МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Нийгэм Б.Гүнзаяа: “Эвдрээгүй ирээдүйг бүтээе” а...

Б.Гүнзаяа: “Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аяны хугацаанд хүүхдийн гэмт хэрэг 22.8 хувиар буурсан нь бодит үр дүн юм

“E-Mongolia” академи УТҮГ-ын Сургалт, олон нийттэй харилцах газрын дарга Б.Гүнзаяатай ярилцлаа.

Үнэн
Админ

“E-Mongolia” академи УТҮГ-ын Сургалт, олон нийттэй харилцах газрын дарга Б.Гүнзаяатай ярилцлаа. 

-“E-Mongolia” системд иргэдийг болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх зорилготой шинэ цэс нэмээд удаагүй байна. Энэ шинэ үйлчилгээний ач холбогдлыг хэрхэн тодорхойлж байна, мөн одоогоор ямархуу хандалттай байна вэ?

-Монгол Улсын Ерөнхий сайд бөгөөд Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүний өгсөн чиглэлийн дагуу Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас “E-Mongolia” системд эрсдэл мэдэгдэх шинэ үйлчилгээг хөгжүүлж, өнгөрсөн тавдугаар сарын 31-нээс хэрэглээнд нэвтрүүлж эхлээд байна. Энэхүү үйлчилгээ нь иргэд өөрийн төдийгүй бусдын аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй орчны асуудлыг шуурхай мэдээлэх боломжийг бүрдүүлсэн. Тэр дундаа сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн зуны амралт эхэлсэн энэ үед тэдний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, хүрээлэн буй орчинд нь эрсдэлтэй хүчин зүйл байвал шуурхай мэдээлэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд эрсдэл мэдэгдэх шинэ цэсийг үүсгээд байна. “E-Mongolia” системээр манай иргэдийн дийлэнх олонх нь үйлчлүүлдэг. Өөрт шаардлагатай мэдээллүүдээ эндээс аваад хэвшсэн учраас нэвтрүүлээд удаагүй байгаа үйлчилгээ шинэдэхгүй байх гэж бодож байна. Эрсдэл мэдэгдэх цэсийг нэвтрүүлээд удаагүй эхний өдрүүдэд 100 гаруй иргэн хандсан нь үүний тод илрэл болов уу. Иргэд ихэвчлэн ил задгай траншей, ухсан нүх, нурах эрсдэлтэй хашаа хайс зэрэг хүрээлэн буй орчноо ажиглан шаардлагатай бол зургийг нь авч явуулаад мэдээлж байна. Мэдээллээ явуулахын тулд иргэд “E-Mongolia” системд өөрийн бүртгэлээр нэвтэрч, “Нэмэлт” цэснээс эрсдэл мэдэгдэх үйлчилгээг сонгон шаардлагатай мэдээллийг бөглөж эрсдэлтэй газрын байршил, хаягийг оруулахын зэрэгцээ тухайн нөхцөл байдлыг харуулсан зургийг авч хавсарган илгээнэ. Иргэдээс ирүүлсэн мэдээллийг ЗГХЭГ-ын  Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвийнхөн шуурхай хүлээн авч, улмаар холбогдох яам, агентлаг, орон нутгийн байгууллагад шилжүүлэн шийдвэрлүүлэх юм.

-Хүсэлт явуулах амархан. Харин асуудлын хэрэгжилт ямар түвшинд байгаад хэн хяналт тавих вэ?

-Хүсвэл тухайн асуудлаар хандсан иргэн өөрөө хяналт тавьж болно. Иргэн илгээсэн хүсэлтийнхээ  явцыг “E-Mongolia” системийн “Эрсдэлийн явц” хэсэгт хандсанаар хянах боломжтой. Бид энэ үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор төр, хувийн хэвшлийн байгууллагууд эрсдэл мэдэгдэх системийг API –аар дамжуулан өөрийн ашигладаг аппликейшн, платформд нэгтгэн ашиглах боломжийг бүрдүүлсэн. Ингэж хэлэхээр хүмүүс шинэ аппликэйшн хөгжүүлэх гэж байна хэмээн буруугаар ойлгодог. Миний одоо дурдаж буй “E Kids” цэсийг 2023 оны аравдугаар сард хэрэглээнд нэвтрүүлсэн. Энэ богино хугацаанд 11 мянга гаруй хүүхэд албан ёсны бүртгэл үүсгэн эцэг эх, асран хамгаалагчийнхаа тусламжтайгаар цахимаар холбогдсон нь хүүхэд хамгааллын  тогтолцоог дижитал хэлбэрээр бэхжүүлэх эхлэл болсон. Давхардсан тоогоор 116 мянга гаруй хүүхэд “E Kids” үйлчилгээнд бүртгэлтэй байна.

-“E Kids” цэсийг хүүхэд хэрхэн ашиглах боломжтой вэ?

-Эцэг эхчүүд хүүхдийнхээ утсанд "E-Mongolia" аппликейшн суулган, "Нэвтрэх" хэсгийн баруун дээд булангаас "Хүүхэд" цэсийг сонгож, хүүхдийнхээ регистрийн дугаарыг нь оруулна. Үүний дараа асран хамгаалагч өөрийн "ДАН" аппликейшнд ирэх хүсэлтийг баталгаажуулснаар хүүхэд "E-Kids" цэс рүү амжилттай нэвтрэх боломжтой. Одоо бид энэхүү үйлчилгээний хүрээнд үе тэнгийн дээрэлхэлт, сэтгэлзүйн дарамт, гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэгт өртөх эрсдэлтэй холбоотой мэдээллийг бичвэр хэлбэрээр шууд илгээх боломжийг хөгжүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр тухайн мэдээлэл нь “108”  хүүхдийн тусламж, үйлчилгээний төвд шууд хүргэгдэж, хариуцсан мэргэжилтэн нь нөхцөл байдлын үнэлгээ хийсний дараа холбогдох байгууллага, алба хаагч руу шилжүүлэх зохицуулалттай байхаар төлөвлөгдсөн. Үүнтэй холбоотойгоор “108” хүүхэд хамгааллын системтэй интеграц хийх техникийн холболтын ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр судалж байгаа юм.

-Та хүүхдийг цахим орчин дахь эрсдэлээс хамгаалах зорилготой “Unfriend” аяныг өрнүүлж байсан. Одоогоос есөн жилийн өмнө эхлүүлсэн ажил өнөөдөр ч дурдагдсаар байгаа нь цаашид энэ чиглэлээр хийх ажил олон байгаагийн илрэл болов уу?

-Шалтгаангүйгээр эхлүүлдэг ажил гэж байдаггүй. Тухайн цаг үед шаардлагатай байсан учраас л тодорхой ажлуудыг зоригтойгоор эхлүүлж байсны нэг нь “Unfriend” аян. Би энэ аянаас их зүйл сурсан. Бас цаашид хүүхдийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төлөө юу хийх ёстойгоо мэдэж авч байлаа. Мэдээж аян зохион байгуулахад үр дүн гарна. Гэхдээ тухайн асуудлаар хууль эрх зүйн орчныг нь сайжруулах, өөрчлөхгүй бол хол явахгүй гэдгийг ойлгосон. Мөн нөлөөллийн ажлыг илүү өргөн хүрээнд хийх шаардлагатай гэдгийг олж харж байв. Сүүлийн хэдэн сард гарсан өсвөр насныхан, бага насны хүүхэдтэй холбоотой хэргүүдээс үүнийг харж болох бөгөөд шаардлагатай арга хэмжээг авснаар алдаа дахин давтагдахгүй, бас хожим үүсэх эрсдэлийг урьдчилан харж сэргийлэх боломж бүрдэнэ. Одоо ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн үе тэнгийн дээрэлхэлт савнаасаа хальж гэмт хэргийн шинжтэй болж байна. Ийм жишээнд “Шангрилла”-д болсон охидын нэгнээ зодож, дээрэлхэж байсныг нэрлэж болно. Тухайн үед би охидын нэгнээ дээрэлхэж байгаа бичлэгийг хараад маш их эмзэглэсэн. Нийтэд ил болж байгаа нь ийм байхад дарагдаад үлдсэн нь ямар байгаа бол гэдгээс айх шиг болсон. Бас дээрэлхэлтэд ганцхан эмэгтэй хүүхэд өртдөггүй. Эрэгтэй хүүхдүүд ч өртөж бие, сэтгэлээрээ хохирдог. Багадаа, өсвөр насандаа авсан траумагаасаа болж насанд хүрсэн хойноо ч мартаж чадаагүй тохиолдол олон байна. Аль хэдийнэ сэтгэл зүйн хувьд ийм асуудалтай болсон хүнтэй сэтгэлзүйч ажиллахад хэцүү. Тийм учраас багад нь болох болохгүйн заагийг хүүхдүүдэд ойлгуулж, үүнд шаардлагатай эрхзүйн орчныг зайлшгүй бий болгох нь чухал.

-Тийм учраас та “Эвдрээгүй ирээдүйг бүтээе” үндэсний аяныг эхлүүлсэн юм уу?

-Тийм ээ, бид эвдрээгүй ирээдүйг одооноос бүтээх ёстой. Тэгэхгүй галт тэрэг аль хэдийнэ хөдөлчихөөд байхад хойноос нь орилоод үр дүн гарахгүй. “E Mongolia” академи, Цагдаагийн ерөнхий газартай хамтран хэрэгжүүлсэн энэ аян богино хугацаанд үр дүнтэй болсон. Бид аянаа 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэг, 330 сумын хэмжээнд хэрэгжүүлэхдээ өөрсдийн нөөц бололцоо, хүний нөөцөө ашигласан. Орон нутагт байгаа цагдаагийн алба хаагчдын тусламжтайгаар сургалт явуулах боломж байсан учраас бид энэ давуу талаа ашигласан. Түүнчлэн манай “E Mongolia”  академи сургалтын багтай. Мөн маркетингийн хэлтсийнхээ хүний нөөцийг хамруулан хийх бүх ажлаа хуваарилснаар ажлынхаа ард амжилттай гарч чадсан юм.

Аяны хүрээнд хоёр хэлэлцүүлэг хийсний нэгд нь ХЗДХ, ЦХИХХ-ны сайд нар болон УИХ-ын гишүүдийн төлөөлөл, мөн нийгмийн ажилтан, багш нар, хүүхдүүд оролцсон. Тэдний хүүхэд хамгааллын талаар ямар бодолтой явдгийг сонсож хэлэлцүүлгийн үр дүнд оролцогчдоос санад авч зөвлөмж гарсан.

Энэ зөвлөмжид дурдсан зүйлээс тодорхой хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулахад анхаарна.

Хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг боловсруулан ажиллаж байна. Энэ нь цахим орчин дахь хараалын үг, хүчирхийлэл, зохисгүй контент зэргээс хамгаалах. Мөн өөрийн байгаа газрынхаа байршлын талаарх мэдээллийг бусадтай хуваалцах нь зөв юм уу, мөн хувийн мэдээлэл алдагдахаас сэргийлэх зохицуулалтыг тусгахаар хэлэлцэж байна. Тэгэхээр 13-аас доош насныхан, 13-16 насныхан интернэтийг хэрхэн ашиглах талаар зохицуулалт хийнэ гэсэн үг. Ковидын үед ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн гэрийн даалгаврыг багш нар фэйсбүүкээр өгдөг байсан. Үүнийг хориглох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгагдсан.

-Монгол Улсын нийт хүн амын гуравны нэг нь хүүхэд шүү дээ. Тэднийг бүгдийг нь аянд хамруулна гэвэл худлаа амлалт болно?

-Мэдээж тийм. Тиймээс “Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аяны хүрээнд 800 цахим сургагч багшийг онлайн болон танхим хосолсон хэлбэрээр бэлдсэн. Дээр нь Цагдаагийн ерөнхий газрын 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн алба хаагчид  төв байгууллагаас өгсөн нэг агуулгын хүрээнд бэлдсэнээр сургалтаа амжилттай дуусгаж чадсан юм.

Үүнээс гадна бид эцэг эх, багш, нийгмийн ажилтанд зориулсан сургалт зохион байгуулсан. Цахим хамгаалал, үе тэнгийн дээрэлхэлтийн хор уршиг, буруу зөвийн талаар бид ганцхан хүүхдэд ойлгуулаад нэмэргүй. Ойр орчинд нь байгаа хүмүүс ч энэ талаар мэдээлэлтэй болох шаардлагатай шүү дээ. Ингэж бид аяны хүрээнд 1429 удаагийн сургалтыг зохион байгуулсан. Ерөнхий боловсролын сургуулийн 252719 сурагчаас гадна 5831 насанд хүрэгчдийг сургалтдаа хамруулж чадсан. Аян үргэлжилсэн 20 гаруй хоногийн хугацаанд нийслэлийн ерөнхий боловсролын 231 сургуулийн байршилд 5000 зурагт хуудас, автобусны буудлын 18 мэдээллийн самбарт “Эвдрээгүй ирээдүйг бүтээе” нөлөөллийн хуудсаа байршуулсан.

-Нийгмийн бүх төлөөлөл ирээдүйн сайн сайхны төлөө ийм аянд нэгдэж хамтран ажилласнаар ажил илүү бодитой болно. Та бүхэн аяндаа өөр бусад байгууллагыг хамруулсан уу?

 -Нийгмийн хариуцлагын хүрээнд олон компани аянд нэгдэж биднийг дэмжин ажилласан. Дээр нь Монголын сурагчдын холбоотой хамтарснаар цахим сургагч багш нараа бэлдэж чадсан. Хүүхэд хүүхдэдээ хамгийн хурдан нөлөөлдөг. Мэдээж дэргэдээс нь эцэг эх, багш нь зөвлөнө. Гэхдээ хүүхэдтэй ажиллах шаардлагатай бол аливаа асуудлыг тэдний харах өнцгөөс боддог байх хэрэгтэй юм байна гэдгийг энэхүү аянаас сурлаа.

-Аяны үр дүнгийн талаар сонирхуулаач. Тоо, судалгаа хэрхэн гарсан бол?

-Манай аян сургуулийн төгсөлт, хонхны баяр зэрэг нийтийн ажлыг өргөн хүрээнд зохион байгуулдаг үед таарсан. Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр энэ үед гэмт хэргийн зөрчил өндөр гардаг. Энэ үед аяныг өрнүүлснээр хүүхдийн гэмт хэргийн гаралт 22.8 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан. Тодруулбал, хүүхэд хохирогч болсон гэмт хэргийн тоо 218 нэгжээр багассан нь өөрөө бодит үр дүн болсон юм.

-Хүн бүрийн оролцоог хангах амаргүй л дээ. Гэхдээ нөлөөллийн ажлуудыг үргэлжлүүлэхгүй бол асуудал хэдэн жилийн дараа ч хэвээрээ байна?

-Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар Хүүхдийн төлөө “За бол заавал хийе” аяныг үндэсний хэмжээнд өрнүүлж байна. Бид үүнтэй уялдуулан ажлаа үргэлжлүүлнэ.

Б.Сийлэн

Эх сурвалж: Монголын үнэн сонины №023/698/ дахь дугаарыг ЭНД-ээс уншина уу

 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.