АБГББХ-ны дарга Г.Тэмүүлэн Бүгд Найрамдах Филиппин Улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн өнөөдөр (2026.06.03) Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн газрын Ерөнхий захирал Маршалл Лүи М.Алферез-ийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар талууд уул уурхай болон бизнесийн салбарт туршлага судлах, бизнес эрхлэгчдийг харилцан айлчлуулах, энэ хүрээнд худалдааны эргэлтийг өсгөх талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн монгол сурагч, оюутнууд англи хэл эзэмшихэд Бүгд Найрамдах Филиппин Улсын багш нар ихээхэн хувь нэмэр оруулж ирснийг дурдан, талархал илэрхийлээд цаашид багш солилцооны хөтөлбөрийг өргөжүүлэх талаар санал солилцов. Түүнчлэн сурагч, оюутнуудын солилцооны тал дээр мөн анхаарал хандуулан ажиллах болно хэмээв.
Ташрамд дурдахад хоёр улс 1973 онд дипломат харилцаа тогтоож, найрсаг харилцаатай бөгөөд манай улсын иргэд Бүгд Найрамдах Филиппин Улсыг ихээхэн зорьдог. 2025 оны байдлаар манай улсын 4,000 иргэн тус улсад зорчсон талаарх мэдээллийг Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн газрын Ерөнхий захирал Маршалл Лүи М.Алферез өгөв. Хоёр улсын түншлэлд иргэд хоорондын харилцаа нэн чухал бөгөөд энэ хүрээнд аялал жуулчлалын салбар болон солилцооны хөтөлбөрүүд дээр түлхүү анхаарч ажиллахаар талууд санал нэгдэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.