МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Эдийн Засаг Б.Билэгсайхан: Тоо бодох сонирхол намайг...

Б.Билэгсайхан: Тоо бодох сонирхол намайг санхүүгийн зах зээл рүү хөтөлсөн

“Эм Ай Си Жи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.БИЛЭГСАЙХАН-тай уулзаж, түүний мэргэжлийн замнал, ажлын туршлага болон үзэл, хандлагынх нь талаар ярилцлаа.

Үнэн
Админ

Олон улсын санхүүгийн зах зээлд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (Asset-Backed Securities) нь эрсдэл багатай санхүүгийн хэрэгслүүдийн нэгд тооцогддог. Энгийнээр тайлбарлавал, энэ нь ирээдүйд үүсэх мөнгөн урсгалыг багцлан үнэт цаасжуулж, хөрөнгө оруулагчдад санал болгох тогтолцоо юм.

Олон улсын жишгийг харвал энэ төрлийн зах зээл АНУ-д хамгийн өндөр хөгжсөн байна. Тус улсад ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаас (Mortgage-Backed Securities), автомашин, хэрэглээний зээл болон зээлийн картын авлагаар баталгаажсан үнэт цаасны төрлүүд хөгжиж, зах зээлийн үнэлгээ нь хэдэн их наяд ам.долларт хүрчээ. Европын холбоо, Япон, БНСУ, Сингапур зэрэг улсад ч энэ төрлийн санхүүгийн хэрэгсэл нь эдийн засгийн өсөлтийг дэмжих чухал механизм болдог аж. Монгол Улсын хувьд ч эрх зүйн орчин бүрдэж, хөрөнгө оруулагчид энэ бүтээгдэхүүнийг таньж эхэлсэн.

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргахад гол үүрэг гүйцэтгэдэг оролцогчдын нэг нь “хөрөнгө итгэмжлэн удирдагч” юм. Эдийн засагчид Монголд энэ зах зээл хөгжих боломжтой гэж үздэг. Учир нь орон сууц, автомашин барьцаалсан зээл, үүрэн телефон болон даатгалын салбарын ирээдүйн мөнгөн урсгал нь тогтвортой байдаг. Энэ чиглэлээр мэргэшсэн цөөн компанийн нэг нь “Эм Ай Си Жи” ХХК (MICG) юм. Тус компани энэ оны нэгдүгээр сард "Инвескор Өсөлт ТЗК" ХХК-ийн 50 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлээд байна. Бид “Эм Ай Си Жи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.БИЛЭГСАЙХАН-тай уулзаж, түүний мэргэжлийн замнал, ажлын туршлага болон үзэл, хандлагынх нь талаар ярилцлаа.

-Компаниудын санхүүжилт татах, эх үүсвэр эрж хайх үйл явц эрчимжиж байна. Санхүүгийн шинэ үйлчилгээ эрхэлдэг байгууллагын хувьд “хөрөнгө итгэмжлэн удирдах” үйл явц хэрхэн явагддаг вэ?

-Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хэлцэл нь тусгай зориулалтын бүтэцтэй санхүүгийн хэрэгсэл юм. Энэ хүрээнд “хөрөнгө итгэмжлэн удирдагч” нь хөрөнгийн урсгалыг хянах, бүртгэх, эргэн төлөлтийн чанарыг тасралтгүй шалгах үүрэгтэй. Манай компанийн хувьд хөрөнгийн багцын бүртгэлийг анхны үүрэг гүйцэтгэгчийн тайлангаас тусад нь хөтөлж, мөнгөн урсгалыг өөрийн дата системээр дамжуулан хөндлөнгийн, хараат бус байдлаар хянадаг. Ингэснээр эргэн төлөлтийн гүйцэтгэл болон санхүүгийн засаглал ил тод, хяналттай байх нөхцөл бүрддэг. Энэ бол хөрөнгө оруулагчдын итгэлтэй байх нэг үндэс юм.

-Яагаад санхүүгийн шинэ салбарт зориглон орох болов?

-Манай “Эм Ай Си Жи” ХХК 2009 онд байгуулагдаж, хэрэглэгчийн зан төлөв, брэндийн судалгаа, зах зээлийн багтаамжийн судалгаануудыг хийж ирсэн. Олон улсын практикийг судалсны үндсэн дээр бизнесүүд зөвхөн банкны зээлээс хамааралгүйгээр, өөрийн зээлийн багц болон ирээдүйн мөнгөн урсгалыг барьцаалан хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах боломжтойг олж харсан. Энэ нь хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас буюу ABS (Asset-Backed Securities) юм.

Тиймээс 2022 онд Санхүүгийн зохицуулах хорооноос хөрөнгө итгэмжлэн удирдах тусгай зөвшөөрөл авч, манайх судалгааны байгууллагаас санхүүгийн шийдэл хэрэгжүүлэгч бүтэц болж өргөжсөн. 2026 онд Монголын зах зээл дэх хамгийн том буюу 50 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажилласан нь бидний хувьд томоохон ахиц байлаа. Өнөөдрийн байдлаар нийт дөрвөн төсөл дээр ажиллаж байна. Цаашдаа зөвхөн дотоодын зах зээлээр хязгаарлагдахгүй, олон улсад илүү өндөр дүнтэй “Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас” нэгдэж гаргах боломжийн талаар эрэл хайгуул хийж байна.

-Таны амьдралын чиг хандлагыг тодорхойлсон эргэлтийн цэг юу байсан бэ?

-Би хүүхэд байхаасаа математик, физикийн олимпиадад оролцодог идэвхтэй сурагч байлаа. СЭЗИС-д элсээд эдийн засагч мэргэжлийг сонгосон. Миний хувьд тоо бол хичээл биш, амьдралын хэв маяг юм. Оюутан байхдаа эрдэм шинжилгээний хуралд оролцохоор найзтайгаа шөнөжин дата цуглуулж, судалгааны ажил боловсруулдаг байв. Тэр үеэс эдийн засгийн асуудлуудыг өгөгдөл, шинжилгээгээр тайлбарлаж, шийдвэрлэх боломжийг эрж, эдийн засгийн онолын ойлголтуудыг загварчилж туршдаг байсан. Тоо бодох сонирхол намайг санхүүгийн зах зээл рүү хөтөлсөн гэж хэлж болно.

-Танд нөлөө үзүүлсэн эрхэм болон тэднээс сурсан зүйлс юу вэ?

-СЭЗИС-ийн багш, тэнхимийн эрхлэгч Ц.Батсүх багшийн зөвлөгөө миний мэргэжлийн хандлагад том нөлөө үзүүлсэн. Багш маань “Одоо сурахдаа л анхаар” гэж захидаг байв. Мэргэжлийн хувьд Хадгаламж банканд ажиллахдаа санхүүгийн эрсдэлийн тооцоолол хийж сурсан. Харин “Говь” ХК-д ажиллахдаа олон улсын зах зээлд өрсөлдөх үеийн үнэ тогтоолт, борлуулалтын таамаглал бүхий дата загварчлал, санхүүгийн төлөвлөлт, бизнесийн өсөлтөд үзүүлэх нөлөөг ойлгосон. Барилгын салбарын судалгаагаар ажиллахдаа мэдээлэл хомс салбарт ч дата систем нэвтрүүлж, оновчтой шийдвэр гаргах замаар эрсдэлээс урьдчилан сэргийлж болохыг туршсан. Энэ бүхэн миний цаашдын ажил, төлөвшилд гүн нөлөө үзүүлсэн.

-Та ойрын зорилгоосоо хуваалцана уу?

-MICG буюу Marketing Investment Consulting Group нь анх зөвлөх үйлчилгээний зорилготой байгуулагдсан бол одоо судалгаа, хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээг хамарч байна. Цаашдаа бид хөрөнгийн зах зээлд чиглэсэн цогц шийдэл буюу хөрөнгө босголт, хөрөнгийн удирдлага, хөрөнгө оруулалтын сангийн чиглэлээр ажиллахаар зорьж байна.

-Өөрийн замналаа нэг өгүүлбэрээр дүгнэвэл?

-Сониуч зан, математик сэтгэлгээ болон өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт намайг өнөөдрийн бизнесийн замнал руу хөтөлсөн. Миний хувьд бизнесийн стратеги гэдэг бол дата шинжилгээнд тулгуурлан эрсдэлийг бууруулж, өгөөжийг нэмэгдүүлэх логик үйл явц юм.

Д.Жаргалан

Гэрэл зургийг Т.Чимгээ 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №25/24700/ дахь дугаарыг ЭНД-ээс уншина уу. 

Сэтгэгдэл 1
З
Зочин 13 цагийн өмнө
G