МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Нийгэм Нэрэмжит сургуультайгаа нас чацуу Ардын...

Нэрэмжит сургуультайгаа нас чацуу Ардын багш

Өмнөх нийгмийн төр хатуу бэрх, алив юм ховор, санаан зоргоор ажиллан хийж бүтээхэд бэрхшээлтэй тулгардаг байсан тийм цаг үед чухам юу хийж, бүтээгээд хөдөө, орон нутгаас тодрон анх удаа Ардын багш хэмээх алдар хүндлэлийг хүртэж улс даяар нэр нь түгж, алдаршсан нь тухайн үед тун ховор тохиолдол байлаа. Ийм л сонирхолдоо хөтлөгдөн энэ эрхэм хүний амьрал, ажил үйлсээс сурвалжлан бичихээр гэрт нь очиж уулзлаа.

Үнэн
Админ

 

Тогтоолд юу хэлэв 

Нэгэн тогтоолын мөрөөр бэдрэн, тодотгон бичихэд хүрлээ. Бараг 20-оод жилийн тэртээ буюу 2007 оны арваннэгдүгээр сарын дундуур Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс гаргасан нэгэн тогтоолд “...Булган сумын 11 жилийн дунд сургуулийг Ардын багш Бадамсэдийн нэрэмжит болгосонтой холбогдуулан иргэд, олон нийтэд сурталчлах, Ардын багш Х.Бадамсэдийн үйл ажиллагаа, хөдөлмөр бүтээл, гавьяа зүтгэлийг мөнхжүүлэх, сургуулийн багш, сурган хүмүүжүүлэгчид, нийт суралцагсад, ажиллагсдын идэвхийг өрнүүлэн сурлага, хүмүүүжлийн ажлын чанарыг сайжруулах арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Засаг дарга ..., Боловсрол соёлын газар/.../, Булган сумын Засаг дарга... нарт үүрэг болгож...” хэмээн тэмдэглэсэн байв.

Тогтоолд чухам юу өгүүлсэн нь тодорхой байна. Гагцхүү тэр нэрд гарсан Ардын багшийн ажил үйлсийг хэрхэн үргэлжлүүлсэн, уг тогтоолын заалт хэрхэн хэрэгжсэн нь анхаарал татав.

Социалист бүтээн байгуулалтын жилүүд буюу 1960-аад оны дундаас энэ багш ажил, амьдралын гараагаа эхэлж, уйгагүй зүтгэл, нөр их хөдөлмөрөөрөө эх орон даяар алдаршиж, арга туршлага нь түгэн дэлгэрч байсныг сонин хэвлэлийн хуудаснаас олонтаа харж, уншиж байлаа.

Өмнөх нийгмийн төр хатуу бэрх, алив юм ховор, санаан зоргоор ажиллан хийж бүтээхэд бэрхшээлтэй тулгардаг байсан тийм цаг үед чухам юу хийж, бүтээгээд хөдөө, орон нутгаас тодрон анх удаа Ардын багш хэмээх алдар хүндлэлийг хүртэж улс даяар нэр нь түгж, алдаршсан нь тухайн үед тун ховор тохиолдол байлаа. Ийм л сонирхолдоо хөтлөгдөн энэ эрхэм хүний амьрал, ажил үйлсээс сурвалжлан бичихээр гэрт нь очиж уулзлаа.

Тэднийх Баянзүрх дүүргийн нутагт, Нарантуул захын зүүхэнтэй, Ахмадын хорооллын хоёр өрөө байранд хүүхдүүдтэйгээ амар жимэр аж төрөн сууж байна. Өвгөн багшийн нас өндөр болж, бие чилээрхүү байгаа ч, ухаан бодол саруул, ярьж хөөрөх нь цэгцтэй, хошигнон суух нь нэн хөгжилтэй. Ид хийж, бүтээж явсан үеэ дурсах, ярихдаа нүд нь сэргэж, бага залуу насандаа очсон мэт болж, тоо баримтыг нэгбүрчлэн хэлж, үйл бүтээлээ нүдэнд үзэгдтэл дурсан өгүүллээ.

 

Тоо бүхэн амжилтыг илтгэнэ

-Багш аа, та ид хийж, бүтээж явсан үеийнхээ талаар дурсан яриач? Баримттай яривал бүр сонин байх болов уу?

-Танд би хэдэн тоо баримт хэлбэл илүү сонирхолтой байх болов уу. Би 1967 оноос Ховд аймгийн Булган сумын сургуулийн хичээл туршлагын талбайн ажлыг хариуцан авч, хичээн зүтгэж их амжилтад хүргэсэн хүн л дээ.

Надад анх тэр талбайг хариуцуулахад 0.5 га байсныг би 18 га болтол өргөжүүүлж, 164 зүйл- сортын ургамал тариалж, зуны улиралд хүүхдүүдийн амрах үеэр 300-гаад ажиглалт, сорил, туршлага, дадлагаар нэг жилд 10200 хүний - цагийн ажил хийлгэдэг байлаа.

Дээрх тоо миний талбайд ажилласан 34 жилээр тооцвол хэр их ажил, хөдөлмөр зарцуулсан нь тодрох болно.

-Тэр олон жил сурагч багачууд, тийм том талбайд ажиллаад  гарах үр дүн, бүтээл их байсан болов уу?

-Бас л тоо хэлье. Торниун алимны долоон сорт, давжаа алимны найман сорт, жимсгэнийн есөн сортын 2100 мод бутыг 45 га-д үржүүлэн, үр жимс хураан авдаг байлаа. Бид жимс үржүүлгийн талбайдаа торниун ба давжаа алим, үхрийн нүдний 1350 суулгац, цэцэрлэгжүүлэлтийн талбайд улиас, бүргас, нохойн хошуу, шар хуайлс, хайлаасны 85000 тарьцыг үржүүлдэг, үржүүлсэн мод бутнаасаа Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор, Завхан аймгийн сум, сургуулиудад өгч ургуулдаг байлаа гэж бахархалтайгаар өгүүлэв.

Тэрбум мод хөтөлбөрийг тэр үед энэ багш эхлүүлсэн ч юм шиг бодогдов.

Энд өгүүлэх хэдэн мянгаар тоологдох тоог тооцон, ургуулан бодоход нэг хүн бүү хэл, нэг аж ахуйн хийж дийлэх ажил огт бишээр төсөөлөгдөнө.

Багш ч комьютер мэт тоог нэг бүрчлэн чээжээр хэлэх нь гайхалтай.

Тэрээр туршлагын талбайдаа гурван км газарт цэцгийн зурвас тариалан 26-30 зүйл цэцэг тарьж, үрийг нь бусад сургуульд бэлэглэдэг байсан аж. Талбайгаасаа жилд дунджаар 3.5-5 тонн жимс, жимсгэнэ, 14.5-34.4 тонн хүнсний ногоо хураан авч, сургуулийнхаа дотуур байр, багш ажилчдынхаа хэрэгцээнд нийлүүлээд илүү гарсныг нь борлуулж, олсон  мөнгөө бүх нийтийг хамран сургах фондод оруулдаг байжээ. Би ч энэ тоон үзүүлэлтүүдийг сонсоод мэл гайхаж, нээрээ л нэг аж ахуйн хийдэг ажил,бүтээл, өгөөж л төсөөлөгдөв.

-Таны амжилт, бүтээлийг тодотгох өөр нэг жишээ хэлээч?

-Манай залуу байгальчид нэг модноос л гэхэд 198 кг алим авч, нэг ширхэг байцаа 24 кг-д хүрч, аварга амжилт тогтоож байлаа. Бид туршлагын талбайгаасаа олсон орлогоороо гурван трактор, хоёр автомашин, нэг гинжит трактор сургуульдаа авч байлаа гэх зэргээр багшийн яриа үргэлжиллээ.

1980-аад оны дундуур Боловсролын яамны сайд Б.Даваасүрэн туршлагын талбайг нь үзээд “Танай талбайг ийм том, сайхан гэж бодоогүй шүү. Энэ чинь бага шиг сангийн аж ахуй юм байна” хэмээн үнэлсэн нь багш, сурагчид хэр үр бүтээлтэй ажиллаж байсныг илтгэнэ.

-Та тэр он жилүүдэд яаж ажиллаад ийм их амжилтад хүрсэн бэ?

-Би ганцаараа зүтгэж, ажилласан юм биш л дээ. Тахилга, шүтлэгтэй Бүрэнхайрхан уулынхаа баруун талд 18 га газрыг тэгшлэх, суваг шуудуу татах, хөтрөмлөх, олон зүйлийн жимс, мод, ургамал, төмс, хүнсний ногоо тариалах тэр нүсэр их ажилд найз нөхдийн тус дэм, хайрт хань, сурагч багачуудтайгаа хамтран цаг нарыг үл ажран зүтгэсээр тийм ихийг хийж бүтээсэн юм. Бидний бүтээсэн их ажил үйлсийн үр шимийг одоо ч сургууль, багш нар, хамт олон, ажилчид маань хүртсээр л байгаа гэв.

Туршлагын талбайдаа хавраас намрын ургацаа хураах хүртэл хайрт ханьтайгаа, сурагч, багачуудтайгаа бүтэн гурван арван жил илүүгийн хугацаанд эцэх цуцахыг үл мэдэн, ээлжийн амралтаа ч эдлэхгүй ажиллаж, амьдарсан он жилүүдээ дурсан суугаа энэ багшийн нас сүүдэр 90-ийг шүргэжээ. Өөрийнх нь нэрэмжит болсон сургууль нь ч ирэх намар 90 жилийн ойг тэмдэглэх юм байна. Сургуулийнх нь ой дөхөөд ч тэр үү багшийн сэтгэл нэг л гэгэлзүүр, бас гуниглангуй ч байх шиг.

Арга ч үгүй биз. Насан туршдаа бүтээн босгосон талбайгаа, үеийн юм шиг тоглож, наадан их ажлын талбарт бужигналдан ажиллаж, амьдарч явсан ханиа, сурагч, багачуудаа санан гиюүрч байгаа янзтай.

-Та сургуулийнхаа ойд очих уу? Талбайн ажил үйлс хуучин янзаараа юу?

-Очих санаа их байна аа. Онгоцоор л явах байх. Ховдоос Булган сум ортол 300 -гаад км, бас хол шүү дээ. Миний үед улс орон даяар алдар нэр минь түгж, арга туршлагыг маань дэлгэрүүлэх  их ажил улс орон даяар өрнөж байлаа. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор миний ажлын арга туршлагыг дэлгэрүүлэх, хөдөлмөр бүтээл, гавьяа зүтгэлийг мөнхжүүлэхээр болж байсан тэр үйл хэрэг сураг тасарсан шүү. Ямар ч хөлс хүчгүй, ээлжийн амралтаа ч эдлэхгүй олон жил зүтгэсэн, бүтээн буй болгосон талбайн зарим хэсгийг өөрчлөн ашигладаг болсон байдаг шүү гэв.

Сургуулийг нь өөрийнх нь нэрэмжит болгосонтой холбогдуулан иргэд, олон нийтэд сурталчлах, багшийн үйл ажиллагаа, хөдөлмөр бүтээл, гавьяа зүтгэлийг мөнхжүүлэх зэрэг заалт хэрэгжихгүй байгаагаа, сум сургуулиараа алдраа тэмдэглүүлж ч үзээгүй гэх аястай үг ч цухуйлгав. Бүтээн буй болгосон, үр шимээ өгдөг энэ мэт зүйлээ улам бүр өөд нь татах ухаан дутаж байх шиг ээ.

-Та тэтгэвэртээ гарснаас хойш юу хийв ээ?

-Огт зүгээр сууж чаддаггүй юм билээ. Нутагт байхдаа мод чулуугаар юухан, хээхэн хийж сэтгэлээ хуурдаг байлаа. Ажил дээрч, гэрт ч, талбай дээрээ хамт хөтлөлцөн явдаг байсан ханиа тэнгэрт хальснаас хойш их л гуньж, гутран, хорвоог яаж туулна аа гэх бодол ч төрж байсан. Хэдэн хүүхдийнхээ ирээдүйг бодон, шүд зуун хатуужиж, олон ч он жилийг ардаа орхилоо. Хотод ирээд БСШУЯ-ны дэргэдэх Ахмад багш нарын холбоонд хэдэн жил ажиллалаа. Тэндээс гарснаас хойш бичиг цаастай нэлээд ноцолдлоо.

“Сэтгэл, зүтгэл хоёроор хорвоог чимсэн хүн”, "Сэтгэлд мөнх орших хань, талбай хоёр минь” гэх дурсамж, дуртгалын номдоо аж амьдрал, ажил үйлсийн минь талаарх сонин хэвлэлд гарсан сурвалжлага, тэмдэглэл болон ханийнхаа тухай дэлгэрэнгүй бичиж нийтлүүллээ. Торгууд түмний тухай ном ч бий. Бас хэд гурван дууны шүлэг бичиж, заримд нь ая хийлгэсэн нь олны, нутгийнхны нь дунд түгэн дэлгэрсэн гэв.

Багш “Бүрэнхайрхан” шүлэгтээ

Тансаг баян нутгийн

Тахилга шүтлэгтэй хайрхан

Торгуудын жороо морины

Тоос нь солонгордог нутаг

Бүрэн хайрхан ууландаа

Биширч залбирч явна даа

Булган голын усанд

Шумбан наадаж өслөө дөө

гэх зэргээр зураглан бичсэн байх юм. Нэрэмжит сургуультайгаа нас чацуу Ардын багш Х.Бадамсэдийн бодол, сэтгэлд их л юм бодогдож, төсөөлөгдөж байгаа нь илт байлаа.

Н.Бөхдамбий

Эх сурвалж: Монголын үнэн сонин №013/24688/

#Нийгэм
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.