23 дугаар сургуулийнхан “Дэлхийн аварга”-аа хүндэтгэлтэйгээр хүлээн авлаа
БНСУ-д болсон олимпын таеквондогийн ПҮМСЭ төрлөөс манай улс хосын төрөлд тэргүүн байр эзэлсэн билээ.
БНСУ-д болсон олимпын таеквондогийн ПҮМСЭ төрлөөс манай улс хосын төрөлд тэргүүн байр эзэлсэн билээ. Дэлхийн 83 орны 2800 гаруй тамирчин оролцсон уг тэмцээнийн өсвөр үеийн холимог хосын төрөлд Ц.Шинэ-Эрдэнэ, О.Энх-Эрдэнэ нар алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлсэн юм.

Эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргаж, бахдам амжилт үзүүлсэн Ц.Шинэ-Эрдэнэ нь нийслэлийн 23 дугаар сургуулийн 8В ангийн сурагч бөгөөд сургуулийн удирдлагууд болон багш, сурагчид “Дэлхийн аварга”-аа хүндэтгэлтэйгээр хүлээн авлаа. Эх орныхоо төдийгүй сургуулийнхаа нэрийг өндөрт өргөж яваа, бахархалт сурагчаа хүлээн авах үеэр 23 дугаар сургуулийн удирдлагуудын зүгээс 2026-2027 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс 100 хувь чөлөөлөн бэлэг барьсан юм.

Энэ үеэр Ц.Шинэ-Эрдэнэ “Би таэквондогийн спортоор 2019 оноос хичээллэж эхэлсэн бөгөөд өдгөө найман жил энэ спортоор хичээллэж байгаа. Дэлхийн аваргад оролцох эрхээ авсны дараа тэмцээний өмнөх сэтгэлзүйдээ их анхаарсан. Аваргын медаль авахад зүүд шиг л санагдаж байсан. Үнэхээр гоё байсан. Дэлхийн аварга болох зорилго тавин бэлтгэлээ хийж ирсэн болохоор энэ жил дэлхийн аваргад оролцох эрхээ авсандаа ихэд баярлаж байсан. Багаасаа таэквондод дурласан учраас бэлтгэл хийх бүрдээ баяртай байдаг. Тус спорт нь их хүндлэлтэй спорт учраас их дуртай. Дэлхийн аварга болоход нь суурийг нь зөв тавьж өгсөн клубийн багш Эрдэнэcүрэн, Билэгсайхан болон шигшээ багийн багшдаа баярлалаа. Үеийнхэндээ хандаж хэлэхэд спортоор хичээллээрэй, тууштай яваарай” хэмээн уриаллаа.

Ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн захирал Ш.Оюунсүрэн “Тамирчин байна, аварга болно, амжилтад хүрнэ гэдэг зөвхөн алтан медаль зүүнэ гэсэн үг биш. Тухайн хүүхэд, тухайн баг, хамт олны нөр их хөдөлмөр, хамгийн гол нь тууштай, тэвчээртэй, хариуцлагатай байсны үр дүн байдаг. Ц.Шинэ-Эрдэнийн энэхүү амжилт нь сургуулийн сурагчид төдийгүй үе тэнгийн хүүхэд, залуустаа томоохон үлгэр дуурайл болсон, спортын үнэ цэнийг мэдрүүлсэн бахдам үйл амжилт байлаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
М.Өнөр