МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Нийгэм А.Норсмаа: Сард хоёр удаа гэрээ цэвэрлүү...

А.Норсмаа: Сард хоёр удаа гэрээ цэвэрлүүлдэг 50 гаруй өрх бидэнд түлхүүрээ үлдээгээд явдаг

Б.Хэрлэн захиралтай “Пур дэй” ХХК цогц үйлчилгээ, мэргэжлийн бүтээгдэхүүнээрээ танигдсан бол А.Норсмаа захиралтай “Sky” ХХК айл өрхөөс эхлээд албан байгууллага, алслагдсан дүүрэг, орон нутагт хүртэл хүрч ажилладаг онцлогтой.

Үнэн
Админ

“Монголын үнэн” сонин энэ удаагийн дугаартаа цэвэрлэгээний салбарын хамгийн олон харилцагчтай, тогтвортой үйл ажиллагаа явуулж буй хоёр компанийг онцолж байна.  Б.Хэрлэн захиралтай “Пур дэй” ХХК цогц үйлчилгээ, мэргэжлийн бүтээгдэхүүнээрээ танигдсан бол А.Норсмаа захиралтай “Sky” ХХК айл өрхөөс эхлээд албан байгууллага, алслагдсан дүүрэг, орон нутагт хүртэл хүрч ажилладаг онцлогтой. Ковидын үеэр байгуулагдсан эдгээр компани өнөөдөр үйлчилгээний соёлыг түгээж буй төлөөлөл болжээ. 

СЭДСЭН БОЛ ШУУД ЭХЭЛ 

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хану багт төрж өссөн А.Норсмаа  үсчин мэргэжилтэй. Энэ нийгэмд ганц бизнесээр амжилтад хүрэх боломжгүй гэж үзсэн учраас хос морьтой болох санааг эртнээс өвөртөлж явжээ. 2020 он буюу ковидын хорионд байх хугацаандаа айл цэвэрлэж орлого олдог найзаасаа санаа авч, цэвэрлэгээний бизнес эрхлэхээр шийдсэн байна.  “Сэдсэн бол шууд л хийж эхэл” гэдэг уриатай. Сансарт байрлалтай 80 ам метр талбай бүхий айлын цэвэрлэгээнд орохдоо огтоос эргэлзсэнгүй. Найз нь түүнд “Юутай ч паарыг нь цэвэрлэж байгаарай. Би нэг айлын цэвэрлэгээг дуусгаад араас чинь хоёулаа очъё”гэжээ.

Хоёр цаг орчим болж, паараа цэвэрлэж дуусаагүй байтал найз нь хүч нэмэгдүүлснээр эхний ажлаа амжилттай гүйцэтгэв. Ийнхүү өдрөөс өдөрт туршлагажсаар албан ёсны бичиг баримт бүрдүүлж компаниа байгуулжээ. Тун удахгүй 20 гаруй ажилтантай болж өргөжив. Үүний зэрэгцээ өдрийн орлоготой байхыг хүсдэг хүмүүс, хилийн чанадад үйлчилгээний чиглэлээр ажилласан туршлагатай залуус гээд цагийн ажлын байраар иргэдийг тогтмол хангаж ирсэн байна. Гадаадад ажилласан туршлагатай хүмүүс ёстой ангид байдаг тухай тэр тодотгов.

Харилцаа, хандлага хүний ажиллаж амьдрах анхдагч хэрэгцээнд тулгуурласан энэ ажлын нарийн ширийн нь санаснаас илүү бэрхшээл дагуулав. Харилцагчаас гомдол ирэх эрсдэлээс сэргийлж, ажилтан болон ар гэрийнхний сэтгэл зүйтэй тулж ажилласнаар бэрхшээлийг боломж болгон хувиргах нь олонтаа. Хүн болгонтой өөриймсөг, хувь хүний онцлогт нь тохируулан харилцах арга барилд суралцаж эхэллээ. “Залуус бие биенээ ойлгодог, хүнлэг байгаасай” гэж тэр ярьж сууна. Учир нь, бохирдол ихтэй айл, обьект таарсан үед үүрээр дуусгадаг тохиолдол гардаг аж. А.Норсмаагийн хувьд сүүлийн жилүүдийг гэрээсээ үүрээр гарч, гурван хүүхэд, ханиа унтсан хойно нь гэрийн бараа хардаг байдалтайгаар сүүлийн дөрвөн жилийг үдсэн байна. “Монгол хүн эсгий гэрт өссөн. Гэр цэвэрлэж чадахгүй ээ гээд сууж болохгүй. Манайхаар эсгий гэрээ цэвэрлүүлдэг байнгын харилцагчид байдаг. Анх тэд утасдаад “Гэр цэвэрлэдэг компани байна” гээд их баярласан шүү” гэв. Алслагдсан дүүргүүдийн айл өрхөд цэвэрлэгээний компани хүрч ажиллах нь ховор бол энэ орон зайг “Sky” ХХК нөхөж иржээ. Зарим айлын эзэгтэйг нөхрүүд нь “Хүн зарж яах гээд байгаа юм. Өөрөө цэвэрлээч” гэж хориглох тохиолдол ч гарна. “Нөхөр ирлээ хурдлаарай” гэж сандаргаснаас нэг ажилтан нь гадуур хувцсаа мартчихаад, цонхоор нь шидүүлээд авч байсан хөгжилтэй тохиолдлыг дурдав.

“НОМИН” СУПЕРМАРКЕТ 18 КОМПАНИАС МАНАЙХЫГ СОНГОЖ БАЙЛАА

Ийнхүү уйгагүй, найдвартай ажилласны үр дүнд “За, сайхан цэвэрлэчихээрэй” гээд түлхүүрээ орхичихдог, сардаа хоёр удаа цэвэрлэгээ авдаг 50 гаруй харилцагч өрхтэй болсон байна. Мөн “Сонгдо” эмнэлэг, “Номин” супермаркетын бүх сүлжээ, “Шангри-Ла” ХХК, “Скайхапермаркет” ХХК гэх мэт томоохон аж ахуйн нэгжүүд Sky-чуудын гол хамтрагч. “Улаанбаатар хотын бүх “Номин” супермаркетыг тойроод үзчихлээ дээ. Яармагийн “Номин” макрог ашиглалтад ороход 14 хоног цэвэрлээд хүлээлгэж өгсөн. 18 цэвэрлэгээний компаниас манайхыг сонгож байлаа. Туршлага нэгдүгээрт үнэлэгдэнэ. “Номин” супермаркет бол манай мөнхийн хамтрагч” гэж бахархалтайгаар өгүүлэв. “Sky” ХХК нь “Пур дэй” ХХК-ийн цэвэрлэгээний зах зээлд нийлүүлдэг, эрүүл ахуй стандартын шаардлага хангасан, албан ёсны лабораторийн гэрчилгээтэй угаалгын шингэн, бодисууд, мөн ОХУ-д үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг. Технологийн дэвшил, ажилтнуудын чин сэтгэлийн хоршил ирээдүйн шилдэг компанийн гялалзсан амжилтын түүхийг бүтээж байна.

Ажил олгогчийн хувьд тэр эцэг эхчүүд хүүхдүүдээ бэлэнчлэх сэтгэлгээнд бүү сургаасай гэдгийг давтан хэлж байна. Ирээдүйд олон ажилтантай болох зорилго тавьсан залуу бизнес эрхлэгчийн сэтгэл зовинох асуудал мөн л дөө.  “Залуус айл цэвэрлэлээ гээд муудчихгүй шүү дээ. Би хийж чадна аа гээд ирж байгаа залуусыг харахаар ар гэр нь бас ажилсаг хүмүүс байдаг. Зарим нь ажлаа хийж мэдэхгүй атлаа “Яг хэдийг өгөх юм бэ” гэдэг. Хөдөө, хот ялгаагүй. Ээж нь айл цэвэрлэхдээ “Манай охин оюутан, охиноо аваад орчихъё” гэж байхад утсаа ширтээд суух зэрэг хандлага ажиглагддаг. Том обьектын шалыг ээжийнх нь үеийн хүмүүс мөлхөөд угаахыг хээв нэг хараад цаг нөхцөөх сонирхолтой залуус бий. Хүүхдийг багаас нь ажлыг голохгүй хийлгэж сургах нь зөв юм даа гэж боддог” гэв. А.Норсмаагийн гэр бүлийн хүн тусдаа бизнестэй. Өрхийн гишүүн бүр ачаагаа тэнцүү үүрэх ёстой гэдэг бодол нь бас шинэ бизнес эрхлэхэд түлхэц болжээ. Өнөөдөр түүний гурван хүү хувцсаа өөрсдөө угааж, өрөө тасалгаагаа цэгцэлдэг. “Бүдэрч унасан ч хувцсаа гөвөөд босдог, шкафандаа хувцсаа эвхээд хийдэг” гэсэн багш нарынх нь үг А.Норсмаагийн хувьд бизнесийн амжилтаас дутахгүй бахархал ажээ. Ажил мэргэжил хүнийг өөрчилдөг шиг, гэр бүлийн хүмүүжил ч ирээдүйн амжилтыг бүтээдэг гэдгийг энэ гэр бүлээс харж болох юм. 

Н.Энхцэцэг

Эх сурвалж: "Монголын үнэн сонин"-ы №028/24703/ дахь дугаар

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.