Ажлын хэсгийн хуралдаан боллоо
Даатгалын үнэлгээ 2024 онд 314,4 их наяд төгрөг байсан бол 2025 онд 390,1 их наяд төгрөгт хүрчээ. Жолоочийн хариуцлагын албан журмын, автотээврийн хэрэгслийн, хөрөнгийн, гэнэтийн осол, эмчилгээний, хариуцлагын гэсэн 5 төрлийн даатгалд нийт 1,477,077 хэрэглэгч хамрагдаж байгаа аж.
Монгол Улсын Их Хурлын даргын 2026 оны 96 дугаар захирамжаар байгуулагдсан, даатгалын хууль тогтоомжийн талаар санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр (2026.04.09) боллоо. Уг ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай, ажлын хэсгийн гишүүдээр Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, Н.Батсүмбэрэл, Э.Болормаа, П.Ганзориг, М.Нарантуяа-Нара, Б.Пунсалмаа, Л.Энхнасан, Г.Хосбаяр нар ажиллаж байна. Ажлын хэсгийн хуралдаанд Сангийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Санхүүгийн зохицуулах хороо болон даатгалын салбарын оролцогчдын төлөөлөл оролцож, мэдээлэл солилцлоо.
Санхүүгийн зохицуулах хорооноос танилцуулсан даатгалын салбарын мэдээлэлд дурдсанаар манай улсад давхар даатгалын 1, ердийн даатгалын 18, урт хугацааны даатгалын 3, даатгалын зуучлагч 63, даатгалын хохирол үнэлэгч 28 компани үйл ажиллагаа явуулж байна.
Даатгалын үнэлгээ 2024 онд 314,4 их наяд төгрөг байсан бол 2025 онд 390,1 их наяд төгрөгт хүрчээ. Жолоочийн хариуцлагын албан журмын, автотээврийн хэрэгслийн, хөрөнгийн, гэнэтийн осол, эмчилгээний, хариуцлагын гэсэн 5 төрлийн даатгалд нийт 1,477,077 хэрэглэгч хамрагдаж байгаа аж. Олон улсад даатгуулагчдын 45 хувь нь ердийн 55 хувь нь урт хугацааны даатгалыг сонгодог бол манай улсад даатгуулагчдын 98,5 нь хувь ердийн 1,5 хувь нь урт хугацааны даатгалд хамрагдсан тоо үзүүлэлтийг танилцуулж байсан юм.
Хууль эрх зүйн орчны хувьд 1997 оноос Даатгалын тухай 2004 оноос Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай, 2011 оноос Жолоочийн даатгалын тухай хуулиуд тус тус хүчин төгөлдөр болж хэрэгжиж байна. Тус бүрээр нь авч үзвэл өнгөрсөн хугацаанд Даатгалын тухай хуульд 17 удаа, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуульд 8 удаа, Жолоочийн даатгалын тухай хуульд 6 удаа тус тус нэмэлт өөрчлөлт оруулжээ. Тэгвэл энэ удаагийн даатгалын багц хуулийн шинэчлэлд даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах зохицуулалтыг сайжруулах, олон тулгуурт даатгалын тогтолцоог бий болгох, дундын зуучлалын үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд байлгах, жолоочийн даатгалын эрх зүйн орчныг сайжруулах асуудлыг тусгах нь зөв гэсэн саналыг Санхүүгийн зохицуулах хорооноос илэрхийлж байлаа.
Мөн Монголын даатгалын холбооны гүйцэтгэх захирал Ж.Батжаргал “Даатгалын салбарын хууль эрх зүйн орчинд тулгамдаж буй асуудлууд“ сэдвээр мэдээлэл танилцуулсан. Тус холбоо албан журмын даатгалын хураамжийн хувь хэмжээтэй холбоотой зохицуулалтыг хөндөж байв.
Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, Б.Пунсалмаа, М.Мандхай, Н.Батсүмбэрэл нар оролцогчдоос асуулт асууж, хариулт авлаа. Урт хугацааны даатгалыг хөгжүүлэх, одоо мөрдөгдөж буй хууль эрх зүйн орчин, хэрэглэгчдийн итгэлийг бууруулж буй асуудлуудад дүн,шинжилгээ зохих судалгааг иж бүрнээр нь хийж, дүгнэлт гаргахаас ажлын хэсэг ажлаа эхлэх нь зөв гэж үзлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.