МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Нийгэм Амжилтын жигүүртэй Ардын намынхны аялал

Амжилтын жигүүртэй Ардын намынхны аялал

Улаанбаатараас Замын-Үүдийг зорин хурдлах галт тэрэгний  цонхоор нүд бэлчээн, элдвийг харж сонирхон урагшлав.

Үнэн
Админ

Улиас модны унгирал унахаас өмнөхөн бидний хэдэн нөхөд өмнөд хөршийг зорьсон аялалдаа гарцгаалаа. Улаанбаатараас Замын-Үүдийг зорин хурдлах галт тэрэгний  цонхоор нүд бэлчээн, элдвийг харж сонирхон урагшлав. Эх нутгийнхаа өргөн уудам их талыг туулахад  адуу мал дураар тархан бэлчээрлэж, амгалан тайван хөдөөгийнхний амьдрал, аж төрөл нүдний өмнө тодрох нь сэтгэл сэргээж, баяр баясал төрүүлнэ. Нийтийн вагонд тархан суусан бидний хэдэн хүн тэрүүхэн тэндээ хөөрөлдөн, өөр хоорондоо танилцах төдий явсаар. Хот, дүүрэг, хөдөөнөөс аяны дөрөө нийлэн алсын аянд гарсан бид улсынхаа хил Замын-Үүдийг гатлан  ӨМӨЗО-ны хил гаалийг даван гарч Эрээн хотод орж, автобус унаандаа нийлж нэгдэн сууснаас хойш бидний яриа хөөрөө задгайрч, өөр хоорондоо гүн бат танилцаж, хэн нь хаанаас ирсэн, хэн болохыг мэдэх боллоо.

Бидний онцгойрох бэлгэдэл долоо болов

Манай энэ удаагийн аяллын багийнхан нэн сонирхолтой бэлгэ дэмбэрэлтэй болох нь тодорлоо. Бид долоогийн тооны бэлгэдэлтэй  баг болж таарлаа.  Долоо нь бүрэн бү­тэн байдал, төгс төгөлдөр, мэдлэг аз жаргал, оюун ухааныг бэлгэддэг билээ. Манай багийн 14 хүнээс эрэгтэй долоо, эмэгтэй долоо, Монгол Улсын Гавьяат цолтон долоо, хөдөө аймгийн Ахмадын холбооны долоо, нийслэл дүүргээс долоон хүний бүрэлдэхүүнтэй баг бүрдсэн нь сонирхолтой тохиолдол төдийгүй бэлгэ ерөөлтэй байлаа.  Сүхбаатар аймгийн Социал демократ Ахмадын холбооны дарга Д.Гансүх, “Бидний энэ бэлгэдэлт тоо Ардын намынхны анхны долоог санагдуулж ч байх шиг. Дээд тэнгэрийн эрхэс долоон бурхан одыг ч санагдуулах шиг. Дээшлэн дэвжихийн бэлгэдэлт долоогийн тоондоо сүслэн, алс  замын аялалдаа бид аз хийморьтой, олз омогтой явах нь ээ” гэж баярлан хэлэхэд алс холын аялалдаа автобус дүүрэн хөгжин баярлаж бахархсан бидний сэтгэл зүтгэл нэгт нөхөд Эрээн хотыг зэрвэсхэн хараад аяны замаа хөөв. Монголын өргөн уудам их тал ард зэрэглээтэн хоцорсон ч Өвөрмонголын Сайхан тал угтан авч Монголын үнэртэй салхи хойноос өмнийг чиглэн зөөлхөн үлээх нь эх нутаг минь үргэлжилсээр байх мэт.

Хөх хот хүртэл үргэлжлэх сайхан тал нүд алдам агаад хөх ногооны униарт зүүрмэглэх тэр их талын дундуур зүг бүр зурайх авто зам, салхин сэнс, хөндий дүүрэн нарны хавтан гэх мэт их бүтээн байгуулалт Гэгээн талд ч олонтаа тааралдах юм. Талыг дүүргэх тэр салхин сэнс, нарны хавтангууд дэлхийд тэргүүлэх эдийн засагтай энэ том гүрний хөгжил дэвшлийн нэгээхэн хэсгийг нүднээ тодруулж, сэтгэлд нэгийг шивнэх шиг.

Их талын салхи, жилийн дөрвөн улирлын ихэнхэд ээх халуун нар тэнд ч, манайд ч бий. Тал дүүртэл тархаан байрлуулсан салхин сэнс, зай хураагуурын  хавтангуудыг хараад энэ орны эрчим хүчний хэрэглээний нэлээдийг хангаж байгаа даа гэж бодохуйяа бахархах сэтгэл төрнө. Манайх ч эрчим хүчний гачаалаас гарахад нар, салхи л хангалттай дэм тус болно доо гэх бодол төрж байлаа.

Нүд булаан, сэтгэл татна

Эрээнээс Хөх хотыг зорих замд их талынхаа дунд тархан суурьшсан малчин монгол айлууд олонтаа тааралдана. Тэр өргөн уудам талдаа малчин айл өрхүүд ус бэлчээр хөөн, дураар нүүдэллэн амьдрах  боломжгүй бололтой. Малчид нь суурин сууж, улсаас хуваарилж, зааж зурж, хашаалж өгсөн хэсэгхэн газартаа адуу малаа адгуулан маллаж, аж төрж буй нь хэр оновчтой сонголт, шийдэл болохыг хэлэхэд бэрх.

Аяллын замд нүд, сэтгэл сэргээж, татах сайхан бүтээн байгуулалтыг бид олныг харж бахархан ярьж явлаа. Хөдөө хээр талд бүхэл бүтэн хот тосгон барьж байгуулаад бараг эзэнгүй мэт орхисон харагдана. Тэр хот, өндөр өндөр барилга байшин, орон сууцыг хараад нэгэн гэнэн бодол төрөв. Хүн ам шигүү суурьшсан өмнөд нутгаас ч юм уу, өөр зориулалтаар хүмүүсийг энд суурьшуулах бодлого ч байж болох. Зам зуурт аялагч бидний харааг булааж, зүрх сэтгэлийг соронздон  татсан нэг зүйл бол мод, бут, хөндий талыг дүүртэл тарьсан бут сагсайн ургаж, цэнхэртэж харагдана. Тэр их бутыг үрээр үү, хэрхэн яаж тарьсныг яахан ялгах. Уулын энгэр, орой, хамар ер мод ургах аргагүй, ус ч хүрэмгүй газарт хүртэл навчит, шилмүүст модыг нэлд нь тарьсан нь жигдхэн ургасан харагдана. “Олны хүч оломгүй далай” гэдэг. Тийм их мод бутыг олон хүний хүч хөдөлмөр, гараар тарьж ургуулсанд итгэхэд бэрх. Шинжлэх ухаан, техникийн ололт, оролцоо их байсан болов уу. Хүний олон, эдийн засгийн их нөөц бололцоо, чадавхтай нь эндээс л харагдаж байв. Аян замд өөр бас бусыг анзаарч ажиглаж л явлаа.

Бидний суусан автобус, машин тэр хол замд нэг л удаан яваад байх шиг. Уул нь хурдны зам юм. Зорчин явж буй замаа нэлд нь ажигласан чинь хэсэгхэн явахад л замын хажуугийн хяналтын самбарт улаан гэрэл улалзан байх юм. Сүүлд сонсох нь ээ хурд хэтрүүлэх, дүрэм зөрчих бүрийд цаанаа бүртгэгдэж маш өндөр торгууль төлдөг учир жолооч нар сахилгатай, дүрмээ ягштал барьж явдаг юм байна.

Урт холын замд явахад нэг ч удаа биеэ хөнгөлөх боломж олдсонгүй. Хаана ч  00 байхгүй болохоор жолооч замд зогсож, манайхан шиг хаа дуртай газраа босоо, суугаа “морь харах” боломжгүй. Бас л төлбөр торгууль төлдөг гэнэ.

Аялагчдын сэтгэлийн үг

ӨМӨЗО-ны нийслэл Хөх хотоос Ордос хот, Гэгээн тал, Дөрвөд аймгийн Дөрвөд нутгийн Зүүн хошуу, Гэгээн талын аялал жуулчлалын бүс зэрэг газраар аялж явахдаа манайхны сэтгэл улам ихээр сэргэж, өөр хоорондоо явсан газрын сонин сайхан, бодол сэтгэлээ хуваалцан, өрнүүн сайхан яриа хөөрөө өрнүүлж явлаа. Аялал маань сонирхолтой сайхан, их юм үзэж, танилцаж нөхөрлөсөнд талархав. БЗД-ийн Социал деомкрат Ахмадын холбооны дарга Д.Төмөрбат:

-Манай нам болон анхан шатны  байгууллагууд ахмадуудынхаа төлөө маш их анхаардгийн нэг илрэл нь энэ аялал амралт боллоо. Бид зүрх сэтгэлээрээ намаа дэмжиж, бүхий л талаар туслахад үргэлж анхаардаг болохоор бидний энэ хичээл зүтгэлд ихээхэн үнэлэлт  дүгнэлт өгч Хятад улсын хөгжил дэвшил бүхий энэ орноор аялууллаа. Бид бусдаас өнгөтэй, өөдтэй сайхан юмыг олж харан сурч суралцах хэрэгтэй шүү дээ хэмээн сэтгэл догдлон өгүүллээ. Олон жил намын ажилд хоёргүй сэтгэлээр зүтгэсэн энэ хүний ажлын арга, туршлага бусдад үнэтэй, сургамжтай байлаа. Аян замд явахад олон сайхан дурсамж бүтээж үлдээсэн бид хэн нь хэн бэ гэдгээ таньж, улам ойртон нөхөрлөж, ажлын арга туршлагаа хуваалцаж, өрнүүн сайхан яриа хөөрөө өрнүүлэн, сэтгэлээ уудлан баяр хөөртэй явцгаалаа.

Говь-Алтай аймгийн Социал деомкрат Ахмадын  холбооны дарга Ц.Туяа автобус унаанд явахдаа аялагч биднийгээ нөхөрсгөөр элэглэж, онож хэлсэн цөөн мөртүүд нь Алтай нутгийнхны үг хэл хурц, авьяастайг илэрхийлнэ. Хөх хотоос хурдны галт тэргээр Ордос хотыг зорин очиж, Чингис хааны онгон шүтээн, үзэсгэлэн үзэж, амтат хоол ундаагаар дайлуулж явлаа. Биднийг хүлээж авсан ӨМӨЗО-ны  талын баг бүрэлдэхүүн сэтгэл гаргаж, маш их зүйл үзүүлж харуулах, БНХАУ-ын бүтээлч, хөдөлмөрч иргэдийн бүтээн байгуулалтыг үзүүлж харуулахад ихээхэн сэтгэл гаргаж, анхаарлаа.

Бид Дөрвөд аймгийн нутагт Гэгээн тал амралтын бүстэй танилцаж, мах боловсруулах үйлдвэр, Дүмүүн хонины үржлийн бааз, Сүүн бүтээгдэхүүн боловсруулах үйлвэрүүдийг үзлээ. Үхэр хонь нядлах, махыг нь ангилж савлах олон дамжлага бүхий үйлдвэр цэвэр цэмцгэр, нарийн хяналт бүхий олон дамжлагатай юм. Дүмүүн хонины үржлийн баазыг сүүлийн 10 гаруй жилд өөрсдийн мөнгөөр өөрчилж шинэчилснээ хэлж байв. Энд махны чиглэлийн хуцнаас үрийг нь авч 36-тын бетон  шиг хэдэн арван саванд хийж хадгалж буйг харлаа.

Нарийн шинжилгээ туршилтаар баталгаажсан үрийг  бүх улс даяар авч хонио хээлтүүлж, гарсан хургыг дөрвөн сар болгоод нядлахад 80 жин буюу 40 гаруй кг татдаг гэнэ. Ийм сайхан үйлдвэрүүдтэй танилцсаны дараа Хөвсгөл аймгийн Социал деомкрат Ахмадын холбооны дарга Б.Халтар, “Бид мөн ч их юм үзэж сайхан аялж байна шүү. Хятад орон хэдхэн жилийн дотор үсрэнгүй хөгжжээ.  Эднийх аялал жуулчла­лыг үлгэр жишээ авмаар иж бүрэн хөгжүүлсэн байв. Манай Хөвсгөлд  аялал жуулчлалын компаниуд дундын усанд сэлэлт, саун, массажны газар байгуулбал нэн тустай санагдлаа. Аймгийн төвүүдэд мал нядлах, махыг иж бүрэн боловсруулах орчин үеийн үйлдвэр байгуулах, малынхаа үүлдэр угсааг сайжруулж, ашиг шимийг нэмэгдүүлэхэд анхаарсан Дөрвөд хошууны Улаанхус суманд манайхаас мэргэжлийн хүмүүс очиж туршлага судалж, үзмээр ч юм шиг санагдлаа гэж сэтгэгдлээ хуваалцлаа. Энэ Гэгээн тал нутагт байх театрт зөвхөн бидэнд зориулан “Хун галуу” гэх бүжиг, жижиг бүхий циркчилсэн тоглолт үзүүллээ. Тоглолтын дараа манай Халтар дарга жүжигчдийг нутагтаа урьсан нь содон сюрприз боллоо.

Бидний явж очсон газруудад Чингисийн онгоноос гадна 13 дугаар зууныг санагдуулам хөшөө дурсгал, баримал,  шуумал хөөмөл их байх юм. Тэр ч бүү хэл, Хубилай хааны ордон, орон сууринг хэдэн арван га газар эзлүүлэн хуучин хэв загвараар нь бүтээн босгож байх юм. Тэр бүхэн нь аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарч буйн илрэл, бас давхар бодлого ч буй бололтой. Энэ мэт том бүтээн байгуулалт, хотуудынх нь хөгжил, цэвэр цэмцгэр, ард олных нь ажилч хичээнгүй чанарыг бид нүдээр харж, авч хэрэгжүүлэх арга туршлага болох зүйл их байгааг анзаарч явлаа.

Сайхан аялахад ая тух чухал юм

Аялахад олон хүчин зүйл нөлөөлдгийг бид мэдэрсэн. Бидний энэ удаагийн аяллыг МАН-ын дэргэдэх Социал деомкрат Ахмадын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гантөмөр ахалж, олон ч ажлыг уялдуулан зохион байгуулж, холбоо сүлбээ барьж, биднийг аль болох тав тухтай аялахад ихэд анхаарсан. Аяллыг ерөнхийд нь зохион байгуулагч нь Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нямаагийн Энхболд байлаа.

Эрхэм Элчин сайдын санаачилга, оролцоотойгоор энэ сайхан аяллыг зохион байгуулсан юм. Мөн манай намын дэргэдэх Социал демократ Ахмадын холбооны тэргүүн Б.Гомбо гуай тэргүүлэгчийнхээ хувьд ихээхэн ач холбогдол өгч, анхаарал хандуулсныг тодотгоё. Ямар хүн идсэн ууснаа гэдэг билээ. “Маш сайхан хоол ундаар дайлуулж явлаа. Үүнийг хэлэхийн учир нь Гантөмөр даргын амнаас Мөрөн захирал гэх нэрийг олонтаа сонсов. ӨМӨЗО-ны нэрд гарсан бизнесмэн энэ хүн бидний аялах бүх зардал мөнгө, унаа уншийг дааж, сайхан хоол ундаар дайлж, тохь тухтай аялуулах үүрэг чиглэлийг багийнхандаа өгч, тэр хүмүүс нь чин сэтгэлээсээ сайхан хүлээн авч үйлчилсэнд манай аялагчид их л баярлаж, талархаж байсан.

Гэрийн зүг хүлгийн жолоо залсан манай хэд ажил алба, амьдрал ахуйнхаа талаар ярилцсаар аяны дөрөө мултлав. Ирээд хоёр гурав хонож байхад манай аялагчдаас ажлаараа шалгарсан гурван ч дүүргийн Социал демократ Ахмаын холбооны дарга Төв холбооноос шагналаа гардан авав. Амжилтаар  жигүүрлэсэн манай намын хот, аймаг дүүргийн Социал демократ Ахмадын холбоодын ажил үйлс өрнүүлэн, өөдрөг байна.

МУСГЗ Н.Бөхдамбий 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №25/24700/ дахь дугаарыг ЭНД-ээс уншина уу. 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.