МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Соёл Урлаг Г.Гонгоржав: Монгол Улс чулуун өвийн бая...

Г.Гонгоржав: Монгол Улс чулуун өвийн баялгаа хамгаалалтад авах хэрэгтэй

Одоогоос хагас жарны өмнө Байгалийн түүхийн музейд анхны үзэсгэлэнгээ гаргаж байсан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэс судлаач, сэтгүүлч, профессор Г.Гонгоржав 30 жилийн дараа энэ л музейдээ тайлангаа тавьж байна. Байгаль амьтайг батлах мэт түүний чулуун өвийн бүтээл бүгд өөрсдийн түүхтэй. Бийрийн үзүүр хүрээгүй атал урлагийн бүтээл мэт байх нь чулуун өвийн үнэ цэнийг илтгэнэ

Үнэн
Админ

Одоогоос хагас жарны өмнө Байгалийн түүхийн музейд анхны үзэсгэлэнгээ гаргаж байсан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэс судлаач, сэтгүүлч, профессор Г.Гонгоржав 30 жилийн дараа энэ л музейдээ тайлангаа тавьж байна. Байгаль амьтайг батлах мэт түүний чулуун өвийн бүтээл бүгд өөрсдийн түүхтэй. Бийрийн үзүүр хүрээгүй атал урлагийн бүтээл мэт байх нь чулуун өвийн үнэ цэнийг илтгэнэ. Газар нутгийнхаа түүхийг өөртөө агуулдаг ийм үнэт зүйлийг залуус, хойч үеийнхэндээ өвлүүлэн үлдээхийн төлөө яваа үзэг нэгт буурал ахын энэ удаагийн үзэсгэлэн “Чулууны хээ-10” нэртэй. Арван өөр сэдэв, арван өөр газрын цагалбарыг шингээн байгальдаа оршин буй эрдэнийн тухай энэ хүмүүнээс өөр ингэж гүн гүнзгий судалсан нь тийм ч олон биш болов уу. Буурал сэтгүүлч 90 насыг зооглосон ч үзгээ тавиагүй, чулуун эрдэнээ судалсан хэвээр явна. 

-Чулууны талаарх ойлголтыг өөрчилж хүмүүсийн анхаарлыг эрдэс судлалд хандуулж чадсан та энэ удаагийн үзэсгэлэнгээ яагаад тайлан хэмээн онцлох болов?

-Буурал ах нь 10 дахь үзэсгэлэнгээ гаргалаа. Өмнө нь гаргаж байсан үзэсгэлэнгүүдээ тайлагнасан агуулгатай учраас тэгж тодотгосон хэрэг. Энэ удаагийн үзэсгэлэндээ 800-900 байгалийн чулуун бүтээлийг дэлгэсэн. “Чулуун хээ-10” үзэсгэлэн үндсэн болон дагавар хоёр хэсэгтэй. Харж байгаачлан “Чулуу зурж байна”, “Чулуу бичиж байна” бол үзэсгэлэнгийн үндсэн хэсэг. “Чулуужсан ойн дууль”, “Уушгин чулуу” нь дагавар хэсэг юм. Миний үзэсгэлэнд байгаа бүх чулуу байгалиас ямар байдалтай олдсон яг тэр хэвээрээ. Ийм зүйлд гар хүрвэл хүмүүсийг хуурсан болно. Хэн нэгэн зурсан мэт харагдах нь байгаль эх ямар гайхамшигтайг илтгэх мэт. Бас кирил, уйгаржин бичгээр бичсэн мэт уншигдах нь бүгд анхныхаараа. Гагцхүү хүмүүс хэрхэн харж, таньж, уншиж чадаж байгаад л бүх агуулга оршдог. Энэ удаагийн үзэсгэлэнгийн дагавар хэсгүүд их сонирхолтой.

Намайг 1960 онд Геологийн лабораторид очих үед Дорноговь аймгийн Сүйхэнт гэдэг газарт томоохон хэмжээний чулуужсан ой байсан. Гэтэл одоо тэнд ганцхан уртлаг гулдмай, цөөн хэдэн хожуул төдийхөн үлджээ.Тийм учраас үзэсгэлэнгийн энэ хэсгийг дууль гэж тодотгосон. Би хувьдаа хүмүүст чулуужсан модны тухай ойлголт өгөх хэрэгтэй юм байна гэж бодсон. Хүн түүнийг хараад дотроо юу агуулдгийг мэдэхгүй. Түүн дотор чинь чүнчигноров, мана, гартаам зэрэг олон төрлийн чулуу байдаг. Сүйхэнтийн чулууг бид Америкийн Аризонагийн чулуун ойн паркийнхтай харьцуулж үзсэн. Үүнээс манай чулуужсан мод химийн найрлагын хувьд ямар ялгаатай байна вэ гэдгийг харж болно. Миний хувьд энд байгаа чулууг шатсан ойн цурамнаас түйсэн нь өнөөдрийн үзэсгэлэнд дэлгэгдсэн байна. Онцлон ярих өөр нэг чулуу бол уушгин чулуу. Үүнийг манай толь бичигт хүрмэн чулуу ч гэж бичсэн байдаг. Чулуу усанд живдэг. Гэтэл ганцхан чулуу усанд хөвдөг нь уушгин чулуу юм. Энэ чулуугаар өвөг дээдэс маань хөшөө дурсгал хийж байсан. Мөн барилга байгууламжид ашиглаж байжээ. Уушгин чулууг гаднын улс оронд өргөн дэлгэр ашигладаг. Өмнөд Солонгосын Чежү арал тэр чигтээ хүрмэн чулуу.

Тэнд барилга байгууламжаас эхлээд урлагийн бүтээлд хүртэл уушгин чулууг ашиглаж байна. Манайд бол базальтаар шилэн хөвөн хийж байна. Ийм чулууны онцлог нь усанд хөнгөнөөс гадна дулаанаа сайн хадгалдаг. Түүнээс гадна мэрэгчдэд тэсвэртэй. Барилгын хөнгөн блок хийхэд ашиглах нэн тохиромжтой. Үүгээр зогсохгүй гоо сайхны энгэсэг зэрэг олон зүйлд ашигладаг. Газар тариаланд хөрс сийрэгжүүлэгч болгон хэрэглэж ч болно. Харамсалтай нь манайх ингэж өргөн хэрэглээнд нэвтрүүлж чадахгүй байна. Ач холбогдлыг нь ойлгоод ашиглаж чадвал олон талаараа үр өгөөжөө өгөх боломжтой. 

-Үзэсгэлэнгийн “Чулуу бичиж байна” хэсгийг онцолсон нь ямар учиртай вэ?

-Өнөөдрийг хүртэл хүн төрөлхтөн даяараа бичиг үсэг юунаас үүссэнийг тогтоогоогүй байна. Харин “Чулууны хээ-10” үзэсгэлэн энэ асуултад хариулсан. Хүн төрөлхтөнд “А” үсэг заасан анхны багш нь байгаль юм гэдэг таамаглалыг дэвшүүлсэн. Таамаглаж байгаа зүйлээ бодит байдалд тулгуурлаж үзвэл шинжлэх ухаан болдог. Үүнийг улам бүр бататган бодитоор харуулахын тулд “Чулуу бичиж байна” хэсэгт хүмүүсийн анхаарлыг хандуулахыг хүссэн. Үзэсгэлэнгийн үнэ цэн үүнд оршино. Санаагаар болдог бол миний эхлүүлсэн ажлыг цааш нь төсөл болгон хэрэгжүүлээсэй гэж хүсэх юм. Энэ ажлыг эхлүүлж чадвал сонин содон олон зүйлийг ил болгох боломжтой. Ийм баялгаа улс хамгаалалтдаа авах хэрэгтэй. Хэрвээ энэ хэвээр үргэлжилбэл устаж үгүй болох эрсдэл тулгараад байна.

-Тантай судлаачид холбогдож олон жилийн судалгааны  тань талаар асууж тодруулж байна уу?

-Харамсмаар нь хүмүүс тэр талаас нь харж, үнэлж чадахгүй байна. Олонх нь гайхахаас өөрцгүй юм даа. Би  10 удаагийн үзэсгэлэнгээрээ олон нийт, өсвөр залуу үеийнхэндээ эх орныхоо байгалийн баялгаар бахархах, хайрлах дадлыг суулгах зорилготой байсан. Энэ зорилгоо бага ч атугай биелүүлсэн болов уу хэмээн найдаж байна. 

-11 дэх үзэсгэлэнгээ гаргана биз дээ?

-Аливаа зүйл цаг хугацаатай. Миний зорилго энэ үзэсгэлэнг улсын хамгаалалтад өгөх. Одоо би номоо гаргахаар бичиж байна. Гэтэл нас 90 хүрч байна. Эмээх л юм. Өвчин хэлдэггүй өвгөний даралт нь хэлбэлзээд, сэтгэл хөдлөхийг андахаа байж дээ. 

Б.Сийлэн

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.