Т.Аубакир: Иргэд улсын тэтгэврээс гадна ажил хөдөлмөр эрхлэх хугацаандаа нэмэлт хуримтлал үүсгэх эрх зүйн орчин бүрдэнэ
Манай улс Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуультай болохоор Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байгаа билээ. Тэгвэл ийм хуультай болсноор хөдөлмөр эрхэлж буй хүмүүст болон ахмад настнуудад ямар боломж нээгдэх тухайд УИХ-ын гишүүн Т.Аубакиртай ярилцлаа.
Манай улс Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуультай болохоор Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байгаа билээ. Тэгвэл ийм хуультай болсноор хөдөлмөр эрхэлж буй хүмүүст болон ахмад настнуудад ямар боломж нээгдэх тухайд УИХ-ын гишүүн Т.Аубакиртай ярилцлаа.
-Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийг боловсруулж, өргөн барих шаардлага, үндэслэл нь юу байв. УИХ-аар энэ хуулийг эцэслэн баталснаар ахмадуудад ямар ач холбогдолтой тухайд салбар яам тэргүүлж, энэ хуулийн төслийг боловсруулалцсан хүний хувьд манай уншигчдад мэдээлэл өгнө үү?
-Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, хөтөлбөрт тэтгэврийн даатгалыг олон давхаргат тогтолцоонд шилжүүлэх, тэтгэврийн тогтолцоонд хувийн хэвшлийн оролцоог сайн дурын нэмэлт даатгалын хэлбэрээр дэмжих, ахмад настан олон эх үүсвэр бүхий тэтгэврийн орлоготой байх нөхцөлийг бүрдүүлэх зорилтыг дэвшүүлсэн байдаг. Өнөөдөр дэлхий нийтээр хүн амын насжилт нэмэгдэх, хөдөлмөрийн зах зээлийн бүтэц өөрчлөгдөх зэрэг хүчин зүйлсийн улмаас тэтгэврийн тогтолцоог илүү тогтвортой, олон тулгуурт хэлбэрт шилжүүлэх шаардлага бий болж байна. Ийм нөхцөлд олон улс орон улсын тэтгэврийн даатгалын тогтолцооноос гадна хувийн тэтгэврийн тогтолцоог хөгжүүлж байна. Манай улсын хувьд ч иргэдийн ирээдүйн тэтгэврийн орлогыг баталгаатай, тогтвортой байлгах, тэтгэврийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор тэтгэврийн тогтолцоог үе шаттайгаар шинэчлэх асуудал чухлаар тавигдаж байна.
Энэ хүрээнд иргэд хөдөлмөрлөн, цалин орлоготой байх үедээ бүрэн хуримтлал бүхий хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоонд сайн дурын үндсэн дээр хамрагдах, ирээдүйд зөвхөн улсын тэтгэврийн даатгалын сангаас гадна, олон эх үүсвэрээс тэтгэвэр авах, урт хугацааны санхүүгийн хуримтлал сонирхолд тулгуурлан Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг боловсруулсан юм. Энэ хуулийн төслийг Засгийн газраас гуравдугаар сарын 18-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлээд байна. Энэхүү хуулийн төсөл нь иргэдэд ирээдүйн тэтгэврийн нэмэлт эх үүсвэр бүрдүүлэх боломжийг бий болгох, хуримтлалд суурилсан урт хугацааны санхүүгийн тогтолцоог хөгжүүлэх, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих, нийгмийн хамгааллын тогтолцоог илүү тогтвортой болгох зэрэг олон чухал зорилгыг агуулж байгаа юм.
-Хуулийн хамрах хүрээ ямар байх вэ, хэн, хэзээнээс, хэрхэн хамрагдаж болох вэ. Цаашдаа хуулийг албажуулснаар хувийн нэмэлт тэтгэврийн даатгалд даатгуулах сонирхол, хэрэгцээ хэр байгаа тухайд тооцоо судалгаа хэрхэн гарсан байдаг юм бэ?
-Өмнө нь дурдсанаар хүн амын насжилт, дундаж наслалтын өсөлтөөс үүдэлтэй хөдөлмөр эрхлэх хугацаа уртсаж, иргэд хөдөлмөрлөн, цалин орлоготой байх үедээ бүрэн хуримтлал бүхий хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоонд сайн дурын үндсэн дээр хамрагдах, ирээдүйд зөвхөн улсын тэтгэврийн даатгалын сангаас гадна олон эх үүсвэрээс тэтгэвэр авах сонирхолтой байна. Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хууль батлагдсанаар ажил олгогчид хүний нөөцийн шинэ бодлого хэрэгжүүлж, ур чадвартай ажилтнаа тогтвор суурьшилтай ажиллуулах, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх, бүтээмжээ нэмэгдүүлэх ач холбогдолтой. Түүнчлэн, даатгал, тэтгэврийн сангуудын хөрөнгийн хэмжээ өсөж, урт хугацааны дотоодын хөрөнгө оруулалтын эх үүсвэр нэмэгдсэнээр санхүүгийн зах зээлийн тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлнэ. Мэдээж хувийн тэтгэврийн тогтолцоонд хамрагдсан иргэдийн нийгмийн хамгааллын баталгаа дээшилж, улсын тэтгэврээс гадна хувийн тэтгэврийн хуримтлалаасаа тэтгэвэр авч тэтгэврийн орлого нь ч нэмэгдэнэ шүү дээ. Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл нь иргэдийг ажил хөдөлмөр эрхэлж байх хугацаандаа сайн дурын үндсэнд хуримтлал үүсгэж, ирээдүйд тэтгэвэр хэлбэрээр авах боломжийг бий болгоход чиглэж байна.
-Энэ бол манай улсын хувьд анх удаа ярьж байгаа хууль биш. Нөгөө талаас хувийн тэтгэврийн даатгалын тогтолцоо сайн дурын үндсэн дээр нэвтрээд багагүй хугацаа өнгөрсөн, цөөнгүй иргэн хамрагддаг шүү дээ. Тэгвэл үүнтэй зэрэгцээд хуулиа баталж, албажуулахын давуу тал нь юу вэ?
-Тийм. Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг 2023 онд УИХ-аар хэлэлцэж байсан удаатай. Энэ удаад Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Монголын үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын хөрөнгийн бирж, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын актуарчдын нийгэмлэг, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Монголын даатгалын холбоо, Голомт банкны дэргэдэх Тэтгэврийн ууган сан төрийн бус байгууллага, Ардын тэтгэврийн данс ХХК, Нэйшнл лайф даатгал ХХК, Мандал лайф даатгал ХХК, бие даасан судлаач, актуарчдын өргөн хүрээний төлөөллийг оролцуулсан Ажлын хэсгийн өргөн хүрээнд шинэчлэн боловсруулснаараа давуу тал, онцлог нь байгаа юм. Сүүлийн жилүүдэд хувийн тэтгэврийн хуримтлалд хамрагдах иргэдийн оролцоо нэмэгдэж байгаа хэдий ч Монгол Улсад энэхүү харилцааг зохицуулсан хууль эрх зүйн орчин бүрдээгүй байна. Энэ нь хувийн тэтгэврийн тогтолцоонд хамрагдаж байгаа иргэдийн эрх зөрчигдөх эрсдэлтэй учир Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хууль зайлшгүй шаардлагатай байгаа юм. Тухайлбал, 2025 оны байдлаар 135.6 мянган хүн аль хэдийнэ хувийн тэтгэврийн хуримтлалын тогтолцоонд хамрагдаж, 80.9 тэрбум төгрөгийн хуримтлал бий болгосон байна. Үүнээс 900 орчим иргэн тэтгэвэр авсан бөгөөд тэдний тэтгэвэр 6.3 тэрбум төгрөг олгосон мэдээлэл байна.
-Энэ хууль дахь нэг онцлог заалт нь тэтгэврийн даатгалаа цаашид өвлүүлж болох юм билээ. Энэ тухайд дэлгэрүүлж өгөөч. Хэнд, хэрхэн өвлүүлэх вэ гэдэгт хязгаар, зааг байгаа байх л даа?
-Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөлд иргэд хувийн нэмэлт тэтгэврийн хуримтлалаасаа өөрөө сонгож, нэг удаа, 5-10 жилийн хугацаанд, мөн насан туршдаа тэтгэвэр авах боломжтой. Мөн иргэн тэтгэврийн наснаас өмнө хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд нас харгалзахгүй тэтгэвэр тогтоолгох эрхтэй бөгөөд нас барсан бол тэтгэврийн хуримтлалаа өвлүүлэх боломж бүрдэх юм. Гишүүн тэтгэвэр авч эхлэхээсээ өмнө нас барсан тохиолдолд түүний тэтгэврийн хуримтлалыг хууль ёсны өвлөгчид нь шилжүүлнэ.
-Хувийн нэмэлт тэтгэврийн даатгалд хамрагдаж явсан иргэн тэтгэврийн наснаас өмнө хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд тэтгэврээ тогтоолгох эрхтэй юм билээ. Энэ тухайд тэдэн жилээс дээших хугацаанд даатгалаа төлсөн байх зэрэг шалгуур, шаардлага бий юү?
-Хуулийн төсөлд зааснаар гишүүн хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдсан бол нэмэлт тэтгэврээ тогтоолгон авах эрх үүсэх бөгөөд гэрээ байгуулсан Хувийн тэтгэврийн сан эсвэл урт хугацааны даатгагчид тэтгэвэр авах хүсэлтээ гаргана.
-Хувийн нэмэлт тэтгэврийн даатгал сайн дурынх уу эсвэл. Хоёуланд нь зэрэг хамрагдаж явах боломжтой юу?
-Нийгмийн даатгалд албан журмаар эсвэл сайн дураар даатгуулагч нь хувийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөрт сайн дурын үндсэн дээр хамрагдаж болно.
-Тэтгэврийн даатгалын сангийн тогтвортой байдлыг хангах буюу аливаа эрсдэлээс хамгаалах тухайд төрөөс ямар дэмжлэг, хөшүүргийг хуульд тусгасан бэ?
-Хувийн нэмэлт тэтгэврийн үйл ажиллагаа нь сайн дурын үндсэн дээр, бүрэн хуримтлалын, засаглал, үйл ажиллагаа нь ил тод, санхүүгийн тогтвортой, бие даасан, төрөөс тусдаа хувийн менежменттэй байх гэсэн зарчимд суурилна гэдгийг онцлон хэлье. Хувийн тэтгэврийн сан хувийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөрт хамрагдсан гишүүний хуримтлалыг хадгалахгүй, мөн хөрөнгө оруулалт хийхгүй. Гишүүдийн хөрөнгө Кастодиан банканд хадгалагдаж, Хөрөнгө оруулалтын менежментийн компаниар удирдуулах тул эрх мэдлийн хуваарилалт хийгдэж, хэн нэгэн хүн мөнгийг дур мэдэн ашиглах боломжгүй юм. Түүнчлэн, хувийн тэтгэврийн сан байгуулах хөрөнгийн доод хэмжээг 15 тэрбум төгрөг бөгөөд нэг үүсгэн байгуулагчийн эзэмших хувь 20-оос ихгүй байхаар заасан. Мөн хуулийн төсөлд хувийн нэмэлт тэтгэврийн үйл ажиллагаа эрхлэх хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчийн үйл ажиллагаанд Санхүүгийн зохицуулах хороо болон Монгол Улсад үйл ажиллагаа явуулах эрхтэй аудитын байгууллага давхар хяналт тавих нарийвчилсан зохицуулалт бий.
М.Өнөржаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №013/24688/