МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр АБГББХ: Засгийн газар хоорондын хэлэлцээ...

АБГББХ: Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжиж, Улсын нисэхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Үнэн
Админ


Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2026.06.03) хуралдаан 16 цаг 45 минутад гишүүдийн 51.7 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн гишүүдийн ирцийг нэр дурдан танилцуулсан юм.


Хуралдаанаар эхлээд Засгийн газраас 2026 оны 4 дүгээр 20-ны өдөр ирүүлсэн Монгол Улсын нутаг дэвсгэр дэх эдэлбэр газар болон тэдгээрт байрлах үл хөдлөх хөрөнгийн объектуудын эрхийг Оросын Холбооны Улсын нэр дээр шинэчлэн бүртгэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Байнгын хороо энэ оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцэж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд гишүүдийн хүсэлтийн дагуу Гадаад харилцааны яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас холбогдох нэмэлт мэдээллүүдийг авсан болохыг Г.Тэмүүлэн дарга танилцуулсан.

Өнөөдрийн хуралдаанаар гишүүд уг асуудалтай холбогдуулан асуулт асууж, хариулт авлаа. Өмч, хөрөнгө шилжүүлэхтэй холбогдолтойгоор эдэлбэр газрыг ашиглах 99 жилийг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлээс нь тооцох уу гэдгийг Ч.Анар гишүүн асуулаа. Хоёр улсын олон улсын хэлэлцээр 2019 онд байгуулагдсан ба үүн дээр үл хөдлөх хөрөнгийн I шатны хэлэлцээрийг соёрхон батлахдаа 60 дээр нэмэх нь 40 жил гэж баталсан байна. Өөрөөр хэлбэл, эхний удаа 60 жил, үүнийгээ 40 жилээр сунгах зохицуулалттай хэмээн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга тайлбарлав. Тухайн үедээ Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд байсан эл зохицуулалт өдгөө өөрчлөгдсөн учраас энэ хугацаанд хамтарсан ажлын хэсгийн хурлуудын үеэр олон талаас нь ярьсан гэлээ. Үүн дээр Иргэний хуулийг баримтлаад 99 жил хэмээн тусгах шийдлийг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас ирүүлсний дагуу шийдсэн гэдэг хариулт өглөө. Хууль зүй, дотоод хэргийн яамны холбогдох албан тушаалтан үүнийг тайлбарлахдаа “Газрын тухай хуулиар тусгай хэрэгцээний газар гэж байгаа. Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллага, гадаадын хуулийн этгээд нь тусгай хэрэгцээний газар ашиглах болохоор, ингэхдээ Улсын Их Хурлын соёрхон баталсан гэрээний журмаар ашиглана гэсэн байдаг. Энэ хэлэлцээрийн төслийн эхний хэсэгт 60+40 жил гэснийг баримтлахаар ярилцсан ч Иргэний хуулийг баримтлах нь зүйтэй гэдэг гаргалгаа хийсэн” хэмээсэн. Энэ хэлэлцээрийн төсөл нь өмч хөрөнгө шилжүүлэхээс гадна газар ашиглуулах, ингэхдээ хэлэлцээр соёрхон баталснаас хойш 99 жил гэж тооцохоор байгааг Ч.Анар гишүүн тодотгож, анх объект ашиглалтад орсноос нь хойш 99 жилээр тооцохоор хэлэлцээрт орох боломжийг тодруулсан. Иргэний хуулийн 150.3 дугаар заалтыг баримталсан бөгөөд өөрчилж болно гэдэг хариултыг ажлын хэсгээс өгсөн.


Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Монгол Улсын гадаад улс орнуудад эзэмшиж, ашиглаж байгаа газрын талаар тодрууллаа. Энэ бүртгэгдэх гэж байгаа үл хөдлөх хөрөнгүүд нь тусгай хэрэгцээний буюу дипломат статусгүй үл хөдлөх хөрөнгүүд учир хоёр улсын олон улсын гэрээ хэлэлцээрээр эзэмшиж байгаа газар, объектоос ялгаатай гэдгийг Гадаад харилцааны дэд сайд хариултынхаа эхэнд хэллээ. Манай улсын дипломат статусаар гадаад улсад эзэмшиж байгаа барилга байгууламж, газрыг хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу байдаг бол Засгийн газар болон хувь иргэний гадаад улсад эзэмшиж байгаа өмч нь тухайн улсынхаа хууль тогтоомжоор зохицуулагддагаараа онцлогтой байдаг байна.



Монгол Улсын төрийн өмчийн 2022 оны тооллогын дүнгээс харахад Оросын Холбооны Улсын Кизель, Тува Улсын Ерөнхий консулын газар нь 865 м2, мөн Эрхүү хотод байгаа Монгол Улсын Ерөнхий Консулын газар нь 1754 м2, Улаан-Үүд хотын Ерөнхий Консулын газар нь 3850 м2 газартай гэв. Москва хотын дөрвөн байршилд мөн газартай хэмээгээд дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн. Өөрсдийнхөө нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээ авсан, биет бус хөрөнгөөр хүлээн зөвшөөрөгдсөн бүртгэлтэй байгаа гэлээ. Монгол Улсын төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгөд гадаад улсуудад нэр бүхий 26 газар нийтдээ 62371 м2 газар Монгол Улсын Элчин сайдын яамдын нэр дээр байдгийг дурдсан. Эдгээр нь ЗХУ-ын үед эзэмшиж байсан хөрөнгүүдээс зарим хэсгийг Монгол Улсын эзэмшилд үнэ төлбөргүй шилжүүлээд, үлдсэн хэсгээ өдгөө өөрсдийн нэр дээр албан ёсоор шилжүүлэн авч, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу ашиглах зохицуулалтыг хийх гэж байгаа гэдгийг Ж.Энхбаяр гишүүн тодруулаад Монгол Улсад үнэ төлбөргүй шилжүүлсэн хөрөнгийн жагсаалтыг тодрууллаа. Энэ хүрээнд цэргийн ангиудын байршилд байсан хөрөнгүүдийг 1993 онд шилжүүлсэн бол 2019 онд Улаанбаатар хотын Баянзүрх, Баянгол дүүрэг болон Дархан-Уул аймагт байрлалтай нийтдээ 550 айлын орон сууцны 8 байрыг холбогдох инженерийн болон цахилгааны дэд бүтэц, холбогдох бусад хөрөнгөтэй нь шилжүүлэн авсан гэлээ.


Улсын Их Хурлын гишүүн Б.Тулга, төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн ч хэлэлцээр дуусгавар зохицуулалтыг тодорхой болгон гэрээг шинэчлэх тодорхой хугацаа зааж, мөн хугацаанд шийдвэрлээгүй тохиолдолд өмчлөл нь Монголын талд шилжих заалт оруулахыг санал болгов. Мөн Иргэний хуулийг баримтлан 99 жил ашиглуулах зохицуулалт нь оновчгүй, үүнийг Газрын тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэх нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж байв. Мөн тэрбээр Оросын Холбоон Улс ашиглаж буй газраа гурав дахь этгээдэд шилжүүлэх тохиолдолд хэрхэн зохицуулах талаар асууж, ажлын хэсгээс хариулт авсан. Хэлэлцээрийн хавсралтад нийтдээ 93 обьектын жагсаалт байгаа бөгөөд үүний 50 орчим хувь нь амины орон сууц гэдгийг Гадаад харилцааны яамны холбогдох албан тушаалтан тайлбарлалаа. Эдгээр амины орон сууцуудыг Оросын Холбооны Улсын тал албан ёсоор шилжүүлэн авсныхаа дараа эдийн засгийн эргэлтэд оруулах бүрэн боломжтой буюу зах зээлийн үнээр монгол иргэд, эсхүл гурав дахь этгээдэд худалдах, түрээслүүлэх боломжтой болно гэдгийг хэлсэн.



Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болон Гадаад харилцааны яам гишүүдийн хэлж буй санал, байр суурийг анхаарч ажиллахыг Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хэлээд, Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, соёрхон батлах асуудал гэдгийг тодотгов. Ингээд санал хураалт явууллаа. Монгол Улсын нутаг дэвсгэр дэх эдэлбэр газар болон тэдгээрт байрлах үл хөдлөх хөрөнгийн объектуудын эрхийг Оросын Холбооны Улсын нэр дээр шинэчлэн бүртгэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшөөрч, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгохыг санал хураалтад оролцсон 17 гишүүний 10 нь дэмжсэн.


Дараа нь Засгийн газраас энэ оны 5 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан танилцууллаа.

Монгол Улсын гадаад харилцаа өргөжин хөгжихийн хэрээр иргэдийн гадаадад суралцах, ажиллах болон бизнес, аяллын чиглэлээр харилцан зорчих явдал нэмэгдэж байгааг харгалзан монголчууд ихээр зорчиж, амьдарч, мөн ажил хөдөлмөр эрхэлдэг улс орнуудтай эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ хэлэлцээр байгуулах асуудалд анхаарал хандуулан ажиллаж байгаа гэв.

Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр нь 5 хэсэг 29 зүйл, хавсралтаас бүрдэж байгаа бөгөөд хэлэлцээрийн хүрээнд зохион байгуулалттай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, гэмт хэргийн зохион байгуулагчийг олж тогтоох чиглэлд талуудын хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх, олон нийтийн аюулгүй байдал, хэв журам зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлд хоёр улсын эрх бүхий байгууллагууд өөр хоорондоо шууд харилцаж, түргэн шуурхай хамтран ажиллах боломжтой болно гэлээ.


Энэхүү хэлэлцээрийн төслийг Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар тус тус хэлэлцэн дэмжээд, Засгийн газарт гарын үсэг зурах эрхийг олгосон байна. Ингэснээр уг хэлэлцээрт талууд гарын үсэг зуржээ.

Тус хэлэлцээр нь Олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалтад заасны дагуу эрх зүйн туслалцаа үзүүлэхтэй холбогдсон заавал соёрхон батлах олон улсын гэрээ бөгөөд мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасны дагуу уг хэлэлцээрийг Соёрхон батлах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж батлуулах зохицуулалттай гэдгийг С.Амарсайхан сайд танилцууллаа.


Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, өдгөө манай улсын хэчнээн иргэн Бүгд Найрамдах Чех Улсад ажиллаж, амьдарч байгааг, хэчнээн нь гэмт хэрэгт холбогдоод байгааг асуулаа. Өнөөдрийн байдлаар тус улсад нийтдээ 15147 мянган монгол иргэн ажиллаж, амьдарч байгаа, 2025 оны байдлаар 86 иргэн гэмт хэрэгт холбогдсон гэх мэдээллийг ажлын хэсгээс өгсөн. Хуралдаанд оролцож буй гишүүд төсөлтэй холбогдуулан үг хэлж, байр суурь илэрхийлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Санал хураалтад оролцсон Улсын Их Хурлын 17 гишүүний 11 нь дэмжснээр Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Энэ өдрийн хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Улсын нисэхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн  хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ч.Анар төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан.


Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо энэ оны 01 дүгээр тогтоолоороо төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулжээ. Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар ажлын хэсгийг ахалсан бол бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, Б.Батбаатар, Н.Батсүмбэрэл, П.Наранбаяр, Х.Тэмүүжин, Л.Энхнасан нар ажиллаж байгаа аж. Ажлын хэсэг нийт гурван удаа хуралдсан бөгөөд холбогдох байгууллагуудаас нэмэлт мэдээлэл авах, төслийн зарим зүйл, заалтад нэмэлт, өөрчлөлт оруулах, саналын томьёоллыг бэлтгэсэн гэв. Түүнчлэн улсын нисэхийн аюулгүй хамгаалалттай холбоотойгоор улсын нисэхийн үйл ажиллагаанд ашиглагдах мэдээллийн технологи, навигац, хяналт, нислэгийн удирдлагын системийг кибер аюулгүй байдлын шаардлагад нийцүүлэх, байлдааны агаарын хөлгөөс бусад онцгой үүргийн, тусгай үүргийн болон захиалгат нислэгт үйлдэх үйлдэгдэхэд хамаарах агаарын хөлгийг даатгуулсан байх, улсын нислэгт техникийн осол зөрчлийг шинэчлэн шалгах, техник засварын үйлчилгээ худалдан авах ажиллагаанд оролцох албан тушаалтан нь ашиг сонирхлын зөрчилгүй байхаар зохицуулахаар холбогдох саналын томьёоллыг бэлтгэжээ. Мөн цэргийн зориулалттай нисгэгчгүй нисэх хэрэгслийг удирдлагын системд бүртгүүлээгүй, гэрчилгээжүүлээгүй, хяналтын шаардлага хангаагүй тохиолдолд ашиглахыг хориглох талаар хуулийн төсөлд тус нэмж тусгасан бөгөөд хууль зүйн нэр, томьёог жигдлэн, хууль хоорондын нийцлийг хангах үүднээс зарим зүйл, хэсэг, заалтыг өөрчлөн найруулах нь зүйтэй хэмээн үзэж зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэсэн гэв.  Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зэвсэгт хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар нийт 31 зарчмын зөрүүтэй санал, найруулгын 2 саналын томьёолол бэлтгэсэн байна.


Байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу зүйл бүрээр хэлэлцэв. Гишүүд хуулийн төслийн тухайн зүйлтэй холбогдуулан хууль санаачлагчаас болон бусад оролцогчоос асуулт асууж, хариулт авсны дараа холбогдох зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Ийнхүү Улсын нисэхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн  хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Эх сурвалж: parliament.mn
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.