МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Нийгэм Амьсгаанаас бусад нь алтаар арилжаалагда...

Амьсгаанаас бусад нь алтаар арилжаалагдах адуу хэмээх морин эрдэнэ

Монгол адуу  бол монголчуудын хамгийн чухал мал, үндэсний бахархал, соёлын үнэт өв.

Үнэн
Админ

Монгол адуу  бол монголчуудын хамгийн чухал мал, үндэсний бахархал, соёлын үнэт өв. Дэлхийн хамгийн эртний, удамшлын бүтцэд хүний оролцоо бага орсон, хагас зэрлэг шинж чанартай адууны нэг юм. Биеэр жижигхэн (сэрвээний өндөр ихэвчлэн 120-140 см орчим, зарим тохиолдолд 141 см хүртэл), жин 220-400 кг (ойролцоогоор 500-600 фунт). Бие нь лагс, булчинлаг, авсаархан. Том толгой, богино хүзүү (Ромын хамартай байх нь өвс идэхэд тохиромжтой гэж үздэг), жижиг чих, хурц нүдтэй. Хөл, туурай  богинохон боловч маш шөрмөслөг, хүчтэй,  өвчинд тэсвэртэй, бартаат замыг сайн  туулдаг, цээж  өргөн, бат бөх нуруу, сайн хөгжсөн булчин, амьсгалын чадварлаг тогтолцоотой, зузаан үстэй (өвөл зузаардаг), өтгөн дэл, сүүлтэй,  бор, улаан, хээр, хар гэх мэт олон янзын өнгөтэй, голдуу хул, хонгор зүс зонхилдог, жилийн дөрвөн улиралд  бэлчээрлэдэг. Зундаа +30°C, өвөлдөө -40°C хүртэлх хатуу уур амьсгалд зохицсон. Өөрөө өвс, усаа олж , цас цавчиж  хоол тэжээлээ олж иддэг, арчилгаа маллагаа бага шаарддаг. Өдөрт 65-80 км замыг туулж, 10-30 км хурдлан давхиж чадна. Ачаа тээвэрлэж, урт замд  аялахад тохиромжтой. Монголчуудын түүхэнд дайн, нүүдэл, мал аж ахуйд гол үүрэг гүйцэтгэсэн.

Монгол адуу нь Чингис хааны үеэс хойш өөрчлөлт багатай үлдсэн гэж үздэг.  Тахь (Пержевальскийн адуу)-тай холбоотой, хамгийн эртний удам угсаатай адуу юм. Монголд адууны тоо хүн амаас илүү. Монголчууд “Монгол хүн, монгол морь амь нэгтэй” гэж ярьдаг. Төрсөн нутаг руугаа алс холоос гүйж ирдэг. Сүрэгтээ үнэнч, чонотой ч тэмцдэг. Манай улсын санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг жил бүр долдугаар сарын 11-нд тэм­­дэглэж байхаар болсон.

Амьсгаанаас бусад нь алтаар арилжаалагдах адуу хэмээх морин эрдэнийг ажил амьдралын зорилго болгосон байгууллага бол “Монхимо” ХХК. Энэ компани нь шинжлэх ухаан, инновацын чиглэлийн үндэсний үйлдвэрлэгч юм. 1998 оноос хойш ажиллаж  МУИС-тай холбоотой ажилласан, биологийн ухааны магистр  М.Ариунаа, химийн ухааны доктор, профессор Д.Дэмбэрэлнямба  тэргүүтэй эрдэмтэд энд бий. Энэ  хамт олон адууны яс, мөгөөрс махнаас  эмт бодис ялган  олж  эм, хоолны нэмэлт бү­тээг­дэхүүн үйлдвэрлэж эмнэлгийн хэрэгцээнд  нийлүүлсэн. Үүнд,

Кальци-энэ бүтээгдэхүүн  нь адууны яснаас гаргаж авсан байгалийн кальци, хүний биеийн кальцитай төстэй бүтэцтэй тул сайн шимэгддэг гэж үздэг. “Адуу” брэндийн бэлдмэлүүд  зөвхөн кальци биш, дараах найрлагатай байдаг. Витамин D3-кальцийг гэдэснээс шимэгдэхийг дэмжинэ. Витамин K2 (MK-7)- кальцийг цуснаас яс руу зөв чиглүүлж, судсанд хуримтлагдахаас сэргийлнэ (osteoporosis-ийн эмчилгээнд чухал). Магни- кальцийн тэнцвэрийг хадгалж, булчин, ясны  бодисын солилцоог  дэмжинэ. Бусад цайр, зэс, манган, бор, фосфор, С витамин, селен гэх мэт 10-13 төрлийн элемент бий.

Картил  (глюкозамин, хондроитин, MSM гэх мэт нэгдэл  агуулсан  үрэвсэл, өвдөлт намдаах, мөгөөрс сэргээх үйлчилгээтэй үе мөчний бэлдмэл ),  Экинол (Ekinol) — Үе мөч, өвдөлт намдаах тос/бэлдмэл (адууны чөмөг, нано мөнгө гэх мэт найрлагатай) үйлдвэрлэдэг. Эдгээр  эм нь “Үндэсний нэрийн бүтээгдэхүүн” болсон, ЖДҮ-гийн гран при шагнал авсан. Монголд өргөн хэрэглэгддэг бөгөөд БНСУ, Япон руу экспортолдог.   

Адууны маханд глюко­заминогликан (GAGs), тэр дундаа хондроитин сульфат  зохих хэмжээгээр агуулагддаг. Глюкозаминогликанууд (GAGs) болон хондроитин сульфат нь мөгөөрс, холбогч эд, үе мөчний шингэнд ихээр байдаг протеогликан бүтэцтэй нүүрс усны полимерүүд юм. Тэдгээр нь үе мөчний эрүүл мэнд, мөгөөрсний уян хатан чанарыг дэмждэг. “Монхимо” ХХК глюкозаминогликан (GAGs) болон хондроитин сульфатыг адууны махнаас цэврээр ялган, глюкозамин хондроитин нэртэй капсул хэлбэртэй  биологийн идэвхит, хоолны нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэж практикт нэвтрүүлсэн.

Тус компани адууны махны гэдэс дотрыг ашиглан “EQUINOX” (Экюнокс) хэмээх  зүрх судасны үйл ажиллагааг дэмжих эм гарган авч эмнэлгийн практикт нэвтрүүлээд байна. Адууны тухай ярихад айрагны асуудал аяндаа яригддаг. Айраг бол гүүний саамыг хөрөнгөлөн, олон удаа бүлж исгэсэн цагаан идээ юм. Исгэх явцад сүүн хүчлийн бактери, заримдаа спирт үүсгэгч мөөгөнцөр оролцдог тул бага зэрэг спирт агуулна. Нэг литр айрагт ойролцоогоор уураг: 1.8–2.2 хувь (20–23 гр). Альбумин, глобулин зэрэг уусагч уураг ихтэй, хялбар шингэдэг. Чухал амин хүчлүүдээр баялаг, эхийн сүүтэй ойролцоо. Өөх тос 1–2 хувь (ойролцоогоор 20 гр).  Ханаагүй өөхний хүчил (линолийн гэх мэт) ихтэй. Нүүрс ус (лактоз, чихэр) 3.5–6.6 хувь (35 гр орчим). Исгэх үед зарим нь спирт, нүүрсхүчлийн хий болдог. Илчлэг нь 400–500 ккал. Бараг бүх чухал витаминаар баялаг.

Монголчууд зуны улиралд өдөр тутам хэрэглэдэг. Ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулна. Пробиотик нянгууд гэдэсний микрофлорыг тэнцвэржүүлж, хоол шингэлтийг  сайжруулна. Ялзралтыг зогсоож, хорт бодисыг гадагшлуулна. Лактоз үл тэсвэрлэх хүмүүст ч сайн. Витамин, пробиотик, амин хүчлүүд нь  дархлааг сайжруулна. Ялангуяа витамин С, А, В, D ихтэй тул ядаргаа тайлж, биеийн эсэргүүцлийг нэмэгдүүлнэ. Антибактерийн үйлчилгээний хувьд зарим хорт нян (сүрьеэ, хижиг зэрэг)-гийн өсөлтийг саатуулна. Арьсыг залуужуулж, цайруулахад тусална. Уушги, үе мөч, элэгний өвчинд тустай гэж уламжлалт анагаах ухаанд үздэг. Эрүүл мэндийн сувилгаанд хэрэглэдэг. Айраг нь байгалийн пробиотик бөгөөд эртний нүүдэлчдийн хооллолтын гол хэсэг байсан. Орчин үед ч экспортод гаргаж, эрүүл мэндийн ач холбогдлыг нь өндрөөр үнэлдэг. Айраг нь 7-14 хоногт бүрэн боловсорч хүнсэнд хэрэглэхэд бэлэн болдог, хадгалахад амархан муудаж чанараа алддаг сүүн бүтээгдэхүүн юм. Хийжүүлсэн ундаа шиг савлаж хадгалах аргыг санаачилж үйлдвэрлэлд нэвтрүүлэх гэж олон судлаач  оролдсон ч төгс үр дүнд хүрээгүй. Ийм болохоор Монхимо” ХХК эрдэмтэн судлаачид гүүний саамыг  лиофилизацын аргаар хуурайшууж, хуурай саам бэлдээд сонирхсон үедээ айраг эсгэж  хүнсэндээ хэрэглэх санаа сэдэж, өндөр үнэтэй багаж тоног төхөөрөмж шаардах хүнд ажлыг эхлүүлээд байна.

А.Аюурзана /АШУҮИС-ийн Өрхийн анагаах ухааны тэнхимийн багш, дэд профессор/

Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №024/24699/ дэх дугаар

 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.