МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр Б.Баярбаатар: Эпштейний асуудлыг УИХ хэл...

Б.Баярбаатар: Эпштейний асуудлыг УИХ хэлэлцэж чадахгүй бол ичмээр байдалд орно

АНУ-ын иргэн Жеффри Эпштейн гэгчтэй холбоотой асуудал дэлхийн хэмжээнд томоохон дуулиан дэгдээсээр байна. АНУ-ын Хууль зүйн яам вэб сайтдаа түүнтэй холбогдсон нэр бүхий улс орнуудын улстөрчид, бизнесийнхэн, жүжигчид, моделиудын захидал харилцааг дэлгэсэн. Тэр дунд манай улстөрчдийн захидал, харилцаа ч бий. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.БАЯРБААТАР-тай ярилцлаа.

Үнэн
Админ

АНУ-ын иргэн Жеффри Эпштейн гэгчтэй холбоотой асуудал дэлхийн хэмжээнд томоохон дуулиан дэгдээсээр байна. АНУ-ын Хууль зүйн яам вэб сайтдаа түүнтэй холбогдсон нэр бүхий улс орнуудын улстөрчид, бизнесийнхэн, жүжигчид, моделиудын захидал харилцааг дэлгэсэн. Тэр дунд манай улстөрчдийн захидал, харилцаа ч бий. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.БАЯРБААТАР-тай ярилцлаа.

 

Монгол Улсын байгалийн баялаг, охидын нэр хүнд, сонгууль, үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал хөндөгдсөн тул асуудалд улс орны эрх ашгийн үүднээс хандах ёстой

-АНУ-ын иргэн Жеффри Эпштейнтэй холбоотой хэргийг дэлхий нийтээрээ хэлэлцсээр байна. Манай улстөрчдийн нэр холбогдсон боловч манайхан ам нээхгүй байна. Сүүлийн үед та асуудлыг хөндөж, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр дуугарлаа. Яагаад үүнд анхаарал хандуулав?

-Улс орнууд Жеффри Эпштейний дуулианд анхаарал хандуулж, АНУ-ын Хууль зүйн яам албан ёсны вэб хуудастаа гурван сая гаруй баримт, и-мэйл захидал дэлгэсэн. Тэр дундаас Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүсийн хувийн захидал ил гарч ирж байхад манайхан чимээгүй сууна гэдэг ичгэвтэр хэрэг. Үүний цаана улс орны нэр хүнд, үндэсний аюулгүй байдал зэрэг асуудал гарцаагүй хөндөгдөнө. Тиймээс миний бие УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр АНУ-ын иргэн байсан Жеффри Эпштейн гэж хүнтэй холбоотой асуудлыг хөндөж, гишүүдийг, нийгмийг энд хэрэгт анхаарал хандуулахыг хүслээ.

-Асуудлыг хэт улстөржүүллээ, эсвэл нэгэнт нас барсан Эпштейн гэгчийн хэргийг сөхөн хөндөх ямар ч шаардлагагүй гэсэн байр суурь гарч ирж байна. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-Юуны өмнө энд ямар ч улстөржилт байхгүйг хэлье. Мөн нэгэнт нас барсан гэх Жеффри Эпштейн гэдэг хүний нэрийг УИХ дээр дэмий сөхсөн хэрэг ерөөс биш. Ил болсон захидал харилцаанд монгол охидын нэр төр, Монгол Улсын байгалийн баялаг, сонгуультай, үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал хөндөгдсөн.

Тиймээс асуудалд тусгаар тогтносон улс орны хувьд, хууль тогтоох дээд байгууллага нь нэгдсэн мэдээлэлтэй болж авах ёстой гэсэн байр сууринаас хандаж байна. Их Британи, Франц, Норвеги, Герман, Польш, Литви, Лавти, Турк, Ирланд, Малайз, Энэтхэг, Хятад, Япон, Африкийн орнууд Эпштейнтэй нэр холбогдсон улстөрч, бизнесмэнүүддээ хэрэг үүсгэхэд нь үүсгэж, мөрдөн шалгаж, зарим нь сонсгол зохион байгуулж, эхнээсээ хариуцлага хүлээлгээд явж байна. Жишээ нь, Английн хааны төрсөн дүү, хунтайж Эндрю нь Жеффри Эпштейнтэй нягт холбоотой байсныхаа төлөө гэр бүл, ургийн овгоосоо хасагдсан.

Одоо Английн иргэн байх уу, үгүй юу гэдэг нь шийдэгдэх гээд явж байна. Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан хүмүүсийн нэр холбогдож, дурдагдаад байхад монголчууд, хууль тогтоох дээд байгууллага дуугүй суух нь зохимжгүй. Харин ч асуудлыг илүү нухацтай судалж үзэх ёстой.

-Дэлхийн дуулианыг парламентад хөндсөн хүний хувьд та өндөр албан тушаал хашиж байсан манай этгээдүүдийн захидал харилцааг нэлээн сайн анхаарч судалсан байх. Тэндээс юу ажиглагдаж байх юм?

-АНУ-ын зүгээс ил болгосон захидал, харилцааг шүүж үзэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн нэр 46, түүний зөвлөх байсан, Гадаад хэргийн сайд асан Л.Пүрэвсүрэнгийн нэр 219, "Либерти Партнерс" ХХК-ийн захирал Ч.Ганбат гэдэг хүний нэр 194, Монгол Улсын Ерөнхийлөгч байсан Х.Баттулга гэдэг хүний нэр 81 удаа дурдагдсан байгаа юм. Тэдний Жеффри Эпштейнтэй харилцсан и-мэйл, харилцаа холбооны агуулгуудыг анхаарахгүй байх аргагүй. Жишээ нь, “Нью-Йоркт уулзъя, гэнэтийн бэлэгтэй очно. Энэ гэнэтийн бэлэг нь монгол охин байх болно” гэсэн захидал ч байна. Мөн Ц.Элбэгдорж Эпштейнд “80 сая долларын үнэтэй уран зураг, 140 сая долларын өртөгтэй алмаз, 250 сая долларын үнэ бүхий эдлэн газар хаус авах уу” гэсэн санал тавьсан мэйл ч гарч ирсэн. Үүнээс гадна 2019 оны наймдугаар сард Монгол Улсад хувийн айлчлал хийсэн АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын хүү Жуниорын и-мэйл захидалд “Монгол Улс 3.1 сая хүнтэй, 11 сая морьтой, нэг их наядын байгалийн баялагтай мөртлөө түүнийгээ гаргаж чаддаггүй. Учир нь Хятад руу чиглэсэн төмөр замын цариг нь Орос руу чиглэсэн царигаас өөр. Монголын Ерөнхийлөгч энэ асуудлыг эрчимжүүлж байгаа.

Тэр (Ерөнхийлөгч Х.Баттулга) ажлын өрөөндөө гэр буюу майхан хэлбэрийн сууцанд ажилладаг. Криптод дуртай. Би өнөөдөр Ерөнхийлөгчтэй ярьсан. Тэр надад “Улсад нь хөөрхөн охид олон бий” гэж хэлсэн. Би түүнд нь “Танд нүдний шил хэрэгтэй юм байна” гэж хариулсан” гэж бичсэн захидал гарч ирж байна. Ерөнхийлөгч нь охидоо хөөрхөн гэж хардаг. Гэтэл нөгөө этгээд тэгж хараагүй. “Та нүдний шил зүүгээд хар” гэж гэсэн байх жишээтэй. Энэ бол монгол охидыг доромжилсон агуулгатай и-мэйл гэж ойлгогдож байна.

Түүнчлэн “Ардчилсан нам болон Халтмаагийн Баттулга нар дэмжигчдэдээ талархал илэрхийлсэн мэдэгдэл хийж байна. Х.Баттулга дахин санал хураалт явагдах нь зайлшгүй гэж хэлсэн бөгөөд СЕХ маргааш санал хураалтын товыг зарлана гэж мэдэгдсэн. МАН сүүлийн 15 минутад нэмэгдсэн саналын тоонд эргэлзэж, асуудал тавьж байна” гэсэн захидал харилцаа ч бий. Хариу и-мэйл мөн бичигдэж “Дахин санал хураалт явагдана гэсэн үг үү. Хэрэв тийм бол хэзээ болох вэ. Мөн түүний ялах магадлал нь хэр байна” гэх мэтийн урт захидлууд илгээгдэж байсан. Биткойны талаар ч нэлээн их харилцсан байна. Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулгыг ялахад Жеффри Эпштейн талархал илэрхийлсэн. Хариуд нь Х.Баттулгын тал “Ялалтад таны дэмжлэг маш их хэрэгтэй байв. Цаашдаа ч таны дэмжлэг хэрэгтэй” гэсэн байгаа юм. Яагаад тусгаар тогтносон Монгол Улсын сонгуулийн санал хураалт, байгалийн баялаг зэрэг мэдээлэл гадагшаа явж, гадаадын иргэдэд хүрэв. Яагаад ийм зүйл тэдний дунд яригдаад байсан юм бэ гэдгийг УИХ нээлттэй хэлэлцэж, үүний ард ямар нэгэн гэмт үйлдэл нуугдаж хоцорсон эсэхийг нягталж чадахгүй бол энэ парламент үнэхээр өрөвдөлтэй байдалд орно. Дэлхий нийтээрээ асуудлыг хэлэлцэж байхад УИХ-ын гишүүд дуугарч чадахгүй бол сонгогчдынхоо итгэлийг алдаж, парламент чадамжаа алдана. Ичмээр байдалд орно.

-Жеффри Эпштейнтэй холбоотой Монгол Улсын нэр, эрх ашиг хөндөгдсөн захидлаас гэмт хэргийн агуулга, үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлууд харагдаж байна гэж та хэлэх гээд байна уу. Та бол хуульч хүн. Тиймээс таны мэдэгдэл, хардлага оновчтой байх ёстой гэж бодож байна?

-Эпштейн гэдэг хүний тухай судлаад үзэхээр, түүний явуулдаг байсан үйл ажиллагаанаас үндсэн гурван гэмт хэргийн шинж харагддаг. Эхнийх нь бэлгийн мөлжлөг үйлддэг, бага насны охидыг хүчирхийлдэг хэрэг. Энэ нь АНУ-ын Хууль зүйн яамны вэб сайтад ил гарч, мэдэгдэл хийж, ярилцлага өгсөн хохирогчдын гомдлоор нотлогдсон. Хоёрт, энэ хүн санхүүгийн гэмт хэрэгтэн буюу мөнгө угаагч гэдэг нь харагддаг. Гуравдугаарт, тэр хүн бусад тусгаар улсын улс төр, бизнест нөлөө бүхий хүмүүсээр дамжуулан тухайн улс орон, ард түмэнд ямар нэгэн байдлаар ашиггүй, өөрт болон бусад улсад ашигтай шийдвэр гаргуулдаг “лоббист” ажил эрхэлдэг хүн юм байна. Ийм дүгнэлтийг ганцхан би хийж буй юм биш. Дэлхийн улс орнууд ч энэ өнцгөөс харж, эмзэглэж байгаа тул мөрдөн шалгаж байна. Нөгөө талаар АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын хуульчлан баталж, гарын үсэг зурж баталгаажуулан, Хууль зүйн яамныхаа вэб сайтад ил байрлуулсан гурван сая гаруй хуудас баримт, материал бол өөрөө баттай эх сурвалж мөн.

Тэр дундаас “Журайсик парк” кинонд тоглосон Холливудын жүжигчний Эпштейнд бичсэн захиа нэлээн анхаарал татдаг. Тэр захианд “Өчигдөр маш сайхан орой байлаа. Монголын Ерөнхийлөгчтэй уулзаж, хэд хэдэн асуудлаар санал солилцлоо. Бяцхан охидууд их гоё байсан шүү” гэсэн мөрүүд бий. Энэ захидал өөрөө тэр жүжигчний оролцсон уулзалтад Монголын Ерөнхийлөгч болон бяцхан охидууд байсныг, Эпштейний бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгийн таамгуудыг гэрчлэх жишээтэй.

Энд нэг зүйлийг хэлэхэд, дээр өгүүлсэн Ц.Элбэгдоржоос Эпштейнд санал болгож, зарах гэж оролдсон уран зургууд, орд газар, эдлэнгүүд худалдагдсан эсэхийг баттай хэлж мэдэхгүй. Гэхдээ зүгээр нэг энгийн харилцаатай хүмүүс бие биедээ 500 орчим сая ам.долларын үнэ бүхий эд зүйл худалдах саналыг тавьдаг билүү. Бүр ажил болгож, мэйл бичиж байсны цаана мөнгө угаах, санхүүгийн гэмт хэрэг нуугдаж байсан юм биш биз гэсэн эргэлзээ төрж байгаа юм.

Өнөөдөр дэлхий нийтээрээ Эпштейн гэдэг хүнийг ярьж, хэлэлцэж, жигшин, зэвүүцэж байна. Энэ дуулианд яагаад Монгол Улсын нэр холбогдох болов. Үүнийг дагаад Монгол Улсын нэр хүндтэй холбоотой, дотоод үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал зайлшгүй хөндөгдөх учиртай. Тиймээс захидал, мэдээллийн үнэн, худлыг тогтоох, дагаад үүсэх эргэлзээ, хардлагыг шалгаж, мухарлаж шийдэх ёстой юм. Эс бол монголчууд алсдаа их эвгүй байдалд орно. Нарийн ухвал үүнээс ч их юм, “Оюутолгой” төслийн асуудал ч гарч ирж мэдэхээр харагдаж байна билээ.

-“Оюутолгой” төсөл үү. Энэ төсөл ямар замаар Эпштейнтэй холбогдчихож байгаа юм бол?

-Ил болсон захидал харилцааг судалж байхад, 2007 оны и-мэйл шиг санагдаж байна. Жеффри Эпштейний “Фридланд бид хоёр манай арал дээр амарч байна. Нэгдэх хүн байвал ирээрэй” гэсэн зураг, хөрөгтэй захидал гарч ирсэн. Фридландыг “Оюутолгой”-н ордын лицензийг атгаж байсан хүн гэдгээр монголчууд сайн танина. “Оюутолгой” төсөл “Эпштейн, Фридланд хоёрын уулзалт”-аас хойш хоёр жилийн дараа буюу 2009 онд хөдөлсөн. Эндээс “Оюутолгой” төсөл хөдлөхөөсөө бүүр хоёр жилийн өмнө Эпштейний нөлөөнд орсон байсан уу. “Бүх зүйл эндээс эхлэлтэй байсан юм биш биз” гэсэн сэжүүр төрж байгааг нуух юм алга.

Үүнээс гадна 2014 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар Эпштейнээр зуучлуулж, Дубайд уулзалт зохион байгуулсан байдаг. Энэ үеэрээ монгол мөнгөөр 23 сая төгрөгийн үнэтэй вип танхимын тасалбар авч, морин тойруулгын уралдаан үзэж, Монгол Улсын нэр дээр морь уралдуулсан. Үүнээс хойш яг сарын дараа Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг дэмжих агуулгатай 34 дүгээр тогтоолыг УИХ баталсан. Жилийн дараа гэхэд Дубайн гэрээ байгуулагдсан. Мөн “Бодь” группийн охин компани болох Голомт банк очиж, Жеффри Эпштейнд Монголын уул уурхайн тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байдаг. “Банкны эзэн хөрөнгө оруулалт татах зорилгоор гаднынхантай уулзаж болох ч яагаад заавал Жеффри Эпштейн гэж. Хэн тэднийг зуучлан уулзуулав. Ямар санаа агуулагдав” гэдэг асуулт бас эндээс гарч ирээд байгаа. Дүгнээд үзэхэд “Тэд гаднынхны лоббид өртсөн юм биш үү. Жеффри Эпштейн Дубайн гэрээг зуучилсан уу” гэдэг асуулт гарч ирж байгаа юм.

Хүмүүс зарим нь санах байх. 2009 онд Оюутолгойн гэрээ байгуулагдахад тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд “Монголчууд бүгдээрээ нийтээрээ нэг алхлаа” гэж хэлж байв. Энэ бичлэг надад одоо байж л байна. Дараа нь Ц.Элбэгдорж 2010-аад оны эхээр МҮОНТВ-д сэтгүүлчдэд ярилцлага өгсөн. Тэр үедээ “Олон охинтой айл нэг охиноо айлд өгчихсөн. Тэр охин онгоноо цоолуулсан. Одоо хэзээ ч  өмнөх шигээ болохгүй” гэж хэлсэн байдаг. “Оюутолгой” эхний бүтээгдэхүүнээ ч гаргаагүй. Гэрээ байгуулагдаж, монголчууд ногдол ашиг авна, Монгол Улс хөгжинө гэсэн хүлээлттэй хараад сууж байсан ямар ч мэдээлэлгүй цаг үед Ерөнхийлөгч нь гарч ирээд хамгийн том төслөө яагаад онгон охинтой харьцуулж, яагаад монгол охидоо муухайгаар хэлэв. Магадгүй бусдын бэлгийн хүчирхийллийн нөлөө, барьцаанд орсон. Ийм гажиг тэр хүний сэтгэл зүйд суусан явсан юм биш биз гэсэн таамаг, хардлага ч төрж байгааг нуух юм алга.

-Манай улстөрчид Эштейний нөлөөнд автсан болох сэжиг таамагллыг нотлох баримтууд эндээс олдоно гэдэгт та итгэлтэй байна уу?

-Эпштейний бэлгийн мөлжлөгтэй холбоотой арга хэмжээнд гэхэд манай эрх бүхий албан тушаалтнууд янз бүрийн байдлаар оролцож, баримт сэлт үлдээснийг Холливудын жүжигчний захидал гэрчлээд байна. Эндээс манай нэр бүхий нөхөд ямар нэг байдлаар барьцаалагдаж Монгол Улсад, эх орондоо ашиггүй, ард түмнийхээ эсрэг шийдвэр гаргасан юм биш биз гэсэн хадлага төрдөг.

Үнэн хэрэгтээ Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж гэдэг хүн хоёр удаа сонгогдохдоо байгалийн баялагтай холбоотой асуудлаар эх орныхоо эсрэг шийдвэр гаргасан уу, үгүй юу. Гаднынхны лоббид  автаж, барьцаалагдсан уу үгүй юу. Яагаад манай өндөр албан тушаалтнууд гаднын нэг мөнгө угаагчид байгалийн баялаг, охид бүсгүйчүүд, сонгуультай холбоотой янз бүрийн мэдээллээ өгдөг юм. Яагаад монгол охидыг хүргэж өгөх болов гэдэг асуултууд хариулт нэхэж байгаа биз.

Улс орны эрх ашиг, үндэсний аюулгүй байдлаа бодож бид энэ гурван асуултад хариулт хайх ёстой. Тиймдээ ч УИХ дээр хяналтын нээлттэй сонсгол зохион байгуулах нь зөв гэж үзээд санал гаргасан. Одоогоор 30 гаруй гишүүн нэгдэж, гарын үсгээ зурлаа. Удахгүй УИХ-д өргөн барьж, хяналтын сонсгол зохион байгуулах асуудлыг Хууль зүйн байнгын хороо шийдэх болов уу гэж харж байна. Хэрвээ намайг зарим хүн “Болсон болоогүй мэйл барьж аваад, улс төр хөөж байна” гэж хараад байгаа бол “Үгүй ээ, энэ бол хардлагыг мухарлаж, баримтыг эцэслэх гэсэн санаа” гэж хариулъя.

-Энэ сэдвээр УИХ дээр нээлттэй сонсгол хийх гэсэн таны санаачилга хэр зэрэг дэмжлэг авч байна. Гишүүд ямар байр сууринаас хандаж байх юм?

-Ил болсон захидал, харилцаа, и-мэйлүүдийн ард Монгол Улсын байгалийн баялаг болон нийт ард иргэдийн эрх ашиг хохирсон асуудал нуугдаж үлдэх магадлалтай болоод явчихлаа. Яагаад монгол охидын нэр төр, сонгууль, байгалийн баялаг зэрэг үндэсний аюулгүй байдалтай холбоотой мэдээлэл гадагшаа задардаг юм бэ гэдгийг мэдэхийн тулд УИХ-ын нээлттэй сонсгол явуулж, олон нууц асуудлыг тодорхой болгох нь зөв юм. Мэдээж хэрэг, улс төрийн янз бүрийн хариу дайралт ирэх байх. Гэсэн ч би зорилгоосоо ухрахгүй.

Үүнээс гадна манай Хууль зүйн яам ХЭҮК зэрэг байгууллагыг оролцуулсан ажлын хэсэг байгуулж, АНУ-ын Хууль зүйн яаманд хандаж, “АНУ-ын талаас дэлгэсэн мэйл дээрх харлуулсан хэсэгт байгаа хүмүүсийн нэр ус нь тодорхой баримтыг бидэнд эх хувиар нь илгээнэ үү. Монгол Улсын тодорхой иргэн, өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийн нэр холбогдсон тул бид нарийвчлан судлах шаардлагатай байна” гэдэг асуудал тавьсан гэсэн.

Юутай ч миний бие АНУ-ын Хууль зүйн яамны албан ёсны вэс сайтад байршуулсан и-мэйл захидлуудыг бүгдийг баталгаат орчуулгын газар орчуулж авлаа. Тэр дунд буй анхаарал татсан олон мэдээллийн нэг нь Хэнтий аймгийн төв Өндөрхааны наана, Жаргалант суманд орших гурван тэрбум тоннын нөөцтэй, олон жилийн турш яригдаагүй “Тугалгатай орд”-ыг манай нөхөд гаднынханд танилцуулж, санал болгосон байгаа юм. Энэ ордын лиценз хөдөлсөн эсэхийг одоогоор шалгуулж байна. Цааш нь хөөвөл Жеффри Эпштейн яагаад заавал Монгол Улстай холбогдов гэсэн асуулт гарч ирнэ. Манай байгалийн баялаг, ард иргэд нь тодорхой түвшинд амьдралын боломж бололцоо тааруу, хөгжил муутай нь түүний сонирхлыг татсан байх магадлалтай.

Д.Отгонжаргал 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №020/24695/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай. 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.