МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр Б.Батцэцэг: Сүүлийн хоёр сарын хугацаанд...

Б.Батцэцэг: Сүүлийн хоёр сарын хугацаанд 739 бизнес үүд хаалгаа нээлээ

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Батцэцэгтэй ярилцлаа.

Үнэн
Админ

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Батцэцэгтэй ярилцлаа.  

-Ерөнхий сайдын “Чөлөөлье” санаачил­гын хэрэгжилт ямар байна вэ?

-Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын анх санаачлан хэрэгжүүлсэн “Чөлөөлье” санаачилга энэ өдрүүдэд “Үндэсний  санаачилга” болж үйл ажиллагаа нь өргөжлөө. “Чөлөөлье”  санаачилга эдийн засаг, эрх зүй, ногоон хөгжил, авлигын гэсэн үндсэн дөрвөн концепцоор хэрэгжиж байна. Засгийн газар байгуулагдсан 100 хоногийн хугацаанд нийт хийсэн ажлынхаа 100 чөлөөлөлтыг онцолж байна. Өнгөрсөн хугацаанд бид тогтолцооны олон өөрчлөлт хийлээ. 20-оод жилийн турш ярьсан нийгмийн даатгалын тогтолцоог өөрчилж чадлаа. Татварын багц хуулиудыг өргөн барьж, АМНАТ-ын орлогыг орон нутагт илүүтэй төвлөрүүлэх, НӨАТ-ын босгыг 50 сая байсныг 400 сая болгон нэмэгдүүлж, 792 мянган төгрөг хүртэлх орлогыг АОТ-аас чөлөөлөх том ажлуудыг хийлээ. Эдийн засгийн анхдагч хуулийг дагасан 99 хуульд өөрчлөлт хийсэн.

Өөрөөр хэлбэл, бизнесийн үйл ажиллагааг эрхлэхэд төрийн оролцоог хумилаа. Төр иргэдэд ойлгомжгүй бөгөөд хаалттай байдаг.

Хууль дагасан журмуудаараа бизнес эрхлэх эрх чөлөөг нь боомилж байдаг. Тиймээс хамгийн түрүүнд Зөвшөөрлийн хуулиас эхэлж, найман төрлийн 146 үйлчилгээг мэдэгдээд эхэлдэг зохицуулалт хийлээ. Мэдэгдээд бизнесээ эхлэхийн сацуу төр иргэндээ очиж үйлчилдэг болсон. Өмнө нь энэ 146 үйл ажиллагааг эрхлэхэд төрийн байгууллагын үүд сахиж, зөвшөөрлөө авч, цаасан бичиг баримтаар гэрээ, галын дүгнэлтээ баталгаажуулдаг байсан. 

Галын аюулгүй байдлын дүгнэлтийг зөвлөмж хэлбэрт шилжүүлсэн. Үр дүнд нь 83 төрлийн худалдаа үйлчилгээ чөлөөлөгдлөө.  Хоёр сарын хугацаанд 739 бизнес үүд хаалгаа нээгээд байна. 

-Төрийн албыг хүнд суртлаас ангид байлгах талаар ямар ажил хэрэгжүүлж байна вэ?

-Бид олон жил цахимжилт гэж ярьсан. Цахимжилт гэдэг нь төрийн хүнд суртлыг байхгүй болгох гол зохицуулалт. Хамгийн  оновчтой шийдвэр гаргалт нь цахимд суурилсан шийдвэр гаргалт.  Тиймээс E-Business платформыг нэвтрүүллээ.  Монгол Улсад өгч байгаа 300 гаруй тусгай зөвшөөрлийн шийдвэр гаргалтыг цахимжуулах ажлыг хийж, хэрэгжүүлж байна. Хүнд суртал гэдэг бол далдлагдсан мэдээлэлтэй холбоотой байдаг. Тиймээс Shilen.gov.mn сайтын мэдээллийг ил тод болгох ажлыг эрчимжүүлж байна. Төрийн өмчит компанийн засаглал, ил тод байдлын тухай хуулийг шинэчлэн батлуулсан. Ингэснээр төрийн өмчит компанийн ТУЗ, худалдан авах ажиллагаа зэргийг шилэн болгох зэргээр олон арга хэмжээг авч хэрэгжүүлсэн.

-Төрийн албыг чадавхжуулах, мерит зарчмыг хэрэгжүүлэхэд ямар бодлого барьж  байгаа бол?

-Өнгөрсөн 30 жилийн хугацаанд явж ирсэн төрийн албаны тогтолцоогоо эргэж харах цаг болсон. “Төрийн алба данхайгаад байна, хэт олон төрийн албан хаагч байна” гэсэн шүүмжлэл байдаг. Гэтэл “Төрийн албанд ажиллахад ачаалал их байна” гээд ажлаасаа халшраад гарсан залуус олон байна. Төрийн албанд багш, эмч нар их байдаг. Хүн ам нэмэгдэх тусам энэ албан хаагчийн тоо тэлнэ.

Нийт төрийн албан хаагчдын 90 орчим хувь нь төрийн үйлчилгээний болон тусгай, улс төрийн  албан хаагчид байдаг. Төрийн захиргааны албан хаагчдад ажлын ачааллыг зөв хуваарилах, төрийн албаны  тогтолцоо, ангилал зэрэгт  шийдвэрлэх зүйл бий. Өнөөдрийн нөхцөлд мерит зарчим гэхээр ур чадвар, гүйцэтгэлд суурилсан гэхээсээ хэн олон жил ажилласан нь дэвшдэг хандлага бий болоод байна. Нэг талаараа олон жил ажилласан хүн туршлагатай, тогтвортойд тооцогдоно. Гэхдээ нөгөө талдаа менежерийн ур чадвар ажилласан жилээс хамаарахгүй.

Мерит гэдэг нь шатлан дэвших гэхээсээ хүлээн зөвшөөрөгдөх хувилбар. Тиймээс мерит зарчмыг хэрэгжүүлэх гол хууль  бол төрийн албаны шинэтгэл юм. Ирэх намрын чуулганд төрийн албаны шинэтгэлийн хуулийг өргөн барьж, дараагийн 30 жил Монголын төрийн алба ямар тогтолцоо, менежментээр ажиллах асуудлыг гаргаж тавина.

-Иргэд олон нийттэй харилцах 11-11 төвд иргэдийн санал, хүсэлтийг хүлээж авдаг. Иргэдийн санал гомдлын шийдвэрлэлт хэдэн хувьтай байна вэ?

-Бид жил бүр иргэдийн өргөдөл, гомдолд мониторинг хийдэг. Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг төрийн байгууллага 90 орчим хувьтай гэж үздэг. Харин иргэд 40-50 хувьтай үнэлдэг. Энэ нь зөрүүтэй асуудал. Төрийн байгууллага 30 хоногийн дотор иргэдийн санал гомдлыг аль нэг  байгууллага руу шилжүүлэх зэргээр хийсэн зохицуулалтаа “шийдвэрлэлээ” гэж үздэг байна.  Гэтэл  тухайн иргэний асуудал шийдвэрлэгдээгүй хэвээр байдаг. Бид үүнийг засах арга хэмжээ авч байна.

Өргөдөл, гомдлыг шийдвэрлэх нэгдсэн систем нэвтрүүлж, тухайн иргэн өөрийн өргөдөл, хүсэлтийн шийдвэрлэлтийн явц ямар шатанд, хэн гэдэг төрийн албан хаагчид очсон байгааг цахимаар  харах боломжтой болголоо.  Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвийг Ерөнхий сайдын асуудал хариуцах зөвлөх хариуцан ажиллаж байна.   Цаашдаа Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвийн үйл ажиллагааг өргөжүүлж, өдөр тутамд байнга давтагддаг санал хүсэлтийг  хиймэл оюунаар хариулах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.  Мөн Монгол Улсын Засгийн газар Ezasag.mn платформыг хэрэглээнд нэвтрүүлээд байна. Энэхүү платформаар дамжуулан иргэд төрд дуу хоолойгоо хүргэх боломжтой. Үүн дотор “Ерөнхий сайдаас асууя?” булан бий. Энэ буланд асуултаа бичихээр Ерөнхий сайд иргэдэд хариулт өгнө.

Н.Энхлэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №026/24701/ дэх дугаар

 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.