МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Соёл Урлаг М.Амарсанаа: Кофе зардаг өвгөн болно

М.Амарсанаа: Кофе зардаг өвгөн болно

“Нюанс” сонгодог театрын суурин дээр бий болсон хамтлаг учраас ганхахгүй зогсож чадсан. Суурь сайтай барилга тогтвортой байдаг. Бидний суурь сайн суусан учраас хамтлаг маань өнөөдөр оршин тогтноод уран бүтээлүүдээ үргэлжлүүлээд явж байна.

Үнэн
Админ

“Нюанс” хамтлагийн ахлагч, дуучин М.Амарсанаатай ярилцлаа.

-Хүмүүний амьдралд нэгэн үе улиран солигдож, урин цаг айлссан цагт та нэрнээсээ утга уянгатай сонсогдох тоглолт хийхээр болсон нь цаанаа ямар нэгэн бэлгэдлийг агуулж байна уу?     

-Юуны өмнө “Монголын үнэн” сонины уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол хүн бүр улс орныхоо төлөө санаа зовниж сайн сайхан зүйлийг бий болгож бүтээгээсэй. Үргэлж бие биенээ хайрлаж, дэмжиж муу зүйлийг бодолгүй амьдраасай гэж би хувьдаа хүсдэг. Тоглолтын хувьд ч гэсэн ирэх цагийг бэлгэдэж, муу зүйл нь дарагдаж сайн сайхан болоосой. Айл өрх бүр, гэр бүл болгон, Монгол Улсад амьдарч байгаа иргэн бүр сайн сайхан байгаасай хэмээн бодож “Хайрлая” нэртэй анхны бие даасан тоглолтоо хийх гэж байна. Мөн энэ жил “Нюанс” хамтлагийг үүсгэн байгуулсны 25 жилийн ой тохиож байна. Би хамтлагийн гишүүн байхдаа нэг ч удаа ганцаарчилсан тоглолт хийж байгаагүй. Яагаад гэвэл, хамтлаг гэдэг хамтдаа тууштай байх ёстой гэж боддог. Энэ бодолдоо үнэнч байж өнгөрсөн 25 жилийн хугацаанд бүтээлчээр ажиллаж, уран бүтээлүүдээ үзэгчдэдээ хүргэж ирсэн. Харин анхны бие даасан тоглолтоор Амараа ямар оршихуйтай хүн бэ, оюун бодолдоо юу санаж, тээж явдаг вэ гэдгийг гэр бүл, найз нөхөд, намайг сонсдог хүмүүст сонсгоё, харуулъя гэж бодсон. Миний уран бүтээлийн санд “Хайрлая” нэртэй дуу байдаг. Шүлэг, яруу найраг, тэр дундаа сургаал номлолын сэдвээр бичдэг Б.Эрдэнэтуяагийн бүтээлд эгшиг нэмж тэр дуу маань бүтсэн. Түүний таван жилийн өмнө фэйсбүүкт байршуулсан шүлгийг санаандгүй олж харснаар дуу төрөх эхлэл тавигдсан юм. Ер нь фэйсбүүкт бодит үнэнтэй нийцэх, амьдралтай шүлгүүд зонхилдог. Амьдралд чанагдсан хүмүүсийн утга агуулга төгөлдөр шүлгүүд сошиал орчинд тавигддаг учраас би тэнд байгаа шүлэг, яруу найргийг унших, харах дуртай. 

-Өдөр бүр хоолойн дасгал уншдаг дуучидтай харьцуулахад та бэлтгэлгүйд тооцогдох байх. Олон жанрын уран бүтээл хүргэх учраас тоглолтын бэлтгэлээ чамбай хийхгүй бол болохгүй?

-Амьдрал дээр амар хялбар зүйл гэж байхгүй. Би хэдийгээр мэргэжлийн дуучин ч цуцна, ядарна. Тоглолтын хөтөлбөрийн дийлэнхэд нь миний уран бүтээлүүд. Тэдгээрээс тоглолтод урилгаар оролцох дуучид дуулна. Ингэж завсар авахгүй бол ганцаараа хоёр, гурван цаг дуулах амаргүй. Үнэнийг хэлэхэд тоглолтынхоо бэлтгэлийг оркестртой бэлдэх чанга байна. Гэхдээ аль болох сайхан зүйлийн талаар бодож, сайн зүйлийн төлөө юм хийж байгаа юм чинь бас ч гайгүй болов уу.

Би өнгөрсөн хугацаанд эх орон, эцэг эх, хайр, ханийн тухай сэдэвтэй, цар хүрээний хувьд өргөн агуулгатай зүйл хийхийг хичээсэн. Тэдгээрээс энэ тоглолтдоо түүвэрлэн оруулна. Тоглолт болох хугацаа тулаад амьсгаа өндөр л байна. Гэхдээ бид чинь нэг талаараа хүүхэд шиг. Үзэгчдийн уур амьсгал, алга ташилтыг сонсоод бүх зүйлээ мартдаг. Сэтгэл хөдөлж хамтдаа халуун дулаан орчныг бүрдүүлж чаддаг. 

-Мэргэжлийн дуучин хэмээх алдрыг олон жил авч явахын сайхан нь юундаа байна, бас эмзэглэмээр зүйл нь юу гэж санагддаг вэ?

-Биднийг урлагт үнэнч байхыг багш нар маань зааж сургасан. Би Ардын жүжигчин, Монголын анхны дуурийн эмэгтэй дуучин А.Загдсүрэн хэмээх эрхэм хүний  шавь. Багш маань “Ажил мэргэжилдээ үнэнч бай” гэж зааж сургасан. Хазайж болохгүй жанжин шугамыг багш нар маань тогтоогоод өгсөн. Эргэлт буцалтгүй сонгосон зүйлээсээ одоо бид ухарна гэж байхгүй. Харин ч урлагт сайхан зүйлийг яаж бий болгох вэ, алдах гээд байгаа залуучуудад нь зааж сургадаг, амьдрах гэж байгаад нь зөвлөдөг. Хичээл зүтгэлтэй, тууштай бай, хүний итгэлийг битгий алдаарай гэдэг зүйлийг хэлдэг байх нь бидний үүрэг гэж боддог. Нийгэм дэх болж бүтэхгүй бүхий л зүйлийг буруугаар хараад явбал бид хөгжихгүй, түвшин ахихгүй. Тиймээс миний хувьд бүгдийг илүү гэгээлгээр харахыг хичээдэг. Сайн зүйлд “Браво” гээд, мууд нь сэтгэгдэл бичдэггүй төрлийн хүн нь би.

Өөр нэг зүйл нь дуурь, балет, хөгжмийн бүтээлүүдийг үздэг, сонсдог үзэгчийн хувь манайд маш бага. “Нюанс” хамтлаг 2001 онд байгуулагдахдаа сонгодог урлагийн бүтээлүүдийг орчин цагийн хөгжмийн хэлбэрт оруулан дуулж үзэгчдэд хүргэх гэгээн бодолтой байсан. Гэтэл тухайн үед сонгодог урлагийг хүлээн авах үзэгчид хараахан бэлтгэгдээгүй байсан юм. Зарим тоглолтын үеэр “Нюанс” больё оо, оръё оо” гээд усны сав, лааз хүртэл шидэж байсан удаа бий. Тийм үед манай хамтлагийнхан бидний хийх ёстой ажил учраас хэцүү гэж болохгүй гэсэн бодолтой явж ирсэн. Харин сүүлийн үед интернэт, сошиал хөгжсөнөөр хүмүүсийн харах өнцөг, үзэх зүйл нээлттэй болсон. Энэ өөрчлөлтийн үр дүнд үзэгчид биднээс илүү энтертайнментлаг зүйлийг шаарддаг боллоо.

-Ийм гэгээн бодлуудаар дүүргэж, таны сэтгэлийг цайруулдаг зүйл нь юу юм бэ?

-Энэ ажил мэргэжлийг эзэмшчихээд үнэнч байсандаа бид баяртай байх ёстой, сэтгэл дүүрэн байх ёстой. Ерөөсөө гутарч болохгүй. Гутарчихаар л бидний хийх гээд байсан зүйл юу ч үгүй болно. Өнгөрсөн жил бид хамтлагийнхаа 25 жилийн ойг угтаж орон нутгаар явж тоглолоо. Бид энэ тоглолтоороо хүнийг хүндлэх, хайрлах сэтгэлээ битгий мартаарай. Ингэж чадвал бид илүү урагш алхах боломжтой юм байна гэдгийг хэлэхийг хүссэн. Хэлэх гэснээ цөөхөн ч атугай хүнд хэллээ дээ гээд сэтгэл дүүрэн байдаг. Ийм бодолтойгоор тоглолтоо 12 мянган хүнд хүргэсэн байна.

Ингэж явахдаа нэг компанитай хамтран “Монгол хүний эрүүл аж төрөх соёл” лекцийг уншуулсан. Үзэгчид бидний тоглолттой зэрэгцэн лекцийг маш анхааралтай хүлээн авч байсан. Үүнээс юу гэж ойлгосон бэ гэхээр үзэгчдийн, бидний аливаа зүйлийг хүлээж авах чадвар сайн болсон байна.

-Цаг хугацаа уран бүтээлчийг туршлагажуулж, цаг хугацаа магадгүй уран бүтээлчийг зөөллөдөг байх. Өөр нэгний өнцгөөс харахад танай хамтлагийнхан насны хувьд ахмад үедээ орно. Гэтэл Европт бол та хэд ид дуулдаг үедээ яваа дуучид шүү дээ?

-Ардын жүжигчин Д.Жаргалсайхан, Хөдөлмөрийн баатар, зууны манлай Ц.Пүрэвдорж, Хөдөлмөрийн баатар Г.Хайдав, Б.Зангад гуай бидний насан дээр дуулаад л явж байсан. Тэгэхээр авьяас хөгширдөггүй байгаа биз. Тэд жинтэй уран бүтээлүүдээ хийгээд явсан. Би Амараагийн урлагийн карьер хаана очиж дуусахыг мэдэхгүй. Тэр хүртэл хийх сайн үйлс байвал хичээж оролцъё гэж дотроо бодож явдаг. Магадгүй зарим хүн гоё ярьдаг хүн байна гэж ойлгох байх. Миний дотоод мөн чанар ердөө энэ.

-Хамтлагийн нөхөрлөл 25 жил тасраагүй юм байна гэдгийг ойлголоо. Гэхдээ нөгөө талдаа арай эртнээс ганцаарчилсан уран бүтээлдээ анхаарал хандуулсан бол өнөөдөр арай өөр байх байсан гэдэг бодол орж ирдэг байсан уу?

-“Нюанс” хамтлаг 15 жилийнхээ ойгоор тоглолт хийсэн. Тоглолтын дараа би “Миний дүү нар одоо ганцаарчилсан уран бүтээл хийж болно” гэж хэлж байсан юм. Гэхдээ хамтлагийнхан маань хамтдаа байж амжилтад хүрнэ гэдгийг ойлгосон болохоор нэг сэтгэлээр урагшилсан, өнөөдөр бид 25 жилийнхээ ойтой золгож байна. Түүнээс биш Амараа ганцаараа хэн ч биш. Нэг дуучин байсан гэж л ярих байх. Харин “Нюанс” гэхээр хүмүүс попера чиглэлээр уран бүтээл хийдэг залуучуудын нэгдэл гэж харж байгаа. Одоо ч гэсэн хамтлагийн нөхөд маань тоглолтын арын ажлыг амжуулаад  явж байна.

-Хэрвээ өнөөдөр мэргэжлийн урлагийн нэг байгууллагад харьяалагдаж байсан бол гэсэн бодол төрдөг үү?

-Манай хамтлагийнхан сургуулиа төгсөөд ДБЭТ-т 12 жил ажилласан. Тухайн үед “Нюанс” хамтлаг театртай гэрээгээр ажилладаг байсан. Театрын удирдлага солигдоход чөлөөт уран бүтээлч болохоос өөр сонголт байгаагүй. Гэхдээ бидэнд ДБЭТ-аас суралцсан зүйл, ардын жүжигчид, шидээврүүдээс сурч мэдсэн зүйлийг ямар нэгэн зүйлтэй харьцуулах аргагүй. Мэргэжлийн дуучны хувьд тэндээс их зүйлийг сурсан болохоор хүндэлж ярьдаг.

“Нюанс” сонгодог театрын суурин дээр бий болсон хамтлаг учраас ганхахгүй зогсож чадсан. Суурь сайтай барилга тогтвортой байдаг. Бидний суурь сайн суусан учраас хамтлаг маань өнөөдөр оршин тогтноод уран бүтээлүүдээ үргэлжлүүлээд явж байна.

Мэдээж чөлөөт уран бүтээлчийн хувьд эхний үеүд бидэнд амар хялбар байгаагүй. Арилжааны  талаар ойлголттой болсны дараа олон ч удаа аялан тоглосон. Ковидын үед хоёр, гурван жил зогссоныг эс тооцвол бид уран бүтээлээ хийсээр яваа.

-Урлагийн хүн үргэлж гоё сайхан, бүхнээс өндөрт дээгүүр байх ёстой гэдэг ойлголтыг та эвдсэн. “Дүнжингарав” худалдааны төвд худалдаа хийж байхдаа камерын дуранд олон ч удаа өртсөнийг санаж байна?

-Би гэргийтэйгээ 1990-ээд оноос багахан наймаа хийж, гахай, хайрцагтай бараа зөөж амьдарсан. Тэр нь одоо хүртэл хэвээрээ. Ковидын үед гэр бүлийн хүнийг эмнэлэгт хэвтүүлсэн. Тэр үед надад худалдаа хийхээс өөр арга байгаагүй.

Амьдрал шүү дээ. Би урлагийн хүн гээд зүгээр сууж болохгүй. Ковидын үеэр амны хаалт ховрын бараа болоход гэргий маань маск оёж түүнийг нь би унадаг дугуйгаар зөөдөг байлаа. Машин дугаараар нь явуулахгүй учраас ихэнхдээ унадаг дугуй унадаг байсан юм. 

Европ, хөгжингүй орнуудад урлагийг өндрөөр үнэлдэг, Өмнөд Солонгост дуучдыг асар өндөр хэмжээнд хүлээж авдаг. Тэдний маркетинг, продюсинг сайн. Гэхдээ манайх чинь гурван саяулаа. Гучин сая байсан бол арай өөр л байх байсан байх. Гурван сая хүнд хамаагүй хамраа сөхөөд байж болохгүй байх л даа.

-Та аавынхаа мэргэжлийг өвлөсөн уран бүтээлч. Удмаас ирсэн энэ өгөгдлөө хэрхэн өвлөн үлдээж, баримтжуулах бодолтой явдаг вэ?

-Тоглолтынхоо хүрээнд “Хайрлая” сэдвээр хэсэг хугацаанд текст бичиж үзлээ. Өвөө эмээ дээрээ өссөн хүүхэд ахуй цагт ямар байсан талаараа бичихээр хүмүүс сонирхож байсан. Зарим нь  “Наадахаараа ном гаргаач, кино шиг юм байна” гэж хэлж байсан удаатай. Манай аав Цэргийн  ансамблийн жаран харын нэг. Би аавынхаа ажил мэргэжлийг нь өвлөсөн. Харин миний хүүхдүүд цааш хэрхэн авч явахыг би мэдэхгүй. “Миний мэргэжлийг эзэмш” гэж хэлж чадахгүй. Яагаад гэвэл нийгэм өөр болсон. Хүүхдүүд цаг үеэ дагаад технологи хөгжиж байгаа энэ үед боловсрол эзэмших хэрэгтэй. Хүүхдүүдээс маань хамгийн бага охин бүжиглэдэг.

Тэр хүүхдийн амьдрал одоо тэр чигтээ бүжиг болсон. Уг нь гадагш сургалтад явуулъя гэсэн чинь бүжгээ хөөгөөд одоохондоо өөр зүйл сонирхохгүй бололтой. Би анхнаас нь бүжигт дуртай болгоод өсгөсөн болохоор түүнийг нь хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байхгүй. Ер нь ач зээ нараа боловсролтой болгох, техник технологийн хөгжил ондоо болж байгаа учраас мэдлэг боловсролтой болгоорой гэж хэлдэг. Яг үнэндээ урлагийн салбар хүнд шүү дээ. Үнэхээр гайхам сайхан авьяастай биш л бол амжилт олно гэдэг хэцүү. 

Монголын зах зээл бага. Ямарваа нэгэн зүйл хийхэд нас богинотой. Бид чинь их уйдамхай ч ард түмэн юм. Харин байгаа цагтаа хийж хэрэгжүүлж байгаа зүйлээ зоримог шийдвэртэй, хүнд хүртээмжтэй, үлдэцтэй санан дурсах юмтай үлдээхийг л хичээж байна. Ном гаргахын хувьд хожмын нэг өдөр болох байх аа.

-Уран бүтээлчийн хувьд сэтгэл хангалуун амьдарч чадаж байна уу. Өнөөдөр ямар бодол сэтгэгдэл төрж байна вэ?

-Мэдээж хүн бүр өөр бодолтой. Би хувь хүнийхээ хувьд хичээх ёстой юм байна гэж боддог. Манай гэр бүлийн хүн ч тэгж боддог байх. Гэр бүлийн хүн маань зүгээр суухгүй шүү. Заавал нэг юм хийнэ. Зах дээр ажиллаж ирчихээд орой нь оёдлоо хийгээд суучихна. Бид хоёр заавал нэг юм хийх ёстой гэдэг байр суурьтай. Зүгээр суувал шүүмжлэгч болж хувирна. Завгүй хүн хэл амны асуудал багатай гэж ойлгодог. Завтай болж хийх ажилгүй болоод ирэхээр унтарчихаад байна гэж би хувьдаа хардаг. Тийм учраас зав багатай, аливаа зүйлд санаачилгатай, оролцоотой байгаасай гэж боддог.

Би кофе зардаг өвгөн болно. Зүгээр суухгүй, мод тарина. Өөртөө аз жаргалтай орчин бүрдүүлчихээд сууж байх нь миний хувьд баяр хөөр юм даа.

Хүнд өгөх нэмэр тусаа чадлаараа үргэлжлүүлэхийг хичээнэ. Энэ нийгэмд хүн ичих, гэмших, уучлах гэдгийг мартчихгүйхэн шиг баймаар байна. Бие биенээ хайрладаг сэтгэлээ хүн мартмааргүй л санагдаад байгаа юм.

-Ярилцлагын төгсгөлд та манай уншигчдад уран бүтээлээсээ санал болгооч?

-“Хайрлая” дууг маань сонсоорой гэж хэлье. Өөртөө ерөөдөг сайхан бүхнээ өрөөл бусдад хүсэж бай гэсэн шүлэгтэй. Хүмүүс сонсоод бага ч атугай ухаарал, хийсэн юмыг маань үнэлж цэгнэж ойлголт авах байх. Одоо хавар цаг, залуусын хэлдгээр эмоордог үе. Урин цаг ирж байгаа юм чинь миний “Нандин” дууг бас сонсоод үзээрэй. Үргэлж талархаж, баясал, инээд хөөртэй, эрүүл байх нь хамгийн чухал. Илүү соёлтой, нэгнээ илүү хайрлаж хүндэтгэсэн зан чанар Монголд минь дутаад байгаа учраас үүнийг сануулах уран бүтээлүүдээ уншигчдад санал болгоё доо.

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: Монголын үнэн сонины №013 /24688/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай

#Урлаг #соёл
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.