Архивын салбарт хамтран ажиллах Монгол-Оросын Засгийн газар хоорондын хамтарсан комиссыг хүлээн авч уулзлаа
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Оросын Холбооны Улсын Архивын агентлагийн орлогч дарга, төрийн нарийн бичгийн дарга Юрасов Андрей Викторович тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр (2026.06.23) хүлээн авч уулзлаа. Эдгээр зочид нь Архивын салбарт хамтран ажиллах Монгол-Оросын Засгийн газар хоорондын хамтарсан комиссын бүрэлдэхүүн бөгөөд манай талаас Архивын ерөнхий газрын удирдлагууд байлцав.
Уг комисс 1992 оноос тогтмол, идэвхтэй үйл ажиллагаа явуулж, өдгөө 28 дахь хуралдаанаа Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаад Хууль зүйн байнгын хорооны дарга баяр хүргэлээ. Хоёр улсын архивын сан хөмрөг, салбарын хамтын ажиллагаа улам бэхжиж, үр өгөөжтэй, шинэ боломжууд нээгдэнэ гэдэгт итгэлтэй байгааг илэрхийлсэн.
Өнгөрсөн хугацаанд архивын байгууллагууд хамтран түүхэн баримт бичгийн эмхэтгэлүүдийг хэвлүүлж, үзэсгэлэн гаргаж, архивын эх сурвалжуудыг харилцан солилцож сан хөмрөгөө баяжуулж ирсэн тухай зочин талаас танилцууллаа. Мөн энэ онд “Зөвлөлт-Монголын эдийн засгийн харилцаа 1921-1954 он”, “Зөвлөлт-Монголын улс төрийн харилцаа 1965-1982 он” сэдэвт эмхэтгэлүүдийг олны хүртээл болгохоор бэлджээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.