В.Алзахгүй: Монголоо нэгтгэх гэсэн том бодлоготон байсан нь Ж.Цэвээнийг хэлмэгдүүлсэн байдаг
Монгол Улсын анхны эрдэмтэн, доктор, Ж.Цэвээний мэндэлсний 145 жилийн ойн өмнө Түүхийн ухааны доктор, профессор В.АЛЗАХГҮЙТЭЙ ярилцлаа.
Монгол Улсын анхны эрдэмтэн, доктор, Ж.Цэвээний мэндэлсний 145 жилийн ойн өмнө Түүхийн ухааны доктор, профессор В.Алзахгүйтэй ярилцлаа.
-Та саяхан Монгол Улсын Ардын багш Т.Баасансүрэнгийн саналыг дэмжсэн нийтлэлдээ “Ж.Цэвээнийг Монгол Улсын анхны эрдэмтэн доктор болохыг баталгаажуулаасай” гэж бичжээ. Түүний гавьяа зүтгэлийн талаар тодруулж ярина уу?
-Монгол Улс 1911 оны арванхоёрдугаар сард Автономит улсыг тунхагласан. Ингээд 1912 он гаруут Ж.Цэвээн гуайг урьсан. Тэр үеийн Монголын төрийн томчууд Ж.Цэвээнийг маш сайн мэдэж байсан юм билээ.
Ингээд Ж.Цэвээн Оросын Консулын газарт зөвлөхөөр Монголд ирсэн. Тухайн үед ОХУ-ын Буриад улсын иргэн байсан, Агийн буриадын хүн. Өндөр боловсролтой, гинмази, Улаан-Үдийн багшийн сургуулийг дүүргэж, Санкт-Петербургийн их сургуулийн түүх антропологи, хэл шинжлэл, төр эрх зүйн семинарыг төгссөн. Судалгаа, шинжилгээний ажилд гаршсан, зөвхөн Буриад төдийгүй, Орос, Хятад, Монголд танигдсан. Монгол судлалаар олон улсын эрдэмтдийн анхаарлыг татсан ийм л боловсролтой, боловсорсон эрдэмтэн байж. Удалгүй Монгол Улсын Ерөнхий сайд, Сайн Ноён хан Т.Намнансүрэнгийн дэргэд боловсрол, соёл, гадаад харилцаа, нийгмийг гэгээрүүлэх зэрэг олон асуудлыг хариуцсан Засгийн газрын зөвлөхөөр ажилласан. Ингээд 1912 ондоо багтаан Монгол Улсад анхны, нийтийн бага сургуулийг байгуулсан.
Манжаас манайд ганц бага сургууль ч үлдээгүй юм шүү дээ. Тэр үед Ж.Цэвээн “...ард албатын мунхаг харанхуйг эрдмийн зул бадруулж гийгүүлсүгэй” хэмээсэн бичгийг Гадаад явдлын яамны тэргүүн сайд, Чин ван Ханддоржид өргөсний дотор “гадаадын олон хүчирхэг улсын хамаг чадал нь гагцхүү элдэв ухаан дор нэвтрэн дээд, доод эр эм ялгалгүй цөм бага наснаасаа эхлэн адаг /бага/, дунд, дээд гурван шатны сургууль дор явж, зүйл бүрийн ухааныг өөр өөрийн төрөлх хэл дээр судалснаар энэ мэт хүчирхэг болжээ” гэж бичиж учирласан байдаг. Ингэж Ж.Цэвээний санаачилгаар, сайд Ханддоржийн шууд дэмжлэгээр 1912 оны гуравдугаар сарын 24-нд анхны иргэний бага сургууль 47 сурагчтай нээгдсэн түүхтэй. 1913 онд Эрхүү хотноо анхны 10 хүнийг дунд сургуульд явуулж, Ж.Цэвээн гуай өөрөө хүргэж өгч, орон байранд оруулж эцэг хүний анхаарал, халамж тавьсан гэж эх сурвалжид тэмдэглэгдэж үлджээ. Түүгээр зогсохгүй Ж.Цэвээн Оросоос сурах бичиг номыг эрэн сонгож, найман төрлийн чиглэлээр 100 номыг сонгож авч ирж, Ишдорж, Эрдэнэбат, Ц.Дамбадорж нарын хамт орчуулан анхны сурах бичигтэй болсон. Ж.Цэвээн өөрөө “Ертөнцийн байдал, дэлхийн газар зүй” хэмээх гурван дэвтрийг орчуулж хэвлүүлсэн. Яах аргагүй шинэ цагийн боловсролыг түүчээлсэн байгаа биз. Энэ түүхэн баримт бол Манжийн төрөөс Монголд юу үлдээснийг ч давхар нотолдог.
-Тэр нь юу билээ?
-Манж биднийг жаргааж байсан юм бол, Манж, Монгол хамтран төр барьж байсан юм бол ядахдаа хүрээнд, Ховд, Улиастайд тус бүр нэг бага сургууль үлдэж болно биз дээ. Гэтэл юу ч үлдээгүй. Ж.Цэвээн шинжлэх ухааны үнэн үг, нийгмийн бодит байдал, дэлхий нийтийн үйл амьдралтай түмэн олныг танилцуулахад сонин хэвлэл хэрэгтэйг ойлгуулж, “Шинэ толь” сэтгүүлийг 1913-1914 онд, “Нийслэл хүрээний сонин бичиг” сонинг 1914-1920 онд хэвлүүлж, энэ сонин, сэтгүүлдээ өөрийн овог нэрээр болон “Мухар огдой”, “Уулын өвгөн”, “Аюурзанаев”, “Бэгзиев” зэрэг нууц нэрээр маш олон сэдвээр тасралтгүй бичиж,1921 оны Ардын хувьсгалыг санаачилсан олон хүний оюун санааг цэнэглэж, хүрээнд нууц бүлгэмүүд байгуулагдан үйл ажиллагаа явуулахын эх суурийг тавьсан гэж судлаачид үздэг.
-Бас Судар бичгийн хүрээлэнг үүсгэн байгуулсан анхдагч гэдэг. Гэсэн атал өөрөө дарга, захирлаар нь ажиллаж байгаагүй юм билээ?
-Ж.Цэвээн гүн Жамьян, лам Бодоо, да лам Пунцагдорж нарын хамт 1921 оны арваннэгдүгээр сарын эхээр номын хүрээлэн байгуулах саналыг Ардын засгийн газарт өргөн мэдүүлсэн. Ардын засгийн газар тунгаан үзээд 1921 оны арваннэгдүгээр сарын 9-нд шийдвэр гаргахдаа тусгайлан “Эрдэмт түшмэл Жамсрановаас “...бодолхийлэн зааварлаж... зөвлөснөөр” “Судар бичгийн хүрээлэн”-г шийдвэр гаргаж үүсгэсэн түүхтэй. Шинэ хэмжээт эрхэт Богд хаантай Монгол Улсад анхны шинжлэх ухааны байгууллага ийнхүү байгуулагдсан. Санаачлагч, анхдагч нь яах аргагүй Ж.Цэвээн. Хүрээлэнгийн захирлаар Жамьян гүн, харин Ж.Цэвээн гуай эрдэмтэн нарийн бичгийн даргаар нь ажилласан. Ер нь олон зүйлийг санаачилж, эхлүүлж, шинээр байгуулсан, өөрөө тэрийг удирдах, дарга, захирлаар ажиллаж байгаагүй, дандаа орлогч, зөвлөх, нарийн бичгээр л ажилласан байдаг. 1915 онд Монгол Улсын иргэн болж, Оросын иргэншлээс бүрэн татгалзсан.
-Ж.Цэвээн гүн МАН-ын анхны баримт бичгүүдийг монгол, орос хэл дээр боловсруулж, Анхдугаар их хуралд эхнэрийн хамт төлөөлөгчөөр оролцож, Намын анхны дарга С.Данзангийн хамгийн ойрын зөвлөх, эх зохиогч нь байсныг та хэлсэн?
-Түүгээр би юу хэлэх гээд байна гэвэл, С.Данзангийн хэлсэн “Иргэн баян бол улс баян” гэдэг үгэнд ч Ж.Цэвээн багшийн оролцоо байсныг үгүйсгэх аргагүй. Ж.Цэвээн өөрөө хөрөнгөтний ардчилсан үзэл баримтлалыг илүүтэй номлогч байсан. Монголын төр, эрх зүйн шинжлэх ухааныг үндэслэгч байлаа. Богд Хаант Монгол Улсад ажиллаж байх үедээ “Төрийн эрх” ном бичиж, улмаар Богд хаан, Сайн ноён хан Т.Намнансүрэн нарт шадарлан Анхдугаар үндсэн хуулийн эхийг боловсруулсан ч цаг хугацааны хувьд амжилт олоогүй. Богд хаантай, Ерөнхий сайд толгойлсон таван яам бүхий Засгийн газартай, Дээд, доод танхим бүхий парламенттай Монгол Улсыг төвхнүүлэхэд гол зөвлөх нь Ж.Цэвээн гүн байсан. 1924 онд батлагдсан БНМАУ-ын Анхдугаар Үндсэн хуулийн эхийг Ж.Цэвээн гуай барьсан юм шүү дээ. Би бас нэг үгийн тухай товч өгүүлье. Ж.Цэвээн гуай бол яах аргагүй соён гэгээрүүлэгч хүн.
Манай улсад шинэ бүхнийг энэ хүн л эхлүүлсэн. Ард түмнийг гэгээрүүлэх, шинэ соёлыг түгээх, сургууль байгуулж, сурах бичигтэй болгох гээд хэчнээн ихийг амжуулсан бэ. Энэ их соён гэгээрүүлэгчийн шавь нар нь Д.Нацагдорж, С.Буяннэмэхээс эхлээд Б.Ринчин, Ц.Дамдинсүрэн, Лев Гумилев, Ц.Дамбадорж нарын эрдэмтэд, зохиолч, орчуулагчид. Солийн Данзан, П.Гэндэн, маршал Х.Чойбалсан нарыг хүртэлх төр, нийгмийн зүтгэлтнүүд шавь нар нь, эрдэмт багш хэмээн эрхэмлэн хүндэлдэг байсан. П.Гэндэнгийн хэлсэн “Баяжигтун” гэдэг үгийг ч энэ хүн бичиж боловсруулж өгсөн. Одоо хүн бүр соён гэгээрүүлэгч болжээ. Бид ярилцаж суухад Л.Түдэв эрхлэгч нэг удаа “Ж.Цэвээн шиг, бидний үеийнхнээс М.Цэдэндорж шиг хүнийг соён гэгээрүүлэгч гэнэ. М.Цэдэндорж гэхэд л “Гадаадынхан Монголын тухай” гэсэн хоёр том боть ном бичиж үлдээсэн. Тэр бол монголчууд олж уншиж чадахгүй, хэзээ, хаана, хэн манай орон, монголчуудын тухай юу гэж хэлж бичсэнийг олж цуглуулаад олон хэлнээс орчуулж нягтлаад ном болгон баринтаглаж ард түмэндээ өргөн барьсан. Үг бүхэн үнэ цэнэтэй. Хүн бүхнийг соён гэгээрүүлэгч гээд, сум, аймгийн соён гэгээрүүлэгчид тодруулаад эхэлбэл ямар ч үнэ хүндгүй болчихно. Зөвхөн энэ үг гэхэд “үндэстний хэмжээнд хэрэглэх үг” гэж одоо танай “Монголын үнэн” сонин байгаа байшинд бидэнд ярьж байлаа.
-Ж.Цэвээн гүн улс төрийн маш том зүтгэлтэн байсны хувьд эх орондоо явуулж байсан гол бодлого нь юу байв?
-Нэг Монгол буюу Панмонголизмын үйл хэрэгт ихээхэн хүчин зүтгэж байсан. Буриад нутгаа, буриад улс үндэстнээ яавал Хаант Оросын харьяанаас гаргах вэ гэдэгт санаа чилээж явсан. Буриадууд маш эрт Оросын харьяанд орсон, бараг 300 гаруй жил болсон. Ялангуяа Манжуудыг орж ирэх үед ихээхэн сандарсан. “Манай буриадууд Манжид эзлэгдсэнд орвол Оросыг бараадах нь зүйтэй” гэсэн бодлого баримталж, Оросын бүрэлдэхүүнд орсон. Сайн, муу юм зөндөө л байсан. Ж.Цэвээн гуай зарим зүйлийг их эмзэглэж бичсэн байдаг. Зохиол бүтээлүүдийг дотор нь хэд хэдэн хэсэгт хувааж үзэж болно. Тухайлбал, эрдэм шинжилгээ, судалгааны ажлууд, хоёрдугаарт аян замын тэмдэглэлээс өгсүүлээд сэтгүүлзүйн төрөл жанруудаар их сайн бичдэг байсан. Өөрийн үзсэн сонссоныг бусдад хүргэхийг эрмэлздэг. Ордос нутгаар аялсан тэмдэглэл, жирийн хүмүүстэй хийсэн ярилцлага, өөрийнх нь санал сэтгэгдэл, бичвэрүүд өв болж үлдсэн. Түүнээс гадна эрдэм шинжилгээ, судалгааны ажлууд их. Хэл шинжлэл, угсаатны зүйн чиглэлээр ажилласан. Төр эрх зүйн чиглэлд анхаарч байсныг бүтээлүүд нь гэрчилдэг.
-Ж.Цэвээн гүн хэрхэн яаж хэлмэгдсэн тухайд тодорхой баримтууд үлдсэн үү?
-Цэвээн Жамсранов бүр 1920 оны эхээр Монгол Улс, Өвөр Монгол, Буриад, Халимаг, Шинжааны монголчууд, Туваг нэгтгэсэн, Орос, Хятад, Японоос хараат бус Нэгдсэн Монгол Улсыг байгуулж болно гэж бичиж байсан хүн шүү дээ. Панмонголизм буюу Нэгдсэн Их Монгол Улсыг байгуулах хүсэл эрмэлзлийг тээгч, үндэслэгч, оюун санааны удирдагч нь Ц.Жамсранов байсан. Чухам үүнээс болж, 1932 оноос Ленинград хотод суурьшин амьдарч, эрдэм номын их үйл хэрэгтээ шуудран зүтгэж байсан БНМАУ-ын иргэн Ж.Цэвээнийг шавь Мэргэн гүн, аспирант Гомбожавын хамт баривчилсан байдаг. Ж.Цэвээн гуай ямар эрүү шүүлтийг давж, туулж гарсныг хэн ч мэдэхгүй.
Харин Буриадад “Буриад-Японы төв” гэдэг байгууллага байсан, өөрөө удирдагч нь гэдгээ хүлээж бас манай удирдах төвийн гишүүд хэмээн Ринчино Элбэгдорж, Барадин Базар, Ринчино Эрдэнэ, Сампилон Даш Сампилович, Бадмажапов Цокто, Гочитский-Дашипилон Циден-Еши нарыг яг энэ дарааллаар нэрийг нь хэлсэн. Бид Буриадын нутагт үйл ажиллагаа явуулж байсан боловч энд Зөвлөлт засаглал бэхжиж цаашид оршин тогтнох, ажиллах боломж хомс болсон тул бидний удирдагч, Японы генерал Судзүки үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн хүчтэй өрнөж байсан Монгол Улсад шилжин суурьшиж үйл ажиллагаагаа өрнүүлэхийг зөвлөж, даалгасан гэхчилэн мэдүүлэг өгсөн нь манай улсад гарсан их хэлмэгдүүлэлтийн эхлэл болсон нь харамсалтай. Дээрх зургаан хүний зарим нь тухайн үед манай улсад өндөр албан тушаал хашиж байсан.
-Ж.Цэвээн гүнг 1937 оны наймдугаар сарын 10-ны өдөр баривчилж, 14-ны өдрөөс анхны мэдүүлгийг өгч эхэлсэн. Удалгүй анх өгсөн мэдүүлгээсээ буцсан ч тэр хэвээр шийдвэрлэсэн гэж түүхэн баримтад тэмдэглэсэн байдаг юм билээ?
-Мэдүүлгээсээ буцаж “Миний ийм байгууллагын удирдагч гэж юу байх вэ. Угаасаа ийм байгууллага байгаа ч үгүй” гэхчилэн түмэнтээ наминчлан дахин дахин мэдүүлэг өгсөн боловч хэрэг явдал нэгэнт шийдэгдэж эхэлсэн байдаг. Тэр нь ч учиртай байсан шиг байгаа юм. Ер нь бол Панмонголизм гэсэн нэрийн дор хэн нэгнээс ийм мэдүүлэг авч энэ хэргийг шийдвэрлэхээр төлөвлөсөн, хамгийн тохиромжтой хүн нь Ж.Цэвээн гуай байсан шиг санагддаг. Тэгээд ч алс дорнодод Манж-Го улс байгуулагдан дэлхийн 30 гаруй улс хүлээн зөвшөөрсөн, Өвөрмонгол бүрэн эзлэгдсэн, нэмээд дээрх таван Монголыг нэгтгэнэ гэсэн гол зорилготой байсан зэрэг гадаад хүчин зүйлүүдийг ч авч үзэх ёстой. Манай улсад ч гэсэн Манж-Го улсыг дэмжиж, хүсэн хүлээж байсан хүмүүс нам, төр, цэргийн удирдлагын дотор байсан. Түүхийг сургаар биш, үг, үйлдэл бүрийг архиваас нягтлан судалж байж үнэн зөвийг олно. Тиймээс МАН-ын өнөөдрийн удирдагчид ч анхааралдаа авч, гүнзгийрүүлэн судалж тогтоох олон асуудал байгаа гэдгийг эцэст нь онцолж хэлье.
Ч.Үл-Олдох
Гэрэл зургийг Т.Чимгээ
Эх сурвалж: Монголын үнэн сонины №013 /24688/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай