АБГББХ: Ажлын хэсэг байгуулж, Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2026.05.05) хуралдаан 11 цаг 35 минутад гишүүдийн 51.7 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн гишүүдийн ирцийг нэр дурдан танилцуулсан юм. Хуралдаанд оролцох ёстой Улсын Их Хурлын 29 гишүүнээс О.Амгаланбаатар, Ч.Анар, Э.Бат-Амгалан, Б.Батбаатар, Н.Батсүмбэрэл, Л.Гантөмөр, Х.Жангабыл, Ц.Мөнхбат, П.Наранбаяр, Х.Тэмүүжин, Г.Хосбаяр, Ө.Шижир, Л.Энхнасан, Д.Энхтүвшин нар хүрэлцэн ирснээр хуралдаан эхэлсэн.
Эхлээд “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, энэ талаар Г.Тэмүүлэн дарга танилцуулав. Засгийн газраас энэ сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Улсын нисэхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг нэгдсэн хуралдаанаар энэ сарын 01-ний өдөр дэмжсэн тул холбогдох ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэсэн гэв. Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар ажлын хэсгийн ахлагчаар, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар, Н.Батсүмбэрэл, М.Бадамсүрэн, П.Наранбаяр, Х.Тэмүүжин, Л.Энхнасан нар ажиллах аж.
Төслийн танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 16 гишүүний 10 нь буюу 62.5 хувийн саналаар дэмжин баталлаа.
Дараа нь “Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы 05 дугаар сард Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн. Төслийн талаар Байнгын хорооны дарга танилцууллаа. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д “Ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг баталсан Улсын Их Хурлын тогтоолд заасан хууль, тогтоолын төслийн хэлэлцэх дарааллыг Зөвлөлийн саналыг харгалзан Улсын Их Хурлын дарга сар бүр захирамжаар батална” гэж, 10.6-д “Энэ хуулийн 10.5-д заасан дарааллыг үндэслэн хэлэлцэх асуудлын цаглаврыг Байнгын хороод баталж, мөрдүүлнэ” гэж тус тус заасан байдаг. Энэ дагуу Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы 05 дугаар сард тус Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлын цаглаврыг төсөлд тусгасан болохыг Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн танилцуулсан юм.
Уг асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжиж дээрх тогтоолыг батлав. Хуралдаан дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлаар үргэлжиллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.