлөөт сонгууль, дэлхийн олон улсад чөлөөтэй зорчих гээд олон эрх чөлөө бидэнд ирсэн ч хүн гэдэг аливааг амархан мартдаг юм хойно, энэ бүхэн хэзээд л ийм байсан юм шиг үнэ цэнийг нь үл ялиг мартах өнгө аястай болжээ.

Энэ мэтчилэн бахархах, талархах зүйл Монголчууд бидэнд олон байгаа ч санаа чилээх, шийдэх асуудал ч багагүй байна. Ардчилсан тогтолцоо бүрэлдэн тогтоод 34 жил өнгөрсөн  хэдий ч эдийн засгийн эрх чөлөө харьцангуй сул хэвээр байж, төрийн оролцоо өндөр, зөвшөөрөл лицензийн тогтолцоо төвөгтэй, авлига түгээмэл болжээ. Ардчиллын гол үнэт зүйлсийн нэг бол эдийн засгийн эрх чөлөө. Гэтэл Монгол Улсад бизнес эрхлэх, хөрөнгө оруулах орчин олон саадтай тулгардаг. Төрийн байгууллагуудаас олгодог олон төрлийн зөвшөөрөл, лиценз нь зах зээлд нэвтрэх босгыг өндөрсгөж, жижиг дунд бизнес эрхлэгчдэд дарамт учруулдаг. Үүнээс үүдэн өрсөлдөөн сул, инновац удааширч, эдийн засгийн өсөлтийн боломж хязгаарлагдсан хэвээр байна.

Төрийн оролцоо эдийн засагт хэт давамгайлсан нь бас нэг томоохон асуудал юм. Төрийн өмчит компаниуд олон салбарт зонхилж, зах зээлийн зарчим алдагдах нөхцөлийг бүрдүүлдэг. Үүний улмаас үр ашиг нь буурч, хувийн хэвшлийн хөгжил саардаг. Мөн бодлогын тогтворгүй байдал, улс төрийн нөлөөлөл нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сулруулж байна. Авлига бол дээрх бүх асуудлыг улам хүндрүүлж буй хүчин зүйл юм. Зөвшөөрөл олгох, тендер шалгаруулах, төрийн үйлчилгээ үзүүлэх явцад авлигын эрсдэл өндөр байдаг нь шударга өрсөлдөөнийг алдагдуулж, нийгмийн итгэлийг бууруулдаг. Ийм нөхцөлд Монгол Улсад жинхэнэ утгаараа ардчиллыг бэхжүүлэхийн тулд эдийн засгийн эрх чөлөөг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Мөн санхүүгийн систем хэдхэн тоглогчийн гарт орж, мөнгөний ханш өдрөөс өдөрт унаж, хамгийн өндөр зээлийн хүүтэй орнуудын нэг болов. Энэ бүхэн нь иргэдийн амьдралд хамгийн хүндээр тусаж буй бөгөөд “зээлээс зээлийн л хооронд” амьдардаг бүхэл бүтэн давхарга бий боллоо. Ийм л ээдрээтэй цаг үед Монгол Ардын Намын дарга Ням-Осорын Учрал Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдож байна.

 УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын танилцуулсан “Чөлөөлье” санаачилга, Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогыг судлахуйд хэд хэдэн зүйл анзаарагдана.

Нэгдүгээрт, онош зөв байна. Ханиадтай байгаа хүнийг гэмтчихсэн байна гэж оношилвол эмчилгээ ч буруу хийгдэнэ, үр дүн ч буруу гарна. Иймээс нөхцөл байдлыг элдэв хуурмаг зөвтгөлгүй дүгнэх нь бодлого зөв боловсруулах нөхцөл болдог. 

Хоёрдугаарт, “Чөлөөлье” санаачилгад элдэв гоёчлол, хэн нэгний хаа нэгтээ дэвшүүлсэн онолоос үүдэлтэй хийсвэрлэл алга. Мөн улс төрийн үзэл бодлын хүлээс, хайрцаглагдсан сэтгэлгээ ч алга. Зүүний, социал демократ намын дарга боловч зайлшгүй хийгдэх ёстой гэж үзэж буй цөөнгүй ажил нь либерал эдийн засгийн чиглэлийнх байх ажээ. Өөрөөр хэлбэл, дорнын нэгэн сэтгэгчийн хэлсэнчлэн муур хар, цагаан байх эсэх нь хамаагүй, хулганаа л барих нь чухал гэж үзсэн гэлтэй.

Гуравдугаарт, “Чөлөөлье” санаачилгын хэд хэдэн зорилтын цаана ихээхэн эр зориг харагдаж байна. Нийгмийн сүлжээний гэгдэх өнөө үед улс төрийн эр зориг гэдгийг сэтгэл хөдлөлөөр илэрхийлэгддэг сошиал дахь жүжиглэлт, зохиомол имиж, характерийн тоглолт мэтээр ойлгох хүн цөөнгүй болсон. Тэгвэл ийм өнгө будаг үгүй боловч Н.Учрал нийгмийн хоёр ч бүлэгт бараг л дайн зарлачихсан байх юм. Нэг дэх зам буюу эдийн засгийн чөлөөлөлт бодлогын хүрээнд дэвшүүлж буй зорилтууд иргэдэд тустай ч Монголд хувалз мэт оршиж буй мөнгө хүүлэгчдэд асар хүнд тусах нь гарцаагүй.  Хоёр дахь зам буюу эрх зүй, дүрэм, журмын чөлөөлөлт нь бүхэлдээ иргэдэд эдийн засгийн эрх чөлөөг өгөхийн төлөөх цөөн хүнд сурталтнуудтай хийх тэмцэл болох нь тодорхой байна.

Дөрөвдүгээрт, “Чөлөөлье” санаачилга, Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогын үндсэн санаа нь Н.Учралын Монголчууддаа итгэх итгэлээс үүдэлтэй ажээ. Эрх чөлөөг нь өгчихвөл, дарамт шахалтыг нь бүрмөсөн үгүй хийдэггүй юм гэхэд мэдэгдэхүйц багасчихвал, санхүүгийн секторыг хоёр тулгууртай болгочихвол, төр бизнест саад хийхээ больчихвол, дүрэм журмыг нь цөөлчихвөл, ногоон хөгжлийн боломжийг олгочихвол, хөдөлмөрлөх боломжийг нь бүрэн өгчихвөл Монголчууд цагийн шуургыг сөрж ч чадна, сайхан амьдарч ч чадна гэдэгт тэрээр итгэжээ.

Монголчууд та бид ч өөрсдөдөө итгэх нь чухал байна. Түүхийн бүхий л шуургыг сөрж, тусгаар улсаа авч яваа бид нэг нэгэндээ итгэж, хоёргүй сэтгэлээр хөдөлмөрлөж, эдийн засгийн эрх чөлөөгөө олж авч, баян чинээлэг амьдрах замаар эргэлзэлгүй урагшлах ёстой. Эцэг, өвгөдийнхөө эхлүүлсэн эрх чөлөөний замаас ухрах учиргүй.

М.Гал-Арив

Эх сурвалж: Монголын үнэн сонины №013 /24688/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай

#Засгийн газар
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.