МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр Ази тивийн хүний эрхийн төвийг Монгол Ул...

Ази тивийн хүний эрхийн төвийг Монгол Улсад байгуулна

Монгол Ардын Намын 2024-2028 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн дөрөвдүгээр бүлгийн 4.1-т “Хүний эрх” дэд бүлгийн 4.1.1 заалтад “Ази тивийн хүний эрхийн төвийг Монгол Улсад байгуулна” хэмээх онцлог заалт тусгасан билээ.

Үнэн
Админ

Монгол Ардын Намын 2024-2028 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн дөрөвдүгээр бүлгийн 4.1-т “Хүний эрх” дэд бүлгийн 4.1.1 заалтад “Ази тивийн хүний эрхийн төвийг Монгол Улсад байгуулна” хэмээх онцлог заалт тусгасан билээ. Төв Азийн цээжинд ардчиллын баянбүрд байх геополитик хийгээд улс орны нэр хүнд, тусгаар тогтнолд ихээхэн чухал нөлөө бүхий ажлын нэг гэж үзэж байна. 

Мөрийн хөтөлбөрт туссан ажлуудын бодит хэрэгжилтийг хангах үүднээс Монгол Ардын Нам эрх барьж буй улс төрийн хүчний хувьд Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт энэхүү заалтыг тусгаж чадсан.

Түүнчлэн МАН-ын 31 дүгээр Их хурлын Бага хурлын II хуралдааны 05 дугаар тогтоолд тусгагдсан Удирдах зөвлөлийн дэргэдэх Бодлогын хороодын хэлэлцүүлгийн санал зөвлөмжид үндэслэн гарсан ажил, арга хэмжээ, төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх 1.31-т заасан ажлын хүрээнд энэхүү ажлын хэрэгжилтийг ханган ажиллахыг мөн даалгасан.  Ази тивийн хүний эрхийн төвийг байгуулах ажлыг хэрэгжүүлснээр дараах ач холбогдолтой гэж үзэж байна. Үүнд:

-Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ олон улсад танигдана.

-Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд ахиц дэвшил гарна.

-ХЭҮК-ын үйл ажиллагаа бэхжин олон улс дахь үнэлэмж нэмэгдэнэ.

-Монгол Улсад хүний эрхийн талаарх бүх нийтийн боловсролын чанар хүртээмж сайжирч, хувь иргэн, төрийн албан хаагчдын хүний эрхийн талаарх мэдлэг ойлголт, зөв хандлага нэмэгдэнэ.

-Хүний эрхийн сургалт, судалгааны үйл ажиллагаанаас үүдэлтэй эрдэм, шинжилгээ, судалгааны ажил, бизнес, аялал жуулчлал нэмэгдэнэ.

-Олон улсад хүлээн зөвшөөрөгд­сөн хүний эрхийн сургагч багш нартай болно.

-Иргэд, иргэний нийгэм, төрийн болон төрийн бус байгууллагууд чадавхажна.

-ХЭҮК-ын дэргэд олон улсын жишигт нийцсэн Хүний эрхийн боловсрол, судалгаа, эрдэм шинжилгээний хүний эрхийн хүрээлэнг байгуулж, улмаар Монгол Улсын хүний эрхийн боловсролын судалгаа, шинжилгээний ажил, үр дүнг олон улсын судалгаа, шинжилгээ, бусад салбартай холбоход дэмжлэг болно.

Бага хурлаар хэрэгжилтийг эрчим­жүүлэх чиглэлүүдээ тодорхойлсны дараах нь НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Фолькер Түрк Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар манай улсад айлчилсан. Энэ нь НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар 26 жилийн дараа хийж буй айлчлал болсноороо цаг хугацааны хувьд төгс зохицол болсон юм. Ази тивийн Хүний эрхийн төв буюу Ази тивийн хүний эрхийн сургалт судалгааны төв нэрээр энэхүү ажил бодитоор олон талын дэмжлэг, ойлголтоор урагшлах бодит нөхцөл үүгээр мөн бүрдсэн.

Хүний эрхийн Дээд комиссар ноён Фолькер Түрк өнгөрсөн тавдугаар сарын 10-11-ний өдрүүдэд Монгол Улсын Их хурлын дарга С.Бямбацогт, Засгийн газрын гишүүдтэй уулзан Монгол Улсын Засгийн газартай тохиролцсон хамтын ажиллагааны замын зураглал, зорилгын илэрхийлэл нь Улаанбаатар хотноо Хүний эрхийн бүс нутгийн сургалт, судалгааны төвийг байгуулах чиглэлээр хамтран хэрэгжүүлэх алхмуудыг тодорхойлсон. Тэрбээр Монгол Улсын Их хурлын дарга, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдээс энэхүү санаачилгын талаарх тууштай, эерэг амлалтууд сонссоноо сайшааж энэхүү төвийг тогтвортой ажиллуулахад шаардлагатай олон талын хувилбар, боломж нөхцөл, нөөц бололцоог нарийвчлан судлахаар Засгийн газартай хамтран ажиллахын зэрэгцээ шаардлагатай нэмэлт эх үүсвэрийг дайчлахын тулд уг санаачилгыг бусад талуудад сурталчлан таниулахад анхаарч ажиллахаа илэрхийлсэн байна.

Монгол Улсын Их хурлын дарга С.Бямбацогт уг ажлын хэрэгжилтийг хангахын тулд Ази тивийн Хүний эрхийн сургалт, судалгааны төвийн үйл ажиллагааг өөрсдийн нөөц боломжийн хүрээнд 2027 оны улсын төсөвт үйл ажиллагааны зардлыг тусгах замаар шийдэхээр төлөвлөж байна.

МАН-ын хувьд Хүний эрхийн Үндэсний хоёрдугаар хөтөлбөрийг батлах ажлыг мөн мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан нь хүний эрхийн чиглэлээр томоохон өөрчлөлт гаргах суурийг бататгаж буйг харуулж байна. Монгол Улс бүс нутгийн хувьд ардчиллын үнэт зүйл, хүний эрх, эрх чөлөөний үнэ цэн, мөн чанарыг түгээх гол цэг болох нь өөрөө олон ач холбогдолтой тул энэ ажлыг хэрэгжүүлэн төвийн үйл ажиллагааг эхлүүлэхийг зорьж, төлөвлөж байна. МАН шат шатны төлөөллүүдээр дамжуулан ард түмэндээ амласан амлалтуудаа хэрэгжүүлэхийн тулд намын байгууллагуудтай нягт уялдаатай ажиллаж байна. 

Н.Энхчимэг /Хүний эрхийн бодлогын хорооны нарийн бичгийн дарга/

Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №027/24702/ дахь дугаар

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.