МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Соёл Урлаг Ариуна Сүри: Монголын соёл, орчин үеийн...

Ариуна Сүри: Монголын соёл, орчин үеийн дизайны өвөрмөц өнгө төрхийг олон улсын үзэгчдэд хүргэлээ

Тэнгэр уулын бүсэд орших улсад Төв Азийн дизайнерууд цуглаж коллекцуудаа танилцуулсан нь саяхан. Монголын дизайнеруудаас Ариуна Сүри Кыргызстан улсыг зорьж “Soul / Шаман”  цуглуулгаа толилуулаад ирлээ. Өнгө будаг уусаж газар газрын соёлын онцлог ялгарна. Тайзнаа дуу хөгжим эгшиглэж, хурсан зочдын анхаарлыг татна. Энэ үдшийн онцгой хүн нь Кыргызстаны  алдарт дизайнер Айпери Обозова бөгөөд түүний урилгаар Ариуна Сүри загварын цуглуулгаа танилцуулжээ. Түүнтэй хамт Узбекистаны дизайнер София Ашур загварын шоунд оролцож, соёлын уламжлал, орчин үеийн загварын чиг хандлагыг тусгасан цуглуулгаа хуран цугласан хүмүүст толилууллаа.

Үнэн
Админ

Тэнгэр уулын бүсэд орших улсад Төв Азийн дизайнерууд цуглаж коллекцуудаа танилцуулсан нь саяхан. Монголын дизайнеруудаас Ариуна Сүри Кыргызстан улсыг зорьж “Soul / Шаман”  цуглуулгаа толилуулаад ирлээ. Өнгө будаг уусаж газар газрын соёлын онцлог ялгарна. Тайзнаа дуу хөгжим эгшиглэж, хурсан зочдын анхаарлыг татна. Энэ үдшийн онцгой хүн нь Кыргызстаны  алдарт дизайнер Айпери Обозова бөгөөд түүний урилгаар Ариуна Сүри загварын цуглуулгаа танилцуулжээ. Түүнтэй хамт Узбекистаны дизайнер София Ашур загварын шоунд оролцож, соёлын уламжлал, орчин үеийн загварын чиг хандлагыг тусгасан цуглуулгаа хуран цугласан хүмүүст толилууллаа.

Соёлын дархлааг кодлогч

Айпери Обозова өөрийн нэрийн брэндтэй. Орчин үеийн загварын чиг хандлагыг үндэсний гоо зүйн элементүүдтэй хослуулдгаараа онцлог. Загварын шоуг санаачлан зохион байгуулсан тэрбээр энэ үдшийг ганцхан үгээр тодотгосон нь мурас буюу “Өв”.  Агуулга нь Төв Азийн улс орнуудын хувцас загвар төдийгүй урлаг соёлын өв болсон бүтээлүүдийг нэгэн тайзнаа агуулах боломжийг бүрдүүлжээ. Монгол, Кыргызстан, Узбекистан зэрэг улсын дизайнеруудын загварын цуглуулгыг танилцуулсан шоунд олны танил эрхмүүдээс гадна алдартай блогчид, уран бүтээлчид, гаднын зочид хүрэлцэн ирснийг хэвлэл мэдээллийн байгууллагууд дурджээ. Сурвалжлагч Арестова Татьяна “Дэлхийн хэмжээнд даяаршил, соёлын хил хязгаар бүдгэрч байгаа энэ үед үндэсний өвөрмөц байдлыг хадгалах нь онцгой ач холбогдолтой болж байна. "Мурас" зэрэг төслүүд нь үндэс угсаа, соёлын өвд хүндэтгэлтэй хандахын ач холбогдлыг онцолж өгдөг. Загвараар дам­жуулан дизайнерууд зөвхөн загварлаг дүр төрхийг бүтээгээд зогсохгүй соёлынхоо тухай түүхийг өгүүлж, хил хязгаараас гадуурх улс орны танигдахуйц дүр төрхийг бүрдүүлдэг. Айпери Обозовагийн шоу нь орчин үеийн загвар нь зөвхөн гоо сайхны салбар төдийгүй соёлын ой санам­жийг хадгалах, үн­дэсний ухамсарыг бэхжүүлэх, Киргизийн өвөрмөц байдлыг олон улсын тавцанд сурталчлах үр дүнтэй хэрэгсэл болж чадна гэдгийг тод харуулж байна” гэжээ. Үнэхээр ч шоуны хугацаанд Айпери Обозовагийн бүтээлч байдал онцгой анхаарал татсан бөгөөд тэрбээр хэдэн жилийн турш Кыргызстаныг олон улсын тавцанд төлөөлж байгаа нэгэн юм. Шоунд оролцсон олон уран бүтээлч түүний хувцсаар гангарсан нь энэ цаг үеийн загварт үзүүлсэн нөлөө, бүрдүүл­сэн орон зайг илтгэх мэт. 2008 онд мэргэж­лийн дизайнер болсноос хойш бүхий л он жилүүдийг бүтээлдээ зориулсан нь өнөөд­рийн Ай­пери Обо­зоваг бү­тээжээ. Жилийн дараа анхны коллекцоо гар­га­сан нь ам­жилттай болж нэрийн брэндээ гаргах эхлэлээ амжилттай тавьсан байна. Одоо үндэсний хэв маягтай үдшийн даашинзны цуглуулга гаргадгаараа алдартай Айпери Обозова хөвгүүдийн хамтлагийн продюсер, бүжигчин юм. 

Монгол бөө, байгалийн шүтэлцээг хувцас загвараар илэрхийлжээ

70 метрийн урттай зассан загварын тайзан дээр Киргизийн үе үеийн мисс, моделиуд дизайнеруудын бүтээлүүдийг амилуулна. Шоуны дунд хэсэгт дуучин Г.Даваадалай тайзнаа гарахад Ариуна Сүри брэнд тодрох ажээ.Түүний загварын цуглуулга бүр тодорхой сэдэвтэй. Энэ удаагийнх “Шаман” бөгөөд монгол үндэсний деталь, бөөгийн өмсгөлөөс сэдэвлэсэн хэв маяг зонхилж байв. Натурал материал сонгодог бүтээлч дизайнерын “Шаман” коллекцод завсрын өнгө давамгайлна. Хэн ч, хаана ч өмсөх боломжтой учир улирлаас үл хамааран загваруудаас сонгож болох ажээ. Шоунд оролцсоных нь дараа тэрбээр “ “Ariuna Suri” брэнд Кыргызстан улсад болсон олон улсын загварын шоунд амжилттай оролцож, “Soul / Шаман” коллекцоо толилууллаа. Энэхүү коллекц нь Монголын бөө мөргөлийн философи, хүний сүнс ба байгаль дэлхийн харилцан холбоо, хамгаалах бэлгэдлийг орчин үеийн загварын хэлээр илэрхийлсэн бүтээлүүдээс бүрддэг. Бид энэхүү арга хэмжээгээр дамжуулан Монголын соёл, оюуны өв, орчин үеийн дизайны өвөрмөц өнгө төрхийг олон улсын үзэгчдэд хүргэж чадсандаа баяртай байна. Хамтран ажилласан зохион байгуулагчид, моделиуд, уран бүтээлчид болон дэмжин ажилласан бүх хүнд талархал илэрхийлье” гэж байв. Шоуны үеэр Кыргызстан улсад ажиллаж амьдардаг монголчуудын төлөөлөл хүрэлцэн ирснийг Ариуна Сүри сэтгэгдэлдээ дурдаж, шоуг зорин хүрэлцэн ирсэнд баярлаж талархаж байгаагаа илэрхийлсэн. Хувцас загвар гэлтгүй аль ч салбарт хөгжөөн дэмжигчид байснаар урам зориг төрдөг. Өмнөхөөсөө ч илүү итгэлтэй болж илэрхийлэх гэсэн санаагаа бүрэн дүүрэн харуулж чаддаг билээ. Тиймээс Төв Азийн тодотголтой загварын шоуны зочин төлөөлөгчдийн дунд монголчууд байсан нь дизайнерт гүн сэтгэгдэл үлдээсэн биз ээ.  

 Бодлын хүч

Төгсгөлд нь дизайнерын тухай бодолхийллээ. Байгаль дэлхий, хүрээлэн буй орчин, ан амьтныг хайрлан энэрэх хүсэл бодол сэтгэл зүрхэнд нь суучихсан юм болов уу гэмээр. Материалаа сонгохдоо ч зэрлэг амьтны гаралтай түүхий эд хэрэглэдэггүй. Зөвхөн хонь, ямаа болон үхрийн арьс ширийг уламжлалт аргаар боловсруулан загвартаа хэрэглэж байна. Хачиг, хувалз, гуурнаас болж малын арьс шир гэмтдэг. Мөн их шивээ­тэй нут­гийн малын  арьс шир тодор­хой хэм­жээнд гэм­тээд эрээн болчихсон байдаг. Үүнийг нь Ариуна Сүри эффект болгон ашигладаг. Энэ нь ч гад­нын худал­дан авагчдын сэтгэлд нийцдэг. Өөрөөр хэлбэл, монгол малын ашиг шимийг ямар ч хаягдалгүйгээр ашиглах бо­ломж­тойг ха­руу­лахын тө­лөө тэрбээр хичээн ажил­ладаг  бүтээлч дизайнер юм.

Тэрбээр анх коллекцоо “Ус” хэмээн нэрлэж, цэнхэр нүдэн гаргийн хамгийн үнэт эрдэнэ ус гэдэг санааг бү­тээлээрээ илэр­хийлэхийн тулд цэнхэр өнгийг тусгасан. Өөр нэг ажилдаа Монголд цөөн тоогоор үлдсэн мазаалай баавгайг үндсэн санаагаа болгон цуглуулгадаа шингээхийг хүссэн. Ингэхдээ Баян­хонгор, Говь-Алтай зэрэг аймгаар, мазаалайн тархан амьдардаг газраар биечлэн явж байсан зэрэг нь түүний бүтээлдээ хэрхэн ханддагийг илэрхийлэх ажээ. 

Ариуна Сүри 2022-2023 оны намар, өвлийн загварын чиг хандлагыг тодорхойлох Парисын загварын долоо хоногт оролцохдоо “Тогоруу” сэдвийн хүрээнд бэлдэж байв. Тогоруу хараас цагаан руу шилжсэн өнгөний уусалттай. Нүд эсвэл толгойн хэсэгтээ улаан өнгийг маш багаар агуулдаг. Тиймээс энэ өнгөний гайхамшгийг загвартаа шингээхийг зорьжээ. “Дэлхийд 12 төрөл зүйл тогоруу байдгийн найм нь Монголд ирж нутагладаг. Энэ нь манай улсын нэг онцлог юм. Үүнийгээ бид олон улсад сурталчлан тусгай брэнд бүтээгдэхүүнийг бий болгох боломжтой. Жишээлбэл, Япон улс тогорууг брэнд болгож чадсан. Хувцас загвараас гадна олон зүйлд тогорууг тусгасан байдаг. Үүний нэгэн адил бид зөвхөн Монголын гэсэн онцлог зүйлээрээ бусдаас ялгарах боломжтой. Бид энэ удаад тогорууг онцлох болсны шалтгаан нь тоо толгой нь эрс багассан учраас үүнд анхаарал хандуулахыг зорьсон. Миний ойлгосноор тогоруу бол байгалийн инкубатор. Өөрөөр хэлбэл, тогоруу нутаглаж байгаа газрын байгаль, хүрээлэн буй орчин эрүүл байна гэж үздэг. Бид энэ сэдвийг хөндөхийн тулд судлаачидтай уулзаж зөвлөгөө, мэдээлэл авсан” гэж байв.

Хүн байгалийн шүтэлцээ, хайрлан хамгаалах сэтгэлийн цагаанаар бодлууд нь биеллээ олж бүтээлийн санаа булаг мэт ундран байх нь түүний ерөөл ажээ.

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: Монголын үнэн сонины №023/698/ дахь дугаарыг ЭНД-ээс уншина уу

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.