МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар...

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр” болон “Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төсөл”-ийн зээлийн гэрээний төслийг дэмжлээ

Үнэн
Админ

 

Улсын Их Хурлын Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр /2026.09.23/ 14 цаг 45  минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.

Хамтарсан хуралдааныг Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар даргалсан бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу хуралдааны ирцийг гишүүн бүрийн нэрээр танилцуулав.

Гишүүдийн ирцийг доорх зурагнаас харна уу.

Байнгын хороодын нийт 56 гишүүний 29 нь хүрэлцэн ирснээр ирц  51.8 хувьд хүрч, хуралдаан эхэллээ.

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ирүүлсэн Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг зөвшилцөх эсэх асуудлыг хэлэлцсэн. Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Олон улсын геополитикийн хурцадмал нөхцөл байдал нь дэлхийн эдийн засгийн тодорхой бус байдлыг нэмэгдүүлж, эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлт, олон улсын санхүүгийн зах зээлд сөргөөр нөлөөлж байна. Эдгээр гадаад хүчин зүйлс нь улс орнуудын инфляцыг өсгөж, төсөв, төлбөрийн тэнцэл болон гадаад валютын нөөцөд ихээхэн дарамт учруулж байгааг дурдлаа.


Гадаад шокийн нөлөөллийг бууруулах, төсөв, төлбөрийн тэнцэлд үзүүлэх сөрөг нөлөөллийг саармагжуулах, шаардлагатай үед шуурхай ашиглах боломжтой санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор Сангийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран 450.0 сая ам.долларын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг эцэслэн боловсруулж, 2026 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсэн байна. Хөтөлбөр нь 200 сая ам.долларын төсвийн дэмжлэгийн эх үүсвэр болон 250 сая ам.долларын болзошгүй гамшгийн үеийн зээлийн шугамаас бүрдэж буй аж.

Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсад 100 сая ам.доллар хүртэлх төсвийн дэмжлэгийн зээлийг олгож ирсэн бол энэ удаагийн яриа, хэлэлцээрийн үр дүнд 200 сая ам.доллар буюу 100 сая ам.доллароор нэмэгдүүлж, үүнээс 50 сая ам.долларыг нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор тохиролцсон гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа онцолсон.    


Болзошгүй зээлийн шугамын хувьд 2024 оны зудын гамшиг тохиолдсоны дараагаас гамшгийн үе болон эдийн засаг, санхүүгийн хямралын үед ашиглах санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлэхээр Азийн хөгжлийн банктай хамтран холбогдох судалгааг гүйцэтгэн, гэрээ хэлэлцээр байгуулах бэлтгэл ажлыг хангаад байна. Энэхүү зээлийн шугам нь эдийн засгийн гадаад шок, байгалийн гамшиг, эрчим хүчний нийлүүлэлтийн систем болон хүнсний хангамжийн доголдолтой холбоотой онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд шаардлагатай санхүүжилтийг цаг алдалгүй татах боломжийг бүрдүүлнэ  хэмээн Сангийн сайд танилцуулгадаа дурдлаа.

Зээлийн нөхцөлийн хувьд, хөнгөлөлттэй эх үүсвэрийн зээл нь тогтмол 2.0 хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай, эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө, энгийн эх үүсвэрийн зээл нь СОФР+0.5 хувийн хөвөгч хүүтэй, 15 жилийн хугацаатай, эхний  гурван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх юм байна.


Энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар танилцуулсан бөгөөд Байнгын хороо “Санхүүжилтийн ерөнхий  хөтөлбөр-ийн төслийг зөвшилцөх асуудлыг дэмжих нь зүйтэй гэж үзсэн байгааг танилцуулгадаа онцолсон юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал,

Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн гамшгийн дараах сэргээн босголт, хор хохирлыг арилгах талаар ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал гамшгийн эрсдэлийн шугамыг урьдчилан сэргийлэх арга хэмжээ, эсхүл  гамшгаас үүдсэн хор хохирлыг арилгахад чиглүүлэх үү гэдэг талаар, Улсын Их Хурлын гишүүн Л.Гантөмөр гамшгийн дараах нөхцөл байдлыг арилгах 250 сая ам.долларыг хэдий хэрийн хүүтэйгээр нөөцлөх гэж буй талаар тус. тус тодруулж байлаа.  


Азийн хөгжлийн банкнаас авах зээлийн шугам нь зөвхөн эрх нээж буй асуудал гэдгийг Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга С.Тулга хариултдаа тодотгоод, үүнийг Монгол Улсад тохиох  байгалийн гамшигт үзэгдэл гэхээсээ илүү түлш, шатахуун, эрчим хүчний дутагдал, хүнсний бүтээгдэхүүний инфляц тодорхой түвшинд хүрсэн тохиолдолд 125 сая ам. долларыг авч ашиглах эрх үүснэ гэж ойлгох нь зүйтэй хэмээн тайлбарласан.

Гишүүд хэлэлцэж буй асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ 450 сая ам.долларын зээлийг бага хүүтэй авлаа гэж бодох бус харин 15 жилийн дараа хэрхэн, яаж эргэн төлөх вэ гэдгийг сайтар тооцож, асуудалд хандах нь зүйтэй гэдгийг анхааруулж байлаа.

Эцэст нь “Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг зөвшөөрч, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгоё” гэдэг саналын томьёоллоор санал хураалаа. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 56.3 хувь нь дэмжсэн.      


“Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төсөл”-ийн зээлийн гэрээний төслийг дэмжлээ

Дараа нь Засгийн газраас 2026 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ирүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд солилцох ноот бичгийн болон Монгол Улсын Засгийн газар болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төсөл”-ийн зээлийн гэрээний төслийн зөвшилцөх эсэх асуудлыг хэлэлцэв.

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан төслийн талаарх танилцуулгадаа, Засгийн газраас тус төслийг Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын 158.3 тэрбум иений нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгааг онцолсон.


Энэхүү зээл нь “Эдийн засгийн түншлэлийн тусгай нөхцөл” буюу STEP нөхцөлтэй бөгөөд 40 жилийн хугацаатай, үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил, жилийн 1.10 хувийн тогтмол хүүтэй  бөгөөд Япон Улсын Засгийн газраас олгож буй сүүлийн нэн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжих төсөл аж.  

Төслийн хүрээнд 81.9 мянган м² талбай бүхий зорчигч терминалын барилгыг 2028-2033 оны хооронд шинээр барьж, холбогдох дэд бүтцийн байгууламж, дулааны станц, авто зогсоолуудыг өргөтгөн шинэчилнэ гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа дурдлаа. Төсөл хэрэгжсэнээр “Чингис хаан олон улсын нисэх буудал”-ын нэг жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 сая буюу нисэх буудлын одоогийн хүчин чадал 3.2 дахин нэмэгдэж, зорчигч болон ачаа тээврийн эрэлтийг хангах, худалдаа, хөрөнгө оруулалтын хөгжлийг дэмжих замаар үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтөд бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзжээ.  


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, М.Бадамсүрэн, Ч.Анар, П.Наранбаяр, Г.Хосбаяр, Ж.Батжаргал, П.Сайнзориг нар асуулт асууж, үг хэлсэн. Гишүүд  Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төсөл”-ийн хүрээнд баригдах терминалын барилга, дэд бүтцийн  өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажлуудыг богино хугацаанд ашиглалтад оруулах, эдийн засгийн талаасаа Монгол Улсад ашигтай байх асуудалд нэн тэргүүнд анхаарах шаардлагатай гэв. Өмнөх бүтээн байгуулалтын ажлууд цаг хугацаа сунах тусам төсөвт өртөг нэмэгдэж ирснийг жишээ татан дурдаад гэрээнд энэ асуудлыг тодорхой тусгах, цаашид хөнгөлөлттэй зээл нэрийн дор үндэсний компаниудаа, тэдгээрийн стандарттай нийцсэн техник технологи нийлүүлдэг байдлаас бид татгалзах нь зүйтэй гэдэг асуудлыг хөндөж байлаа. Түүнчлэн уг төслийн хүрээнд дулааны жижигхэн станц барих бус, “Хүннү” хотоо ч хангах чиглэлийг барьж том зургаар харж, дэд бүтцийн асуудлаа шийдвэрлэх, улмаар дотоодын нислэгийг “Буянт-Ухаа” нисэх онгоцны буудалруу чиглүүлэх асуудлыг судалж, анхаарах нь зүйтэй гэдэг саналыг хэлж байлаа.


Ингээд “Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд солилцох ноот бичгийн болон Монгол Улсын Засгийн газар болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төсөл”-ийн зээлийн гэрээний төслийг  зөвшөөрч, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгоё” гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжлээ. Энэ талаарх Байнгын хороодын хамтарсан хуралдааны тэмдэглэл болон санал, дүгнэлтийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо хэмээн Нээлттэй парламентын газраас мэдээлэв.


Эх сурвалж: parliament.mn
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.