МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байн...

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 37 асуудлыг хэлэлцэн, 14 хууль, 6 тогтоол батлуулжээ

Үнэн
Админ

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд 10 удаа хуралдаж, эрхлэх асуудлынхаа хүрээнд 37 асуудлыг хэлэлцжээ. Хуулийн төсөл 54 /давхардсан тоогоор/, Улсын Их Хурлын 7 тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж, үүнээс 14 хууль /дагасан хуулийн хамт/, Улсын Их Хурлын 6 тогтоолыг тус тус батлуулсан байна. Мөн Байнгын хорооны 9 тогтоол баталжээ.


Тухайлбал, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөө аж ахуйн тухай анхдагч хууль, Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хуулийг хэлэлцүүлэн батлуулсан байна.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Байгаль орчныг нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн хавсралтаар энэ чиглэлийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний төслийн ангиллыг хатуу тогтоосныг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, үнэлгээ хийх төслийн ангиллыг Засгийн газар батлахаар уян хатан болгосон.  Уг журам, ангилалд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээтэй холбоотой зохицуулалт, үнэлгээний шинжилгээний арга, хянан магадлагаа, олон нийтийн оролцоо, ерөнхий үнэлгээ хийх харьяалал, биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах, байгаль орчны үнэлгээний нэмэлт тодотгол, нийгмийн нөлөөллийн болон эрүүл мэндийн үнэлгээний талаарх зохицуулалтыг тусгасан.

Ингэснээр уг хуулийн хавсралтад дурдсан бүх төсөлд ижил материал бүрдүүлж, үнэлгээ хийх шаардлага үүсдэг байсныг өөрчилж, олон улсад баримталдаг төслийн шаталсан зарчим буюу төслийг байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, цар хүрээ, төсөл хэрэгжих газар нутгийн байршил, хүчин чадлыг харгалзан зэрэглэл I, II, III болгон хувааж, төслийн ангиллыг тодорхой болгожээ.

Мөн зэрэглэл I төсөлд 5 жил, зэрэглэл II төсөлд 10 жил тутамд, зэрэглэл III төсөлд шаардлагатай тохиолдолд нэмэлт тодотгол хийж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг зэрэглэл I, II төсөлд 10 хүртэлх жилийн хугацаагаар, зэрэглэл III төсөлд хийх шаардлагагүй байхаар тусгав. Үүний үр дүнд байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх төсөл 26 хувь, байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлтээр нөхцөл болзолтой хэрэгжүүлэх төсөл 3 хувь, иргэн аж ахуйн нэгж өөрөө төслийн мэдээллээ байгаль орчны мэдээллийн санд шалгах хуудсын дагуу илгээснээр үнэлгээ хийлгэх шаардлагагүй төсөл 31 хувь болж, ангилал буурах юм.

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан хүнсний аюулгүй байдлыг хангах дөрвөн чиглэлийн цогц бодлогыг хуульчилж, хүнсний хангамж, хүртээмж, дотоодын үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангах, хүнсний сүлжээний бүх үе шатанд аюулгүй байдлыг хангах, шим тэжээллэг, чанартай хоол, хүнс сонгон хэрэглэх боломжийг бүрдүүлэх, хүнсний салбарын аюулгүй байдлыг хангах үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бүрдүүлэх чиглэлийг тодорхойлжээ. Ингэхдээ хүнсний хүртээмжийн зохицуулалтыг бэхжүүлж, стратегийн хүнсний экспорт, импортын зөвшөөрлийн журмыг шинэчилэн, хүнсний салбарын мэдээллийн нэгдсэн санг байгуулах эрх зүйн үндэс бий болгон, салбарын эрдэм шинжилгээний байгууллагын эрх зүйн байдлыг тогтоосон байна. Түүнчлэн цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоолны хүртээмжийг дэмжих урамшуулал тогтоожээ.


Байнгын хороонд УИХ-ын даргын захирамжаар Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах,  Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, Улаанбаатар хотноо болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд олон улсын парламентын түвшинд зохион байгуулах өндөр хэмжээний чуулга уулзалтын бэлтгэл ажлыг хангаж, хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж буй аж.

Хаюрын ээлжит чуулганаар “Хаврын тариалалтын бэлтгэл ажил, мал төлөлтийн явцын мэдээ болон цаг үеийн асуудлаар” Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлийг сонссоноос гадна Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх” сэдэвт ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулжээ.

Сонсголоор Малчны тухай хууль батлагдсанаас хойш 2 жилийн хугацаа өнгөрсөн боловч хэрэгжилт хангалтгүй байна. Хуульд заасан зарим чухал хэрэгжүүлэхээр заасан арга хэмжээ бүрэн хэрэгжээгүй, журам батлагдаагүй, салбар дундын ажлын уялдаа хангалтгүй, хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих тогтолцоо сул, Малчдын өмнө тулгамдсан хамгийн том асуудал нь бэлчээр, газрын харилцаа, уул уурхайн үйл ажиллагааны нөлөөлөл хэвээр байна гэж дүгнэсэн байна.


Улсын Их Хурлын даргын 2025 оны 523 дугаар захирамжаар байгуулагдсан Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хүрээнд Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хот суурин газрын ногоон байгууламжийн тухай, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл, мөн Улсын Их Хурлын даргын 2026 оны 20 дугаар тогтоолоор байгуулагдсан Усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хүрээнд Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг олон нийтэд танилцуулах хэлэлцүүлгийг нийт 10 удаа олон нийтэд хандан зохион байгуулжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Эх сурвалж: parliament.mn
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.